Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, March 9, 2011

С.Сүхбаатар: Гадны бүжиг манайд "нэг л биш" орж ирээд байна

Т.Нипонь

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар гэдэг хүнийг монголын ард түмэн “Жалам хар” бүжгээр нь мэднэ. Харин би түүнийг “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараагийн аав гэдгээр нь илүү сонирхдог юм. Үндсэрхэг үзэлтэй, шинийг санаачлагч ийм хүүгийн хүмүүжлийн гол тулгуур нь гэр бүл байх ёстой гэдэг бодол намайг Сүхбаатар гуай руу хөтөлсөн юм.  Тэрбээр бүжигчин хүн тул хөнгөн шингэн алхаатай, цовоо сэргэлэн харцтай нэгэн байв. Эрийг нас, уулыг цас гэдэг шиг Сүхбаатар гуайн толгойг цагаан үс дарсан байлаа. Гэсэн ч тэр үсээ хар өнгөөр будуулсан нь цог золбоогоо алдаагүй мэт харагдана. Тэрбээр бодлыг минь унших мэт задгай тавьсан гэзгээ илбэнгээ “Урьдынх шигээ өтгөн биш болсон” гэж хэлээд, инээж байлаа. Түүнд урт үс сайхан зохьдог бөгөөд үүнээс өөр дүр төрхөөр Сүхбаатар гуайг төсөөлөх аргагүй гэлтэй. Үнэндээ тэр наснаасаа залуу харагддаг. Энэ бол гагцхүү үрлагийн хүнд л байдаг гоц чанар билээ.

 
-Та шинэ цагын бүжгийн талаар ямар боолтой явдаг вэ?
-Монголын үндэсний бүжгийн урлагийг бүгд мэднэ. Харин орчин үеийн бүжгийн урлагийг тэр гээд цохоод хэлчих хүн байна уу. Гадны бүжиг манайд нэг л биш “орж ирээд” байна. Дэг нь дутагдалтай байгаа юм болов уу даа. Шинэ бүжгэн жүжгүүдийг хар л даа. Монголын үндэсний хувцасыг аль ч биш юм болгочихож байна шүү дээ. Гэтэл ардын урлагаас сонгодог урлаг бий болсон. Урлаг бие биенээсээ салбарлан үүссэн гээд л олон баримт байна. Хүмүүс хоол олж идэхийн тулд янз бүрийн хөдөлгөөн зохиож байна. Үүнийгээ янз бүрээр нэрлэж, хэн дуртай нь өөрийгөө модерн бүжигяин гэж хэлээд, цээжээ дэлдэх нь холгүй явна шүү дээ.

-Монголын бие биелгээг орчин үеийн модерн бүжигт хувиргавал ямархуу болох бол?
-Модерн бүжиг гэж юуг хэлээд байна?

-Орчин үеийн, шинэ цагийн бүжиг л гэж ойлгоод байна ш дээ.
-Бүжгийн тухай огт мэдэхгүй байж том том юм ярьж явдаг хүмүүс их олон байх юм.

-Тэгвэл таныхаар модерн гэж юу юм?
-Эхлээд уншиж судалж ирчихээд надтай дахин ярилцаарай.

Түүнийг ингэж хэлэхэд нь салалгүй дагаж, хэлсэн үг болгонг нь тогтоомоор санагдлаа. Гэсэн ч түүний түрэмгий зан надад ярих боломж өгөхгүй хэвээрээ л байв. Сүхбаатар гуай асуултыг минь тээршаах бөгөөд залуу сэтгүүлчийн үгийн алдааг өлгөж авах нь түүнийг сонин сэтгүүлээс хол байлгадаг гэмээр санагдсан шүү. Ингээд хэсэг дуугай суусны дараа зөөлөн өнгөөр надьай ярьж эхэлсэн юм.

-Модерн гэдэг үгээр чи юу хожих гээд байгаа юм. Энэ чинь өнөөдөр монголын хожоо биш байхгүй юу. Харин ч алдаа байж мэднэ. Модерн гэдэг үгийг хэрэглэж, мэдлэгтэй, чөлөөт сэтгэхүйтэй болох гэвэл үнэхээр ухаангүй хэрэг. Бид чинь олон үндэстэн ястантай, тэр болгон нь өөрийн гэсэн гайхамшигт бүжгийн баялаг цуглуулгатай байдаг юм.

-Над шиг мэдэхгүй хүмүүст зориулаад модерн бүжгийг нэг тайлбарлаж өгөөч...
-Орчин үе гэж орчуулж байгаа нь буруу боловч ойлголт нь зөв. Гэхдээ орчин үе гэдэг чинь орчиндоо тохирсон, өөрийн оршин байгаа үеэ илэрхийлж байх үүрэгтэй. Хэрэв чиний хэлснээр тодорхойлох юм бол ардын бие биелгээ ч гэсэн тухаын цаг үеийнхээ модерн бүжиг болох нь байна ш дээ. Тэгээд ч манайхны модерн гэж нэрлээд байгаа бүжиг бас л урлаг гэдэг тодотголоос “арчигдах” гээд байна. Аливаа хөдөлгөөнийг хачин мурилзаж хийснээрээ модерн бүжигчин болчих юм уу. Хэрэв тийм бол чи ч гэсэн модерн бүжиглаж чадах нь байна ш дээ.

Сүхбаатар гуай тун их ажилтай байсан тул ярианыхаа дундуур утсаар ярьж, үрүүлээ мушгиж, ажлаа амжуулсаар байсан юм.

-Чи өөрийгөө модерн бүжиг бүжиглэж чадахгүй гэж бодож байна уу?

-Надад бүжгийн авьяас байхгүй ээ.
-Үгүй, чи чадна. Хүн бүр чаддаг юм. Чи шөнө найз залуутайгаа орондоо хийдэг хөдөлгөөнөө ганцаараа тайзан дээр хий. Хөгжмийг нь тохируулаад өгье. Чи бүр үүгээрээ алдартай бүжигчин ч болж болно. Хүн бүр бүжиглэж чадна. Учир нь бүжгийн хөдөлгөөн гэдэг чинь хүний амьдралд байдаг л хөдөлгөөний дэг юм шүү дээ.

-Хүн  бүр бүжиглэж чаддаг юм бол бүжгийн гайхамшиг гэж юу юм бэ?
-Шотландын товшилтот бүжгийг монголчууд бүгд л бүжиглэж чадна ш дээ. Энэ дүр зургийг өвөл автобусны буудал дээр тодхон харж болно. Ер нь манай үндэсний бүжгүүдэд юм оёх, усанд явах, гэзгээ сүлжих, морь сургах мэт олон төрлийн хөдөлгөөн байдаг. Үүнийг л сайн дэг, уран сэтгэмжээр баяжуулан бүжиг болгож байгаа юм. Бүжгийн гайхамшиг гэдэг чинь хүн бүхний хийдгээс илүү уран сайхны байдалтай хийж, олон түмнийг гайхшруулж, сэтгэлийн таашаал өгөхийг хэлдэг юм.

-Гадныхан ямар аж амьдралтай болоод модерн бүжиг нь ийм уян налархай, далд утгатай байдаг юм бэ?
-Тэд чинь ахуй амьдралаасаа илүү сэтгэл санаандаа анхаарлаа хандуулдаг улс. Тиймээс л сэтгэлийн хөдөлгөөнөө бүжгээр илэрхийлж байгаа тэр.

-Та төрийн ёслол хүндэтгэлийн концерт болон Улсын баяр наадмын урлагийн хөтөлбөрийг найруулдаг Монголын ард түмний хүндэтгэлийг хүлээсэн хүн. Өнгөрсөн жил Монгол наадмыг урлагийн тайзнаа мөнхөлж үлдээлээ гэж ярьж байсан...
-Үндэсний их баяр наадам тухайн жилийнхээ өнгөөс хамаардаг. Наадам гэдэг зөвхөн наргиж цэнгэхийн нэр биш гэж “Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг. Үнэхээр л Монголчуудын баяр цэнгэл нь бүжиг наадам шүү дээ. Би төрийн концертод монголын соёл урлагийн алт эрдэнэс болсон язгуур урлагийн бие биелгээчдийг хөдөө орон нутгаас урьж оролцуулах дуртай. Харин монголчуудын бишрэн шүтдэг, үеийн үед мөнхөд орших Эрийн гурван наадмын тухайд маш өндөр сэтгэгдэлтэй байдаг. Монголын бахархал болсон наадмыг тайзнаа мөнхөлж, ур ухаанаараа сийлж, бүтээе гэсэн миний хүсэл өнгөрсөн жил биелсэн. Наадмын сэдэвтэй “Монгол бөхийн дуулал”, “Монгол сур харвааны дуулал”, “Их хүлгийн туульс” гэдэг гурвалсан бүжгэн жүжгээ хийж дуусгасан, Монгол наадмыг урлагийн тайзнаа мөнхөлж үлдээсэн нь миний хувьд том бахархал байсан юм.

-Үгүй ээ. Би танаас өөр зүйл хүсч байна. Миний уншиж байсан зүйлсийг та ярьж байна. Дөрвөн жилийн өмнө ярьж байсан зүйлээ давтан ярих гэж үү?
-Би нэг удаа ярихад, дараа нь дахиад хэвлэгдсэн байгаа. Будда, Христ, Аллах гээд шашны урсгалуудыг хар л даа. Хэдэн мянган жил нэг сургаалиа давтаж байна ш дээ. Энэ бол хоцрогдол биш байхгүй юу. Өнөөдөр ярьсан зүйлээ би 10 жилийн дараа ярих ёстой. Ингэж нэг үзэл санаагаа дөрвөн зүг, найман зовхист тараадаг юм. Тэгэхгүй бол сургаалиудыг давтахаа болие. Чи ганданд очоод хэл, ном уншихаа больцгоо гээд.

-Таны яриа сургааль гэж үү?
-Сургааль байлгүй яадаг юм. Чи нэг үзэл бодлоо хамгаалаад арван жил ярьж чадах юм уу.
-Зууны манлай бүжиг дэглээч Сэвжид гуай танд ямар сургааль өвлүүлсэн бэ?
-Би аавыгаа зөвхөн бүжиг дэглэгч гэж боддоггүй. Аав маань амьдралын зовлонг жаргалаар дүүргэж, тэр жаргалыг бүжиг нь хөглөж байсныг би сайн мэднэ. Аавын маань дэглэсэн бүжгийг шавь нар нь бүжиглэж байхдаа Сэвжид гэдэг хүний агуу ухааныг надад ярьж, биширдэг л юм. Аавыг харахад даруухан мөртлөө цаанаа асар их бодлогоширсон хүн байсан. Өөрийнхөө хүүхдээс илүү хүний хүүхдийг хүмүүжүүл гэж аав минь сургадаг байсан. Тийм ч учраас би аавынхаа тэр сургаалийг бодож, санаж, биелүүлж явахыг хичээдэг. Би өөрийнхөө хүүхдэд хатуу ханддаг боловч өөр айлын хүүхдэд зөөлөн байдаг. Бүжигчин болноо гээд хүрээд ирэхэд нь өөрийнхөө хүүхдүүдээс илүү хөөцөлдөж, хүсэл зоригийг нь биелүүлэхийн тулд хичээдэг. Аав маань маш даруу хүн байсан. Надад “Аав нь дээд сургууль төгсөөгүй, дипломгүй ч их зохиолч Горькийн хэлснээр ардын их сургууль төгссөн юм шүү. Ардынхаа дунд явж, үндэстэн ястныхаа түүх уламжлалыг судалж, түүхэн ном зохиолыг уншиж байвал чи эзэн Чингис, их хаадууд яаж зовж, энэ нутгийг хамгаалж, өдий хүрсэнийг мэддэг болно” гэж хэлдэг байсан. Энэ л ямар ч номноос уншаагүй сургааль байсан даа.

-Аавынхаа хэлснээр амьдралын их сургууль төгссөн хэрэг үү?
-Тийм ээ, би их сургууль төгсөөгүй. Гэхдээ хоёрдугаар дунд сургуульд сурч байгаад ХБК-ийн ардын бүжгийн багшийн анхны ангийг төгссөн юм. Дараа нь чуулгадаа бүжигчнээр орж, тэндээ  1976 онд “Шигшиг” гэдэг бүжгийг анх дэглэж байлаа. Тухайн үед миний дэглэсэн бүжиг сайн болсон гэсэн үнэлгээ авч, Оросын Их театрт “Монголын соёлын өдрүүд”-д тоглогдсон. Энэ явдал надад маш их урам зориг өгч бүжгээр амьдарч, зовлонг жаргал болгож ард түмэндээ мэдрүүлье гэж шийдсэн юм даа. Магадгүй тэр урам зоригоор л би хөглөгдөж өдий хэр нь энэ ажлаасаа “уйдалгүй” яваа байх. Би уран бүтээлдээ Монголын үндэстэн ястны бахархал болсон зан заншлын тухай голчлон тусгадаг. Монголын хагарал, бутралын тухай гунигт түүхийг би уран бүтээлдээ тусгаж байгаагүй. Энэ бол миний уран бүтээлийн онцлог юм. Намайг Буриад, Тува, Якутад очиход “Чи Их Монголынхоо соёлыг худалдлаа” гэдэг. Үгүй. Тэр хүмүүс бол өөрийн амьдарч байгаа газрын монголчуудын түүхэн уламжлалыг Монголд авчирч чаддаггүй тийм гэнэн хүмүүс юм. Тийм учраас би тэдний үгийг тоодоггүй. Харин тэдэнтэй очиж уулзаж, уйлж, уурлаж, зэмлэж, уран бүтээлээрээ дамжуулж монголчуудыг нэгтгэх нь миний монгол хүн болж төрсний гавьяа юм уу даа.

-Та их олон бахархалтай хүн юм аа.
-Тэгэлгүй яахав. Эцэг өвгөдийнхөө үлдээсэн соёлын гайхамшгийг тайзнаа амьдруулж, энэ их урлагийн төлөө өдий хүртэл тэмцэж чадсанаараа бахархдаг. Би аль ч үед зорилгоосоо буцаагүй. Сүүлийн 22 жилд бүтээсэн уран бүтээл маань үүнийг гэрчилнэ. Эзэн Чингис хаан, дайчин баатрууд, Алунгоо эхийн сургаалийг мөнхлөхийн тулд “Нарны домог” гэдэг Монголын анхны үндэсний бүжгэн жүжгийг 22 жилийн өмнө чуулгынхаа тайзнаа тавьсан. Үүгээрээ би ард түмнийхээ оюун бодол, ухаанд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулсан болов уу гэж баярладаг. Түүхэн уран бүтээл хийхэд бэрхшээл их гардаг. Төрийнхөө есөн цагаан тугийг улс нь залж чадахаа больсон үед “Монгол бөхийн дуулал” гэдэг бүжгийн жүжиг дээрээ есөн цагаан тугийг тахиж байгааг гаргаж байлаа. Ингэлээ гээд зэмлүүлж, дараа нь магтуулж байсандаа баярладаг. Мөн “Чингисийн алтан ураг” бүжгэн жүжигтээ догшин хар сүлд хар тугаа тахиж буйгаар оруулсан. Тэгээд бас л зэмлүүлж, сайшаагдаж байсан. Энэ хоёр бүжгэн жүжгийг хийсний дараа Монголын төр Есөн хөлт цагаан тугаа ордондоо заллаа. Их цэргийн хар тугаа бас залсан юм шүү дээ.

Тэрбээр яриагаа үргэлжлүүлэхдээ Дуурь бүжгийн эрдмийн чуулгад 1971 оны долдугаар сарын нэгэнд анх бүжигчнээр орж байснаа дурсан ярилаа. Тэр өдрөөс эхлээд уран бүтээлийнхээ ажлаас хөндийрөөгүй С.Сүхбаатар гэгч энэ хүн бүжигчнээс уран сайхны удирдаач хүртэл урлагийн бүхий л албыг хашсан гэдэг. Армиар яривал жирийн цэргээс эхлээд генерал болчихсон явж байна гэсэн үг. Би “генерал”-ийг бүтэн өдөржин дагаж явахдаа яагаад ядрахгүй байгааг нь гайхаж байв. Үнэхээр л хөнгөн шингэн гэдэг үгэнд багтмаар энэ хүний хийсэн бүтээсэн зүйлсийг нь харвал хэчнээн олон “ийм ганцхан өдөр” өнгөрснийг тоолж мэдэхгүй болох байх. Ямартаа ч урам зоригоо алдалгүй монголын бүжгийн урлагт хүчин зүтгэж буй “генерал” танд үндэсний бүжгээрээ бахархдаг хүн бүрийн өмнөөс ёслоё.




No comments:

Post a Comment