Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Friday, April 2, 2010

Б.Галаарид: Хүмүүс намайг их эртний хүн гэж боддог юм

"Гэгээн Муза 2010" - ын цуврал ярилцлагаас

2010-04-02 19:49:22



Сэтгүүлч, зохиолч Б.Галааридаар овоглосон “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийг үзээд, “аав”-д нь талархаж суув. Тэгмэгцээ ирээдүйг зөгнөж туурвисан энэ бүтээлийг “бичсэн” хүн элсэн цөлд анхаарлын тэмдэг барьчихсан зогсоо дүр нь сэтгэлд буув. Олон жил нэртэй нь “танил” байсан болоод ч тэр үү, зүгээр л уулзмаар санагдав. Ингэж би хуучны танилтайгаа уулзах гэж байгаа юм шиг “Зууны Мэдээ” сонины зүг яаран алхсан юм. Тэрбээр энэ сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашдаг юм.


-Г.Аюурзана энэ жүжгийг тайзны нийтлэл гэж хэлж байсан санагдана.
-Тийм. Одоохондоо жүжгийн тийм төрөл байхгүй. Би мэргэжлийн жүжгийгн зохиолч биш сэтгүүлч хүн болохоор өөр өнцгөөр харж бичсэн байх.
-Энэ жүжиг надад их таалагдсан. Үзэж байхад ам цангаж байна лээ.
-Олон хүнд тийм сэтгэгдэл төрүүлсэн юм байна. Ам цангаж байгаа бол сэтгэл зүйд нөлөөлөх хүчтэй бүтээл гэж бодож байна. Энэ бол цаг үеэсээ түрүүлсэн жүжиг. Хоцорсон жүжгийг үзэгчид байтугай театр хүлээж авахгүй. Шинэ бүтээл гэдэг чинь хүмүүсийг уриалан дуудаж, сэрээж байх ёстой юм. Тэгэхээр энэ жүжигт 100 жилийн дараа Монголчууд ямар байх талаар дүрсэлсэн байгаа. Байгаль орчиндоо хайр гамгүй хандаад байх юм бол ийм болно гэдгийг харуулсан. Судалгааны үндсэн дээр хийсэн болохоор хэтрүүлэг гэж ойлгож болохгүй.
-Цаг үеэсээ түрүүлсэн гэхээр зөгнөлт зохиол болж таарч байна уу?
-Тийм ээ. Зөгнөл. Эсвэл зүгээр л нийгмийн сэдэвтэй гэж болно. Манайхан зөгнөл гэхээр их хийсвэрээр ойлгох гээд байдаг. Энэ жүжиг бол цөлжилтийн эсрэг байгууллагын захиалгаар бүтсэн. Цөлжилтийн эсрэг байгууллага байна гэдэг чинь цөлжилт явагдаад байна гэсэн үг. Хараагүй зүйлдээ итгэхгүй байна гэдэг маш том төөрөгдөл юм шүү. Ямартаа ч энэ бол маш том санаа. Монголд энэ төрлийн дэлгэцийн бүтээл ч хийгээгүй байгаа шүү дээ. Манай театрт ийм жүжиг урьд нь тавигдаж байгаагүй.
-Тэгвэл драмын театрынхан таны зохиолыг их баяртай хүлээж авсан байх даа.
-Үгүй. Гайхалтай нь үгүй. Энэ жүжгийн зохиолыг Драмын театрынхан нэг их сонирхохгүй байсан юм. Яг тэгж хэлээгүй ч гэсэн хүний нүдний харц, байр байдал нь надад тэгж ойлгуулсан. Харин Б.Мөнхдорж найруулагч энэ зохиолын санааг олж харсан. Энэ зохиолоор жүжиг хийвэл бидэнд хэрэгтэй, Монголчуудад хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэгээд л энэ жүжгийг амилуулж өгсөн юм даа. Найруулагч зохиолчынхоо санааг ойлгоно гэдэг хамгийн чухал. Дахин хэлье, ойлголцол гэдэг зүйл тун чухал. Зураач, хөгжмийн зохиолч,найруулагч, жүжигчид хоорондоо ойлголцож хэрэгтэй. Би энэ жүжигт хамтран ажилласан хүмүүст тун сайшаалтай хандаж байгаа. Ялангуяа хөгжмийн зохиол Б.Мөнхболд . Тэр хүн хөгжмөөрөө миний хэлэх гэсэн санааг зориуд тодотгож өгсөн. Өндөр хэмнэлтэй хөгжим бичиж болох байсан ч дүрүүдимйн үгэнд ялгуу дэвссэн.
-Ер нь яагаад найруулагч, зохиолч тусдаа байдаг юм бэ. Зохиолын санааг найруулагчаас илүү зохиолч ойлгож байгаа юм чинь жүжгээ найруулж болохгүй гэж үү?
-Ээ, Базарваань.  Найруулагч гэдэг хүн чинь театртаа бурхан шүү дээ. Найруулагчийн сэтгэлгээ гэдэг зүйл маш өөр. Жишээлэхэд Найдандорж найруулагчтай яриад сууж байхад гэрэл шиг асах нүд, гарын хөдөлгөөн нь ямар хурц гэж бодно. Онцгой төрсөн хүмүүс найруулагч болдог юм. Б.Баатар найруулагч бас их онцгой. Б.Мөнхдорж бусдаасаа содон. Онцгой бие хүн, онцгой бодьгал. Аливаа зүйлийг шинээр харж, харсан зүйлээ үзэгчдэд түгээж чаддаг. Энэ нөхдүүд чинь л зохиолчийн санааг хэрхэн амилуулахаа мэднэ. Ямар жүжигчин хэний дүрийг бүтээж чадахыг урьдчилан хардаг. Жүжигчнээс юу гарахыг олж харж чаддаг. Харин би аль жүжигчин хэрхэн жүжиглэхийг мэдэхгүй. Найруулагч энэ бүхнийг харахдаа өнгө, гэрэл, жүжигчид, тэдний тоглолт, үзэгчидтэй нь хамт хардаг. Аль хэсэнг дээр үзэгчид алга ташихыг тооцоолоод жаахан зай авчихсан байдаг биз дээ. Би зохиол бичиж байхдаа үзэгчид хэзээ алга ташиж, шүгэлдэхийг бодохгүй. Яавал дүрээ хурц тод болгох талаараа л бодно.
-Та дүрүүдээс юу гарахыг мэддэг хэрнээ яагаад жүжигчид ямар тоглолт үзүүлж чадахыг мэддэггүй юм бэ?
-Жүжигчид бэлэн материал дээр ажилладаг бол зохиолчид оргүй хоосон цаасан дээр “суудаг”. Дүрүүд миний сэтгэлд ургаж соёолоод, дэлгэрч гардаг. Үйлдэл, бодол санаа, дүр төрх, хэлэх үг болгоныг нь зохицуулж шинэ хүн төрүүлнэ гэсэн үг. Өөрийнхөө бодлыг хүнээр дамжуулна. Гэхдээ өөр хүний бодол санаанд тохируулж, гаргана гэдэг ярвигтай.
-Тэгэхээр зохиолч хүн сэтгэл судлаач болж таарах нь ээ?
-Бараг л тийм. Бусдын сэтгэлийг гаргах гэж байгаа болохоор судлахгүй бол болохгүй. Үүнээс илүү ажиглалт их чухал. Дүрийн талаар бүрэн мэдэхэд хэцүү. Өчнөөн жил ханилсан хүнийхээ зарим ааш аягийг хараад цочирдох тохиолдол байдаг. Тэгэхээр дүрийг цаг хугацаа болоод нийгэмтэй холбож өгч байж тайзнаа амилна. Жүжигчиндээ зориулж дүр бичих тохиолдол байдаг. Гэхдээ жүтэн жүжгийн тухайд авч үзвэл хэцүү.
-Сэтгэл судлаачид дүр бичдэггүй болохоор дүр бүтээхэд өөр хүчин зүйлс байдаг байх аа. Та ажлынхаа арга барилыг нуугаад байна уу?
-Нууц байх хэрэгтэй шүү дээ. Ялангуяа уран бүтээл гэдэг агуу их нууцын хүчинд удаан оршин тогтнодог. Да Винчигийн Жаконда гэдэг зургийн нууцыг тайлах гээд л энэ эрдэмтэн, судлаачид өдий хүртэл бодож, боловсруулж байна. Энэ бол үнэ цэнэ. Хэдий чинээ их нууцыг хадгална даган дуурайгсдад төдий чинээ боломж бага гэсэн үг шүү дээ. Энэ бол өөрийн оюуны бүтээлээ хамгаалж байгаа хэрэг.
-Энэ жүжгийн гол дүр нь тарчилж буй шар тэнгис. Тэгвэл энэ гол дүрийг хүмүүстэй холбохын тулд хайр сэтгэл, байраль эхийг шигтгээ болгож хэрэглэсэн байх нь ээ?
-“Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн удган мод, уул усны эзэн савдгийн дүрийг хасчихвал энэ жүжиг маань жүжиг биш болно. Монголчуудын уламжлалаас хамаараад байгаль эхийг савдаг маягаар үзүүлсэн юм. Уламжлалт сэтгэхүй дээр тулгуурласан, домгийн гэмээр дүрүүд энэ жүжгийн шигтгээ болсон. Тэгэхгүй бол цөлжилт гэдэг чинь их хүнд сэдэв. Хэрэв дурлалын гурвалжингийн талаар бичнэ гэвэл хэдэн мянган санаа дэвшүүлж болно. Харин цөлжилтийн талаар мянган янзаар бичиж чадахгүй.
-“Шар тэнгисийн тарчлаан” их сонин шийдэлтэй санагдсан. Энэ тухай Б.Мөнхдорж найруулагч “Энэ жүжиг бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс юм” гэж ярьж байсан шүү.
-Хийц хэлбэр нь өөр санагдах байх. Учир нь хүмүүст хүргэх гэж инээдмийн хэсэг, дуу бүжиг оруулаагүй. Хэрэв энэ санаа нийгэмд чухал л бол үзнэ. Ер нь цөөхөн хүн үздэг, гүн ухааны шинжтэй ийм бүтээлийг хүмүүсийн оюун санаанд зориулан бүтээдэг юм. Арижааны, хүн шууруулаад байгаа жүжгээс 1000 дахин илүү өгөөжтэй.
-Ямар өртгөөр бүтсэн жүжиг вэ?
-Одооны жүжгүүд 70, 80 саяар бүтдэг юм билээ. Тэр хавьцааны хөрөнгө зарцуулсан.
-Тэгвэл ашиг нь?
-Мөнгөн дүн сонин биш. Энэ жүжиг хүмүүсийн оюун ухаанд хэлж мэдэхээргүй их ашиг өгч байгаа. Дусал усыг ирээдүй рүү илгээж болно гэсэн санааг төрүүлж чадсан. Энэ манай жүжгийн зорилго байсан. Зорилгодоо хүрч чадсан. Тэгэхээр мөнгөн орлогын талаар төдийлөн ярих сонирхолгүй байна.
-Уран бүтээлчид яагаад ингэдэг юм. Энэ бол ийм, тийм бүтээл. Мөнгө олохын тулд хийгээгүй, орлого чухал биш гээд л... Залж өгөх юм аа...
-Урлаг уран бүтээлчийг ийм болгодог.
-Арилжааны бүтээл хэрэгцээ хангаж чаддаг болохоороо л хүмүүсийг “татаад” байдаг юм биш үү?
-Амьдрахын тулд гудамжинд суугаад бүтээлээ худалдаж байгаа зураачийг би уран бүтээлч гэж хэлэхгүй. Тэр хүн зүгээр л арилжаа хийж байна. Хүний нүд туссан сайхан өнгийг, сэтгэл ханамжинд нь тохируулан бүтээгээд хариуд нь мөнгө авна. Харин жинхэнэ урлагийн бүтээл гэдэг чинь мөнхийн амьтай байдаг юм. Үеийн үед хадгалагдан үлдэж, цаг хугацааны эрхээр үнэд хүрч байдаг бүтээл. Одоо хэн ч тоохгүй, хэнд ч хэрэгцээгүй байгаа зүйлс хэзээ нэгэн цагт жинхэнэ шилээвэр болох тал бий. Уран бүтээлчид тийм зүйлийн төлөө л хүчээ зардаг юм шүү дээ.
-Уран бүтээлч гэж нэрлэгдэх гэж арилжааны бүтээлээс татгалзана гэж үү?
-Үгүй л дээ. Зүгээр л оюун ухаанд шим тэжээл өгөх зүйлийг нь сонгож чаддаг, ойлгохыг хичээдэг байгаасай гэсэндээ л үүнийг ярьсан юм. Би ч гэсэн арилжааны талруугаа хандсан бүтээл рүү “урвана”. Учир нь хүмүүс дурладаг, хуйлардаг. Тэр чинээгээрээ мөнгө дагуулдаг. Манай одоогийн үзэгчид шоу цэнгээн, нүсэр хөгжим рүү шуурч байна. Нас тогтсон хүмүүс театрт очиж байна. Тэгэхээр ирээдүйг өвлөн үлдэж байгаа залуус маань цаг үеэ дагаад өөр зүйл хүсээд байгаа. Урлаг тэднийг дагаад хөгжиж болно. Гэхдээ сонгодог бүтээлүүд нийгэм гэхээс илүү хүн рүү чиглэдэг юм.
-Цөлжилт чинь  тулгамдсан асуудал мөн үү?
-Мэдээж. Маш их тулгамдаж байгаа зүйлийг бид тайзнаа дэлгэлээ. Замбрааагүй лицензээс болж бидний амьдралд гай тохиож болзошгүй болчихсон байна. Хоёр гурван жилийн өмнө цөлжилт гэдэг үг сонин хэвлэлээр өдрийн од шиг цөөхөн байсан шүү дээ. Тэгвэл одоо хүн бүхэн л ярих нь холгүй байна.
-Тэгвэл яагаад ийм том асуудлыг хүн бүхэн үзээд ойлгохооргүй хэлбэрээр тайзнаа буулгасан юм бэ. Хүмүүсийн сонирхолд нийцүүлээд арилжааны хэлбэрээр хийчихэж болоогүй юм уу. Бүтээлээ гайхамшигтай сонгодог байлгах гэсээр байтал 100 жил өнгөрчих юм өиш үү?
-Ойлгох хүмүүс нь ойлгож байгаа. Дэвшүүлсэн санаа нь зохих хүрээндээ хүрч байгаа. Өнгөрсөн хэд хоногт дунд сургуулийн сурагчдад жүжгээ үзүүлсэн. Энэ жүжиг тэдэнд айдас төрүүлж чадсан. Жүжиг эхлээд, дуусан дуустал үзэгчдийн суудал нам гүм байсан. Дараа нь тэднээс сэтгэгдэл асуухад шүдээ угаахдаа усаа гамнадаг болсон талаараа ярьсан байна лээ. Ийм жаахан хүүхдүүд ирээдүйдээ санаа тавьж байгааг бодохоор хүнд өгөх гэсэн санаагаа өгч байгаа юм байна гэж бодож байгаа. Уг нь хүүхдүүд их тавьтаргүй дээ. Нэг юмнаас дорхноо уйддаг зантай. Гэтэл анхаарч үзсэн байгаа юм.

-Нээрэн тийм. Айдас. Та тэр их айдас дунд хайр сэтгэл яагаад “унтраагүй” юм бэ?
-Хайр сэтгэл гэдэг мөнхийн. Би энэ мөнхийн гэдэг топотголыг нь аваад хаячихаж чадаагүй юм. Хэн ч чадахгүй. Хайр сэтгэл байхгүй л юм бол ангаж цангаж амьдрах ямар хэрэг байгаа юм бэ. Амьдралдаа хайртай учраас л амьд байна.

Би түүнийг блогчин гэдгээр нь “таньдаг” байлаа. Харин сонины эрхлэгч гэдгийг тун саяхан мэдсэн юм. Түүнээс сонины бичлэгийн хэлбэр болоод блог “хэл, соёлын” талаар асуухыг гэнэтхэн хүсэв.

-Таны блогийг их уншдаг байлаа. Нэлээд настай хүн төсөөлж байсан шүү.
-2006 оны блогчин. Хүмүүс намайг их эртний хүн гэж боддог юм. Багаасаа сонин сэтгүүлд ажиллаад эхэлчихсэн болохоор тэр байх.
-Байнга сонсдог нэр улиг болчихдог юм шиг ээ. Тэгээд л таныг эртнийх гэж боддог байх.
-Улиг болох ч юу  байхав дээ. Сэтгүүлч хүн цаг үеэсээ түрүүлж явах хэрэгтэй шүү дээ. Чи блог хөтөлдөг үү?
-Хөтөлдөг. Таныг ч бас блогтой гэдгийг мэдэх юм байна.

-Би анхны блочдын нэг. Японы хэдэн блогчид, интернэт технологийн чиглэлээр ажиллладаг хэдэн залуус л байлаа шүү дээ. Миний эргэн тойронд блогчид их олон бий. Уруу татсан хүн ч цөөнгүй. Жишээлэхэд шог нийтлэл бичдэг А.Амарсайхан гээд архаг блогчин байна.
-Интернэт блогийн хэлтэй хүмүүс сонинд ажиллах хэцүү байдаг юм биш үү?
-Хослуулах л хэрэгтэй ш дээ. Тэртэй тэргүй хос хэлтэйхүмүүс зөндөө л байдаг ш дээ. Блог чинь өөрөө амьд хэлтэй. Хүн бүхэн өөр өөрийн ярианы аялагаар бичиж болох чөлөөт хэлний ертөнц юм даа. Гэхдээ үүнийг нийтэд тулгаж болохгүй.
-Тэгэхээр сэтгүүл зүйтэй хольж болохгүй гэсэн үг үү?
-Бид нар хүссэн хүсээгүй уусч байна. Гампын блог сонинд хэвлэгддэг болж байна. Өөр блогчид ч гэсэн сонин хэвлэлд бичлэгээ нийтлүүлдэг болсон байна лээ. Монгол хэл хувьсаад байгаа юм л даа. Орчин үеийн хэлбэрт шилжиж байна гэсэн үг. М.Цогтсайханы бичлэг их амьд байгаа биз дээ. Одоо эртний уянгалсан шүлгэлсэн маягаар бичихэд төдийлөн сонирхолтой биш шүү дээ.
-Хэл хувьсаж байгааг мэдсэн хэрнээ л сонингууд өөрсдийн бичлэгийн хэлбэрээ алддаггүй.
-Барихаас аргагүй. Блогийн хэл блог ертбнцдөө, сонины хэл сониндоо байж байх нь дээр. Уусчих юм бол бид чинь эх хэлээ гээчихсэн, хэлээ хазсан нөхдүүд л болно шүү дээ. Тэгэхээр тогтсон хэлээ яавч эвдэж болохгүй. Бид нар долоо хоног гэдгийг “долооног” гэж товчилж бичдэг юм. Тухайн хүний блогруу ордог хүн л энэ үгийг ойлгоно уу гэхээс биш хүн бүхэн ойлгохгүй шүү дээ.
-Сонины эрхлэгч нар яагаад “хүмүүс ойлгохгүй” гээд байдаг юм бэ. Ойлгодог юмаа сонгоод унших хэрэгтэй юм биш үү?
-Олон нийтийн хэл гэж байдаг. Бүгд ойлгодог хэл. Жишээлэхэд би блог бичиж байхдаа 42-ды гэдэг хэллэг зохиочихож болно ш дээ. 42 размерийн гутлаараа явган явахыг ингэж нэрлээд, бичээд байх юм бол миний блогоор зочилдог хүмүүс ойлгоно. Өөр хүмүүс бол ойлгохгүй ш дээ. Тийм болохоор бүгдэд зориулсан хэлийг л сонин сонгосон юм. Дээр үед уйгаржин бичгээр сонин хэвлэгддэг байсан. Ихэнх хүмүүс крилээр уншиж мэдэхгүй болохоор л тэр.

Албаны өрөөнд, асуулт хариултаар эхлэсэн бидний яриа яг тэндээ инээдээр төгссөн юм. “Шар тэнгисийн тарчлаан” хэмээх энэ гайхалтай зохиолыг надад, миний эргэн тойрны хүмүүст хүргэсэн зохиолчын үзэг барьдаг гараас нь атгаад, “Дараагийн бүтээлийг таньв хүлээж байна шүү” гэж хэллээ. Учир нь түүнд үдэлтийн үгнээс илүү урмыг үг чухал гэдгийг эртнээс мэдэх билээ...

No comments:

Post a Comment