Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, March 6, 2011

Химийн ухааны “ЧУХАЛ ХҮН”

Т.Нипонь
Эрдэмтэдтэй уулзахаас зүрхшээх болсон шалтгаан маань тэдний хэтийдсэн мэдлэг билээ. Хэрэглээнээс хэтэрсэн нээлт гэж байдаг шиг энгийн хүний ойлгож барахааргүй зүйлсийг эрдэмтэн болгон ярьдаг. Чухам энэ ярианаас “айдаг” боловч эргэн тойронд маань шинжлэх ухаан, хими, физикгүйгээр төсөөлөх зүйл нэгээхэн ч үгүй аж. Ингээд л нэгэн чухал хүнтэй уулзахаар цаг товлосон юм. Далан найман настай “чухал хүн”-ийг хүлээх зуураа үнэрийн тухай бодож үзлээ. Үнэргүй зүйл хаа ч үгүй юм. Үгүй ядаж л хамраа чимхэж байгаад гашуун эм уувал амтыг нь мэдрэхгүй шүү дээ. Тэгэхээр үнэр гэдэг гайхамшигтай зүйл байж таарах нь.
    Ийн бодсоор химийн ухааны доктор С.Шатар гуайтай уулзлаа. Энэ бол миний хэлээд байсан “чухал хүн”. Тэрбээр “Үнэртэн ургамлын судлал буюу Терпенонд" хэмээх чиглэлийг Монголын хими, ургамлын шинжлэх ухаанд шинээр дэлгэрүүлснээрээ чухал хүнд тооцогдож байгаа юм. Шатар гуайг мэргэжил нэгт нөхөд нь Терпенонд Шатар хэмээн “хочилжээ”. Терпенонд гэдэг нь үнэртэн ургамалд тансаг үнэрт эфирийн тос буюу ургамлаас ууршиж байдаг хийн чанартай зүйлийн химийн нэр юм билээ. Тэрбээр 2002 оны шилдэг эрдэмтэн бөгөөд 1974 онд Алма-Ата хотноо химийн ухааны докторын зэрэг хамгаалж, эрдэм шинжилгээний 230 гаруй ном, зохиол туурвижээ. Настайгаа харьцуулбал хөнгөн шингэн алхаатай энэ хүн кофе уунгаа, тайван ярьж эхэллээ. Тэрбээр хамгийн түрүүнд бага ангийн багш байсан тухайгаа хуучилсан юм. 18 настайдаа сумын бага сургуульд багшилж эхэлсэн бөгөөд өдий хэр нь багшийн ажлаа орхиогүй гэнэ.





-Та багшийн ажилдаа дуртай юм шиг санагдлаа. Ярьж, тайлбарлаж байгаа чинь яг л хичээл зааж байгаа юм шиг...
-Анх бага ангид багшилж байхдаа заах аргын гайгүй багш болчихно гэж боддог байлаа. Харин тэндээсээ шууд л Гэгээрлийн хэлтэст байцаагчаар дэвшсэн дээ. Удалгүй Багшийн дээд сургуульд орж билээ. 1961 онд энэ сургууль төгсмөгц Шинжлэх ухааны академид хуваарилчихсан байсан. Ингээд л би огт бодож байгаагүй мэргэжлээрээ ажиллах ёстой болсон юм. Академид очсоноос хойш 47 жил өнгөрчээ. Тэнд байх хугацаандаа байгалийн нэгдлийн, химийн, хими физикийн гээд гурван хүрээлэн байгуулахад гар бие оролцсондоо бахархаж л явна.

-Шинжлэх уханы академид очоод анх юу хийж байв даа?
-Анх лаборант байлаа. Олон төрлийн бодис судалж, шинжлэх ажилд туслаад л. Эрдмийн ажил хийе гэсэн бодол эндээс эхэлж төрсөн юм.

-Эрдэм шинжилгээний ажил хийхийн тулд заавал лаборантаар “дамждаг” уу?
-Олон жил лаборантаар ажилласан хүн ч байдаг л даа. Харин би өөрийгөө дайчилж, томоохон ачаа үүрч байж л эрдэм шинжилгээний ажилтны эгнээд богино хугацаанд хүрсэн юм. Манай хүрээлэнд байсан Дашжамц гэж эрдэмтэн надад МУИС-д химийн хичээлээр дөрвөн жилд үздэг бүх хичээлийг нэг жилийн дотор судал гэсэн даалгавар өгч билээ. Энэ даалгаварыг хийснийхээ дараа би эрдэм шинжилгээний ажилтан болсон юм даа. Тэгээд урьд өмнө хими, ургамлын шинжлэх ухаанд байгаагүй "Үнэртэн ургамлын судлал буюу Терпенонд" хими гэдэг чиглэлийг барьж авсан юм. Ингэхэд ЗХУ-ын (хуучнаар) эрдэмтэн М.И.Горяев гэдэг хүнтэй танилцаж шавь нь болсон минь миний эрдмийн замыг чиглүүлж өгсөн гэж болно.

-Олон багштай байв уу?
-Монголын шинжлэх ухаанд од болсон эрдэмтдийн тусыг их хүртсэн дээ. Академич Б.Ширэндэв, Ч.Сэрээтэр гээд шинжлэх ухаанд асар их хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс байгаа юм. Тэд л монголын шинжлэх ухааны салбарыг гадаад орнуудтай холбож өгсөн. Тэдний ачаар Дубна дахь цөмийн нэгдсэн институт зэрэг олон байгууллагад манай эрдэмтэд очих болсон юм шүү.

-Би таныг үнэр судалдаг болохоор айхтар үнэрч хүн байгаа даа гэж төсөөлж байлаа.
-Би одоо 160 орчим ургамал судалчихсан байгаа. Ийм олон ургамал судалсан хүн байхгүй байх. Би дандаа л ургамал үнэрлэж, амталж явдаг хүн шүү дээ. Судалсан ургамлын маань тал хувь нь шарилж. Гэтэл надад ямар ч харшил байхгүй нь хачирхалтай.

-Шарилжны тухай яриаг чинь олон удаа уншсан шүү.
-Уг нь их олон ярилцлага өгч байсан. Олон ч зүйлийн талаар ярьдаг. Сэтгүүлчид яриан дундаас маань шарилжийг нь л голцуу биччихсэн байдаг юм. Их сонин. Шарилжийг сайн мэдэхгүй, харшилын эх үүсгүүр гээд байгаа юм.

-Шарилжаар талх эсгэж байсан гэдэг чинь их сонирхолтой санагсан.
-Чи мэднэ дээ, Мартини, Чинзано гээд архины төрлийн ундаа ууж үзсэн үү?

-Үзсэн.
-Шилэн дээр нь Бермут гээд биччихсэн байгаа. Энэ чинь шарилж гэсэн үг шүү дээ. Бас Францын “Абсент” гэдэг ликор 400-гаад жилийн түүхтэй юм билээ. Бас шарилжнаас эхтэй бүтээгдэхүүн бөгөөд янз бүрийн бактер, мөөгөнцөрийг устгадаг үйлчилгээтэй гэж ярьдаг. Барууны орнуудад шарилжаар сайхан архи хийдэг юм. Аргагүй шүү дээ, Франц улсад шарилжийг 500 гаруй жилийн өмнөөс судалж эхэлсэн гэдэг. Манайд нэг хэсэг ногоон ундаа гарч байлаа. “Тархун” гээд. Тархун гэдэг чинь манай гудамжаар нэг хөглөрч ургадаг ишгэн шарилж байхгүй юү. Ер нь шарилжийг сайхан эсгэвэл хоол идэх дур хүсэл төрж, шингэц нь сайжирдаг юм.

-Та 160 орчим ургамал судалсан гэсэн байх аа. Ер нь манайд хэчнээн төрлийн ургамал байдаг юм бэ?
-Дэлхийд 130 гаруй төрлийн  эфирийн тосны ургамал байдаг. Монголд гэхэд 60 гаруй төрлийн унаган ургамал нь ургадаг, хагас нь шарилж гэдгийг би нээчихэж байгаа юм л даа.  Эднийг их зөв судалсан учраас гадаадын эрдэмтэд их сонирхдог юм. Мөн эфирийн тос гаргадаггүй 300 орчим ашигт ургамал байдгаас 100 гаруй төрлийн цайны ургамал Монголд байдаг юм. Мэдээж цайны ургамлууд өөр өөрийн гэсэн увдистай бөгөөд ихэнх нь стресс тайлах, мэдрэлийн системийг сэргээхэд сайн. Энэ мэт олон үнэрт ургамлууд байна.

-Та насаараа судлаад дийлэнхийг нь олжээ. Тэгвэл үлдсэнийг нь “өвлүүлэх” тухай бодсон л байлгүй дээ.
-Тийм ээ. Миний охин Ш.Алтанцэцэг мэргэжлийг маань өвлөж аваад, одоо ШУА-д ажиллаж байгаа. Хүрээлэнд аавынхаа ажлыг авч үлдсэн ганц хүн гэж хэлж болно.

-Олон шавьтай юу?
-Цөөн хэдэн шавь бий. Гэхдээ сүүлийн 10 жилд 70 гаруй оюутан дипломын ажлаа миний удирдлагад хийсэн. Түүний 20 гаруй нь магистр хамгаалсан. Мөн 10-аад докторант байна. Ирээдүйд Монголын шинжлэх ухааны салбарт олон "терпеноид" төрөх байх гэж найдаж сууна.

-Суудаг рашаан, уудаг рашаан гэж бий. Тэгвэл үнэрийн рашаан гэж байх уу?
-Байлгүй яах вэ. Далий ягаан цэцэг маань үнэрийн рашаан шүү дээ. Энэ цэцэг нь үнэрээрээ хүний мэдрэлийн ядаргааг сэргээж өгдөг эмчилгээний чанартай. Өөр Бажуу гэж цардуул ихтэй ургамал бий. Бид бараг ашигладаггүй. Гэтэл үүнийг чинь говийн мазаалай чулуугаар ухаж иддэг юм билээ. Уул нь монголчууд дээр үед бажуунаар гурил хийж түүгээр хятадуудаар пүнтүүз хийлгэж байсан түүх бий. Дорнод аймгийн Матад сумын Баянхангайд бол "Баянхангайн рашаан" гэж алдаршсан их сайхан газар ч байгаа. 1930-аад оны үед нэгэн ламын бие чилээрхсэн хэдий ч Баянхангайд очоод эв эрүүл болсон гэдэг. Үүнээс хойш хаа холоос хүмүүс зорьж очдог болсон.Тэнд орос ардын дуунд гардаг "калина"-гаас эхлээд хайлаас, арц, нохойн хошуу болон шарилжны олон төрөл байдаг болохоор эфирийн тос нь ууршаад нийлмэл үнэр гардаг юм билээ. Рашааныг уудаг бол тэнд үнэр хэмээх "рашаан"-ыг зөвхөн үнэрлэж хүртдэг. Ашиг тус нь мэдрэлийн ядаргааг ямар ч эм, тарианаас илүү анагаадаг гэсэн.

-Манайд үнэрээр анагаах увдистай газрууд олон байдаг уу?
-Матад сумын дэргэд байгалийн гайхамшигт үнэрийг цогцлоосон хонхор газар байдаг юм. Тэр хонхорыг байгалийн духи гэж ярьдаг. Тэнд хүмүүс их олноороо үнэрийн рашаанд сууна. Бас ганга ургадаг газар ханиад томуу “тогтдоггүй” юм. Харин Ерөө, Бугантад амьдардаг хүмүүс ерөөсөө өвчилдөггүй. Тэндэхийн агаар эмийн ургамлын үнэртэй.  Бороо орчихвол хөрсөнд нь тэр үнэр шингэнэ. Ингээд тэр хавь орчмын газар нэлдээ сайхан үнэрээр тэтгэгдэж байдаг. Түүнчлэн их нарстай газар мөн сайхан үнэртэй байдаг даа. Эфирийн тос ялгарч байгаа болохоор тэр. Гандан хүртэл ханиадны эсрэг үйлчилгээ үзүүлж байгаа юм. Үргэлж ямаан арц уугиулдагтай холбоотой. Манайд бас нэг газар нээгдчихсэн байна лээ, Чингис рестораны орчимд байх аа. Усан дээр лаа асаагаад тавьчихсан. Дээр нь ганганы тосноос нэг дусаачихаар тэр аяараа ганга үнэртдэж байгаа юм. Ганга маань шархыг эдгээдэг бинол гэдэг бодис агуулсан байдаг болохоор үнэрлэж байвал ашиг тусыг нь хүртэх юм.

-Ганцхан дусал ганга заалыг сайхан үнэрээр хангаж байна гэж үү?
-Тэгэлгүй яахав. Ганганы тосыг ... гангаас ялгаж авдаг юм. Нэг дусал нь гэхэд тэгж их түгж байх жишээтэй. Ер нь л ганга, яншуй бол өргөн хэрэглээний ургамал шүү дээ. Иймэрхүү ургамлуудыг цонхон дээрээ тарьчихвал тасалгааны агаар цэвэршүүлчихээд хүнсэндээ хэрэглээд байж болох юм. Цул витамин л даа. Энэ мэтээр Монголд үнэрээр хүртдэг рашааны тухай ойлголтыг нээж, Арома терапия (Арома гэдэг нь үнэр, терапия гэдэг нь эмчлэх) гэх шинжлэх ухааны ойлголт бий болж байна. Гадаад орнуудын гоо сайхны дэлгүүр, эмийн санд тийм нэртэй лангуу заавал байдаг юм билээ.

-Аль нутгаар ашиг тустай үнэрт ургамал элбэг байдаг юм бэ. Та судалсан уу?
-Манай говьд ашигтай ургамал элбэг шүү. Бусад оронд байдаггүй сайхан ургамлууд бий. Харин одоо ган гачиг, цөлжилтөөс болоод арц, шарилжнаас бусад нь ховордлоо. Иймээс тарималжуулах оролдлого хийж байгаа. Ер нь ургамлын ашиг тусыг хорхой шавьж биднээс илүү мэддэг юм билээ. Ашигт ургамлуудаа тарихаар хорхой идчихээд байх юм. Хажууд нь тарьсан хятад төмсний хорхой идэхгүй байна лээ. Эндээс хятад төмсийг хорхой ч тоож идэхгүй байгааг харж болно. Уг нь бид ямаахай, цээний үндэс зэргээр төмсийг орлуулж болно. Солонгосчууд ууланд ургадаг томоохон янз бүрийн навчит ургамлыг түүж байцааг орлуулж хэрэглэдэг бол Оросууд ойн төрөл бүрийн мөөгийг иддэг. Эдгээр нь ногооноосоо илүү үр өгөөжтэй байх нь элбэг.

-Тэгвэл алт, мөнгө зэрэг металиудын найрлагад үнэр байдаг болов уу?
-Би чамд нэг түүх ярьж өгье. Комунист хөдөлгөөн гарч байсан үе. Тухайн үед лагерт хоригдсон хүмүүс бүгд сүрьеэ тусаж л дээ. Тэдгээр хүмүүс бүр үхэх нь тодорхой болчихсон болохоор зэсийн үйлдвэрт ажиллуулахаар явуулсан байна. Гэтэл хэдэн сарын дараа өнөөх хүмүүсийн өвчин нь эдгэрээд, бүгд л эв эрүүл болчихсон байсан байгаа юм. Маш муу хоол иддэг, өвчтэй хүмүүс зэсийн нөлөөгөөр тэнхэрсэн нь энэ. Зэс бас өөрийн гэсэн үнэр, нөлөөтэй учраас хүмүүс зэс эдлэлийг элбэг хэрэглэдэг. Үнэр орчихсон махыг зэстэй хамт чанавал бактери нь устдаг байх жишээтэй.

-Таны яриаг сонсоод байсан чинь үнэр гэж үнэхээр сонин зүйл байдаг юм байна аа. Аливаа зүйлийг дагалдаж байдаг зүйл гэж босон чинь дангаар нь хэрэглэж бас болдог юм байна ш дээ.
-Тэгэлгүй яах вэ. Ургамлын үнэр их хэрэгцээтэй, тансаг эд байдаг юм. Бидний судлаагүй, нээгээгүй олон үнэрт ургамал бий. Тэдгээрт ч бас их гайхамшиг нуугдаж байгаа гэж боддог.
 
-Хүмүүсийн үнэрлэх чадвар янз янз байдаг тухай нэг судалгаа үзэж байссан юм.
-Үнэрийг таашаах сонирхол нь л өөр өөр байдаг юм. Түүнээс биш бүх төрлийн үнэрийг яг л адилхан мэдэрч байгаа.

-Тэгвэл хүн ямар үнэртэй вэ. Хүн бол цагаан сүүний ургамал гээд л байдаг юм билээ...
-Үнэр гэдэг чинь зөвхөн ургамалд байдаг эд биш л дээ. Жишээлэхэд эхийн үнэр гэдэг чинь энэ дэлхийн хамгийн сайхан үнэр юм. Чиний хэлдгээр сүүний үнэртэй. Хүн, тэр дундаа нялх хүүхэд сүүний үнэртэй байгаа энэ бол ертөнцийн хамгийн сайхан үнэр. Ээжийн үнэр цаанаа л нэг сайхан байдаг шүү дээ. Тэд чинь сүүний үнэртэй байхгүй юу.

-Сүү гэснээс, та самраас сүү гаргаж авч нүүр цэвэрлэгч хийж байсан гэлүү?
-Сүү, цөцгий, тос гаргаж авч болно. Түүгээр ч барахгүй хальс нь физилогийн онцгой ач холбогдол үзүүлдэг. Самраар бол бүхэл бүтэн үйлдвэр ажиллуулж болдог. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хангалттай нөхнө. Гадаад руу ч гаргаж болно. Хамгийн гол нь нөхөн сэргээдэг гэдгээрээ давуу талтай юм.

-Өөр та ямар бүтээгдэхүүн хийж байсан бэ?
-Жар гаруй ургамлын хэрэглэх стандартыг тогтоочихсон байгаа. Одоо ашиглахад бэлэн гэсэн үг. 1980-аад онд Сэлэнгэд ойн хаягдал шилмүүснээс эфирийн тос гаргаж авах жижиг цех,  тасалгааны үнэртэй ус хийдэг газар байгуулсан. Харин хөрөнгө мөнгө болон бас бус шалтгааны улмаас удаан ажиллуулж чадаагүй юм. Дараа нь Дарханы хүнсний үйлдвэрт "Ганга" нэртэй ундаа, чихэр хийж үзэв. Сүүлийн жилүүдэд Дундговийн "Мандалговь хүнс" компанийн үйлдвэртэй хамтарч ажиллаж үнэрт ургамал ашиглаж цөөнгүй бүтээгдэхүүн гаргасан. Хүнсний хэд хэдэн төрлийн охийг нарийн боов, архи ундаанд хэрэглэсэн нь амжилттай боллоо. Бас морин шарилжаар талхны хөрөнгө хийсэн нь дрожоос илүүтэй нь харагдлаа гэх мэт юм хийж л явна.

-Таныг дэлхийд данстай эрдэмтэн гэж ярьдаг юм билээ.
-Би бүтээлүүдээрээ олон орны эрдэмтдийн анхааралд өртсөн юм шиг байна лээ. Гадаадын олон олон эрдэмтэдтэй найз нөхдийн холбоотой. Дээхнэ үед Польшид эфирийн тос судлаачдын олон улсын симпзоиумд оролцож байх үеэр энэ чиглэлээр ажилладаг дэлхийн хэмжээний эрдэмтдийн нэрсийн жагсаалт гарсанд би багтсан байлаа шүү дээ. 2000 онд зарим бүтээл маань АНУ-д хэвлэгдсэн. Бүүр 1980-аад онд Германы "Формаци" гэдэг сэтгүүлд хэд хэдэн цуврал өгүүлэл маань нийтлэгдсэн шүү. Тэд Монголд С.Шатар гэдэг эрдэмтэн эфирийн тос судладаг гэж сэтгүүлээс л уншсан байх.

-230 гаруй номтой гэж ярьж байсан. Сонирхолтой нийтлэлүүд олон байдаг байх даа.
-Номоор дамжуулан намайг “таньсан” хүн олон. "Терпениод Шатар" гэдэг нэрийг гадаадын нөхөд маань өгсөн юм. Гадаадаас олон хүн ирж уулздаг. Намайг урьдаг. Олон оронд очлоо. ОХУ, Герман. АНУ, Польш, Вьетнам, Япон зэрэг арав гаруй орны эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байлаа. 1970-аад оны сүүлчээр АНУ-ын дэлхийд нэртэй их том тамхи үйлдвэрлэдэг компаниас "Эфирийн тосны ургамлынхаа оригналь эхийг нь өгч явуулаач. Хамтарч ажиллая" гэсэн захидлыг хүлээн авч байлаа. Тэр захидал “R.J Reynold Tobacco company winston-salem” гэсэн хаягаар ирж байсан юм. Энэ чинь бүгчим халуунд сэрүүцүүлдэг гаатай тамхи үйлдвэрлэдэг компани шүү дээ. Тухайн үед гадаадаас ирсэн захидлууд НАХ яамаар дамждаг байсан, “хатуу” цаг. Тэрнээс хойш 1990-ээд онд АНУ-ын Техас мужийн Бэйлорийн их сургуулийн доктор Адамс гэдэг эрдэмтэн надад ном, захиа ирүүлсэн. Дараа нь тэр эфирийн тос ялгадаг багаж явуулсан. Харин нэг жилийн дараа Вашингтон дахь Монголын ЭСЯ-аар дамжуулж иж бүрэн компьютер явуулж байлаа. 1992 онд Адамс намайг лаборатортоо ажиллуулах урилга ирүүлсэн. Хоёр жилийн дараа Монголд ирж уулзсан даа. Барууныхан нэг юманд зорихоороо, зориглохоороо их уйгагүй улс. Эргэлзэнэ, тээнэгэлзэнэ гэж ер байхгүй шүү. Адамс өөрөө "Америкийн эфирийн тос судлал" сэтгүүлийн эрхлэгч юм билээ. Энэ сэтгүүл 1970-аад онд надтай хамтарч ажиллах санал тавиад байсан тамхины компанийн эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүл байсан. Тэдний компани шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтоор баталгаажуулж хамгаалдаг болохоор бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг алддаггүй юм билээ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэдэг тамхиа хоргүй, сайхан үнэртэй бүтээгдэхүүн болгохыг зорьдог гэсэн үг. Тамхи гэдэг бол тэр аяараа соёл юм билээ. Их алдартай эрдэмтдээс бүрдсэн бүхэл бүтэн судалгаа шинжилгээний баг тамхины үйлдвэрийн ард ажилладаг гэсэн.

Хүний амьдралын цаг хугацааг хийсэн бүтээснийх нь тоогоор хэмждэг бол С.Шатар гуайг би удаан амьдаржээ гэж хэлэх байлаа. Түүнтэй яриад суувал цаг хугацаа давчуу юм. Аргагүй шүү дээ, 260 номыг ганцхан удаагийн уулзалттай харьцуулж яаж болох билээ. . Хэрвээ бид яриагаа үргэлжлүүлсэн бол илүү олон зүйлийг танд хэлэх байлаа. Гэсэн ч дахин уулзахын ерөөлөөр энэ ярилцлагаа төгсгөж байна. Монголын олон олон терпонондуудын “эцэг” нь С.Шатар хэмээх энэ хөдөлмөрч, уйгаагүй хүн байх болно гэдэгт итгэж болно шүү.






________________________________________________________


Тэрбээр ярилцлага хэвлэгдсэн өдөр над руу залгаад ийм баярт мэдээ дуулгасан юм.

1 comment: