Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, May 12, 2010

Амайгийн эх орондоо ирэх болсон зургаан шалтгаан



Дэлхийг тойрох аялалд гарсан Амай эх нутагтаа хөл тавилаа. 2005 оны арваннэгдүгээр сард хилийн дээс алхсан тэрбээр дөрвөн жил зургаан сарын турш 69 орноор аялсны эцэст өчигдөр Монголдоо ирлээ. Амай аян замын тэмдэглэл хөтөлж байсан тул түүнтэй хамт дэлхийг тойрсон уншигчид бий. Тэгвэл Амай хамгийн сүүлд блог дээрээ “Би Монгол руу гарахдаа бүх мөнгөө төгрөгөөр солиулаад, хэтэвчиндээ нэг юань үлдээсэн. Дээр нь “миний аяллын хамгийн сүүлчийн гадаад мөнгө” гэж бичээд, хадгална хэмээн бичжээ. Амайгаас ярилцлага авах гэж хамт яваа найзтай нь утсаар холбогдсон боловч утасны сүлжээ унаад байсан тул бидний яриа тасарлаа. Тэд одоо Сайншандад яваа. Амай одоо эх орныхоо өнцөг булан бүрт аяллаа үргэлжлүүлэхээр зэхээд байна.Тиймдээ л энэ бямба гаригт нийслэлийн төв талбайд айлчлах нь хойшлогдсон. Энэ талаар зохион байгуулагч Б.Тодролоос лавласан юм.

-Амай Монголынхоо хэд хэдэн сумаар айлчлаад, энэ сарын 16-нд Улаанбаатар хотод ирнэ. 12.00 цагийн үед Сүхбаатарын талбайд “бууж”, өөрийг нь хүлээж буй монголчуудтай уулзах төлөвлөгөөтэй байгаа. Түүнийг халуун дулаан уур амьсгалтайгаар угтах нь энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бидний зорилго юм.



-Үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг сонирхуулаач... 
-Чингисийнхээ хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах юм. Дараа нь мэдээж монголчуудтайгаа “уулзаж”, хийхээр товлосон ажлынхаа төлөвлөгөөг танилцуулна гэсэн. 54 сарын турш аялж явахдаа монголчуудтайгаа холбоотой байсныг та мэдэж байгаа байх. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрээс Монголдоо хэрэгжүүлж болох сайн сайхан зүйлсийг судалж, “авч ирсэн” гэдгийг нь ч бас мэдэж байгаа. Амайд төлөвлөсөн ажил ч их бий. -Олон хүн цугларах учраас зохион байгуулалттай уулзалт хийж байгаа гэж сонссон юм байна.-Тийм ээ. Амай очсон газрынхаа сонин сайхныг монголчууддаа үзүүлж, бидэнд их олон “санаа” өгсөн. Блогийг нь тогтмол уншдаг олон хүн бий. Түүний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг залуус үнэлдэг болохоор л тэр шүү дээ. Гол нь монголчууд түүнийг хүний нутагт тосож авч, хүндэтгэл үзүүлдэг байсан юм. Эх орондоо ирэхэд нь ч гэсэн бид тийм л байх хэрэгтэй. Тиймээс амралтын өдрөө Амайд зориулж, түүнтэй санал сэтгэгдэл хуваалцаж, сэтгэлийн дэм, урам зориг өгөх байх аа... Энэ бол бидний Амайд үзүүлэх том хүндэтгэл юм. Монголчуудаа 16-нд Сүхбаатарын талбай дээр урьж байна.

Амай 112 орноор аялах төлөвлөгөөтэй эх орноосоо гарсан билээ. Тэгвэл зургаан шалтгааны улмаас цагаасаа өмнө иржээ.

№1 Амьд бурхад

Биднийг бүтээж, энэ хорвоод төрүүлж, өсгөсөн хүмүүсийг монголчууд бид амьд бурхад гэдэг билээ. Тэгвэл би өөрийн амьд бурхдадаа очиж, хүүгийнхээ үүргийг биелүүлэх цаг минь болжээ. Хэн юу ч гэж хэлсэн би зорилгоо биелүүлсэн. Хайсан зүйлсээ олсон. Монгол залуу дайн дажин, байгалийн бэрхшээл, аюулыг гаталж чаддаг гэдгийг нотолсон. Хайрт аав ээж минь, хүү чинь эх нутагтаа харьж та хоёртойгоо золгох өдрийг тэсэн ядан хүлээж байна. Энэ өдрийг би дөрвөн жил хүлээлээ.

№2 Их аян


Дэлхийн олон сая хүн Шанхай хотыг үзэхийг хүсдэг. Харин би энд ирээд дөрөв хонож байгаа ч зугаалах сонирхолгүй болсон байна. Гэрээсээ гаралгүй хэд хонолоо. Дэлхийн тэргүүлэх улсуудад зочилж, техник технологийн өндөр хөгжлөөс авхуулаад хамгийн хоцрогдсон соёл иргэншлийг харлаа. Одоо “Их аян” зохион байгуулахаар төлөвлөгөө гаргачихлаа. Хамгийн түрүүнд гурван аяны цуваа бэлтгэж, дэлхийн хаа нэгтээ явуулна. Жижиг микро автобустай 4- 5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүр машиндаа ачсан Монгол гэрээ, замд таарах улс бүрт барьж, зургийн үзэсгэлэн болон урлагийн үзвэрүүдийг үзүүлж эх орноо дэлхийн өнцөг булан бүрт сурталчлах юм. “Монгол бадарчид” гэж нэрлэсэн уг хөтөлбөрийн хүрээнд бадарчдыг бэлтгэх сургалт явуулж, бие даан аялах мэдлэг олгоно.

№3 Соёлын хувьсгал

Эрт цагаас уламжилж ирсэн ийм агуу наадам байдаг гэдгийг дэлхийд таниулж чадвал юун тэр соёлын фестиваль. Бид насаараа гайхуулах өв соёлтой ард түмэн шүү дээ. СУИС-д сурдаг байхад минь соёлыг культура гэдэг үгээр тайлбарлаж, клут буюу тахин шүтэх, даган дуурайх гэсэн үндэстэй гэж заасан. Энэ өгүүлбэрийн зөв эсэхэд 69 орноор бадарчилсны дараа эргэлзэж эхэллээ. Соёлтой байна гэдэг халбага сэрээгээр идэж, костьюм өмсөж, гар барьж, баярлалаа гэж талархдаг байдлыг хэлнэ! гэж гурван үеийн турш ард иргэдийн тархийг угаасан билээ. Харин миний эрэл хайгуулын эцэст соёл нь тодорхой орон зайд адилхан ашиг сонирхолтой хүмүүс хамтран амьдарч, тогтвортой нийгмийг байгуулахад бий болгосон дүрэм журмыг хэлдэг юм билээ. Монголын соёлыг бүхэлд нь авч үзэхэд энэ байдал бол цэврээрээ харагддаг. 1930- аад он хүртэл хүчтэй гаднын дарамтын дор иргэд соёлоо авч үлдсэн бол, шинэчлэгчид гэх Коммунистууд төрийг барьсан цагаас гурван үеийн турш биднийг төөрөгдүүлж, Монголоороо байх нь үндсэрхэг үзэл эсвэл хуучны бүдүүлэг гэж тайлбарласан билээ.

№4 Бузрыг хариулах

Ерээд оны хувьсгал бидэнд юу авчирсан бэ гэдэг асуултад “Эрх чөлөө”, “Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх” гээд олон янзаар хариулж болно. Гэхдээ төр нь мэдээллийн аюулгүй байдлаа алдаж, олон тэрбум төгрөг зарцуулж хүмүүжүүлсэн иргэдээ гадаадад алдаж, өөрсдийгөө үгүйсгэдэг болгосон билээ. “Төр мэдээллийг хянах ёсгүй” гэж эрх чөлөөний тухай ярих хүмүүс алдаа гаргаад байх шиг ээ. Нэг улсын иргэд бие биенээ алж байхад “Хохь чинь” гэж боддог тийм л шинэ үе бий болчихоод байна. Төр гэдэг бол иргэний төлөөлөл. Тиймээс бид хамтарч мэдээллийг хянаж, цэгцлэх хэрэгтэй байгаа юм. Энэ олон жил нөр их хөдөлмөр мөнгө зарцуулж, хүмүүжүүлж, эрүүл өсгөсөн иргэн эх орон байтугай эцэг эх рүүгээ нулимж чадаж байгаа байдалд дүгнэлт хийх цаг болсон гэж бодож байна. Монголын минь амьдрал бол товч дарах төдий дайсан үхдэг CounterStrike тоглоом биш. Бие биенээ “Fuck” гэж чөлөөтэй хэлж болдог АНУ биш.

№5 Сайн найзын хурим


Интернэт, сайтуудад байрлуулсан Монголын үндэсний хувцасны төрлүүдийг гаднынхан хараад, нүд нь орой дээрээ гардаг юм. Үүсэл гарал, угсаагаа харуулсан тэмдэгтүүд шингээсэн хувцас бидний соёлыг илтгэдэг. Тэнгэр бурхан буюу байгаль шүтлэгтэй, түүнийгээ хайрлаж хамгаалах итгэлтэй үндэстний гутлын хоншоор нь хүртэл өргөгдсөн байдгийг тайлбарлах үнэхээр сайхан шүү. Би үндэсний хувцсаараа бахархдаг юм. Эх нутагтаа хөл гишгээд “Их Хүрээ”-ний зүг хөдлөхдөө үндэснийхээ хувцсаа өмсөх бодолтой байна. Хүний бүтээсэн зүйлийг авч хэрэглэчихээд өөрийгөө соёлтой гэж боддог хүмүүсийн нэг биш болсон. Дэлхийн олон улс оронд аялж байхдаа хуримын ёслолыг харж явлаа. Улс үндэстэн бүр өөрийн соёл, ёс заншилтай ч даяаршиж буй дэлхий нэгэн хэв маяг руу шилжиж буй нь харагдаж байна. Итали, франц, англичууд шиг костьюмыг бага балчраасаа хэрэглэж сурсан үндэстнийг дуурайж, огт хэрэглэж үзээгүй хэрнээ гоё харагддаг болохоор нь хуримандаа өмсдөг улсуудыг харсан. Амьдралдаа анх удаа шахуу өмсөж буй костюмаа хараад хүний хувцас өмссөн юм шиг харагддаг болохыг анзаарлаа. Миний сайн найз энэ намар хуримаа хийж гэр бүл болж байгаа бөгөөд энэ мэдээг сонссон үед бадарчиллаа зогсоож, энэ бүх хугацаанд сайн найз байж, надад тусалж байсан ачийг нь хариулж уг арга хэмжээг нь зохион байгуулахад туслах нь миний үүрэг гэдгийг би ухаарсан юм. Найзын хуримыг яг л монгол ёсоор бүх дүрэм журмыг сэргээж зохион байгуулна.

№6 Нууц

Мэдлэг, боловсрол, ухамсар гэж зарим хэлэнд нэг үгээр илэрхийлэгддэг зүйлийг бид олон янзаар дуудах хэрэг юунд байсныг мэдэхгүй юм. Тиймдээ л олон асуултын тэмдгийн хариултыг олох талаар бодож явдаг байлаа. Энэ асуултад маань хүн бүр янз бүрээр хариулж байсан бөгөөд тэдгээр хүмүүсээс хэн нь ч өөрийн хариултаа төгс гэдэгт итгэхгүй байсан тул асуултын тэмдгийг бадарчиллынхаа эрхэм зорилго болгосон билээ. Бадарчилсан улс үндэстэн хүмүүсийн хоол хүнс, хэрэглэж буй зүйлийг биеэрээ мэдэрч өөрийн тэмдэглэлээ хөтлөж байхдаа түүнд үзүүлсэн байгалийн нөлөөг давхар тооцоолж хувьсал гэдэг агуу зүйл хүнд хэрхэн нөлөөлж байдгийг ойлгосон юм.

Арваад жилийн өмнө үзэж байсан хичээлүүд дэлхийн олон оронд бадарчилхад тусалсан билээ. Өндөр ууланд амьдардаг хүмүүсийн хамар монхор том байдаг юм, учир нь ууланд хүчилтөрөгч бага тул ихийг хүлээн авах гэж. Харин говийн хүмүүс халуун агаарыг шүүх гэж хавтгай хамартай байдаг гээд л... Хэл сайн мэдэхгүй ч гэлээ урт удаан аялсны минь гол шалтгаан ажиглалт болоод логик дүгнэлт байлаа.

Хөгжлийн нууц Номхон далайн цаана бус бидний түүх соёлд буйг олж хараад гайхаж билээ. Өдөр бүр аавын номын сангаас –Яагаад? гэдэг асуултын хариулт хайж байхдаа дэлхийн хэмжээний түүх соёлыг өөртөө агуулсан соёл иргэншлийн иргэн гэдгээ мэддэггүй байж. Маш олон асуултын хариуг олж байхдаа яг л, ан хийж буй мэт – нэг, хоёр, гурав гэж тоолж байгаад нэг л өдөр – Оллоо! гэж өөртөө хэлсэн юм даа. Тийм ээ, би нууцыг олсон. Түүнийгээ хуваалцах өдрийг тэсэн ядан хулээж байна.

ААВЫН ЗАХИДАЛ

Амай: Аав надад захиа бичдэг байсан юм. “Миний хүү, одоо гэртээ ирэх цаг чинь болсон юм биш үү” гээд л... Тэр болгонд би зорилгоосоо ухарвал насан туршдаа өөрийгөө зүхнэ гэж бодоод л сэтгэлээ барьдаг байлаа. Харин одоо би зорилгоо дуусгалаа. Аав надад захидал бичсэн. Гэхдээ “ир” гэж хэлээгүй. Харин “Миний хүү дэлхийг үүргэвчтэй аяллаар тойрох зорилго тавин эх орноосоо явах гэж байхад олон хүн эргэлзэн гайхаж байлаа. Тэгвэл чи дэлхийг тойрсноос урт зам туулан аялжээ. Дэлхий бүслүүрээрээ 40 мянган км байдаг бол чиний аялал ойролцоогоор, шулуунаар бодоход 55 мянган км зам туулжээ” гэсэн байсан.

No comments:

Post a Comment