Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, October 13, 2012

Төсөөллөөс алсарсан ӨНГӨТ АМТ

  
Бямбын ярилцлагын маань зочин О.Мөнхбаяр хэмээх бартэндэр залуу. Түүний бэлтгэсэн коктэйлийг амталж үзээд төрсөн сэтгэгдэл маань энэхүү гарчиг юм. Гааны ногоон өнгөтэйгээ харьцуулахад дэндүү халуун, солонгон өнгөтэйгээ зүйрлэмгүй исгэлэн амт түүнийг илэрхийлж үл чадна. Уг нь түүнтэй уулзахаасаа өмнө би маш олон төрлийн коктейльний амтыг мэддэг байлаа. Өнгийг нь ч мөн адил. Харин дараа нь амт бүрийг хүн хүний гарын амтаар “хувиргаж” болохыг анзаарсан юм.
Өөрийгөө дуу цөөтэй гэж тодорхойлсон тэрбээр үнэндээ их яриа хүн байлаа. Магад тэр энэ ажлынхаа нөлөөгөөр бусадтай харилцах урлагт ийнхүү суралцсанаа өөрөө ч анзаараагүй байж мэднэ. Бидний яриа цэнгээний газрын намуухан хөгжимтэй хамт үргэлжиллээ.
 

Төгсгөл. Түрүүч нь А1 нүүрт

-Амтыг зохионо гэхээр сонирхолтой санагдаж байна л даа. Дэлхийн өнцөг булан бүрт бартендер болгон коктейль зохиож байхад шинэ санаа олно гэдэг өдрийн од шиг үзэгдэл биш  гэж үү?
-Би нэг сайхан зүйл зохиочихож болж байна. Гэхдээ миний хийснийг өөр хэн нэгэн “зохиогоод”, интернэтэд тавьчих юм бол би хуулсан болчихно. Гэтэл олон улсын тэмцээнд оролцох юм бол хуулбарлах тухай ярих ч хэрэггүй. Шууд л хасагдана. Тиймээс маш их зүйл судалж байж, шинэ зүйл хийнэ.

-Шинийг сэдэхийн тулд үндэсний зүйлсээ ашиглах моод бий шүү дээ. Тэгвэл манай монгол архи коктейль хийхэд хэр тохиромжтой вэ?
-Монгол архи, жимс маш хурц. Энэ нь бүр туршилтаар нотлогдсон. Би нэрс, аньс, чацарганыг коктейльний найрлагад оруулж үзсэн. Хүчиллэг  болохоор амт нь дарагдаж өгдөггүй юм билээ. Уг нь ямар ч сиропноос илүү эрүүл мэндэд тустай шүү дээ Бас нэрмэлийн амт бусад хольцноос даваад байдаг юм. Ааруулны амт нь цаанаа үлдчихдэг.

-Бартендерүүдийн ёс зүй, дэг гэж бий юү?
-Хамгийн сайн бар­тендер үйлчлүүлэгчээ согтоож болохгүй. Бүтээг­дэхүү­нээ борлуулна, гэхдээ бас санаа тавина. “Бартендер бол урдаа сууж байгаа хүний тодорхой хэмжээний заагтай найз нь” гэдэг үг ч бий. Би үйлчлүүлэгчийнхээ найз нь байх ёстой. Гэхдээ тэкний наана, цаанаас хэтэрч болохгүй.

-Тэгвэл чиний баримталдаг дүрэм юу вэ?
-Үнэнч байх.  Бар­тендер үнэнч байх ёстой. Заавал шүү. Ямар орц, найрлагатай зүйл өгч байгаагаа хэлж, ил тод үйлч­лэх ёстой. Энэ л ми­ний баримталдаг гол зүйл. Бас би нэг хүнд хоёроос илүү нэр төрлийн коктейль гаргаж өгөх дургүй. Учир нь гурван төрлийн коктейль хүнийг шартуулдаг юм. Зохисгүй хэрэглээнээс болж хүмүүс коктейлийг “буруутгах” тохиолдол гарна шүү дээ. Тиймээс коктейль бол хязгаартай хэрэглээний урлаг юм даа.

-Алкоголийн төрлийн “бодис”-ууд хоорондоо төстэй амттай. Тэгвэл чи ойролцоогоор хэчнээн амтыг маш сайн мэдэх вэ.
-Бармен хүн өөрийн тэкэн дээрээ байгаа зүйлсийн амтыг нь сайн мэддэг байх ёстой. Манайд 100-гаад янзын “ундаа” байна. Би бүгдийнх нь амтыг мэднэ.

-Орон болгоны хүмүүсийн амтны таашаал өөр өөр байдаг. Тэгэхээр тэдэнд тохирсон коктейль хийж чадах уу?
-Ажиглаад байхад азиуд чихэрлэг амтыг таашаадаг байхад европчууд  хатуухан зүйл сонирхдог. Монголчууд гэхэд л Маргаритаг давсгүй хэрэглэдэг байхад европчууд “давс нь хаачсан юм бэ” гэж асуудаг. 

-Чи шил, саваар үзүүлбэр хийдэг үү?
-Тоглолт (player) гэдэг юм. Өнгөрсөн жилийн “Мonin cup”-аас тоглолтын төрлөөр шагнал авсан. Анх энэ төрлийг их сонирхдог байлаа. Харин энэ жилийн шагнал зөвхөн коктейль хийх уран чадварын минь үнэлгээ юм. “Golden bartender” гэж байгаа биз дээ.

-Тэгээд чи тоглолтын төрлөө орхих гэж байгаа хэрэг үү?
-Хэдэн жил хичээллэж байж сурсан зүйлээ яалаа гэж орхих вэ. Шил эргүүлэх чинь их нарийн зүйл байгаа юм. Үзүүлбэр маягаар хоосон шил эргүүлэх бол амархан. Харин дотроо янз бүрийн жинтэй шингэнтэй савнууд шидээд байвал хэцүү. Үүнийгээ хэд хоног орхичихоор гарын ур гарчих гээд байдаг юм. Харин өдөрт дунджаар гурван цагийн бэлтгэл хийх юм бол хэвийн хэмжээнд тоглолт хийж даддаг шүү

-Энэ жилийн “Monin Cup” тэмцээнд тэргүүлсэн байна лээ.
-Франфын Монин овогт гэр бүл энэхүү сиропыг үйлдвэрлэдэг юм. Монголд худалдаалж байгаа нь 100 орчим нэр төрөл гээд л бод. Саяхан энэхүү сиропны 100 жилийн ой тохиож, Азийн бүх орнуудад зэрэг тэмцээн зохиолоо. Манайд болсон тэмцээнийг “Гүрмээ” компани зохиодог юм. Би Монголдоо аварга болсон ч Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж чадсангүй ээ. Малайзад болсон тэмцээнд оролцож байхад туршлага дутсан л даа. Тэнд халуун уур амьсгалтай болохоор мөс нь хурдан хайлж, коктейлийн амт суларч байсан. Харин манайх шиг хүйтэн, хуурай газарт коктейль амтаа сайн хадгалдаг. Харин Азийн аварга болсон Япон улсын бартендер үнэхээр мундаг байсан.

-Япон бартендерүүд тийм мундаг гэж үү. Тэдний нууц нь юундаа байна вэ?
-Японд бартендер сургадаг Их сургууль бий. Тэд нэг тэмцээнд орох гэж зургаа, долоон жил бэлтгэл хийдэг юм билээ. Ажиглаад байхад манай монголчууд аливаа юмыг хурдан сурч, учир начрыг нь олчихдог. Тиймээс л хамаг анхаарлаа туршлага хуримтлуулахад зарцуулдаггүй.

-Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцоход ямар шалгуур байдаг юм бэ. Манай бартендерүүд тийм том тэмцээнд огт оролцохгүй юм.
-Азиудын хувьд дэлхийн тэмцээнд оролцох эрх авах их хэцүү. Заавал азидаа тэргүүлж байж, дэлхийн бартендерүүдтэй хүч үзнэ. Харин хөгшин Европынхон бол зөвхөн өөрийн улсаасаа шалгарахад л хангалттай. Орон болгоноос нэг хүн дэлхийн аваргын тэмцээнд орж болно гэсэн үг.

-Яагаад тэр вэ?
-Азид коктейлийн хэрэглээ бий болоод төдийлэн удаагүй болохоор аргагүй л дээ. Гэхдээ азиудын ур чадвар маш хурдан өсөж байгааг онцолмоор байна. Манайд ч гэсэн энэ төрлийн тэмцээн сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэйгээр хөгжиж байна. Урьд нь бартендерүүдийнхээ дунд л өрнөдөг байсан бол одоо телевизийн дэлгэцээр гардаг болжээ. Хамгийн сүүлд “Чингис бартендер” гэдэг тэмцээн болсон. Тэр тэмцээнд би нэг их амжилт үзүүлээгүй ч монгол бардендерүүдийн ур чадварыг хараад үнэхээр бахархсан.

-Өөрөө ямар мэргэжилтэй вэ?
-Одоохондоо их сургуульд элсэж чадаагүй л байна. Тухайн үед сургалтын төлбөр “эмзэг сэдэв” байсан болохоор сургуулиа төгсөөд шууд л ажил хайсан даа.

-Уг нь ямар чиглэлээр суралцахыг хүсдэг байсан бэ?
-Би эмч болохыг хүсдэг байлаа. Химийн сонгоны ангид сурч байсантай минь холбоотой. Арван жилд байхдаа Улсын олимпиадад эхний Х байрт шалгарч байлаа.

-Тэгээд яагаад “хорчин” болчихов оо?
-Гурван жилийн өмнө би энэ “Strings” клубт зөөгчийн ажилд орсон юм. Ажил хийж, амьдралаа сайхан болгоё л гэж бодож байлаа. Тэгээд сурах боломж олдсон хойно ажил, сургууль хоёрыг давхцуулж болдоггүйг ойлгосон. Аль нэгийг нь “дагах” болоход би коктейль хийх сонирхолтой болчихсон юм даа. Амьдрал хүнийг их олон удаа төөрүүлж байгаад л хэрэгтэй зүйлтэй нь учруулдаг юм шиг ээ.

-Коктейль хийхэд химийн найрлага чухал уу. Янз бүрийн зүйл хольж уугаад хордсон хүн олон байдаг юм билээ.
-Хориотой найрлага гэж бий л дээ. Сүүг нимбэгтэй хольж болохгүй гээд л... Бас Ром, Текила гээд л халуун орны “ундаа” халуун орны жимстэй сайхан зохицдог. Түүнээс биш цагаан архи зэрэгтэй таарахгүй л дээ.

-Хэрвээ чамд хүссэн мэргэжлээрээ сурах боломж олдвол чи энэ ажлаа хаяад, эмч болох уу?
-Үгүй ээ. Би өөрийнхөө хүссэн зүйлийг олсон учраас биелээгүй мөрөөдлөө биелүүлэх боломжийг алгасах байх. Би одоо хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байдаг.Юу юу ч үгүй байсан би өөрийн авъяасаар өдий зэрэгтэй явж байгаадаа бахархдаг.

-Мөрөөдлийнхөө тухай яриач...
-Өөрийн гэсэн лонжтой болохыг хүсдэг дээ. Үзмэн ягаан өнгөтэй, тийм нэг тохилог орчин бүрдүүлмээр байна. Эхний удаад гэртээ тэк нээх гэж байгаа.

-Өнгө ярьсан чинь чиний хийж байгаа коктейлүүдийн өнгийг анзаарлаа. Уухад ч хайран, хэтэрхий өнгөлөг юм аа.
-Коктейлийн үндсэн үзүүлэлт нь өнгө, амт хоёр шүү дээ. Тэмцээнд ч гэсэн өнгийг чухалчилдаг юм. Сая “Monin cup” тэмцээнд оролцохдоо өөрийн “бүтээлээ” Цагаан уул цэцгээр чимэглэсэн нь хүмүүст их таалагдсан гэсэн.

-Энэ амтлаг “өнгөнүүдээсээ” өөрөө хэр их уудаг вэ?
-Эднийг би хийдэг болоод ч тэр үү, нэг их уудаггүй юм. Амтыг нь мэдэх гэж амталж үздэг. Гэхдээ исэллэг коктейльд дуртай.

-Бартендерүүд яг адилхан жороор харилцан адилгүй амт “үүсгэдэг”. Энэ юуных вэ?
-Гарын амт байгаа юм. Яг л тогооч шиг. Бас чам шиг сэтгүүлч нар өөр өөрийнхөө гарын амттай зүйл бичдэг шүү дээ. Үүнийг сэтгэл гэх нь ч бий.

-Ур чадвар гэж юу юм бэ, мэдрэмж юм уу?
-Өөрийнхөө онцлогт тохируулан сурсан зүйлийг л ур чадвар гэж боддог юм. Бас мэдрэмж ч байж болох юм. Бас мэдээж хийж буй зүйлдээ дадаж, туршлагатай болохыг ур чадварын нэг хэсэг гэж хэлж болно.

 25 настай түүний мэдрэмж, төсөөлөл хэр уудам болгохыг тандах гэж “Титаник” киноны дуу шиг коктейль хий гэвэл ямархуу орц, найрлагатай зүйл хийх талаар нь сонирхлоо. Тэрбээр шөнийн тэнгис шиг гүн хөх өнгийг биш усан цэнхэр өнгө сонгосон бөгөөд чихэрлэг амт “дүрсэлсэн” юм. Аль хэдийнэ танил болсон орцоор огт “танихгүй” амт “аягалсан” ийм нэгэн залуутай оройжин ярилцсан минь энэ билээ. Түүний бэлтгэж өгсөн солонгон өнгөт коктейлийг  гэрэл зурагчин Н.Амгаланбаатар маань “Өнгө шигээ амтагдаж байна” гэж дүгнэв.
О.Мөнхбаяр таны ч хүсэмжит амтыг бүтээж чадах биз ээ.



2 comments:

  1. Awiyaastai mundag zaluu we, shn coktail uumaar bolchloo. baasn ahiin tursun uduruur chaduul har hunee daguulaad garch coktail uunaa, goyo coktail ch shn shuu.

    ReplyDelete
  2. hahaha yasan goy yariltslaga boloo ve setgel hodolmoor nzdaa bayarlalaa goy yariltslaga ogson Henry bas Goy Yariltslaga avsan minii hairtai nz Нипонь Тайвансайхан doo hehe

    ReplyDelete