Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, May 25, 2010

П.Одгэрэл: Энэ тэмцээнийг би уран бүтээл гэж нэрлэмээр байна


“Universe Best songs” нэвтрүүлгийн хөтлөгч П.Одгэрэл өмнө минь сууж байна. Өнөөдөр бусдаас онцгойрч, эрч хүчтэй харагдахыг хүссэн болохоороо улаан өнгийг сонгосон гэнэ. Түүний өмссөн улаан корсет этгээд загварын гоёмсог ээмэгтэй нь хэрхэн хосолж байгааг ажиж суухдаа өчигдөр орой мэдээ уншиж байгаа  костьюмтай, албархуу төрхийг нь бодлоо. Одгэрэл “Би дүр төрхөө өөрчлөх дуртай шигээ дотоод ертөнцөө ч бас өөрчилж сурсан хүн байх аа” гэж ярьж байлаа.


-Одгэрэл телевизтэй, тэр дундаа дэлгэцтэй хэрхэн холбогдов?
-Би МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн. Оюутан байхдаа азаар ч юм уу, тавилангаар ч юм уу UBS телевизэд ажилд орсон. Сэтгүүлч, редакторын алба хашдаг байсан боловч яваандаа дадлагажаад, хөтлөгчийн ажилд хүчээ сорьсон доо.

-“Universe Best songs” нэвтрүүлэг монголчуудыг сэргээдэг гэж Долгион хэлж байсан. Үүнд таны оролцоо ч бас их байх аа…
-Энэ нэвтрүүлэг улам л өргөжөөд байгаа. Өнгөрсөн жил 400 оролцогчтой байсан бол энэ жил 730 болсон. Тэмцээн маань ийм амжилттай явж байгаа болохоор би ч бас ур чадвараа сайжруулах талаар цаг ямагт бодож явдаг. Тиймээ ч шүүгчдийн шүүмж, зөвлөгөөг сонсоод өөртөө тусгаж, хэрэгжүүлж байгаа. Мундаг хүмүүсээс үг сонсоно гэдэг олзуурхмар хэрэг шүү. “Universe Best songs” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа хамт олондоо баяр хүргэмээр байна. Эндээс хамт олон гэдэг үгийг онцлоорой.

-“Universe Best songs” нэвтрүүлэг бол… гээд бодлоо хэлээч.
-Уран бүтээл хэзээ ч амархан бүтдэггүй. Ялангуяа сайхан зүйлсийг хийж бүтээхийн тулд олон бэрхшээлийг давж, шургуу ажиллах хэрэгтэй болдог. Яг тэр журмаар олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл л уран бүтээлийг амилуулж байгаа. Энэ тэмцээнийг би уран бүтээл гэж нэрлэмээр болдог юм.

-Чи сэтгэл хөдлөл ихтэй хүн юм аа. Дэлгэцээр гарж байгаа юм шиг ярьж байна…
-Сэтгэл хөдлөлөө барихыг хүсдэггүй болохоор үзэгчдэд миний сэтгэл хөдлөл тэр чигтээ хүрдэг байх. Ярилцлага хийж байхдаа сэтгэл хөдлөлөө нуучихвал би хуурамч харагдана шүү дээ. Ярилцаж байгаа хүнд маань ч гэсэн таагүй сэтгэгдэл төрөх байх. Тийм болохоор л би сэтгэл хөдлөлөө хорьдоггүй. Догдлохоороо хашхирч, орилж ч чадна. Хэрвээ уйлмаар байвал уйлж л орхино. Камерийн өмнө байгаа гэж бодоод нулимсаа хязгаарладаггүй. Гэхдээ нэвтрүүлгийн онцлогоос л хамаардаг юм. Мэдээ уншиж байхдаа сэтгэл хөдлөл гаргаж болохгүй л дээ. Өрөвдөлтэй санагдсан үедээ мэлмэрээд, хөгжилтэй санагдсан мэдээг инээж уншаад байвал муухай биз дээ. Харин шоу нэвтрүүлэг хөтлөхөд сэтгэлийн хөдөлгөөн заавал байх хэрэгтэй.

-Эмэгтэй хүнд сайхан харагдах боломж нэг, сэтгэл татах боломж түм бум гэдэг шүү дээ. Тэгвэл таны дэлгэцээр хүний сэтгэлийг хэрхэн татдаг вэ?
-Хүн болгонд дотоод имиж байдаг гэж боддог. Гадаад төрх чухал хэдий ч дотоод сэтгэлээ нэгдүгээрт тавих хэрэгтэй. Хүн бүрийн харц юуг ч юм өгүүлж чаддаг шиг миний нүд ч гэсэн сэтгэлийг минь дэлгэдэг байх. Хэдийгээр дуу чимээ, ярианы сэдэв болон надтай ярилцаж байгаа хүнийг хараад үзэгчид нүдийг маань анзаарахгүй өнгөрдөг байх л даа. Гэхдээ нүдэнд минь гүн гуниг нуугдчихсан байвал хүмүүсийн харц тусах л болно. Тийм болохоор дотоод имиждээ анхаарал хандуулахгүй байж болохгүй. Тэгээд ч камер чинь үзэгч л гэсэн үг.

-Тэгвэл өөр хөтлөгчийн дотоод имижийг телевизийн дэлгэцээс олж хардаг уу?
-Хардаг. Ер нь тухайн хүний харц нь бүх мэдээллийг биш юм аа гэхэд дийлэнх мэдээллийг хэлээд өгчихдөг. Гэхдээ нэг хараад л мэдчих нь хаашай юм. Байнга үздэг нэвтрүүлгийн хөтлөгч зэргийг ерөнхийд нь гадарлана гэх гэсэн юм. Яг үүн шиг үзэгчид намайг ямар хүн бэ гэдгийг бараг л хэлчих байх шүү.

-Өөрийнхөө дотоод имижийн талаар ярих уу. Та юуны орд вэ?
-Ихрийн орд. Ордоо хэлэхэд л хүмүүс надаас хоёрдмол шинж чанар хайж эхэлдэг. Дахиад л энэ асуултыг тойрч чадсангүй (инээв). Надад тийм чанар байгаа. Сайнаар ярьвал миний дотор хоёр хүч чадалтай эмэгтэй байгаа гэж бахархаж болно. Харин муугаар ярьвал мөн л хоёрын хоёр муу хүн бий. Гэхдээ би муу хүн нь баймааргүй байна. Эмээ минь намайг сайн хүн болоорой гэж ерөөдөг байсан. Би ч тэр ерөөлийг биелүүлэх гэж чадлаараа хичээдэг.

-Таны хувьд муу гэсэн ойлголт юугаар илэрхийлэгдэх вэ?
-Би итгэл үнэмшилтэй хүн л дээ. Гэхдээ мухар сүсэг биш. Эмээгийнхээ зааж сургаснаар л сайн, мууг ялгаж явдаг. 10 цагаан буян, 10 хар хор гээд л… Монголчуудын эртний сургаальд заасан муу гэсэн ойлголт юмуу даа. Үйлийн үрийн зарчмаар бол гомдсон сэтгэл ч муу зүйл дагуулж болдог гэдэг шүү дээ. Тэгээд ч хэн ч хэзээ ч цав цагаан өнгө шиг байдагггүй.

-Та өөрөө ямар өнгөөр илэрхийлэгдэх хүн бэ?
-Би олон өнгөний холимог байх аа. Бүх зүйл цогсоцолсон. Сайн муу, сайхан муухай, жаргалтай гунигтай гээд л… Амьдрал чинь дардан зам биш болохоор хүмүүс ч гэсэн нэг янзаараа байдаггүй. Би ч гэсэн нэг өнгөөр өөрийгөө хязгаарлахыг хүсдэггүй.

-Тэгвэл хязгаарладаг зүйл бий юу?
-Байгаа. Дээр ярьсанчлан би му хүн байхгүйн тулд өөрийгөө хорих, хязгаарлах хэрэгтэй болдог.

-Тэр хязгаараас давсан тохиолдол бий юу?
-Байлгүй яахав. Мэдээж байгаа байх. Гэхдээ яг таг санаж байгаа зүйл алга. Хүн бүхэн алдаа хийдэг. Би ч бас алдаа гаргасан л байгаа байх… Ямар ч байсан алдаа хийх юм бол буруугаа залруулж, цаашаа алдахгүйг хичээж явна аа.

Бид нэг л мэдэхэд ярианы сэдвээ хазайлгаж орхив. П.Одгэрэл юм нууж чаддаггүй хүн байлаа. Тиймдээ ч хэлэхийг хүсээгүй зүйлээ ярьчихаад, “Би уг нь нуумаар л байна” гэж эрхлэнгүй хэлж байсан юм. Үнэхээр Одгэрэлийн хэлснээр хүний харцнаас “үг” уншиж болдог ажээ. Түүний нүд нууцаа авч үлдсэн юм шүү… П.Одгэрэл “Universe Best songs” нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэхийн тулд өглөөнөөс орой болтол оролцогчидтой хамт байдаг. Заримдаа шөнийн 02.00 цагт ч ажлаа хийж байхтай нь ч таарч байлаа. П.Одгэрэл ажил эхлэхээс 30 минутын өмнө телевиз дээрээ бэлэн байх гэж 13 дугаар хороололоос гараад Чингис зочид буудал, МУИС-ийн хоёрдугаар байр, Гэсэр сүм гэж нэрлэдэг замаар явж, ажилдаа ирдэг.

-Энэ жил харьцангуй бага ачаалалтай байна. Заримдаа бид шөнө дөл хүртэл ажилладаг ч гэлээ амрах цаг гардаг л юм. Сайхан дуулдаг хүүхдүүдээс эрч хүч авч байгаа учраас нэг их ядардаггүй юм. Ер нь ядрана гэдэг сэтгэлийн асуудал юм шиг санагдаад байгаа. Би ядарч байна гээд бодчихвол л биеэ даахгүй болчихно гээч…

-Сэтгэл санаа чинь бие организмд нөлөөлдөг гэж үү?
-Яг тийм. Өглөө эрч хүчтэй гарвал тэр өдөртөө л ажил бүтээд, бүх зүйл төлөвлөснөөр болдог. Харин сэтгэл санаа тааруухан айвал үсний засалт, нүүр будалт, өмссөн хувцас гээд бүх зүйл маань таалагдахаа больчихдог. Тийм болохоор аль болох тайван, уужуухан байхыг хичээдэг дээ.

-Нүүр будалт, хувцаслалт, үс засалтынхаа тухай яриач. Эфирт бэлдэхэд чинь хэн тусалдаг вэ?
-Би өөрөө нүүрээ будчихдаг. Харин үсээ Матрикс салоноор аялуулдаг. Хувцасны тухайд гэвэл ажилдаа тохируулаад, өөртөө таалагдсан хувцсаа өмсөөд гарчихдаг. Надад имижмэйкэр энэ тэр гэсэн илүү хүн хэрэггүй ээ. Гэхдээ “Universe Best songs” нэвтрүүлгийн уран сайхны удирдаач маань хувцаслалт, нүүр будалтад их ач холбогдол өгдөг болохоор зөвлөлдөх хэрэг гардаг л даа.

-Ер нь дуучин залуустай ажиллах ямар байна. Айхтар чимээ шуугиантай юм…
-Залуу авъяаснуудын дунд байхад ядрана гэж байхгүй. Энерги, эрч хүчээр дүүрэн залуус байгаа юм. Тэднээс эрч хүчийг л мэдэрдэг дээ.

-Та өөрөө дулдаг уу?
-Дуулдаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Ялангуяа манай монголчууд дуулах дуртай хүмүүс. Харин би аавынхаа хувьд дуучин охин нь ч байж магадгүй ээ. Жаахан байхдаа аавдаа зориулж “Нутаг амьтай аав” гэдэг дууг дуулдаг байлаа. Одоо бол найзуудтайгаа караокед орж л дуулдаг юм. Гэхдээ чадварлаг дуучин биш ээ. Миний хажууханд ийм олон мундаг дуучид “төрж” байхад би өөрийгөө дуулдаг гээд ч яах билээ.

-Шүүгчдэд шалгуулж үзээч. Авъяасаа нээх ч юм билүү, хэн мэдлээ…
-Би дуучин болох хүн биш ээ. Тэмцээнд орж байгаа залуусийг гүйцэх авъяас ч байхгүй. Тэгээд ч өөрийнхөө ажилд дуртай. Хөтлөгч гэхээсээ илүү сэтгүүлч, редактор гэдэг “овогтоо” хайртай.

-Яагаад тэр вэ. Хөтлөгч байхдаа илүү зохьдог ш дээ…
-Би сэтгүүлч мэргэжлээр сурч, төгссөн. Харин хөтлөгчийн чадварыг практик, туршлагаар олж авсан. Яагаад ч юм сэтгүүлч гэдэг мэргэжил надад үнэ цэнэтэй санагддаг. Харин хүмүүс өөр өөрсдийн гэсэн дүгнэлтийг хийж болно.

-Сэтгүүлч, хөтлөгч хорын хооронд ямар зай байдаг юм бэ?
-Энэ зайг алхамаар ч юм уу, ямар нэг хэмжээсээр тодорхойлох аргагүй. Ямар ч байсан хөтлөгч гэдэг их хариуцлага шаарддаг ажил. Биеэ авч явахаас өгсүүлээд л олон дүрэм журам бий. “Universe Best songs” нэвтрүүлгийг хамт хөтөлж буй Ануш буюу гантулгадаа их баярлаж явдаг. Надад их тусалдаг юм. Хэл халтирахад залруулж, эвгүй гишгэхэд тохионоос түшээд авдаг юм. Анушаас өөр хүнтэй би энэ нэвтрүүлгийг хөтлөх талаар огт төсөөлж байгаагүй.

“Universe Best songs” нэвтрүүлгийн шалгаруулалт дуусмагц, П.Одгэрэлтэй ийнхүү ярилцсан юм. Тэрбээр өдрийн цайны цагаа надад зориулчихаад, оройн мэдээгээ бэлтгэхээр яаран явлаа. Явахаа баяртай гэхийн оронд “Цаг наргүй сэтгүүлчийн ажлыг чи ямар мэдэхгүй биш дээ” гэж хэлээд орой болгон намайг дэлгэцийн урд уячихдаг инээмсэглэлээ “үзүүлсэн” юм

No comments:

Post a Comment