Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, February 24, 2011

Ч.Эрдэнэ: АЛИВАА ЗҮЙЛД СИСТЕМ БИЙ. ХАМГИЙН ДЭЭД СИСТЕМ НЬ БАЙГАЛЬ ЭХ

2010-02-26 09:37

Манай сонины ¹ 018, ¹ 024 дугаарт Ч.Эрдэнэ гуайн ярилцлага нийтлэгдэж байсан. Уншигчдын хүсэлтээр эл ярилцлагыг бүрэн эхээр нь дахин толилуулж байна.


Супер нэгдлийн онолыг нээсэн Ч.Эрдэнэ гуайтай уулзахаар очихдоо цал буурал, таяг - тай хүний тухай төсөөлж байлаа. Гэтэл саравчтай малгай духдуулсан хөнгөн алхаатай хүн намайг тоссон юм. Ч.Эрдэнэ гуай цэргийн зориулалттай “газар уснаа явагч” жийж, сав хин өмд, олон халаастай хантааз өмсчээ. Тэрбээр Япон, Хятад, Ташкент, өөр хаана ч юм амьдарч бай сан гэдэг. Гэхдээ цор ганцаараа шүү. Түүний ориг наль чанар нь ганцаардмал зан гэж хуучны та нил нь хэлж байсныг бодоод Та зожиг хүн үү? гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлэв...
-Зожиг. Ганцаараа байхад надад амар байдаг юм. Орчлон ертөнц тэр аяараа амьдралд санаа зовж байгаа нь хангалттай. Бүх зүйл жамаараа болж өнгөрнө.
-Физикчид ихэвчлэн шашингүй үзэлтэй байдаг. Харин та шүтлэгтэй хүн шиг ярьж байна шүү.
-Нэг их айхтар шүтлэгтэй хүн биш л дээ. Гэхдээ шинжлэх ухааны хөгжил буддын шашны номлол руу чиглэж байгаа нь ажиглагддаг.

-Шинжлэх ухаан бидэнд тийм чухал хэрэгтэй юү?
-Хүн бүхнийг судалж дуусахад маш их хугацаа орох учраас шинжлэх ухаан байдаг юм. Үе удамдаа өвлүүлэн, уламжлуулж хэдэн мянган үеэрээ судлах ёстой зүйл л дээ. Харин судалгааны үр дүнд хүний хөдөлмөрийн үйл ажиллагааг хөнгөвчилж болно. Хүмүүс шинжлэх ухааныг нээж олоогүй байсан бол өдийд чулуун зэвсгийн үедээ таг гацах байсан байж мэднэ. Тэгэхээр энэ судлагдахууныг цааш нь хөгжүүлээд л байх хэрэгтэй.
-Шинжлэх ухаан тийм л мундаг юм бол яагаад өдий болтол бурхан байдаг, үгүй эсэхийг баталж чадахгүй байгаа юм бэ?
-Ер нь шинжлэх ухааныг шашингүй үзэл гэдэг. Энэ хоёр зөрчилдөхгүй гэсэн ойлголт ч байна. Энэ хоёр судлагдахуун өөр өөрсдийн арга барилтай. Судлах зүйлс нь ч гэсэн өөр. Шинжлэх ухаан хэзээ ч бурханыг судлахгүй. Харин шашин шинжлэх ухаанд халдахгүй. Бурхан гэдэг чинь батлах ч хэрэггүй, няцаах ч хэрэггүй ойлголт байхгүй юу. Шинжлэх ухаан, шашин хоёр чинь хоёулаа танин мэдүүлэх үүрэгтэй зүйлс
-Шинжлэх ухаан бүх зүйлийг яг таг баримт нотолгоотой болгодог. Зарим хийсвэр зүйлийг бодит болгох гэж оролддог. Тэгэхээр шинжлэх ухаан бүх зүйлд халдах эрхтэй юм шиг ээ
-Аливаа зүйлд систем байдаг. Хамгийн дээд систем нь байгаль өөрөө. Шинжлэх ухаан бол математикаар тооцож болдог бүхнийг судалдаг. Гэтэл математикаар тооцож болдоггүй зүйл гэж бас байгаа. Ингээд цааш үргэлжлүүлбэл харьцангуйн онол гэдэг зүйлтэй тулгарна.
-Тэгвэл зүүд, мөрөөдөл алинд нь хамаарах вэ?
-Энэ харин хоёуланд нь хамаарах зүйл байгаа юм. Зүүд гэхээр тархины үйл ажиллагаатай холбогдоод шинжлэх ухаанд багтдаг. Тэгээд хийсвэрлэл, итгэл үнэмшил гэдэг утгаараа шашинд бас хамаатай болоод явчихдаг.
-Сүүлийн үед физик шинжлэх ухааныг хамтад нь яриад байдаг болсон байна лээ.
-Физикийн ухаан дангаараа байна л даа. Материйг судалдаг. Гэхдээ мэдээлэл, танин мэдэхүйн зуунд аливаа юмсыг хамруулан ойлгох шаардлага их гардаг. Ертөнц нэг гэдэг утгаараа шинжлэх ухаан бас нэгдэнэ. Микроскопоор юм харна гэдэг чинь физикийн үзэгдэл байхад тухайн зүйлийг шинжлэх ухаанд хэрэглэдэг гэдэг ч юм уу.
-Та яг физикч хүн үү?
-Миний сурсан юм физик.
-Физик гэдэг зүйл рүү яагаад татагдсан юм бэ. Юуг хүсэж тэмүүлж энэ салбар луу орсон бэ?
-Шинжлэх ухааны үндэс гэдэг утгаараа надад таалагддаг. Бүх л салбараас физик, шинжлэх ухаан гэдэг хоёр зүйл л миний сонирхлыг төрүүлж чаддаг.
-Таны бичсэн “Монголын үндэсний сэргэн мандал” номыг уншсан. Би огт ойлгоогүй. Толгой эргэмээр олон тоо. Энэ олон тоо хэнд хэрэгтэй юм бэ. Өнөөдөр би ямар ч тоо бодохгүйгээр амьдраад болоод л байна ш дээ.
-Хүн төрөлхтөнд хэрэгтэй. Зарим хүн тоо боддог болохоор чамд тоо бодох шаардлага гарахгүй байгаа юм. Чиний эдэлж хэрэглэж байгаа гар утас, зургийн аппарат, өөр юу байдаг юм тэр бүгд чинь тооноос бүтдэг юм ш дээ. Энэ тоонуудыг цааш нь үргэлжлүүлэн бодоод л байх юм бол утас чинь чамтай ярьдаг болно. Чи бүр товчлуур дарах ч хэрэггүй болно гэсэн үг ш дээ.
-Хүмүүс голдуу хэдэн настайдаа нээлт хийдэг вэ?
-Янз янз л байдаг юм. Математик, физикийн чиглэлээр бол голдуу 20-30 нас. Харин одоо бол залуугаараа хийдэг нээлт гэж байхгүй болж дээ. Миний энэ судалгааны ажил бол оюутан байх үед л санаанд орж байсан зүйл байгаа юм. Барьж аваад, бодож боловсруулах цаг гаргаад сууж эхэлснээс хойш яг 12 жил болж байгаа юм.
-Завсар зайд нь өөр юм хийж байсан болохоор удаан хийсэн гэж ойлгож болох уу?
-Ахуйн чанартай зүйлс л хийнэ үү гэхээс энэ ажлаа нухаад толгой өндийх завгүй л суусан даа. Яс 12 жил болсон. Суурь судалгааны ажил хийж байгаа хүн өөр юм хийж чаддаггүй байхгүй юу. Уншиж, мэдэх зэрэг судалгааны ажил их хийнэ. Бүхнийг мэдэх гэж оролдоно. Юм мэдэхгүй байж дуусгана гэж юу байхав.
-Физикийн хамгийн сүүлийн нээлтийг та хийчихлээ. Тэгэхээр одоо дахиад шинэ нээлт хийгдэхгүй гэсэн үг үү?
-Жижигхэн нээлтүүд хийгдэнэ л дээ. Гэхдээ үүн шиг том нээлт хийгдэхгүй. Энэ онол дотор задраад л явчихна. Компьютер гэдэг юм бүтээгдчихлээ. Удахгүй компьютер чинь ярьдаг болно, сонсдог болно. Тэгээд цаашаа хөгжөөд явчихна гэсэн үг. Тэгэхээр би компьютер шиг нэгдсэн цул бүтээл хийчихээд байгаа юм. Энэ нээлтээс цаашаа олон хөгжил дэвшил гарна.
-Та урьд нь нээлт хийж байсан уу?
-Нээлт. Нэг хүн олноор нь хийгээд байдаг эд биш л дээ. /инээв/ Нэг хүн нэг л нээлт хийвэл тэгээд болчихож байгаа юм.
-Супернэгдлийн онол гэж яг юуг хэлээд байгаа юм бэ?
-Супернэгдэл гэдэг чинь бүх юмыг тооцож чадах онолыг хэлж байгаа юм. Тэгээд тооц тооц...
-Тэгвэл хүний амьдралд яг ямар хэрэгтэй юм?
-Хэрэгтэй байлгүй яахав. Энэ дэлхий хөгжинө. Наад онол дээр чинь дөрөөлөөд шинээр хөгжинө ш дээ.
-Онол туршилтаар батлагддаг. Таны энэ онолыг ямар туршилтаар батлах вэ?
-Энэ онолыг батлах ёстой онол аль хэдийнэ дэлхий дээр хийгдчихсэн. Харин томъёог нь гаргах гээд их удлаа. Тэгэхээр тэр туршилтын үнэн бодит тал дээр санаа зовох зүйлгүй.
-Аль хэдийнэ туршсан гэхээр, бид энэ онолыг батлаагүй байхад хэрэглэж байсан болж таарах нь уу?
-Тийм ээ. Зөвхөн энэ онол л дутуу байсан юм. Дэлхий даяараа супернэгдлийн онолыг хүлээж байсан. Өндөр хөгжилтэй орны иргэд бүгд шинжлэх ухаан сонирхдог. Харин манайхан нийгмээсээ болоод шинжлэх ухаанд анхаарлаа хандуулах завгүй яваа.
-Гэхдээ таныг нээлт хийсний дараахан энэ талаар шуугиж байгаад, яриа намжсан шүү дээ. Үнэхээр том нээлт юм бол дэлхийн эрдэмтэд яагаад чимээгүй байна вэ?
-Нээлт хийхээс илүү монголчуудад итгүүлэх нь хэцүү. Харин олон улсад хүргэхийн тулд боловсруулалт хийх хэрэгтэй. Бүгдэд зарлахын тулд англи хэлээр ном бичээд дэлхийн эрдэмтдэд хүргэх хэрэгтэй байгаа юм. Одоо би үүн дээр ажиллаж байгаа.
-Монголчуудад итгүүлэх тийм хэцүү гэж үү. Яагаад тэр вэ. Харин ч итгэмтгий болохоо роо сонгууль бол гоноор хулхидуулчихаад байдаг юм биш үү?
-Сонгууль бол өөр хэрэг. Тэрийг дараа тухтай ярьж болно. Монголчуудын сэтгэцэд нэг хачин зүйл байгаа юм. Манай энэ л тэгэв гэж, тэр тэгээд байхдаа яахав дээ, хамар хашааны хазгар тэгж харагдаач” гэх мэт ярианаас нь “харж” болно. Монгол хүн дэлхийн хэмжээний бүтээл хийхэд баярлахаас илүү гайхах нь олон шүү. Гэхдээ монгол бөхчүүд сүмогоор, хөгжимчид ардын урлагаар, циркчид нугаралтаар, дуучид ардын дуугаар дэлхийг шуугиулж чадаж байна. Үүн шиг олон зүйлээр бусдыг гайхуулж чадна. Харин оюуны цар хүрээгээрээ олон улсын шилдгүүдийн эгнээнд жагсах залуус “экспортод” явчихсан уу, хаа нэгтээ гэртээ хэвтэж байна уу гэдгийг би мэдэхгүй юм. Ямартаа ч монголчууд хүнээ үнэлэх хэрэгтэй гэж бодож явдаг юм. 
-Та ямар их тамхи татдаг юм бэ. Энэ бараг 10 дахь нь боллоо.
-Сурчихсан юм. Тоох хэрэггүй. Энгийн л нэг дадал зуршил.
-Физикийн үүднээс тайлбарлавал тамхи татах яг ямар үйлдэл юм бэ?
-Хүмүүс заавал нэг өвөрмөц, гажиг хэрэглээ бий болгодог юм байна л даа. Архи, ундаа, тамхи, чихэр гэх мэтийн юм хэрэглээд л. Энэ нь байгалийн шаардлага үүсгэж байгаа юм. Хүн өөрөө биологийн шалгарсан амьтан, байгалийн төгс бүтээгдэхүүн. Харин логикт төгс зүйл байх ёсгүй гэдэг. Байлаа ч гэсэн хязгааргүй төгс болоод явчихна. Тэгэхээр логик бус байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс тэр хязгааргүй төгс хэм хэмжээнээс зайлсхийж ямар нэг хор хэрэглэж байгаа юм. Төгс хэлбэр алдагдах хамгийн гэмгүй арга нь тамхи... Гэхдээ хүн болгоныг тамхи тат гэж хэлж байгаа юм биш л дээ. Энэ гаж үйлдэл нь юугаар ч нөхөгдөж болно. Энэ ямар нэг биологийн шаардлага л байгаа юм гэж хэлэх гээд байна. -Физикийн салбарыхан их боддог болохоороо үйлдэл нь бага юм шиг санагддаг юм. Тооцоотой хөдөлдөг ч юм шиг. -Математик сэтгэлгээ үйл ажиллагааг товчилж байдаг юм. Тэгэхээр үйлдэл цөөхөн байх нь аргагүй.
-Та бол бүх зүйлийг тооцоолох онол нээж байгаа хүн. Өөрөө тооцоолуураасаа хальсан тохиолдол байдаг уу?
-Амьдралынхаа туршид олон мэргэжил сольж байсан. Турших үзэх журмаар гэх үү дээ. Магадгүй амьдрал хамгийн том туршилтын талбар байх. Ер нь би байнга эрэл хайгуул хийж яваад дасчихаж дээ.
-Та сэтгэл хөдлөл багатай хүн шиг санагдах юм. Ташкентийн газар хөдлөлтийн үеэр тэнд байсан гэж сонссон юм байна. Тэр үед сэтгэл санааны цочролд орж байв уу?
-Тэр үед Ташкент сая хүнтэй байсан. Би тэр сая хүмүүстэй л адилхан гарч ороод л, бужигнаад байж байсан. Нэг их айж цочирдоод байх юм байхгүй. Үргэлж газар хөдлөөд байхаар сүүлдээ дасчихна ш дээ. Тоохоо байчихна.
-Байшин нураад, толгой дээр чинь уначихна гэж айхгүй юу?
-Нурдаггүй юм. Таван давхар оюутны байрнууд тирххх гээд л дуугараад явчихна... Гэхдээ огт нурдаггүй. Газар хөдлөлтийн эсрэг барилга байгаа юм. Тэр барилгууд нимгэн тоосгон ханатай, булангаараа салгуу. Жаахан шавардчихсан. Хүчтэйхэн шиг түлхэхэд л ганхах эд байдаг юм. Тэгээд газар хөдлөлтийн үеэр байшин нурахгүй, ганхаад шавар нь нураад байгаад байдаг. Ташкентийн Политехникийн дээд сургуулийн захирал Рузбаев гэдэг хүн бол газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын гол мэргэжилтний нэг. Тийм болохоор хэчнээн газар хөдөлж байсан ч байр нураад уначихна гэсэн ойлголт байхгүй.
-Таныг их аялж явсан гэж сонсож байсан. Хаана хаана байсан юм бэ?
-Хэд хэдэн газарт амьдарч байсан. Нэг хэсэг Англид сэтгүүлчийн мэргэжлээр суралцаж байсан юм. Монголоос Англид сургууль төгссөн анхны хоёр хүний нэг нь би байх шүү.
-Нээрэн, таныг МОНЦАМЭ агентлагийн захирал байсан гэж сонсож байсан юм байна.
-Тийм ээ. Сая МОНЦАМЭгийн 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болсон. Гэхдээ энэ талаар дараа тухтай ярья.
-Тэгвэл “Их гурвалжин” номынхоо талаар яривал ямар вэ. Гадаадад олон хувиар борлогдсон гэж дуулдсан.
-Нэг их сүртэй юм биш ээ. Гэхдээ энэ номын талаар ярих зүйл их бий...  
Байн байн дуугарах утас нь бидний яриаг ийнхүү төгсгөсөн юм. Эрдэнэ гуай бүхнийг дэлгэрүүлж ярих хүсэлтэйдээ ч тэр үү олон зүйлийн талаар дараа ярих ам өгсөн. Хүзүүндээ зүүсэн хас тэмдэг, цүнхнийх нь хажуунаас унжих Монгол Улсын далбаа үндсэрхэг үзлийнх нь гэрч. Тэрбээр учир нь ойлгогдохгүй нэр томъёо хэлчихээд араас нь заавал “Тэгээд тооц тооц...” гэж хэлэх нь дадал зуршлынх нь нэг хэлбэр биз. Энэ хүнтэй яриад суухад орчлон ертөнцийг тооны машинд багтаачихаж болох юм шиг санагдсан шүү.
БИХЭД, ХЭДЭН НОБЕЛИЙН ШАГНАЛ АВНА
Ингээд сүүлчийн суурь асуудал нь 2009 онд 100 хувь хэвлүүлээд буй дараахь номоор шийдэгдсэн учраас ерөөс шинжлэх ухааны хамгийн аугаа их зорилт хэрэгжиж байгаа юм. Ердөө л энэ. Онолыг нь олоод өглөө. Ном болгоод хэвлээд өглөө. Өөр яалтай билээ. Үлдсэн нь бусдын асуудал. Харин нэн тулгамдсан асуудал гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй.
Яагаад. Хэний, юуны, ямар тулгамдсан асуудал болоод явчихав аа?
-Дэлхийн тулгамдсан асуудал. Аминд тулж, хоолой дээр хутга тавьсан асуудал. Нэг бол хүн төрөлхтөн супернэгдлийн онолыг нээж олсноор соёл иргэншил цаашид хөгжин дэвшинэ. Эс бөгөөс өнөөгийн эдийн засаг, экологи, улстөрийн хямрал цаашид гүнзгийрсээр хэдхэн жилийн дотор сүйрэлд хүргэнэ. Энэ зөвхөн миний хөндөж байгаа асуудал биш л дээ. Бүр 1972 оноос хийсэн стратегийн судалгааны математик тооцоо. Энэ тухай Ромын клуб буюу хүн төрөлхтний төөрөг зургийн төсөл гэдэг стратегийн судалгааны олон улсын төвөөс хэвлэсэн “Өсөлтийн хязгаар” номоос олж үзэх хэрэгтэй. Үүнийг хялбарчлахын тулд Stephen Hawking нэрээр интернэтэд хайлт хийж болно. Кембрижийн их сургуулийн профессор, нэрт онолч Хокингийн видео ярилцлага бэлхнээ байгаа. “Манай туйлын зорилт бол орчлон ертөнцийн бүрэн төгс онол” гэж хэлсэн буй. Тэрхүү туйлын зорилт нь биелээд, дээр дурдсан ном болоод байна гэдгийг ойлгоход л хангалттай. “Үүнээс үүдэн том асуудлуудын хамгийн сүүлчийнхийг хөнд өхөөс аргагүй. Хүн төрөлх тний ирээдүйн асуудал. Хэрэв та бид галактиктаа цорын ганц оюун ухаант амьтан юм бол цаашид үргэлжлэн амьдарч үлдмээр байгаа юм. Гэтэл бид нар одоо түүхийнхээ хамгийн аюултай үе шатанд ороод байна. Энэ зуун жилд сүйрлийг тойрч гарахад ихээхэн хүндрэлтэй байх болно. Энэ мянган юмуу, ирэх сая жилийн тухайд бол ярилтгүй” гэсэн байна.
-Ямар аймаар юм бэ. Саяхан дэлхийн сүйрлийн тухай өгүүлсэн кино үзсэн болохоор шууд л нүдэнд харагдаж байна шүү. Таны яриад байгаа сүйрлээс аврагдах арга бий юү?
-Сүйрлийг тойрч гараад шинэ дэвшил, хөгжилд гарах ганц гарц нь туйлын онол. Энэ онолыг олсноор хувьсгалт шинэ шинэ технологид шилжих боломжтой. Үүнээс өөр аврал байхгүй, байгалиас өгөгдөөгүй.
-Одоо тэгээд яах вэ. Бүгд үхэх үү?
-Хэн мэдлээ, хүн төрөлхтөн нь яах юм, ийх юм. Одоо ёстой хүний эрхийн асуудал гэгч байх. Гэхдээ нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй. Нэгэнт авралын зам зарчмын хувьд олдсон нөхцөлд худлаа ухаантай царай эсгэж юм уу, өөр ямар нэг шалтаг шалтгаанаар эргүүтэж мангартаад алдах цаг хугацаа хүн төрөлхтөнд үлдээгүй. “Time is running out” (Цаг хугацаа яваад, дуусч байна) гэж амтай болгон нь хэлж байгаа шүү.
-Тэгээд та хэн мэдлээ, хүний эрх гээд суугаад байж болж байгаа юм уу. Гэнэт та их муухай хүн шиг санагдчихлаа.
Болохгүй гээд яахав. 2009 оны есдүгээр сарын эхээр баахан бичиг цаас Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээсэн. Хариу алга. Ерөнхийлөгч маань сая Дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор Давосыг зорилоо гэнэ. Олигтой амьтан бол энэ тухай ганц хуудас мэдээлэл авч яваад тэнд тараачих ёстой юм л даа. Үгүй яахав, надаас хэдэн ном үнэ төлбөргүй аваад яв л даа. Хүн төрөлхтөнд сүйрлийг гэтэлж, амьдарч үлдэх ашиг сонирхол байгаа бол холбогдох асуудлын 99,99 хувийг шийдээд, хийгээд өглөө. Надад хамгийн ойр байгаа дэлхийн соёл иргэншлийн төв гэвэл, Эрээн, Улаан-Үд хоёр л байна. Гэтэл тийшээ ч хүрч чадахгүй байна шүү дээ.
-Хэцүү л юм байна. Гэхдээ болох байх. Та чинь хэдэн жилийн өмнө Монголыг тэжээнэ гэж хэлж байсан байх аа. Энэ чухам ямар учиртай юм?
-Товчхон хэлье. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж хуучны үг бий. Улс үндэстний рейтинг чансаа гэж хамгийн чухал зүйл байна. Зах зээлд худалдаж иддэг юм чинь эцэстээ зөвхөн брэнд нэр л байдаг юм. Улс үндэстний чансааг хүний хөгжлийн индексээр өнөө үед тодорхойлж байна. Монгол Улсын чансаа 117 дугаар байрт яваа гэсэн хамгийн сүүлийн үеийн мэдээ байна. Ер нь бол монголчууд бид түүхэн рейтингээрээ 50 хувийн халаасны оноотой юм.
-Халаасны оноо. Тэр чинь юу юм?
-Чингисийн Монгол гэсэн түүхэн брэнд нэрийг л бид худалдаж идэж байгаа шүү дээ. Үлдсэн 50 хувийг түүхэн том амжилтаар олоод авбал монгол үндэстний рейтинг 100 хувь болох учиртай. Үндсэндээ даяаршсан дэлхийн оюун санаа, сэтгэлзүйд нэгдүгээрт тавигдана гэсэн үг. Өнөөгийн дэлхий англи хэлээр ярьж байгаа чинь дээр үзүүлсэн Ньютоны ганц номын үр нөлөө. Ньютоны үүсгэсэн онолын физикийн эцсийн ганц ном л хэрэгтэй байхгүй юү. Тэр нь байна. “Санааг нь авбаас бие нь хаа холдож ойчих” гэж Хааны гэрээслэл ч байдаг. Ингээд л боллоо.
-Ерөнхийлөгч л таны номыг аваад явдаг байж. Яасан юм болоо?
-Нэгд, Монголын төрийн босго өндөр гэж бас нэг хуучин үг бий. Хоёрт гэвэл, Монголд төр засаг гэж юм байна уу, үгүй юү гээд хэн хүнгүй ярьж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр асууж сураад явдаг биз дээ. Энэ хоёр нөхцөл байдлын тал дундуур асуудал эзэнгүйдэж яваа байх. Ерөнхийдөө монгол хүнд Монголын төлөө итгэл бишрэл байхгүй. Тиймээс л энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гээд байгаа юм. Ерөнхийлөгч маань захчин ястан юм уу даа. Төв Халхын тоонд орох миний угшилд цагаан яст Чорос өөлд бараг тал хувийг эзэлдэг. Ямартаа ч бид Монгол нэрийн дор явж ирсэн, цаашид ч явна. “Монголчууд дээд тэнгэрээс заяатай төрсөн” гэж би хэлээгүй шүү дээ. Харин баталгаа нь та бидний гарт байна.
-Энэ яриаг уншсан хүмүүс таныг хүн мууллаа гэж дургүйцэх байх даа. Гэхдээ яахав, ярь ярь. Та ер нь ярилцлагын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Одоо сэтгүүлийн ярилцлага Монголд зонхилж байгаа. Бусад нь гуйвуулсан, давтсан, хуулсан санаа. Хуучны “Play boy” сэтгүүлийг би их уншдаг байсан юм. Тэр сэтгүүлийн тал хувийг нь нөлөө тусгал сайтай томоохон ярилцлагууд эзэлдэг юм. Тухайн үед Монголыг донсолгосон нэг ярилцлага гарч байсан. “Оросууд Монголыг Хятадад худалдчих хэрэгтэй юм” гэж шатрын дэлхийн аварга Гарри Касппарав хэлсэн хэрэг. Тэгээд тийм л том үйл явдал өнгөрсөн 20 жилд болж өнгөрсөн. Одоо оросууд кинонд гардаг “Би юу хийчихэв ээ” гэсэн Богд лам шиг гайхаж суугаа бололтой. Тэгэхээр тэр үеийн ярилцлага Монголын орчин тойронд юу болох тухай мэдээллийг урьдчилан өгсөн хэрэг. Тухайн үеийн Оросын бодлогын логикийг их шатарч мэдэж байж л дээ. Гэхдээ сэтгүүлзүйд ярилцлагыг доод төрөл жанр гэж үзэх нь ч бий. Үүнийг залуу сэтгүүлчид сонссон байхад гэмгүй.
-Яагаад доод төрөл гэж?
-Үгүй, яахав дээ. Хүнд үнэ төлбөргүй реклам сурталчилгаа хийж өгч байгаа хэрэг гэж хэлдэг юм. Энэ ч оргүй зүйл биш. Сэтгүүлзүйд үнэгүй бүү хэл, үнэтэй сурталчлах зорилт байдаггүй юм шүү дээ.
-Та тэгвэл сэтгүүл зүйн доод төрлөөр өөрийгөө илэр хийлэхийг яагаад зөвшөөрсөн юм бэ. Нэг л зөрчилтэй юм яриад байна даа.
-Муу ах нь бага ярьдаг. Ярихаа тулбал зөрчилтэй юм ярьдаггүй. Ярилцлага гэдэг доод жанрыг дээд төрөл болтол нь ярилцахыг сэтгүүл зүйн урлаг, ухаан гэдэг юм. Тиймээс talk show нэг бол балай юм, нөгөө талаараа гайхамшиг болж хоёр туйлд тэмүүлдэг байхгүй юу. -
Бид хоёрын talk show аль туйлд тэмүүлэх бол?
-Уг нь бид хоёроос дэлхийг донсолгох мэдээлэл гарах учиртай. Гэхдээ хүн мэдэхгүй зүйлийнхээ талаар бичихдээ маш сайн сонсогч байх хэрэгтэй. Би геометр гэж олон дахин хэлэх хэрэгтэй болдог. Гэтэл тээр жил надаас ярилцлага авсан сонинд тувт гоёметр гэж бичсэн байсан шүү. Уншигчид нь юу гэж ойлгож, хэрхэн хүлээж авсныг бүү мэд. Мэддэг чаддаг ганц юм нь шоу болчихсон үед шинжлэх ухааны тухай ярих осолтой болсон юм шиг ээ.
-Та шоу цэнгээнд дургүй хүн үү. Ер нь шинжлэх ухааныхан бүгд л ном харж, бодол болж суудаг хүмүүс үү?
-Дургүй хүмүүс нь, шалиг налиг гээд үздэггүй. Би харин тийм биш. Шоу сайн уу, муу юу гэдэг чинь огт асуудал биш. Амьдрал өгүүлшгүй баян, үй олон талтай. Шоу ч байна, шинжлэх ухаан ч байна. Нийгэм өөрөө олон талын ашиг сонирхолтой байх ёстой. Шоу ч бизнес, сүмо ч бизнес. Харин шинжлэх ухаан бол бүр том суурь бизнес. Энэ ялгааг нийгэм хар ухаанаар хардаг ш дээ.
-За одоо шоугаа орхиод, шинжлэх ухааны асуудалдаа орох уу?
-Үгүй ээ хө, харин ч жинхэнэ шоугаа одоо эхэлнэ. Монголд шоу гэх мөртөө шоугаа огт мэдэхгүй гэдэг алдас болохгүй л байх.
-Та шууд л яриагаараа шоудаад эхлэх нь ээ... -Дэлхий даяаршсан. Бүх асуудлыг, тэр тусмаа шоуг дэлхийн эн цараар сэтгэхээс өөр аргагүй болчихсон үе. Орчин цагт шоу сэтгэлгээ ноёрхох нь цаанаасаа зүй тогтолтой ч байж мэднэ. Энэ нь ч зөв. Цагийн аяс ч ийм. Гэтэл бид манай гэрийн хойхно байгаа “UВ palace”-ын хаяагаар л сэтгэж байна. Зарим хүний хэлдгээр, нэг муу явган шоу л яваад байна. Манай улс төр ч гэж сонгуулийн тойргоос гарахгүй бас нэг явган шоугаар дагнаад эхэлсэн. Дэлхийг... -... доргиох хэрийн шоу зохиох ямар хэрэг байна аа, л гэж асуумаар байна шүү. Ах минь!
-Өнгөрсөн, гэхдээ дахин авч үзмээр нэг жишээ хэлье л дээ. Их Монгол Улсын 800 жилийн ой болов оо. Энэ талаар ярихдаа Английн алдарт утга зохиолыг үндэслэгч их яруу найрагч Жеффри Чосер гэдэг хүн Чингис хааны магтаал бичиж, өөрийн хаадад сургамж болгосон түүхийг дурдах нь зүйтэй. Бодвол, хаад нь сургамж авсан болохоор л өнөөдөр бид англи хэл, соёлын нөлөөнд байгаа байж мэдэх юм. Их том найраглал. Ахмад дипломатч Бямбаа их сайхан монголчилсон байдаг. Тухайн үед би Чингис хааны эртний магтаал найраглалыг орчин үеийн нүргэлсэн их сүрт рок-поп дуурь болгоод Их Монгол Улсын ойгоор сансрын телевизүүдээр цацаж дэлхийг доргиох санал тавьсан юм. Гэтэл хэн ч авч хэлэлцэлгүй өнгөрөөсөн.
-Мөнгө санхүүгийн боломж тааруу байсан байх. Тэгээд ч Монголд рок дуурь тавихгүй биз дээ. Савхин өмд, урт үс л гэж ярих юм билээ.
-Төр засаг маань хүн амьтнаас гуйж түүсээр зөндөө мөнгө босгосон. Гаднаас гомо царайтай хэдэн хөгшин халтар юм авчирч шоу зохиохдоо хоёр тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Үлийгээ хийнэ вэ? Хоёр тэрбумаар тэр байтугайг бүтээн босгож болно. Мөнгө ихдэхээр хэрэггүй юманд зардаг нь хууль. Уг нь хүч хүрмээр бодогдоно. Харин амбиц алга. Амбиц гэж дэлхийд дэнчин тавихыг хэлдэг болсон шүү дээ.
-Хэзээ нэгэн цагт Чингисийн тухай Чосерийн магтаал рок дуурь болж сансраас цуурайтах байлгүй дээ. Одоо бол таны хувийн амьдралд хошуу дүрмээр байна.
-Хувийн амьдрал сонин биш. Шоуныхны хувийн амьдрал сонин байдаг байх. Гэхдээ эрдэмтэн, эсвэл хэн нэг судлаачийн дуртай хоол, эхнэрийн ааш араншин хэнд хэрэгтэй юм бэ.
-Тэгвэл зүгээр л таны нээлтийн талаар дахиад жаахан ярилцъя. Яриагаа дутуу орхиод явчихсанаа мэдэж байгаа биз дээ. Шинжлэх ухаан ер нь ямар шалгууртай юм бэ?
-Том нээлт. Түүхэн том нээлт. Тэр нээлтээс урган гарах суурь онол ухаан. Өөр юу байхав. Миний зодоглохоор зорьсон салбар бол шинжлэх ухаан. Бүр суурь шинжлэх ухаан.
-Дээхнэ үед проффессор С.Будням гэдэг хүн манай сонинд “Суурь шинжлэх ухаан мухардалд орсон” гэсэн утгатай өгүүлэл нийтэлсэн байсан. Тэгсэн чинь та мухардалд орсон салбарт зодоглох тухай яриад байх юм.
-Тэр өгүүллийг би бас харсан. Сүүлийн 20 жилд бичсэн шинжлэх ухааны асуудлаар гайгүй тулхтай ганц өгүүлэл ч байж мэднэ. Суурь шинжлэх ухаан мухардалд ороод удаж байна. 1960-аад оны эхнээс гэж тооцож, ярих нь бий. Томоохон нээлт нэвтрэлт гарсангүй удлаа. Хүмүүс бүгд тэнэг болчихсон хэрэг биш. Мөнгө санхүү нь хомсдсон хэрэг бүр ч биш.
-Тэгээд ямар шалтгаантай юм бэ?
-Товчхондоо бол суурь шинжлэх ухаан дуусах, төгсөх шатандаа орчихсон байхгүй юу. Нээлт хийх нь ховор үзэгдэл болсон. Нобелийн шагналт Ричард Фейнманы “Өнөөгийн бид их азтай улс, ямар нэг нээлт хийх боломж бага ч атугай үлдсэн. Хойшид нээх юм үлдэхгүй шүү дээ” гэж хэлж байсан юм. Нээлт хийнэ гэдэг чинь байгальд ерөөс буй зүйлийг ухаж, олж ирнэ гэсэн үг. Байгалийн тэр нөөц нь шавхагдах шатандаа орж байна. Энэ нь мухардал шиг харагдавч, цаанаа зүй тогтолтой үйл явц юм л даа. Мэдээж хэрэг, нээлтийн боломж хаалттай шахам болсон нөхцөлд залуу үеийн шинжлэх ухааны сонирхол хаа сайгүй буурсан тухай ярьсаар олон жил өнгөрч. Томоохон сургуулиудын физикийн факультетэд суралцах оюутан илт цөөрсөн үе ч бий. Энэ байдлыг засах талаар ч олон улсын хээмжээнд том том арга хэмжээ авсан. Суурь шинжлэх ухаан төгсөх шатандаа орсон. Нээлтийн өлсгөлөн байдаг. Нээлтийн нөөц нь дууссан байгаа юм даа. Энэ бол мухардал.
-Нээлтийн нөөц дуусчихсан байхад яаж нээлт хийсэн юм бэ?
-Суурь шинжлэх ухаан буюу физикт, бүр тодруулбал, онолын физикт хүлээгдэж байсан ганцхан нээлтийг би хийчихлээ. Энэ бол сүүлчийн том нээлт. Энэ талаар өмнөх ярилцлагадаа би дэлгэрэнгүй дурдсан байгаа.
-Та энэ нээлтээрээ НОБЕЛЬ-ийн шагнал авна гэж ярьж байсан байх аа?
-Энэ онол маань нэг биш хэд хэдэн нобелийн шагнал авах учиртай.
-Өнгөрсөн жил НОБЕЛЬийн шагнал гардуулсан. Тухайн үед танд НОБЕЛЬ өгөх нь байтугай бүтээлийг чинь ч нэр дэвшүүлээгүй шүү дээ.
-Би НОБЕЛЬ авах зүйлээ нэгэнт хийчихээд байна. Цаг нь болохоор аяндаа өгнө. Одоохондоо энэ нээлтийнхээ талаар дэлхийд зарлаж амжааг үй байгаа.
-Дэлхийд зарлана гэхээр яадаг юм бэ. Төр засгийн дэмжлэг, эсвэл таныг НОБЕЛЬ-д нэр дэвшүүлэх хүмүүсийн санал хэрэгтэй юм уу?
-Аяндаа болно оо. Сая шилэн кабель зохион бүтээсэн хүмүүст НОБЕЛЬ гардуулж байна лээ. Энэ чинь аль 40, 50 жилийн өмнөх нээлт. Ерөнхийдөө нээлт хийхээ больчихсон. Сүүлийн 20, 30 жилд минийх шиг том нээлт хийгээгүй. Тэгэхээр би хэд хэдэн НОБЕЛЬ авна. Гол нь хэзээ вэ гэдгийг цаг хугацаа шийдчихнэ.
Бидний яриа хэзээ ч төгсөхгүй юм шиг санагдаж эхлэх үед би энэхүү яриандаа түр зуур цэг тавьсан юм. Хэрэв цаашаа үргэлжилсэн бол хаа хүрэх байсныг мэдэхгүй юм. Магадгүй бүх амьдралынхаа турш яриад ч дуусахгүй байж мэднэ. Одоо зүгээр л ярианы сэдвийг “далийлгах” дуртай Ч.Эрдэнэ гуайд амжилт хүсэх л үлдлээ. Түүнийг НОБЕЛЬ-ийн шагнал хүртсэнийх нь дараа дахин уулзах ерөөл тавиад, баяртай гэж хэлье.

Image

No comments:

Post a Comment