Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, February 15, 2011

Б.МӨНГӨНТУУЛ: Надад хожих 100 хувийн боломж байдаг

Москва хотноо болж өндөрлөсөн Олон улсын шатрын VII наадам болох “Moscow Open” тэмцээнээс манай тамирчин Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртсэн. 15 настайдаа шатрын их мастер цол хүртэж байсан Б.Мөнгөнтуул маань өчигдөр эх орондоо ирлээ. Аян замын алжаалаа тайлахаар гэртээ амарч байхад нь түүнд баярын мэндчилгээ хүргэхээр утас цохисон юм.


Гайхмаар үг дуу цөөтэй энэ бүсгүйг Батхуягийн Мөнгөнтуул гэдэг. Магадгүй тэр ярихаасаа илүү нүүхийг чухалд тооцдог байх л даа. Гэхдээ л түүний нүүдэл 15 настайдаа шатрын их мастер цол хүртэхэд нь нөлөөлсөн юм. Таван настайгаасаа эхлэн шатрын 64 нүдэнд нүүдэллэж яваа энэ эмэгтэй бөхөж унтаршгүй “Чимээгүй од” билээ.

-Шатрыг өнгөц харвал дайныг санагдуулдаг. Харин бодлого гэж нэрлэдэг болохоор математиктай ойрхон. Тэгснээ үндсэн нэр нь хөлөгт тоглоом. -Миний хувьд шатар гэдэг хоёр хүний сэтгэл зүйн тулаан юм даа. Би ихэвчлэн тооцоолон бодож, гаргалгаа гаргаж тоглодог. Гэхдээ тооцооноос зөрөх тохиолдол элбэг. Учир нь нөгөө талын нүүдэл болгон өөр өөр хувилбарыг бий болгоно. Энгийнээр хэлбэл нэг нүүдлийн цаана цоо шинэ өрөг нээгддэг гэсэн үг. Тийм болохоор өрсөлдөгчөө унагаахын тулд бүх нүүдлийг тооцоолно. Дараа нь өөрт хамгийн хэрэгтэй нүүдлийг сонгох хэрэгтэй. Сонголт болгон мэргэн байвал санасандаа хүрнэ дээ.

-Санасан зүйл нь хожил уу? -Мэдээж хожил.

-Дандаа хожлын төлөө тэмүүлдэг хүн амьдрал дээр бас ялагч байхыг хүсдэг болов уу. -Амьдрал, шатрын хөлөг хоёрт төсөөтэй зүйл олон боловч яг адилтгаж болохгүй. Учир нь шатарт ганцхан дайсан байдаг. Дайсандаа сэтгэл xөдлөлөөр хандахгүй байж болно. Харин амьдралд, миний эргэн тойронд гэр бүл, найз нөхөд гээд олон янзын хүмүүс байдаг шүү дээ. Тэр болгонд ялагч болох хүслээр хандаад байж болохгүй биз дээ. Тэгээд ч олон төрлийн ааш араншинтай, олон хүний нүүдлийг тааварлах боломж туйлын хомс.

-Харин эсрэг талын нүүдлийг тааварлаж болдог байх нь ээ? -Шууд мэдчихнэ гэвэл хэцүү. Учир нь маш олон боломжит нүүдэл байдаг. Тийм болохоор магадлал дэвшүүлдэг юм. Ерөнхийдөө өргийн дийлэнх хувийг магадлал эзэлдэг гэсэн үг.

-Өрсөлдөгчөө мадлах боломж хэдэн хувь байдаг вэ? -Хоёуланд нь 100 хувь байдаг. Өөрийн нүүдэл бол эхний боломж. Харин эсрэг талын нүүдэл бол миний хоёр дахь боломж болдог юм. Тэгэхээр аль алинд нь 100 хувийн боломж бий гэсэн үг. Гол нь өрсөлдөгчийнх өө нүүдлийг хэрхэн ашиглахыг бодох хэрэгтэй. Бас мэдээж өөрийнхөө нүүдлийг дайсны идэш болгохгүйг тооцоолох болно.

-Шатрын заавартай ном байдаг юм билээ. -Тиймээ би ч гэсэн номоос нүүдэл хардаг.

-Аль улсын ном хамгийн өгөөжтэй нь вэ? -Бүх улс шатрын номтой. Гэхдээ би орос хэл дээрx шатрын өргийн тухай ном уншдаг. Анх шатрын ном унших гэж орос хэл сурч байлаа.

-Шатар хэдийгээр бодлого ч гэлээ заримдаа зөн совингоо дагаж байсан үе бий юү? -Эргэлзээтэй нүүдэл цөөхөн байдаг. Надад байгаа боломжит нүүдлүүд өрсөлдөгчид илүү их ашигтай байх юм бол аль нэгийг нь сонгоно. Ингэхдээ чиний хэлж байгаа зөн совин гээчийг дагадаг байж мэднэ.

-Шатрыг хоёр хүний тулаан гэж хэлж байсан. Хэрэв хоёр хүний тулаан гэдэг үүднээс авч үзвэл хосуудын харилцаа илүү дөхөж очих байх. -Шатрын үр дүн хэсэг хугацааны дараа харагддаг. Аль нэг нь заавал ялагч болох горимтой. Харин хосуудын харилцаанд ийм маягаар оролцвол хэцүүхэн л байна байх.

-Тэгвэл Мөнгөнтуул одоо найз залуутай юу? -Байхгүй ээ. Хичээл, тэмцээн гээд завгүй байдаг болохоор өөртөө ч анхаарал бага тавих юм байна шүү дээ.

-Аав чинь математикч хүн. Тэгэхээр шатар тоглоход чинь тусалдаг л байх даа. -Тэгэлгүй яахав. Жаахан байхад аав надад шатар тоглохыг зааж өгсөн юм. Аав маань намайг тэмцээний үеэр дасгалжуулах маягаар олон зүйл заадаг. Хэт тайван байж болохгүй, хүн хор шартай байвал нүүдлээ олж харахгүй гээд л…

-Шатрын хөлөг дээр xар, цагаан вант улс захирч, сэтгэл зүйн тулаан олон удаа хийж байсан хүн амьдралын тулаанд хэрхэн оролцдог юм бол… -Шатар тоглохдоо нэг өрөгт анхаарлаа хандуулаад, ялалтын төлөө давшдаг. Ингэхдээ өөрийн мэдэлд байгаа цэргүүдээ хүссэнээрээ хөдөлгөж, түлхэж, зольж, сольдог. Тэгээд ч дараа дараагийн тулаан гэж байдаг шүү дээ. Харин амьдрал харьцангуй удаан. Аливаа зүйлд хандсан хандлагын үр нөлөө хэдэн жилийн дотор харагддаг байх жишээтэй. Тэгээд ч амьдрал ганцхан болохоор бодохоос илүү шийдвэрээ гаргах хэрэгтэй юм билээ. Харин амьдралд алдахаас айх зүйл олон бий. Амьдралын зорилго ялалт биш шүү дээ.

-Эх орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байхад дараагийн тулаан байгаа гэж санаа амарч байв уу? -Энэ бол хожигдсоны дараах бодол л доо. Мэдээж өөртөө байгаа цаг хугацаа болон нөхцөл байдал боломжийг ашиглаад хожлын төлөө бүхнээ дайчилна. Харин хожигдвол өөрийгөө тайтгаруулах гэж дараагийн тулаан байгаа гэдгийг санадаг юм.

-Сая Оросын шатарчин Костенюкт хожигдчихлоо.
-Харин тийм ээ. Костенюктэй таарахаараа хожигдчихоод байдаг юм. Ихэнхдээ алдаа гаргасан байдаг. Сүүлийн өрөгт түүнтэй цагаанаар тоглож, хайнцсан юм. Дахиад коэффициент тоолоод мөнгөн медаль авлаа.

Амжилт хүсье, Мөнгөнтуул аа. Чи бол Монголын шатрын спортын хамгийн залуу тод од юм шүү. Чимээгүйхэн инээмсэглэж, дуугүйхэн мишээдэг эгэлхэн зантай хэрнээ үргэлж тодоос тод гялалзаж, хүмүүсийн зүрх сэтгэлд итгэл найдварын гал асаадагт чинь талархдаг.

No comments:

Post a Comment