Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, February 17, 2010

С.Сарантуяа: Урлагийн охин тэнгэрийг залах мөч айсуй

Олон Улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 28-нд театрын шилдэг жүжигчдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадам долоо дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ наадмын сурвалжлага, мэдээллийг“Өнөөдөр” сонин цаг тухайд нь уншигчдадаа хүргэж, уран бүтээлчидтэй нь “уулзуулах” үүргийг авсан билээ. “Гэгээн Муза” наадмыг зохион байгуулах ажилд оролцож байгаа Драмын мэргэжлийн төвийн тэргүүн, жүжигчин С.Сарантуяатай уулзлаа.


-Муза гэж эртний Грекийн домгийн гүнж гэдэг юм билээ. Гэгээн Муза” наадмын тухай цуврал сурвалжлагаа Музагийн тухай домог яриагаар эхлүүлэх үү.
-Тийм, Муза домгоос үүсэлтэй. Тэнгэрийн хаан Зэвс есөн охинтой байжээ. Тэдгээр охид жилдээ нэг удаа Олимп ууланд гардаг уламжлалтай. Тэр үед хүмүүсийн оюун ухаан тэлж, мэргэн цэцэн болдог байсан гэнэ. Тиймээс л хүний дээд өв болох соёл урлагийн салбарыг Зевс бурханы охид ивээлдээ авчээ. Тэгэхээр хошин урлагийн, яруу найргийн, хөгжмийн, бүжгийн, жүжгийн есөн Муза байдаг гэсэн. Тэдний нэг нь масктай, драмийн Муза билээ. Тэгэхээр “Гэгээн муза” наадмыг драмын шилдгүүдийг тодруулах наадам хэмээн нэрийдхээс гадна урлагийн охин тэнгэрийг орой дээрээ залах ёслолын ажиллагаа гэж хэлж болох юм.

-Аан. Тэгвэл ёслолын үеэр гардуулдаг “Гэгээн муза”-гийн барималыг ямар хүн урласан бэ. Ер нь энэ шагналын талаар сонирхуулаач?
-Музаг маань ДУДуС-ийн багш, докторант Энхдаваа урлаж эхэлсэн. Энэ жил ч гэсэн Энхдаваа маань дархчуулынхаа хамт бүтээж байгаа.

-Олон дархан хийдэг юм уу?

-Ганц Муза бүтээгээд бусдыг нь хувилчихдаг юм биш шүү дээ. Бүгдийг нь нэг бүрчлэн урладаг. Тийм учраас их ур ухаан шаарддаг. Оны шилдгийн шилдгийг шалгуулж байгаа гэдэг утгаараа энэ шагнал үнэ хүндтэй байх ёстой. Ерөөсөө наадмын үнэлгээ бол цом шүү дээ. Тэгэхээр шилдэг нэрэнд таарсан үнэ цэнэтэй бүтээл байх учиртай. Он удаан жил хадгалагдах бүтээл байна гэдэг үүднээсээ 999-ийн сорьцтой цэвэр алтаар бүрдэг.

-Хэдий хэмжээний алт ордог юм бол?
-Оскарын шагналын цомыг бүтээхэд таван грамм алт ордог гэсэн. Харин манай Музаг урлахад гурван грамм цэвэр алт шаардлагатай.

-Энэ жилийн “Гэгээн Муза” наадмын ажил хэзээ эхлэх вэ?
-“Өнөөдөр” сониныг сонгож, хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна. Тэгэхээр “Гэгээн Муза” наадмын тухай мэдээллийг цаг тухайд нь танайхаар дамжуулан, үзэгч уншигчдадаа хүргэхийг хичээх болно. Наадам хүртэл сар гаруйн хугацаа үлдсэн. Ерөнхийдөө ажил өнөөдрөөс эхэлж байна. Шүүгчийн бүрэлдэхүүн цуглаж, нэр дэвшигчдээ сонгож, жүжгүүдээ үзнэ.

-Ямар төрөлийн жүжиг оролцож байгаа вэ?
-Өнгөрсөн жил хүүхдийн жүжиг, драмын жүжиг гэсэн хоёр төрөл байсан. Харин энэ жил драмын жүжиг, хөгжимт жүжиг гэсэн төрлөөр сонгон шалгаруулна.

-Шүүгчийн бүрэлдэхүүнд хэчнээн хүн багтсан бэ. Шалгуурыг ямар журмаар явуулдаг вэ?
-Төрийн шагналт жүжигчин Сувд, найруулагч Найдандорж,  театр судлаач Батсайхан нарын 9 гишүүний бүрэлдэхгүүнтэй байгаа. Харин тухайн жилийн шилдгийг тодруулах  шалгаруулалт бүтэн жилийн турш явагддаг гэж хэлж болно. Яагаад гэвэл эхний шалгаруулалт тухайн жүжгийг тоглож байх үеэр нь явагддаг юм. Өөрөөр хэлбэл ард түмний шалгуураас гарч ирсэн бүтээлийг шүүгчдийн шүүн тунгаалтаар орж “Гэгээн муза”-д орох боломжтой гэж үнэлэгдвэл эхний шалгаруулалтыг амжилттай давлаа гэсэн үг. Харин дараагийнх УДЭТ-ын тайзан дээр явагдаж нийслэлийнхний шүүлтүүрт орно. “Тэднийг шүүх ажлыг судлаач шүүмжлээч, жүжигчдийн төлөөлөл, найруулагчийн төлөөлөл, хөгжмийн зохиолч, тайзны зураачдаас бүрдсэн Монголын өмнөө барьдаг лидерүүд хийдэг. Тиймээс алдаа оноотой боллоо, буруу тодрууллаа гэсэн шүүмжлэл гарахгүй.

-Дээхнэ иймэрхүү яриа гарч байсан шүү дээ. Буруу шалгарууллаа, арын хаалга хэрэглэлээ энэ тэр гээд...
-Сүүлийн жилүүдэд шүүгч нар андгай, тангараг өргөдөг болсон. Өөр ямар ч наадамд тангараг өгдөггүй. Андгай тангаргын үгийг яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн бичиж өгсөн.

-Энэ жил хэчнээн бүтээл өрсөдөх вэ. Наадмын нэр дэвшигчдийг хэзээ тодруулах вэ?
-Нэр дэвшүүлэх баг энэ долоо хоногтоо дүнгээ гаргана гэсэн. Энэ жил нэлээд хэдэн сайн жүжиг тайзнаа тавигдсаны зэрэгцээ жүжигчдийн ур чадвар улам л өсөж байгаа. Тэгэхээр өрсөлдөөн ихтэй байна гэж хэлж болно. Жүжигчин хүний нүдээр харахад эн тэнцүүхэн уран бүтээлүүд өрсөлдөх шинжтэй байна билээ. Яг тоог нь хэлж мэдэхгүй юм.

-Шүүгчээс гадна нэр дэвшүүлэх баг гэж байгаа хэрэг үү?
-Тийм. Хүмүүс энийг хольж солиод байдаг юм. Ямар уран бүтээл нэр дэвшихийг тодруулаад, дара нь шүүгийн шалгуурт ордог.

-Өнгөрсөн жил хөдөө, орон нутгийн театрт тавигдсан жүжгүүд нэр дэвшиж байсан. Энэ жил орон нутгаас хэчнээн бүтээлийн мэдүүлэг ирсэн бэ?
-Нэр дэвшүүлэх багийнхан хөдөө, орон нутагт тавигдсан жүжгийн дүрс бичлэгийг хүлээн аваад, үзэж байгаа. Баянхонгор болон Өвархангай амгийн театрууд нэлээд дэвшилтэт бүтээлүүд хийж байгааг онцолмоор банйа.

-Хөдөө орон нутгийн жүжгийг дүрс бичлэгээр үзэж болж байгаа юм уу. Уг нь театр,  дэлгэцийн бүтээл хоёр ялгаатай юм шиг санагдах юм.-Урьд жилүүдэд манай шүүгчид очиж үздэг байсан. Энэ жил цаг агаарын байдлаас шалтгаалаад орон нутгуудад очиж чадаагүй. Мэдүүлэг ирүүлсэн орон нутгийн театруудтай холбогдож, дүрс бичлэгээр үзэх шийдвэр гаргасан юм. Гэхдээ үүнд нэг их ялгаа гарахгүй.

No comments:

Post a Comment