Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, February 11, 2010

"Парисын дарь эхийн сүм"-ийн бөгтөр

Виктор Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” зохиолыг монголын тайзнаа анх удаа сонгодог жүжиг болгон амилуулсан уран бүтээлчдээс 9 хүн “Гэгээн Муза” наадамд нэр дэвшсэн. Тэдэнтэй уулзаж, дэлхийд алдартай дүрийг хэрхэн бүтээсэн талаар нь ярилцлаа. Хамгийн түрүүнд Квазимодогийн дүрээр нэр дэвшиж байгаа Г.Эрхэмбаяр, С.Болд-Эрдэнэ нарын яриаг сонирхоно уу.


Сайхан сэтгэлт Квазимодогийн талаар мэдэхгүй хүн үгүй байх. Тэгвэл Квазимодо таны хувьд ямар хүн бэ?
С.Болд-Эрдэнэ
: Квазимодо гэдэг чинь “Бараг л хүн юм даа” гэсэн утгатай үг. Тийм аймар. Хүн биш юм шиг л... Нэр нь түүнийг ямархуу төрхтэй гэдгийг хэлээд өгнө. Гэхдээ дотоод сэтгэл нь ариухан юм шүү дээ. Хүмүүс баг гэж ярьдаг ш дээ. Тэгвэл энэ зохиолд үзүүлсэн тэр ариун нандин зүрх сэтгэлийг халхлах баг нь Квазимодо юм даа. Сэтгэлийн гоо сайхныг харах боломжгүй гэдгийг л харуулсан юм уу даа.
Г.Эрхэмбаяр: Виктор Хюгогийн энэ зохиолыг мэдэхгүй хүн байхгүй. Хүүхэлдэйн кино нь ч бас байдаг. Энэ том зохиолын Квазимодогийн дүрийг надад ноогдуулсанд баярлаж байгаа. Танай сониноор дамжуулаад Наранбаатар ахдаа баярласан сэтгэлээ илэрхийлмээр байна. Энэ дүр дээр ажиллахад П.Цэрэндагва ах маань ихээхэн туслалцаа үзүүлсэн. Тэр өөрөө миний аав, ариун гэгээн ламын дүрийг бүтээсэн юм. Бид хоёр энэ Квазимодогийн талаар ярилцаж байсан юм. Проло лам их сайхан бурхан дүртэй хүн шүү дээ. Харин Квазимодо үзээрийн муухай царайтай. Гэхдээ үнэн хэрэг дээрээ дотоод сэтгэл нь эрс тэс. Проло ламын дотоод сэтгэл Квазимодогийн гадаад байдал шиг муухай. Яг эсрэгээрээ харагддаг хүмүүс юм л даа
.

-Бусад дүрээс илүү ажиллагаа ихтэй юм шиг ээ. Бөгтийж, доголож яваад л...
С.Болд-Эрдэнэ:
Тийм. Ер нь хэцүү. Нэг нүдээ таглачихаар тайзны баримжаа алдагдана. Би амаа далийлгаж ярьдаг л даа. Бүх үзэгдэл дээр эрэмдэг юм шиг байна гэдэг хэцүү шүү. Нуруу чилнэ. Хөл өвдөнө. Нүүрээ байдгаар нь үрчийлгээд удаан хугацаанд байна гэдэг хүнд шүү дээ. Бусад дүрийг бодоход ажиллагаа ихтэй. Гэхдээ биеэ хувиргаж чадаж байна гэдэг миний хувьд бахархал.
Г.Эрхэмбаяр: Нөгөө Квазимодотойгоо их ярилцсан. Аль талынхаа нурууг бөгтөр болгох вэ, гээд л. Эхэндээ хэцүү байсан. Нуруу чилээд л. Эгэл бус хүний дүрийг бүтээнэ гэдэг чинь их хэцүү. Сүүлдээ дасал болсон доо. Гарт орно гэж байдаг ш дээ. Олон сургуулилт дамжих тусам эвлээд ирдэг юм билээ. Би хэл яриа нь хүнийг илэрхийлдэг гэж боддог. Тиймдээ ч ээрч муурч ярихаа болиод, хэл яриагаараа Эсмиральдаг айлгахгүй байх гэж хичээсэн.

-Квазимодог тайзан дээр гарч ирэхэд үзэгчид хэрхэн хүлээж явдаг вэ. Кинон дээрээ бол инээлддэг юм билээ.
Г.Эрхэмбаяр: Манай баг нэг удаа тахир дутуу хүмүүст зориулан жүжиг тавьсан юм. Тус нийгэмлэгийн тэргүүн “Ийм хүмүүс сайхан хайртай учирдаг юм байна, сайн сайхан зүйл хийж бүтээж чаддаг юм байна гэсэн итгэл найдвар хайрлалаа” гээд, надад талархал илэрхийлж байсан.  Тэр үед би өөрөөрөө, энэ сайхан мэргэжлээрээ бахархаж байлаа. Квазимодо шиг хүн манай Монголд олон байгаасай гэж хүсдэг юм. Гэхдээ мэдээж гадна талаасаа биш, дотроосоо шүү дээ.
С.Болд-Эрдэнэ: Кинон дээр тухайн цаг үеийг харуулсан учраас инээлддэг байсан байх. Одоо хүн бүр л Квазимодог сайхан сэтгэлтэй гэдгийг мэддэг болсон шүү дээ. “Парисын дарь эхийн сүм” жүжиг Квазимодогийн тухай өгүүлдэг гэж би боддог юм. Энэ хүн хэрхэн амьдарч, хэрхэн хайрлан дурлаж, хэрхэн үхдэг талаар жүжигт өгүүлдэг шүү дээ. Квазимодо шиг хүн одоо хаана ч байхгүй байх аа. Хайртай хүнийхээ төлөө амьдарчихаад, үхсэн хойно нь ч бас тэвэрч суусаар байгаад өөрөө талийгч болж байгаа юм.

-Хэрэв энэ цагт Квазимодо гэдэг хүн аж төрж байсан бол ямархуу байр байдалтай байх байсан бол?
Г.Эрхэмбаяр: Одоо охидууд ч хэцүү болж дээ. Нэг муухай царайтай залуу чамд хэчнээн сайхан сэтгэл гаргаад ч нэмэргүй биз дээ.
С.Болд-Эрдэнэ: Одоо ийм хүн байхгүй ш дээ. Хэн нэг хүний төлөө амьдрах зүрх зоригтой хүн ховор. Байлаа гэхэд Квазимодо шиг хүн дахиад гарч ирэхгүй. Яаж үхэж байгаа талаар нь зохиол дээр бүрэн дүрсэлсэн байдаг. Бунханд Эсмиральдаг тэврээд хэвтэж байхад нь, ходоод нь агшаад, өлсөж үхсэн байгаа юм. Их аймшигтай. Ийм үхэлд тэсвэр тэчвээр, маш их зориг хэрэгтэй.

-Энэ дүрийг сайн бүтээж чадав уу?
Г.Эрхэмбаяр: Хүүхэлдэйн киноны Квазимодо шиг үсэрч харайж чадаагүй. Бусдаар бол чадлынхаа хэрээр дүрдээ анхаарал хандуулж, хичээж ажилласан гэж бодож байна. “Би 200 орчим жүжгийн, гол болон туслах дүрд тогложээ. Эдгээрээс цөөхөн хэд нь ч дүр юм даа” гэж нэг мундаг жүжигчин хэлсэн байдаг. Яг үүн шиг би дүр бүтээсэн, бүтээж байгаа эсэхээ хэлж мэдэхгүй юм. Ямартаа ч хичээж л байна даа. 
С.Болд-Эрдэнэ: Өөрийнхөө хувьд би чадсан. Хөлс урсгасан энэ дүр миний хүндэтгэж явдаг цөөн дүрүүдийн нэг болох байх. Учир нь би Квазимодогоос маш олон зүйл сурсан.

-Эсмиральдагийн тухай ярих уу?
Г.Эрхэмбаяр:
Урнаа эгч бараг л миний төсөөлөлд байсан Эсмиральдаг амилуулчихсан байх аа. Түүнийг тайзан дээр хармагцаа цыган эмэгтэй ямар байдгийг мэдэрдэг. Тэнүүлчдийн дунд сайхан сэтгэл, гоо үзэсгэлэн, сайхан хоолойг хадгалж өссөн бүсгүй байна гэж бодохоор Виктор Хюго гэдэг хүний бүтээлийг хүндэлдэг юм. 
С.Болд-Эрдэнэ: Отгонцэцэг маань их хүүхдэрхүү Эсмиральда болсон. Хариу үйлдэл, хариу тоглолт нь намайг зөөллөж байсан гэх үү дээ. Төгс төгөлдөрийн илэрхийлэл болсон бүсгүй хүний гоо үзэсгэлэн, гэнэн цайлган сэтгэлийг хараад үнэхээр сэтгэл хөдөлдөг шүү.

No comments:

Post a Comment