Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, April 14, 2010

Мартагдсан “Мadness” Дуу шигээ гоё залуу

Учирсан хосуудын төлөө
Мөнхийн хайрын төлөө
Энэ дуугаа би дуулъя
Дурласан хосуудын төлөө
Үүрдийн хайрын төлөө
Энэ дуугаа би дуулъя… Ийм дахилттай дуу аманд өөрийн эрхгүй аялагдаад байх юм. Нэр нь “Шүтээн”. Хуучны мэт санагдах хэрнээ шинэхэн дуу. “Madness”-ээс төрдөг ихэнх аялгуунуудын адил мөн л яруу сайхан дуу. Тайз руу шуурцгаах өч төчнөөн жижиг хамтлаг, дуучдын дунд “Madness”-ийнх шиг тийм яруу уянгалаг дуунууд хэр олон билээ дээ. Үнэндээ бидний хайртай “Madness” мартагдах шахжээ. “Нэг өдөр”, “Хотын гудамж”, “Дурсамж бүсгүй” гэх мэт сайхан дуунуудыг нь бид мартахгүй байх л даа. Харин “Madness”-ыг мартах нь. Тэд хаана, юу хийж явна вэ? Ерөөсөө л “Madness”-ийн яруу дуучтай уулзъя гэж бодлоо. Гэхдээ тийм ч амархан уулзчихсангүй. Багагүй эрэл хайгуулын эцэст олж авсан гар утас руу нь залгах тоолонд “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэдэг үг чих ядраана. Бараг хагас сарын дараа тэр утсаа нээж, бид болзлоо. “Доргио” клубт уулзаад, түүний сонголтоор булангийн хар буйдан дээр сууцгаав. Амьд хөгжмийн тоглолттой клуб болохоор Оюунсайхан энд их ирдэг гэсэн. Тэр машин барьж яваа болохоор цэвэр ус захиалав. Уг нь би түүнийг шар айраг захиалж, “100 татах” байх гэж бодсон юм. Бага зэргийн халаалттайгаар илэн далангүй яриа өрнүүлэх төлөвлөгөө маань ингээд нурлаа. Гэхдээ зүгээр. Хамгийн чухал нь тэр одоо миний өөдөөс хараад сууж байна.

Image


Шинэхэн уран бүтээлүүдээ нөөцөлж байгаад, ирэх жилээс нэгмөсөн задална гэж хэлээд инээж байна. Оюунсайхан сархаданд толгойгоо мэдүүлээд “Madness”-ийг миаруулсан гэдэг яриа их л сонсогдож байсан юм. Энэ тухай өөрт нь хэлэхэд “миаруулсан” гэдэг үгийг их л сонирхож байсан. Миаруулсан, миаруулсан гэж дахин дахин давтан хэлснээ “Миаруулаад байхдаа яахав дээ, би монгол залуусын хэмжээнд л ууж байгаа. Уух үедээ ууна. Тэрнээс биш хамтлагаа миаруулах хэмжээнд ууж идсэн юм байхгүй ш дээ” гэж хэлээд чанга гэгч нь инээв. “Хүмүүс их худалч юм аа. Таны тухай элдэв юм зохиож яриад л” гэхэд түүний нүд үл ялиг томорсноо “Үгүй ээ. Зохиож яриагүй. Хүмүүс харин тэгж бодоод байгаа байхгүй юу. Их хэцүү. Нэг ууж байгаад хүнтэй таарлаа. Дараа нь уулаа, дахиад тэр хүнтэйгээ таарлаа. Тэгэнгүүт чинь л байнга уудаг гэдэг үгтэй яалт ч үгүй холбогдчихоод байдаг юм” гээд инээв.










-Тэгвэл “Madness” уран бүтээл хийхээ больсон шалтгаан нь юу юм бэ?
-Шалтгаан гээд байх нэг их сүртэй юм байхгүй дээ. Тэр үед хамтлагууд цөөхөн байсан. Хүмүүс сонсох юмаар ид дутаж байсан цаг. Манайх яахав дээ, хоёр дуу хийчихсэн. Тэр нь хүмүүст таалагдчихсан. Энд тэнд очиж дуулаад л, мөнгө төгрөг захаасаа орж ирээд эхэлдэг байхгүй юу. Тэгэнгүүт л бид хэд ууж идээд, назгайрсан юм шиг байгаа юм. Тэрнээс гадна бид нарыг эрхлүүлдэг хүмүүс их олон байсан. Тэр хүмүүс маань гэнэт бид нарт анхаарал тавьж чадахааргүй болсон л доо. Манайх чинь тэр рок попын халуун тогоо могоо гэдэг юманд нь багтаж чадаагүй байсан юм. Тэгээд л уран бүтээл завсардсан. Тэр завсраар нь зүгээр суултай биш дээ. Бүгд ажил төрөл хийгээд явцгаахгүй юу. Тэгээд л тэр... За энэ талаар ч нэг их сүртэй яриад байх юм байхгүй дээ.

-Та нар тэгээд энэ хугацаанд юу хийж байсан юм бэ?
-Бээжинд дуу бичлэгийн студид продюсер, аранжировк хийдэг байлаа. Би л гэхэд дөрвөн жил тэнд ирэн очин амьдарсан.Бид нар чинь их буянтай юм хийж байсан ш дээ. Air China-гийн дөрвөн одтой зочид буудалд монгол дуучдын тоглолт энэ тэрийг зуучилж өгдөг байсан. Тэнд тоглож байсан хамтлагууд байр, хоолны мөнгөнөөс гадна сардаа 3000 юань авна. Харин манай басс гитарчин Гэрлээ Бээжинд аягүй том студид ажиллаж байсан ш дээ. Нөгөө Жэки Чаны тоглосон “Домог” киноны дууг бичсэн студи. Хятаддаа бол том газарт тооцогддог байхгүй юу.

-Анх байгуулагдаж байхдаа ямархуу орлоготой байсан бэ? 98 он хавьцаа байх аа?
-“Тэр үед чинь яахав дээ, жоохон ч байсан. Жижигхэн газруудад хоёр гурван цаасаар дуулаад. Аягүй инээдтэй”. Ингэж хэлэхээр нь юу тийм инээдтэй байгаа талаар асуулаа. Тэр зогтусаад над руу нэг том харснаа “Үгүй яахав дээ” гэж хэлээд надаас асуулт асууж эхэлсэн юм. Тэр асуултаас зугтаж сурсан хүн бололтой. Шинэ дууныхаа талаар надаас үе үе асууна. Тэгснээ Дарханд очиж шинэ дуугаа дуулахад хүмүүс дахилтыг нь дагаж дуулж байсан тухай яриад л, малгайныхаа саравчийг доош нь дарна. Өөрийгөө магтчихлаа даа гэж санаа зовсон байх аа. Тэгээд хэсэг чимээгүй болчихсон. Энэ эвгүйцэм нам гүмийг эвдэх хэрэгтэй байсан тул хуучны уран бүтээлүүдийнх нь талаар яриа өдөх гэж дуу аялав. “Хайрын дуу аялан чамтай зугаалах миний хотын гудамж…” Оюунсайхан үл ялиг инээвхийллээ. Сэргээд ирэх шиг болов. Энэ дуунд олон дурсамж шингэсэн бололтой. Тэгээд ярьж эхлэв. “Хотын гудамжийг оюутан байхдаа зохиож байсан. Ид хөгжимд донтож байсан үе гэх үү дээ. Гитараа үүрээд л гарна. Гэр, сургууль, бэлтгэлийн байр гэсэн маршруттай. Зав чөлөө гарвал л хөгжмөө нүдээд суучихна шүү дээ. Хоол унд иддэг байсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Ер нь оюутан байхад юу, юу ч үгүй хэцүү байлаа. Эхнэртэйгээ хамт байр хөлслөөд л, автобусанд чимхүүлээд л явж байна шүү дээ.” Оюунсайхан одоо зээлгүй. Тэр үед зээлээр эхлүүлсэн бизнесээрээ одоо болтол өл залгуулж байна даа гэж ярьж байсан. Тэр нь ямар бизнес гэдгийг хэлэхийг хүсээгүй л дээ.
Бээжинд ажиллаж байхдаа хэдэн төгрөг далд хийсэн юм биш үү? гэсэн сониуч асуулт илүүдсэн бололтой тэр дуугарсангүй. Түүний нүүрний хувирлаас хариулт олоход их хэцүү. Тиймдээ ч хэлсэн үг болгоныг нь мушгиж уурлуулах гэсэн оролдого маань инээмсэглэлд нь дарагдаад нэг нэгээрээ нурж байлаа. Тэр санаснаас илүү тайван хүн юм. Аль болох ойлгуулахыг хичээнэ. Надад аав хүний зан гаргаад байх шиг санагдсан шүү. Ингээд бидний яриа уран бүтээлийн тухай үргэлжиллээ. Оюунсайханы дуулах стиль Харангын Лхагваатай төстэй санагддаг. Хоолойны өнгө нь ч гэсэн нэг тиймэрхүү өнгө аястай болохоор дуурайж дуулдаг юм шиг санагдаад байдаг юм. Энэ тухай өөрөөс нь асуухад “Үгүй, үгүй. Дуурайх нь ч хаашаа юм. Ийм ш дээ. Лхагваа ахын дууг багадаа их сонсдог байсан. Дагаж дуулсаар байгаад нэг тийм темп авчихсан юм шиг байгаа юм. Ер нь ямар нэг юмнаас санаа авах хэрэг гардаг ш дээ. Монголд бол рок хөгжим анхнаасаа байгаагүй. Бүгд л гаднаас орж ирсэн. Хөөмий, уртын дуутай ард түмэн чинь рок хөгжмийг авчрахын тулд ямар нэг юмнаас санаа авсан байгаа. Яг тэрэн шиг л хоолойныхоо темпийг Лхагваа ахаас санаа авчихсан юм шиг байгаа юм” гээд их удаан тайлбарлаж байна лээ. Дуурайдаг гээд бодчих вий гэж санаа нь зовсон янзтай.
-Танай хамтлаг үгүйлэгдээд байдаг. Та өөр юм хийгээд яваад байдаг. Тэгээд гэнэт гарч ирээд “Шүтээн” гэдэг нэг гоё дуу хийчихээд алга болчихсон. Дахиад шинэ уран бүтээл хийх санаа байна уу?
- Долгион ах хэлж байсан юм. Урлагт нэг орчихвол гарна гэж байхгүй ээ гэж. Их үнэн үг. Одоо уран бүтээл хийхгүй гээд яахав дээ. Өөрийнхөө дуртай юмыг хийж байж л амьдралаас таашаал авна ш дээ. Нэг найз маань өрөө гаргаж өгөөд бэлтгэлээ хий гэсэн. Намайг дэмжиж байгаа царай нь. Би урмыг нь бодоод бэлтгэлээ хийгээд байж л байгаа. Харин хамтлагийн бүрэлдэхүүний асуудал жаахан ярвигтай байна. Хөгжимчид яг тогтож өгөхгүй байна.
-Тэгэхээр “Madness” гээд ганцхан Оюунсайхан л байгаад байна гэсэн үг үү?
-Харин тэгээд л байна. Одоо бүрэлдэхүүнээ цэгцэлчихвэл уран бүтээлээ хийхэд саадгүй болно. Надад өөрт 12 дуу бэлэн байгаа. -Орос бөмбөрчин хаачсан юм. Вадим билүү? - Орос хүн тэгээд л Орос руугаа л явна ш дээ. -Ер нь гадаад хэлээр дуулах тухай бодож байна уу?

-Сүүлийн үед амьд хөгжмийн хамтлагууд Англиар дуулаад байгаа. -Би хэлэндээ их муу. Вадим энд таван жил байхад би оросоор ярих тухай огт бодож байгаагүй. Харин Вадим монголоор ярьдаг болоод явсан ш дээ. Би Англиар дуулчих юмсан гэж хааяа боддог л юм. Гэхдээ одоо ч хэл сурахаасаа өнгөрсөн байлгүй дээ.

-Танай дуунууд их гоё аялгуутай. Одоо болтол “Madness”-ийн хуулбар хамтлаг гараагүй л байна. Дуунуудын чинь талаар ярья л даа. “Нэг өдөр” гэж их гоё дуу. -Гэрлээтэйгээ /хамтлагийнхаа гитарчиныг хэлж байна/ сууж байгаад л хийчихсэн дуу ш дээ. Харин клип нь сайн болсон. Тэр үед хоёр сая төгрөгөөр бүтсэн. Одоо болтол хуучраагүй гэж хэлж болохоор бүтээл болсон. Ер нь чанартай юм хийчихсэн байхад дараа нь үзэхэд сайхан ш дээ. Чи манай хамтлагийн өөр ямар дууг сонсож байсан бэ? 


-“Дурсамж бүсгүй”… Би энэ дуунд их дуртай. Болорхон жүнзийг харшуулах Хайраар дүүрэн чиний хурим Согтох эрхгүй миний сэтгэлд Солиорсон дурлал унтарсан.. . гэдэг хэсэг дээр нь та уйлаад байгаа юм шиг санагддаг ш дээ. Тэр хурим гашуун байсан уу? гэсэн асуултанд үл ялиг хөмсөгөө зангидаж хариулт өгөв. Тэгээд хариулахыг хүсээгүй бололтой дуугаа хураачихсан.
Тэр 10 минутанд дунджаар гурван тамхи татдаг. Улаан Marlboro. Эхний хайрцгаа дуусгаад дахиад тамхи задлахдаа “Энэ шинэ Marlboro. Хуучнаасаа арай л зөөлөн. Арай ч гэж дээ нэлээн зөөлөн. Kent-ээс ч зөөлөн. Тамхинаас гарах гээд татдаг тамхиа зөөлрүүлж байгаа ухаантай. Нэг ч гэсэн хогноос татгалзъя гэж бодоод байгаа” гэлээ.
-“Эхнэр чинь тамхи татахыг чинь хорьдог уу?” гэж асуув. Үгүй гэлээ. Тэр маш олон янзаар инээмсэглэнэ. Ихэнхдээ нүдээрээ инээвхийлнэ. Тэр тоолонд нүднийх нь хажуугаар үрчлээс тодорно. “Хотын гудамж” дууны клипэн дээр гардаг царайлаг залууг нас дарж байгааг би тодхон харж байлаа. Гэхдээ л цаанаа нэг увдис байх шиг. Тэр намайг нүдээрээ шатааж байлаа… гэтэл яг “Намайг шатаах гэж илгээсэн” гэдэг дуу нь гэнэт санаанд ороод чангаар инээчихэв. Асуусан харцных нь хариуд “Дуу шигээ гоё хүн юм аа” гэж хариуллаа.
Тэр инээж байна. Бас чих нь үл ялиг улайв. Ичимхий хүн бололтой. Хэсэг дуугүй байснаа “Баярлалаа, тэгвэл” гэлээ. Тэгээд дахиад л инээв. Үгүй ээ, инээмсэглэв гэх нь зөв байх. Тэр угийн инээмтгий хүн. Уурламаар асуулт асууж, бүр тэгэхээс тэгэх гэсэн шиг янзыг нь үзээд байхад л нүүрнээс нь тэр инээмсэглэл огт арилаагүй гээд бод доо. Харамсалтай нь бидний яриа энд хүрээд дууссан юм. Хүүгээ цэцэрлэгээс авах цаг нь болчихож.

Ингээд л дуу шигээ гоё залуу хөдөө яваад шороонд даруулж ирсэн халтар машинаа бариад яаран давхичихсан. “Хотын гудамж” дууны клипэн дээр гоё царайлаг залуу гардаг. Он жилүүд түүнийг яаж өөрчилсөн бол гэж бодогддог байлаа. Ямар ч байсан түүний сахал нь гоё хэвээрээ байна. Жаахан үрчлээ сууж, бага зэрэг сүүмийснийг эс тооцвол нүд нь цоо ширтдэг хэвээрээ. Харин дуу хоолой нь огт өөрчлөгдөөгүй. Сэтгэлд эгшиглэдэг ая нь яруухнаараа. Богинохон дурсамж залуу… Тэр үнэхээр дуу шигээ гоё хүн юм.

No comments:

Post a Comment