Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, March 6, 2011

Карол Радживонович: Удахгүй эргэн ирж, Монголын сайхан ород концерт тавина

Т.Нипонь


Польшийн төгөлдөр хуурч Карол Радживонович “Ф.Шопен ба ХХI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг шүүхээр манайд айлчлаад байгаа юм. Түүнтэй уулзахаар хөгжим бүжгийн сургуулийг зүгэллээ. Тоглолтын заал руу ойртох тусам “үзэсгэлэнтэй” алгуу улам “тодорно”. Хөгжмийн аясаар алхаагаа засаж, хөнгөн гишгэж, бүр дэгдмээр болов. Харин үл таних чадварлаг хөгжимчин аязаа “таслахад” би зогтуслаа. Дахиад нэг давтагдахад би зааланд орсон юм. Тайзан дээр байх том хар төгөлдөр хуурын ард  Карол Радживонович суух бөгөөд сурагчдад хөгжмийн хичээл заах аж. Гадаа сонссон хөгжмийг энэ хүн “аялсан” бөгөөд түрүүний “зогсолт” хичээлийн нэг хэсэг байжээ. Ф.Шопены нэрэмжит Үндэсний хөгжмийн академийн төгсөгч, нэрт төгөлдөр хуурч Карол Радживоновович нь Польш, АНУ-д өндөр боловсрол эзэшмсэн, Хойд болон Өмнөд Америк, Австрали, Ази, Европын орнуудад бие даасан тоглолтуудаа хийж, ихээхэн туршлага хуримтлуулсан төгөлдөр хуурч гэсэн “өндөр” тодпотголтой энэ хүний хөгжимдөхийг харж суухдаа чимээ үл гарган, гарынх нь хөдөлгөөнийг удаан гэгч ажлаа. “Уран юм аа” гэсэн бодол сайхан хөгжимтэй зэрэгцэж байв.


Төгөлдөр хуурч маань хичээлийнхээ дараа хувийн бэлтгэлээ хийчихээд ярилцахад “бэлэн” болов. Бидний яриаг ХБК-ийн ... багш Б.Ариунаа польш хэлнээс орчуулсан юм.

-Юун түрүүнд манай оронд анх удаа айлчилж буй зочны хувьд сэтгэгдлээ хуваалцаач.
-Танай орон их сайхан юм. Польш Улсаас БНХАУ-д суугаа Монгол Улсыг хамаарагч элчин сайд Тадэуш Хомицкийн урилгаар энэ тэмцээнийг шүүхээр ирсэн минь энэ. Уралдааны зохион байгуулалт маш сайн байсны дээр монгол хүүхдүүдийн чадвар намайг баярлууллаа. Хэд хоногийн өмнө өвлийн морин уралдаан үзээд ирсэн. Монгол гэр болон хүмүүсийнх нь найрсаг харилцаа  надад маш их таалагдлаа. Сайхан орон юм аа, Монгол.

-Урьд нь олон уралдаан тэмцээн шүүж байсан хүний хувьд “манай” хүүхдүүдийн авьяас чадварыг дүгнэж хэлэх болов уу?
-Олон улсын уралдаан тэмцээнд шүүгчээр ажиллаж байсан олон туршлага надад бий. Ер нь монголын залуу төгөлдөр хуурчдын арга барил миний сонирхлыг ихэд татаж байлаа. Сэтгэлд нийцсэн шүү. Европын мэргэжлийн сургалттай төгөлдөр хуурчдын түвшинд хүрсэн гэдэг нь тэмцээний явцаас харагдсан. Хоёр насны ангиллаар болсон тэмцээнд аль алинд нь Монгол хүүхдүүд түрүүллээ шүү дээ. Гэхдээ аль ч газар сайн, муу зүйлс холилдон байдаг шиг тэмцээнд ч гэсэн янз бүрийн түвшний хүүхдүүд оролцсон. Мэдээж хэрэг энэ хүүхдүүд цаашид улам хөгжих юм бол дэлхийн хэмжээний од болон гялалзах мөч удахгүй ирнэ гэдэгт найдаж байна.

- Ази, Европын сонсголын ялгаа байдаг болов уу. Тухайлбал төгөлдөр хуур тоглохдоо нэг аяыг нийтээрээ сайн, муу тоглох ч гэх юм уу...
-Тоглолтоос ажиглагдсан зүйл гэвэл монгол хүүхдүүд Польшийн “Мазурк” гэж ардын бүжгийн хөгжмийг сайн ойлгоогүй юм шиг санагдсан. Гэхдээ ялагчаар монгол охин шалгарч, Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академид суралцах эрхээр шагнууллаа. Энэ чинь том амжилт шүү дээ. Ф.Шопены нэрэмжит академи бүр Ф.Шопены үед байгуулагдсан. Анх иниститут нэрээр байгуулж байгаад дэлхийн хоёрдугаар дайны үед Германы нэрээр ч хүртэл нэрлэгдэж байлаа шүү дээ. Харин одоо Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академи болсон.

-Та багшилдаг уу. Эсвэл өөр суурин ажил бий юү?
-Дэлхийгээр тойрч концерт зохион байгуулж, тоглодог болохоор багшилж амждаггүй. Харин өөрөө хөгжмөө давтах хэрэгтэй байдаг

-Тэгвэл байнгын хамтран ажилладаг хүмүүс бий юү?
-Би Аргентины үндэсний симфони найрал хөгжим, Германы “Noues Gewandhaus”-ын их найрал хөгжим, Польшийн радио телевизийн үндэсний их найрал хөгжим болон Варшавын хөгжмийн хүрээлэнгийн симфони найрал хөгжим гээд нэр нь түгсэн найрал хөгжмийнхөнтэй хамтран ажилладаг. Мөн олны танил болсон хөгжмийн удирдаачидтай ч ажилладаг. Тухайлбал, Казимирц Корд, Ян Кренц, Жерзи Максимиук, Антони Вит нарыг нэр дурдаж болно.
-Дэлхийгээр тойрч тоглотоо сонирхуулж байсан гэсэн. Энэ талаараа жаахан дэлгэрүүлээч.
-Их л урт жагсаалт болно байх даа. Гэхдээ би цээжээрээ мэдэх болохоор санаа зоволтгүй. Польшийн Братислав Кантансын хөгжмийн наадам, Дусцники-Здройн Шопены наадам, Голландын Утрехтын Листийн наадам, Францын Сайнт Сирегийн наадам, Парисийн Мусикорогийн наадам, Японы Токиогийн олон улсын наадам, Гаагийн Европалиагийн наадам, АНУ-ын Калифорнийн Пасо Роблесын наадам, Москвагийн Кремлийн наадам зэрэг олон улсын нэр хүнд бүхий хөгжмийн наадмуудад оролцон өөрийнхөө авъяас билгийг толилуулж байлаа. Бас нэрт хийлч Константин Андрей Кулкатай хамтран гайхамшигт тоглолтуудаа Канад, Колумб, Энэтхэг, АНУ, Япон зэрэг орнууда хийж байсан. Мөн Вена, Парис, Москва, Санкт Петербург, Сан Франциско, Берлин, Цюррих, Нью-Йорк Бойнэс Айрос, Торонто, Токио, Дели, Сидней зэрэг дэлхийн томоохон хотуудад симфони найрал хөгжимтэй тоглолтуудаа хийж байсан. 2006 оны тавдугаар сард Амстердамын алдарт концертийн их танхимд тоглолтоо хийж байсан бол Швейцарт болдог концертын улирлын арга хэмжээг П.И.Чайковскиййн төгөлдөр хуурын концертоор нээж байлаа. Бас нэгэн сэтгэлд тод хоногшин үлдсэн нь И.Ж.Падеревскийн нас барсны 60 жилийн ойд зориулан 2001 оны арваннэгдүгээр сарын 4-нд НьЮ-Йоркийн Карнегийн танхимд варшавын симфони найрал хөгжимтэй тоглосон тоглолт байлаа. Энэхүү гайхамшигт тоглолтын дараа 2003 оны тавдугаар сард Австрийн Зальцбургийн хөгжмийн их танхимд тоглох урилга хүлээн авсан бөгөөд тэр сардаа Варшавын симфони найрал хөгжмийн хамт Японд Ф.Шопений ми минорын концертоор аялан тоглолт хийсэн дээ.

-Таны дүүг хийлч гэж сонссон юм байна.
-Тиймээ би өөрийн дүү болох хийлч Томас Радживоновтай хамт “Ленардо Да Винчи ба үзэсгэлэнт Польш” гала тоглолтыг нээж, хамтарсан тоглолтоо Сан Франциско хотноо толилуулж байсан удаатай.

-Та урын сандаа ямархуу бүтээл “багтаадаг” вэ?
-Миний урын санд европын сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс гадна К.Жимановский, С.Прокофьев, А.Скрябин, Б.Барток, Г.Гершвин зэрэг хөгжмийн бүтээлүүд бий.
-Таныг бэлтгэл хийж байхыг харлаа. Спортынхон дасгалжуулагчтай байдаг. Харин та өөрийгөө дасгалжуулах юм аа гэсэн энэ асуултад маань ХБК-ийн ... багш Б.Ариунаа хариулахдаа  “Хөгжмийн мэргэжлийн хүмүүс бүгд үүнийг ойлгодог. Мастерууд дасгалжуулагчгүй байдаг юм. Харин сурагч, оюутнууд хажуудаа багшаа зогсоогоод хөгжмөө давтана шүү дээ. Харин Карол Радживонович одоо өөрийн гэсэн арга барилаар тоглодог болохоор зөвхөн өөрийнхөө сонсголд л нийцүүлж, тохируулах гэж бэлтгэл хийж байгаа юм” гэлээ.

-Таныг мастер болоход нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?
-Би Варшав дахь Ф.Шопены нэрэмжит Үндэсний хөгжмийн академийг өндөр төвшинд амжилттай төгссөний дараа Америкийн тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаант шалгаруулалт болон хэд хэдэн чухал ач холбогдол бүхий уралдаануудад амжилттай оролцон шагнагдаж байсан юм. Гэхдээ надад Америкийн Блумингтон дахь Индианы их сургуульд Жорж Себокийн удирдлага дор хичээллэх боломж олдсон нь их аз завшаан байсан. Миний хөгжимдөх ур чадвар сайжирахад ихээхэн нөлөөлсөн шүү.

-Монголын үндэсний урлагийг ярьвал хамгийн түрүүнд морин хуур, хөөмийгөөр л “гайхуулмаар” байдаг юм. Тэгвэл Польшуудын хувьд ямар урлаг ийм үнэ цэнэтэй байдаг вэ?
-Гоё асуулт байна. Монголд их олон үндэстэн ястан байдаг гэж дуулсан. Тэд ч гэсэн өөр өөрийн хөгжимтэй юм билээ. Манай үндэстэн ястангууд ч бас өөр өөрийн гэсэн хөгжмийн зэмсэгтэй. Тухайн газраасаа хамаараад хөгжмийн хөг аялгуу ч гэсэн өөр байдаг. Тэдгээрэс онцлох юм бол Шотландуудын уулын хөгжим гээд гаанс шиг хэлбэртэй хөгжим байдаг даа. Яг түүн шиг үлээдэг хөгжмийн зэмсэг их сонирхолтой. Мөн ууланд амьдардаг хүмүүс хийл шиг дуурагалттай хэрнээ арай өөр хэлбэртэй хөгжмийн зэмсэгээр тоглодог.

Польш нутгаараа овоглосон төгөлдөр хуурч Карол Радживоновичтой ярилцахад надад оногдсон 20 минут хангалтгүй байлаа. Гэсэн ч түүний “Тун удахгүй эргэж ирнэ. Гэхдээ концерт тоглохоор ирнэ” гэдэг үгийг нь уншигч танд дамжуулья.

No comments:

Post a Comment