Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, February 18, 2010

Намсрайн Сувд: Жүжигчин гэдэг зааж болдоггүй ч сурч болдог мэргэжил

Мандухай хатны төрхийг Ардын жүжигчин Сувд гуайн дүрээр төсөөлдөг олон хүний нэг нь би. Тиймдээ ч Сувд гуайд тайзнаас илүү дэлгэц “зохидог” юм шиг санагддаг юм. Тэрбээр театр урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн Муза” наадмын шүүгчийн бүрэлдэхүүнд багтаж байгаа бөгөөд өөрөө хоёр ч “Муза”-гийн эзэн. Түүнтэй энэ жилийн “Гэгээн Муза” наадмын тухай ярилцахаар гэрт нь очсон юм. Энэ тухай уншигчиддаа хүргэхээр угаалгын машины хангинах дуутай "булаацалдан" Сувд гуайн яриаг цааснаа буулгаж сууна.



-Та амарч байгаа юм уу?
-Өнөөдөр их онцгой өдөр, би амарч байна. Хүүхдүүд маань ирчихсэн, цагаан сарын бэлтгэл болгон, гэрээ цэвэрлээд байж байна. Өнөөдөр тайз олдоогүй учраас жаахан зав, чөлөө гарлаа. Тэрнээс биш ингэж амрах нь тун ховор шүү дээ. Ажлын өдрүүдэд сургуульдаа ажилтай байдаг. Харин амралтын өдрүүдээр театрт жүжгийн сургуулилт хийж байгаа.

-Сүүлийн үеийн жүжгүүдийг үзсэн үү?
-Одоо л үзэж эхлэх гэж байна. Гэхдээ өөрийн театрын жүжгүүдийг үзчихсэн. Энэ жил бүтээсэн олон жүжиг байгаа. Тэр дундаас нэр дэвшинэ гэдэг том боломж. Хэн дуртай нь энэ тэмцээнд ордоггүй. Орсон болгон нь шагнал авдаггүй.

-Хэчнээн жүжиг оролцож, хэд нь нэр дэвшиж байгаа вэ?

-Олон жүжгээс сонгож, нэр дэвшүүлнэ. Манай театраас гэвэл “Эхнэрээ зээлээч” жүжгээс эхлээд “Шар тэнгисийн тарчлаан” жүжиг багтаж байгаа. Харин хөдөө орон нутгаас Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театр, Баянхонгор аймгийн Говьсүмбэр аймгийн “Боржгон” театр бий. Үүнээс гадна “Х түц”, “Өнгөт инээд” хамтлаг болон “Хувьсал” продакшны санал болгосон 10 гаруй жүжгээс шалгаруулалт хийнэ. Эдгээр бүтээл нь 2009 оны шинэ бүтээлүүд байгаа.

-Хөдөө, орон нутгийн жүжгүүдийг дүрс бичлэгээр үзэж байгаа гэж сонссон. Театрын бүтээлийг дэлгэцээр үзээд шүүж болно гэж үү?

-Зөвхөн нэр дэвшүүлэх шатанд бичлэг үзэж байгаа. Гэхдээ шалгаруулалтын үед тухайн бүтээлийг заавал театрын тайзнаас үзнэ. Дүрс бичлэг, тайзны хоорондын ялгаа байгаа учраас шүүх явцыг үзэгчид болон шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр үздэг.

-Та кино жүжигчин гэдгээрээ, тэр тусмаа Мандухай сэцэн хатны дүрээрээ Монголчуудын сэтгэлд хоногшсон хүн. Гэтэл театрын ажилд илүү оролцох юм.
-Хүн хүний дүгнэлт шүү дээ. Сувдаа театртаа илүү, кинондоо илүү л гэнэ. Миний хувьд хоёулаа л салшгүй зүйл, хоёулаа л миний хүү гэдэг шиг. Хоёр хөл минь, гар минь, хос нүд минь юм даа.

-Та ер нь хэчнээн жүжгийн дүр бүтээсэн бэ?

-50 гаруй жүжигт тоглосон байх аа. Кино драмын жүжигчин мэргэжлээр төгссөн болохоор кинондоо ч, жүжигтээ ч дүр бүтээнэ. Гэхдээ хоёр өөр салбар гэж ойлгох хүн ч бий. Кинонд нүүрний хувирал их шаарддаг байхад жүжигт дууны өнгө, үйл хөдлөлийг хурц, тод харуулах хэрэгтэй болдог. Уран чадвараа хурцалж, хэзээ ч ажиллахад бэлэн байх чадварыг тайзнаас авдаг. Харин кино урлаг үнэн тайзан дээр амьдарч байгаа эсэхийг шалгадаг гэх үү дээ. Тэгэхээр хоёр биенээ нөхөж, хамт оршдог урлаг. Гэхдээ жүжигчин хүнээс гарах чадвар бол адилхан.

-Та хамгийн сүүлд театрын тайзнаа ямар жүжигт тоглосон бэ?
-Би одоо сайн санахгүй байна. “Эр хүн болгож өгөөч”, “Сарны цагаан цус” жүжигт тоглосон шиг санагдаж байна.

-Тэгвэл ойрын үед жүжигт тоглох төлөвлөгөө бий юу?
-Хийж байгаа бүтээл бий. Хүмүүсийн сэтгэлд хүргэхийн төлөө л ажиллаж байна. Энэ жүжигт найруулагч Б.Мөнхдорж, жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, Г.Урнаа, нартай хамтарч байгаа. Нөгөөг нь хэлэхэд арай эрт байна. Би бодож л байна. Бэлдэж л байна. Гарсан хойно нь үзэгчид маань үзэг. Ярихад эрт байна.

-Та олон жил энэ урлагийн хөгжлийн төлөө хүчин зүтгэлээ. Тэгээд одоо хойч үеээ бэлтгэж байна. Одоо хэчнээн шавьтай вэ?

-Шавийн тоог багш гаргаж болохгүй гэж боддог. Чи хэчнээн хичээж, мэддэг бүхнээ заасан байлаа гээд сурагч чамайг багшаа гэж боддоггүй байж мэднэ. Тэгэхээр хэн намайг багшаа гэж бодож байна, би тэдний л багш. Ялангуяа жүжигчин гэдэг зааж болдоггүй ч сурч болдог мэргэжил гэж би хэлж байсан шүү дээ. Надад хичээл заагаагүй ч гэсэн Гомбосүрэн гуай, Оюун гуайг би багшаа гэж боддог. Тэдний уран бүтээл, амьдрал надад багш болсон. Огт нүүр учирч ч үзээгүй Италийн Жулета Мазелла, Оросын Алиса Френдлих, Мариацкая нар ч миний багш. Тэдний хийж бүтээсэн зүйлс надад маш олон зүйлийг сургасан. Үүнээс гадна уншсан ном зохиолын баатрууд ч багш гэдэг эрхэм алдрыг хүртэж болох шүү дээ.

-Тэгвэл та их олон багштай хүн байна шүү дээ.

-Хүн хэчнээн ч багштай байж болно. Гол нь сурах л хэрэгтэй. Авах гээхийн ухааныг л мэддэг байх хэрэгтэй. Нэг ч сургууль төгсөөгүй Горький “Би амьдралын их сургууль төгссөн” гэж ярьдаг шүү дээ. Жүжигчин хүн ч мөн адил амьдралаас бүхнийг сурах хэрэгтэй байдаг. Энэ утгаараа өөрөө мэрийлттэй, хичээл зүтгэл сайтай сурагчид илүү их мэдлэгтэй болдог байх гэж боддог юм. Гэхдээ энэ нотлогдсон зүйл биш л дээ.

-Ямар олон шагнал өрчихсөн юм бэ. Та өөрөө хоёр ч Музатай юм байна ш дээ...
-Тийм ээ. Нэгийг нь “Атга нөж” жүжгийн Өэлүн эхийн дүрээр авсан.

-Тэгвэл тэр таван хошуу барьчихсан хүний баримал юуны шагнал вэ. Огт харагдаагүй эд байна.
-Кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж өгсөн шагнал юм гэсэн. Намайг хөдөө байхад Стивен Сигал гэдэг хүн ирж, энэ шагналыг гардуулчихаад явсан байна лээ.

-Та ийм олон шагнал хүртэж байсан юм чинь одоо шагнал авах хүнийг сонгох үүрэг хүлээж байгаа нь нүдээ олсон хэрэг. Ер нь шүүгчид өөр өөрийн гэсэн шалгууртай байдаг. Таны “Гэгээн Муза” наадмын шүүлтэнд баримталж буй шалгуур юу вэ?
-Жүжигчин хүн бол уран байх ёстой гэж боддог. Тиймээс уран чадварыг харна даа. Зүгээр чадвар, бүтээл гэж ярьдаггүй. Уран чадвар, уран бүтээл гэдэг. Хамгийн уран зүйлсийг харуулсан бүтээлийг л олж шалгаруулахыг зорьж байна даа.

-“Гэгээн Муза” наадмыг урлагийн ажилтны баяр ч гэж ярьдаг шүү дээ. Ер нь баяр гэж хэлэх нь зөв юм уу?
-Баяр болгон өөрийн гэсэн зорилготой. Тэр зорилгоо хэрэгжүүлэх алхам нь жил бүрийн тэмдэглэлт ой гэж боддог юм. Монголчууд баяр гэхээр л ширээ тойрч суугаад найрлах гэсэн ганцхан чиглэлээр ойлгох нь их шүү. Одоо бол  их олон баяртай болсон. Мэргэжил бүхэн баяртай болчихсон юм шиг байна лээ. Харин манай театрын баяр бол найрлахаасаа илүү уран бүтээлийн тайлан, өрсөлдөөний үр дүнг харуулдаг том арга хэмжээ гэж боддог. Тэр ч утгаараа үзэгчиддээ хийж бүтээсэн зүйлээ тайлагнаж, тэндээсээ шинэ уран бүтээлийнхээ гарааг эхлүүлдэг юм. Манай баяраас үлгэр жишээ авах зүйл их олон шүү.

-“Муза”-гийн улаан хивсний ёслолд үндэсний хувцсаараа гоёх тухай ярьж байсан. Та ямар хувцас өмсөхөө төлөвлөсөн үү?
-Яг одоогоор шийдээгүй л байна. Гэхдээ үндэсний хувцас өмсөх байх. Би дээл өмсөх дуртай. Монгол дээл шиг бүх зүйлд тохирсон хувцас ховор гэж боддог.

-Та “Муза” гардах уран бүтээлчийг урьдчилан таамагласан уу. Эсвэл өөртөө таалагддаг жүжгийг сонгох талаар бодож байгаа юу?

-Одоогоор ямар ч таамаг алга байна. Байгаад ч хэлж болохгүй. Мэдээж шүүгчид өөр өөр өнгөөр харна. Тэгэхээр миний цензурт нийцэж байгаа жүжиг өөр шүүгчийн зүгээс шүүмж хүртэж болно шүү дээ. Уламжлал ёсоороо найм орчим шүүгч байгаа. Хөгжмийн зохиолч, найруулагч, жүжигчин, тайзны зураач, жүжгийн зохиолч, театр судлаач гэх зэрэг хүмүүс мэргэжил мэргэжлийн төлөөлөл болдог юм.

-Театрын уран бүтээлчдийн шилдгийг хэрхэн шалгаруулдаг юм бэ. Мэдээж олон жил ажилласан, туршлагатай уран бүтээлчид ур чадварын хувьд шинэ залуугаасаа илүү шүү дээ.

-Энэ шагналыг гардуулахдаа, тухайн уран бүтээлчийн ур чадварын өсөлтийг харна. Мөн цаашдаа өсөж, дэвших боломжийг нь ажиглана шүү дээ. Үүнээс гадна өөрийгөө цоо шинээр нээж чадсан байх нь чухал л даа. Тэгж байж энэ тэмцээнийг зохиож байгаагийн үр дүн гарна.

-Өсөж, дэвших чадварыг юугаар хэмждэг юм бэ?
-Жүжигчид уран бүтээлээрээ дамжуулан хүний сэтгэлд хүрэх ёстой. Нэг дүрд өөр өөр жүжигчид тоглож байхдаа шинэ өнгө төрхийг гаргадаг хуультай. Хүн хүний сэтгэл хөдөлөл өөр байдаг болохоор яг өөрийнхөө хувирлыг тухайн дүрдээ шингээх нь жүжигчний уран чадварыг харуулдаг юм. Үүнийг чинь л жүжигчид дүрдээ орно гэж ярьдаг юм.

-Тэгэхээр жүжигчин хүн сурах биш, мэдрэх хэрэгтэй гэсэн үг үү. Олон жүжиг үзээд, сайн дууриалаа гээд нэмэргүй юм уу?
-Тэгж ойлгож болно. Жүжигчин гэдэг зааж болдоггүй ч сурч болдог мэргэжил. Үүнийг эрдэмтэн мэргэд хэлдэг. Миний багш ч зааж байсан. Би лав жүжигчид тайзан дээр үнэн амьдрах ёстой гэж боддог юм.

-Ер нь дэлхийн сонгодог бүтээлүүдийг бусад орны тайзнаас хуулаад тавичихаж болдоггүй юм уу. Заавал шинээр найруулж, шинэчлэх хэрэг байдаг гэж үү?

-Аливаа жүжиг монгол хүний сэтгэхүйгээр дамжиж гарч байгаагаараа онцлогтой байдаг. Хүн гэдэг нэг л зүйл. Хүн адилхан уйлдаг, адилхан гомдож, тунирхдаг. Гэхдээ монгол хүмүүс гэдэг утгаараа өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Гадаад хүмүүсийн сэтгэлгээ бүү хэл, ястан үндэстэн бүрийн зан заншил, төрөлх араншин өөр өөр байдаг. Тиймээс л үзэгчид театрт хайртай байдаг юм.

-Хүмүүст зориулж найруулахад сонгодог гэдэг утгаа хадгалж чадах уу?
-Сор болсон бүтээлүүдийг хүмүүсийн сэтгэлд хүргэж байж л сонгодог гэдэг утгаа хадгалж үлдэнэ. Монгол хүний сэтгэхүйд нийцхээргүй бүтээлийг тайзнаа тавих юм бол сонгодог гэдэг утгаа ч алдаж мэднэ шүү дээ. Хүмүүсийн өсч хүмүүжиж буй орчин, түүх уламжлал, байгаль, цаг агаар, эрхэлж буй ажил нь хүмүүст нөлөөлж байдаг болохоор уран бүтээлүүд нь хоорондоо ялгаатай байдаг. Түүнийгээ улс үндэстэн бүр өөр өөрийн нүдээр, цаг үетэйгээ тохируулж тайзнаа буулгадаг юм ш дээ.

-Тэгвэл ямар жүжгийг монголчилж, тайзнаа тавиасай гэж хүсдэг вэ. Яг Монголын нөхцөлд зориулсан хэлбэрээр үзэхийг хүсч байгаа, бүтээхийг хүсч байгаа жүжиг бий юу?
-Монгол хүний үзээгүй, сонсоогүй сонгодог бүтээлийг амилуулаасай гэж боддог. Одоо бодож байгаагаар Серена Дебржерар гэдэг жүжиг бий. Монгол хэл рүү орчуулсан байсан. Үүнийг л тайзны бүтээл болгоосой гэж хүсдэг. Найруулагч Наранбаатар энэ жүжгийн тайзнаа тавих юмсан гэж ярьж л байдаг юм. Гэхдээ маш олон жүжигчин, хүн хүч, хөрөнгө орох бүтээл л дээ. Үүнээс гадна манайд жүжгийн зохиолчид ховордоод байгаад битүүхэндээ сэтгэл зовниж явдаг юм. Тиймээс жүжгийн зохиолчид олноор төрөн гараасай гэж хүсч байна. Шинэ зохиолоос шинэ үнэр ханхална. Уран бүтээлч, жүжигчдэд ч гэсэн шинэ зүйл сурч мэдэхэд нь хэрэгтэй байдаг юм.

-Теарт урлагийг хөгжүүлэхийн тулд хамгийн эхний алхам нь юу байх ёстой юм бол оо?

-Олон төрлийн театр байгуулах хэрэгтэй юм болов уу. Модерн театр, хүүхдийн театр гээд л төрөлжүүлбэл сайн хөгжинө шүү дээ. Намайг хүүхэд байхад олон театр байгаагүй ээ. Улсын төв театр л гэж мэднэ. Хүүхэлдэйн театр, баллет, драмын жүжиг, дуурь бүгд нэг ордонд байдаг байсан. Харин одоо бол тус тусын театр байна. Тэгэхээр одооны залууст боломж их байна гэсэн үг. Дэлхийн сонгодгуудыг монгол тайзнаа тавьж байна.

Энэ ярилцлагыг төгсгөөд, Сувд гуайн чихрийн тавагнаас авсан баавгайтай чихрийн амтаар театрын урлагийг төсөөлж алхлаа. Хэрэв театрыг амталж болдог бол яг л баавгайтай чихэр шиг амттай байх байсан болов уу...

No comments:

Post a Comment