Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, April 22, 2010

Г.Намсрайноров: Миний зорилго дан өгсүүр замтай

“Холын шувуугаар үгээ дайлаа
Хонгор чамд минь дуулан жиргэж хүргээ юм болвуу” гэсэн танил аялгууг телевизээр олон удаа сонсоод дуучин Г.Намсрайновров бие даасан тоглолтоо хийх нь гэж таамагласан юм. Үнэхээр энэ таамаг маань оновчтой байсан бөгөөд тэрбээр энэ сарын 10-нд Бөхийн өргөөний тайзнаас үзэгчидтэй уулзах гэнэ. Тиймдээ л энэ дууг амьлуулсан уран бүтээлчтэй уулзахаар бөхийн өргөөний зүг алхлаа. Бөхийн өргөөний дэргэдэх шар өнгөтэй гэрт ороход хар парьтотой залуухан эр намайг угтсан нь дуучин Намсрайноров байсан юм. Төв аймгийн Өндөр ширээт сумын уугуул энэ хүн санасныг бодоход залуухан хүн байсан тул ярилцахад ч хялбар байв. Ингэж хэлэх учир нь Намсрайноров намайг  “автомат хариулт”-аар огтхон ч залхаагаагүй билээ. Бидний яриа түүний машинд өрнөсөн юм.


http://resource.news.mn/show/photo/2010/10/758b43447fb1464b/15ceff0fb7b01f87big.jpg



-Ийм залуухан хүн байх юм гэж төсөөлсөнгүй шүү. Уламжлал юм байна. Тоглолтынхоо талаар сонирхуулах уу?
-МУ-ын гавъяат жүжигчин, дуучин Бат-Эрдэнэ гэж ах маань тоглолтыг маань зохион байгуулж өгч байгаа юм. Тоглолтод маань найз нөхөд, ах эгч нар маань ая дуугаа өргөж оролцох байх. Нэлээд олон хүний хүч хөдөлмөр, санхүү, цаг хугацаа орж байгаа болохоор энэ олон хүний буянаар тоглолт маань сайхан болно гэж найдаж байгаа.

-Монголд дуурийн дуучин дутагдалтай байхад та яагаад зохиолын дуу дуулах болов оо. Зохиолын дуучид тайзан дээр багтахгүй шахам болж байна ш дээ.
-Тийм ээ. Энэ нэг жаахан асуудалтай байгаа юм аа. Дуурь бол гайхамшигтай зүйл. Манайхан ч энэ гайхамшгийг ойлгодог болж. Дуурийн театрт үзэгчтэй болсон байна лээ. Гэхдээ надад нийтийн дуу илүү ойр санагддаг юм. Миний сэтгэл дэх аялгууг дуурь илэрхийлдэггүй. Харин нийтийн дуу монгол хүн бүрийн сэтгэлд ойр. Тиймдээ ч ард түмэн байгаа цагт нийтийн дуу алга болохгүй юм. Сүүлийн хоёр жил зохиолын дуу уналтад орж байна  гэж ярьж л байна. Тэглээ гээд хүмүүс сонсохоо болиогүй. Би ч гэсэн дуулахаас эмээгээгүй.

-Та зохиолын дуу дуулах гэж дуурийн дуучны мэргэжил эзэмшсэн юм уу?
-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Мэргэжлийг нь эзэмшсэн юм чинь шаардлагатай бол дуурь дуулалгүй яах вэ. Сургуулиа төгсөөд хоёр жил болохдоо би дуурь дуулаагүй. Саяхан нэг бэлтгэл хийж үзсэн. Хоолой маань яг хэвэндээ байна лээ.

-Та ам барих уу?
-Үгүй.

-Сүүлийн үед өнгөө алдаж байгаа дуучдыг харахаар ам барьчихсан нь дээр юм шиг санагддаг болж дээ.
-Тийм байна уу. “Хонгор чамдаа” миний анхны бие даасан тоглолт болохоор би ямар байхыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Энд тэнд урилгаар дуулахад хоёр дуу дуулчихаад л яваад өгдөг байсан. Харин одоо бүх дуугаа тасралтгүй дуулна гэдэг хоолойнд нөлөөлж магадгүй л юм. Гэхдээ би ам барилгүйгээр, өнгөө алдалгүйгээр тоглолтоо дуусгах болно.

-“Хонгор чамдаа” гэснээс. Таны хонгор хэн юм бэ?
- Хэн нэгэн дотны хүндээ ямар нэгэн зүйл зориулахдаа чамдаа гэдэг. Энэ утгыг бодоод л би тоглолтоо хонгор чамдаа гэж нэрлэсэн. Миний хонгор гэвэл эхнэр, охин хоёр минь юм даа.

-Өөрөө эхээс хэдүүлээ вэ?
-Нэг эгч, гурван дүүтэй. Аав ээж маань Төв аймгийн Өндөр ширээт суманд аж төрдөг. Малаа хариулаад л.Одоо бага дүү маань ээж аавдаа хань болоод байж байгаа.

-Олуулаа өсөхөөр хувийн сонирхол их дарагддаг шүү дээ. Та яаж дуулах сонирхлоо нээсэн бэ?
-Олуулаа бужигнаад сайхан шүү дээ. Би багадаа дуулж байгаагүй ээ. Ээж маань их сайхан дуулдаг хүн байдаг юм. 2002 оноос цэрэгт яваад, хэдэн жилийн дараа СУИС-т орж байлаа шүү дээ. Маний анхны тайз манай сумын наадмын тайз юм шүү дээ. Энэ тайзан дээрээс л би урам авч дуучин болохоор шийдсэн.

-Хүмүүс янз бүрийн хугацаатайгаар зорилгоо тодорхойлдог. Хоёр жил, таван жил гээд л. Тэгвэл таны хамгийн ойрын зорилго юу вэ?
-Би бүх насаа нэг л зорилгод хүрэхийн тулд зориулна. Зорилго маань өндөр уул. Энэ уулын оргилд хүрэхэд их олон хүчин зүйлс нөлөөлнө. Олон жижиг зорилгод хүрэх хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр цор ганц, маш том зорилго тавиад түүндээ хүрэхийн төлөө тэмцэх нь миний үүрэг. Өнөөдрийн тоглолт маань уул руу мацах замд таарч байгаа нэг хүчин зүйл...

-Өндөрөөс унах тухай хүмүүс ярьдаг л юм...
-Уулын оргилоос унах тухай ярьж байна уу?

-Тийм ээ. Нэг ёсондоо эрсдэл...
-Эрсдэлийн төлөө ямар нэг зүйлд тэмүүлдэггүй шүү дээ. Бэрхшээлээс айгаад доошоо хараад явах чинь амьдрал биш. Би залуу хүн. Миний амьдралд тэмцэл хэрэгтэй. Үнэндээ энэ бол унах замгүй оргил. Яг уул шиг биш байхгүй юу. Мэдээж төсөөлөлд байгаа юм чинь дан өгсүүр замтай байж таарна. Хүмүүс ууланд авирахаа боддог болохоос биш тэндээс унахаа тооцоолдоггүй. Үнэхээр унах тухай ярих хэрэгтэй бол тэнд очсон хойноо л ярих байх даа.

-Энэ шторкон дээр дуулаад байгаа таны охин уу?
-Үгүй ээ. Миний охин чинь хараахан дуулах болоогүй байгаа. Дөнгөж хоёр ой хүрч байна шүү дээ.

-Аавыгаа зурагтаар хараад таньж байна уу?
-Танилгүй яахав. Сүйд болно шүү дээ. Аба, аба гээд л, дэвхцчихнэ...

-Зохиолын дуучдыг ажиглаад байхад анх тайзнаа гарч ирэхдээ ганц бие байдаг юм шиг ээ...
-Би гэр бүлтэйдээ харин ч азтай байгаа юм. Урлагийн хүн цаг зав багатай. Харин эхнэр маань гэрийн бүх ажлыг зохицуулчихдаг. Шөнийн гурван цагт хоолойны бичлэгэнд орох шаардлагатай болно. Заримдаа харьж амрах ч боломжгүй үе таарна. Тэр бүрт эхнэр минь намайг ойлгож дэмжиж байна даа.

-Нөхөр нь урлагийн ажлаа хөөцөлдөөд явчихаар эхнэрт чинь ямар байдаг бол?
-Яг ямар байдаг талаар нь асууж байгаагүй юм байна шүү. Зарим найз нар нь “дуучин нөхөртэй гоё юм аа” гэж хэлдэг л гэсэн. Би чинь уран бүтээл гэр бүлийнхэ ажлыг 50, 50 хувь гээд тэнцүүхэн хуваарилчихаж болохгүй шүү дээ. Мэдээж гэр бүлдээ анхаарал халамж бага үзүүлдэг. Гэсэн ч эхнэр маань гомдоллож байсан удаагүй. Тэгэхээр ямар ч байсан дургүй биш байх аа.

-Та уран бүтээлээс гадуур өөр ажил хийдэг үү. Бизнес ч юм уу?
-Үгүй дээ.

-Тэгээд ямар мөнгөөрөө энэ машиныг худалдаж авав?

-Би чинь энд тэнд урилгаар дуулахаас өгсүүлээд бага сага мөнгө олно оо.

-Машин, бензин гээд л бүх зардлаа дуулаад олчихдог юм уу?
-Яалаа гэж дээ. Уран бүтээлч хүнд урсгал зардал гэж юм байна. Дуу бичүүлнэ, клип хийлгэнэ, эфирээр цацна гээд л... Энэ бүхнийг зохицуулахын тулд үндсэн хөрөнгөдөө гар хүрнэ. Аав ээжээсээ тусламж дэмжлэг авна. Хөл дээрээ бостлоо ээж аавыгаа л барааддаг юм байна ш дээ, хүн чинь.
-Эфирт цацуулах мөнгө өө. Уран бүтээлийг хүнд хүргэх гэж мөнгө төлдөг болчихсон юм уу?
-Тийм л буруу тойрогт орчихоод байна.

Ингээд түүний санаа алдалтаар би ярилцлагаа төгсгөж байна. Учир нь энэ санаа алдалтын цанаас урам зориг, эрч хүч давхар сонсогдсон юм.энэ санааширсан төрх Намсрайноровын бэрхшээлийн өмнө гаргадаг “ааш” болохыг анзаарсан юм. Тэр сэтгэлийнхээ галыг өрдөж байсан нь лавтай. Түүний бодлыг таслахгүй гэхдээ гараас нь сулхан атгаад, тоглолтод нь амжилт хүслээ. Анхны үзэгч, анхны тоглолт нь түүнд өндөр уулын оргилд түүртэлгүй хүрэх урам зориг хайрлах болтугай.

No comments:

Post a Comment