Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, February 1, 2010

Үлгэрийн мэт өнгөлөг ертөнцийн эзэн Үл үзэгдэгч “ноён Даярга”

Өнгөлөг зураг харахаар амсаж үзмээр санагддаг тухай ярьж байсан Ч........-ыг ноён Даярга гэдэг нэрээр нь мэдэх хүн олон. Учир нь түүнтэй хамтран ажилладаг хүмүүсийн 80 орчим хувь нь биечлэн уулзаж байгаагүй болохоороо түүнийг илтгэх цэнхэр хүүгийн зургаар төсөөлдөг. Ямар ч дипломгүй “Цэнхэр хүү”-гийн талаар ярихдаа монголын график дизайныг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх гэдгийг онцолмоор санагдлаа.
 
[jinhene+zambraagui.jpg]
  
Сурталчилгааны хуудас, үзвэрийн тасалбар, номын хавтасны зургийг зурж суудаг залуугийн талаар ярихдаа сайн аав гэдгийг нь дурдах хэрэгтэй. Тэр өөрийгөө гэртээ ажилладаг гэж ярих  боловч үнэндээ гэрээ урлан болгочихсон гэмээр санагдсан шүү. Цаас харандаа, зурагт хуудас “овоорсон” ширээнээс нь л түүний уран бүтээл төрдөг. Тэрбээр хүүхдүүдэд зориулсан зурагт хуудас, зөвлөгөө, заавар зэргийг  чадварлаг зурдаг хэдий ч сурах бичгийн  зураг зурах хамгийн хэцүү гэж ярьдаг боловч 26 сурах бичгийн зураач дизайнераар ажилсан юм шүү. Үүнээс гадна 260 орчим номын хавтас урласан ...... тэдгээр номноосоо нэгийг нь ч уншаагүй тухайгаа ярьж байлаа. Гэхдээ үүнийгээ зөвтгөхдөө, “Ер нь комик чинь хүнийг залхаадаггүй, уншиж ойлгоход хялбар эд шүү дээ. Хэрэв би ном уншаад байвал комиксоо нуршуу хийх байх гэж боддог юм” гэж байсан шүү. Тэрбээр Монголын дизайн урлаг болон график зургийн хөгжилд даацтай хувь нэмэр оруулж байгаа залуу уран бүтээлч билээ. ......ын ярианаас залуу хүн амжилтад ойрхон байдаг тухай сонсоод, түүнийг хэрхэн график дизайны ажилтай холбогдсон талаар сонирхлоо.


[33+kk.jpg] 


https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiT14gOccuo8YIHq8aGpsGGDT3TuXomiunVsCP2mPkWdbHOW6JNIesvA8LiBcXHaF4FmC6FngEOGoR9T-vzIQiil-VymMzknxTeX7DS0JuuvVnBC1ToL0GGMLP5tXe7Trpd1MTLDykeUCNN/s1600/New-year.jpg
[practical.gif] 

 500 төгрөгийн амт намайг ажилд оруулсан
Тэрбээр дунд сургуульд байхдаа ангийн багшдаа ханын сонин хийж өгөөд 500 төгрөг авдаг байсан тухайгаа дурсан ярьсан юм. Тухайн үед одоогийнх шиг хулдаасан хэвлэл байгаагүй болохоор гараараа даавуун дээр зурдаг байсан гэсэн. 500 төгрөгийн амтанд орсон “цэнхэр хүү” (Мөнхаяр) цуглуулсан мөнгөөрөө унадаг дугуй худалдаж авснаасаа хойш энэ ажлаа орхиогүй. Наймдугаар ангид байхад нь Эрдэнэт хотынхон түүнийг зураач хэмээн цоллодог болжээ. Гэхдээ уран бүтээлийн гараа эхэлсэн гэж ярих юм бол зургадугаар ангидаа өөрийн хар зургийн үзэсгэлэнгээ хоёр ч удаа дэлгэж байсныг нь дурдах хэрэгтэй байх. Гэхдээ өөрөө энэ тухайгаа ярихдаа, “Сайндаа ч биш. Тухайн үед хүүхэд болгон заавал дугуйланд явдаг байсан юм” гэж хэнэггүй хариулсан. Амралтгүй ажиллах үе түүнд олон бий. Өдөрт дөрвөн зураг зурах тохиолдол ч гарч байсан гэдэг. Хэдийгээр дуртай ажлаа хийж байгаа хэдий ч хүн бүхэнд нийцүүлэх, таалагдах гэдэг зарчим түүний уран сэтгэмжийг заримдаа “боомилчихдог” гэсэн шүү. Гэхдээ л Монголдоо олон том ажил хийж, энэ салбарыг хэдэн алхам урагшлахад нь өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай явдаг биз ээ.

Би зурах л ёстой хүн байх аа
Яагаад зураг зурдаг болсон тухай сонирхон асуухад, урт түүх ярьж өгөхөөр болов. Тэгээд, “Нэг удаа өөр юм хийж үзэх санаа төрөөд, сийлбэрийн дугуйланд явж үзлээ. Надад их таалагдсан. Тэгээд сийлээд л байлаа, сийлээд л байлаа. Гэтэл яасан гээч, манай багш бидний бүтээлийг вокзал дээр зараад явж байдаг байгаа. Тэгээд л урам хугарч, дугуйлангаа хаяж, гэртээ зурж суух болсон. Түүнээс хойш өөр зүйл хийх талаар огт бодоогүй” гэсэн. Ингээд тэр зургаасаа хөндийрч чадаагүй юм. ТИС-д сурч байсан тэрбээр сургуулиа орхиод ажлын гараагаа эрт эхэлсэн түүхтэй. Түүний хийж байсан ажлуудаас Скайтелийн Ди-20 үйлчилгээний шинэ лого, Ситинетийн шаргал хүүхэд, Ерөнхий сайд асан С.Баярын зохиолоор бичсэн “МАХН ба ХХ зуун”, Ардчилсан намын Ч.Сайханбилэг гишүүний захиалгаар бүтээсэн “Эсгий хотоос Интернэт сити” зэрэг комиксийг хүмүүс сайн мэдэх байх. Гэхдээ түүхийг зургаар үзүүлнэ гэдэг Мөнхбаярын хувьд амаргүй байсан гэсэн. Түүхэн хүмүүсийн дүр төрхийг комик болгоно гэдэг амаргүй ажил аж. Түүний ажилд “Нэпко паблишинг” компанийн редактор Д.Батбаяр нэлээд хувь нэмэр оруулсан тухай дурдаж байсныг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Азгүйдэл бол туршилт
Даярга хоёрдугаар курсийн оюутан байхдаа анхны комиксоо зурж байсан гэнэ. Түүнийгээ ном болгочих санаатай хэвлэх үйлдвэрүүдийн хаалга татаж явсан боловч нэг нь ч хүлээж аваагүй аж. Харин “Соёмбо” хэвлэлийн компанийн захирал Д.Лувсандорж нөгөө комикийг нь ном болгон хэвлэж өгөөд, түүнийг ажилд авсан. Тэгээд л Мөнхбаярын зураач, дизайнераар ажиллах боломж нээгдсэн аж. Мөнхбаяр энэ тухайгаа ярихдаа “Энэ бол уйгагүй оролдлогын үр дүн байсан. Хэрэв би тэр үед л шантарсан бол, хэвлэлийн компанийн үүдийг дахин татаагүй бол өдийд гэртээ л зураад сууж байх байлаа. Азгүйдэл миний хувьд туршилт байсан. Би тэр туршилтыг давж гарсан болохоороо л өөрийнхөө ажилтай “золгосон” юм даа. Энэ бол миний нээлт. Би эндээс шантрахгүй байхыг нээсэн” гээд инээмсэглэж байв. Түүний чин сэтгэлийн гэмээр инээмсэглэл “нээлт” гэдэг үгтэй нь үнэхээр тохирч байлаа.

Ямар ч дипломгүй залуу Монголын график дизайны салбарын хөгжилд  томоохон хувь нэмэр оруулж, өрсөлдөөний талбар бий болгож байгааг дахин сануулах хэрэгтэй болов уу. Түүний бүтээлийг сонирхохыг хүсвэл www.dayarga.com сайтаар зочлоорой.

No comments:

Post a Comment