Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, February 22, 2011

Ф.Шопений “аялсан” цэл залуу аялгуу

Т.Нипонь
Дуурийн театрт нам гүм. Танхим дүүрэн үзэгчид чимээ үл гарган, Ф.Шопеэий зургийг залсан тайзны зүг ширтэнэ. “Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаан нээлтээ хийж буй нь энэ. Тайзны тэг дунд байх томоо хар төгөлдөр хуурын ард СУИС-ын Хөгжмийн урлагийн сургуулийн сонгодог хөгжмийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, соёлын тэргүүний ажилтан Ц.Энхтөр суух бөгөөд Ф.Шопений вальсуудыг тоглохдоо төгөлдөр хуурын даралтуудыг илэх мэт харагдана.



Төгөлдөр хуурын даралтуудыг гайхалтай аяз болгон хувиргасан концерт үргэлжилсээр. ХБК-ийн багш Ариунаа тайзнаа гарч ирлээ.Ф.Шопений полонез, гарнд полоезийг үзэгчдэд сонирхууллаа. Энэ үед ДБЭТ-ийн симфони оркестор далайн түлхэлт мэт шуугиж, төгөлдөр хуур далайн чимээг түгээх гэсэн салхи мэт сонихон байлаа. Дуурийн театр хөгжмийн аялгуунд илбэдүүлсэн мэт нам гүм. Чухам энэ аялгууг сонсож суухдаа Ф.Шопенийг түүний багш болох хөгжмийн зохиолч Жозеф Элснер “Агуу их хөгжмийн суутан хэмээн тодотгосон”-ыг саналаа.
Үзэгчдийн суудал руу өнгийвөл “Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааны оролцогчдоос гадна ХБК-ийн захирал Г.Эрдэнэбат, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав, ДБЭТ-ийн захирал С.Сэргэлэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай нар байсан юм.

Дараахан нь “Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааны шүүгчдийн ахлагч Карол Радживонович тайзнаа гарч ирж үзэгч бидэн рүү ёсоллоо. Тэрбээр Варшав дахь Ф.Шопений нэрэмжит Үндэсний хөгжмийн академийг өндөр үнэлгээтэй төгссөн билээ. Ингээд Польш нутгаараа овоглосон Карол Радживонович Ф.Шопений төгөлдөр хуурт зориулсан хоёрдугаар концертыг тоглож сонирхуулсан юм. “Польш хөгжимчин” маань алга ташилтын тоогоор хүндэтгэл үзүүлж, үзэгчдийн суудал руу мэхийх ажээ.

Тайзны улаан хамбан хөшиг аажмаар доошилж, алга ташилтын нижигнэсэн чимээ суларч байгаа нь концерт өндөрлөж байгааг сануулах мэт. Ф.Шопен цэл залуу хөгжмийг туурвижээ. Эдгээр бүтээлийг сонссоны дараа алга ташилтын чимээ хэчнээн эв хавгүй зүйл болохыг гайхсан билээ. Ингэж  “Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаан эхэлж байгаа юм. Ирэх сарын нэгний өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хаалтын тоглолт болох бөгөөд, тэнд ялагчийг тодруулна.

No comments:

Post a Comment