Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, April 17, 2010

Эмгэнэлийг эерүүлсэн Монгол заншил буюу "Учиртай гурван толгой"

 

Энд жүжигчин Л.Цогзолмаа гуай, Х.Уртнасан гуай, Д.Жаргалсайхан гуай болон хөгжмийн зохиолч Ц.Лувсаншарав гуай,  найруулагч Эхдэнэбулган ахын ярилцлагууд багтсан байгаа. "Учиртай гурван толгой"-н тухай цуврал ярилцлагууд юм.
 

Хөдөлмөрий баатар,Ардын жүжигчин,төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Д.Луцвсаншарав
Өрнийн дуурийн үнэр амтыг шингээсэн Монгол дуурь

Хөгжмийн зохиолч Ц.Лувсаншарав гуай Юндэнгийн дүрийг бүтээж байсан удаатай. Гэхдээ бүр 1950, 1951 онд. Үүнээс өмнө Хэнтий аймагт “Учиртай гурван толгой” жүжгийг найруулж, удирдаж байсан юм. Харин 1950 онд дуурийн барилга ашиглалтад ороход хоормистерээр ажилладаг байжээ. Өдгөө 84 настай энэ хүнтэй “Учиртай гурван толгой” дуурийн талаар ярилаа.

-“Учиртай гурван толгой” дуурийн ноотыг шинэчилж байгаа талаар та сонссон байх.
-Яг ч ноот биш л дээ. Ноот гэвэл Д.Нацагдоржийн хэвлүүлж байсан номонд байдаг юм. Харин Партитур гэж ярих хэрэгтэй. Энэ нь жүжгийн туршид эгшиглэх хөгжим гэсэн үг. Хаана ямар хөгжим, хэдий хэр дуугарах вэ гэдгийг бичсэн зүйл. 70, 80 жил энэ партитураар тоглож байгаа. Их үнэт бүтээл.

-Таныг энэ жүжгийн талаар олон зүйл ярина гэж бодоод ирсэн маань сайн хэрэг болж.
-“Учиртай гурван толгой” жүжгийг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн бичсэн гэдэг. Анхны нэр нь “Үйлийн гурван толгой” байсан юм. Д.Нацагдорж Орос, Герман улсад зорчиж, өрнийн соёлыг үзэж ирээд “тийм л зохиол” бичихийг хүссэн байгаа юм. Эхлээд эмгэнэлт жүжиг байсан гэдэг. Угаасаа л утга зохиол гэдэг эмгэнэл байдаг шүү дээ. Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдлын тухай зохиол байсан. Гэхдээ амар сайхандаа жаргадаг үлгэр шиг “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг хурим найраар төгсдөг. Д.Нацагдорж монгол хүний билэг дэмбэрэл, ашдын ерөөл гэдэг зүйлийг бодоод ингэж эерүүлсэн хэрэг. Угаасаа ч монгол заншил ёсоор сайн санаат хүн ялж төгсдөг учиртай. Үүнийгээ “Гандий мод”, “Хулсан ташуур”, “Цэнхэрлэн харагдана”, “Гунан хар” дуугаар тайзнаа буулгасан юм. Намдаг гуай найруулсан шүү дээ.


-Яагаад. Ардын дуугаар дуурь тавьсан хэрэг үү?
-Тухайн үед хөгжмийн зохиол бичих хүн байгаагүй. Одоо мундаг болчихсон энэ хөгжмийн зохиолчид бүгд хүүхэд байсан. Тэгэхээр “Учиртай гурван толгой” дуурь анхны хөгжмийн зохиолтой жүжиг юм. Монголын анхны дуурь. Булган сүүлтэй гэж ярьдаг шиг л, монгол дуурь цувж эхэлсэн. Араасаа олон дуурь дагуулсан бүтээл шүү дээ, энэ чинь.


-Манайд хэчнээн үндэсний дуурь байдаг юм бэ?
-Яг тоолбол, 23 дуурь бий. Эднээс тав, зургааг нь л одоо тоглодог. Бусад нь хаачсан юм бүү мэд. Хувцас хэрэглэл нь хуучирсан уу, үзэл санаа нь нийгэмд зохицохоо больсон уу, бүү мэд.


-Тэгвэл “Учиртай гурван толгой”-г яагаад байнга тоглодог юм бол?
-Хоногшуулсан. Хүн бүрийн мэддэг жүжгийг бүгд сонирхож үздэг юм. Нансалмаад хэн тоглож байна, хэн нь дүрээ илүү сайхан бүтээж байна гээд л… Сонирхож үзнэ. Харин хаа нэг тоглодог жүжгийг үзэх хүсэл нэг их төрдөггүй. Төрлөө ч, төдхөн замхардаг.  Яг үүн шиг “Учиртай гурван толгой”-г хүн бүр мэддэг хэрнээ одоо болтол үзээд л байна шүү дээ. Үе дамжин үзэж, сургамж авч, ухаарч байгаа нь энэ.
-Хамгийн анхны дуурь мөртлөө хамгийн шилдэг нь болчихсон байна шүү дээ.
-Монгол хөрсөн дээр өрнийн соёлыг суулгасан нь том ололт юм. Өрнийн дуурь 300, 400 жилийн түүхтэй. Энэ үнэр амтыг монгол  ахуйд шингээсэн байгаа юм. Гэхдээ байна шүү, “Учиртай гурван толгой”-г “Ромео Жульетта”-тай харьцуулах юм бол ердөө дуулалт жүжиг юм шүү. Гэхдээ энэ жүжиг Монголын урлагт олон зүйлийн эхлэлийг тавьж өгсөн.


-Их олон зүйлийн анхдагч гэсэн үг үү?
-Тийм ээ. Монголд сайхан дуучид байсан. Гэхдээ мэргэжлийн дуучин байгаагүй. “Учиртай гурван толгой” дуурийн босго, шалгуур болсон юм. Сайн дуучин Нансалмаа, Хоролмаа, Юндэн, Балганаар дамжин төрдөг байлаа. Дуурь тансаг зүйлийг шаарддаг. Дуулахаас гадна, монгол намба, төрх, хөдөлгөөн зэргийг чухалчилдаг. Энэ бүхнийг жүжигчид сурах хэрэгтэй. Одоо ч гэсэн урлагийн ажилчдын өдрөөр “Учиртай гурван толгой” жүжгийн дүрүүдээр уралдаан зохиодог юм. Энэ их сайхан уламжлал.


-Одоо ч гэсэн босго хэвээрээ гэсэн үг үү?
-Хүн бүхэн л энэ дөрвөн дүри йг бүтээж үздэг. Оюутнууд дипломын ажлаараа ч сонгох нь элбэг.


-“Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг орос хүнтэй хамт зохиосон гэдэг юм билээ.
-1944 онд Зөвлөлтийн сургагч Борис Смирнов манайд ажиллаж байлаа. Тухайн үед Зөвлөлтийн сургагчийн гар ороогүй зүйл байдаггүй байсан юм. Сонингоор бол редактор гэсэн үг. Тэр жишгээр “Учиртай гурван толгой”-г орос сургагч болон манай театрын хамт олон ярьж байгаад жаахан шинэчилсэн. Энэ хөгжмийг манай хоёр Дамдинсүрэнгийн бүтээл гэж нэрлэх учиртай юм шүү.


-Та энэ жүжгийн удирдаач хүн. Жүжигчдийн талаар ярихад…
-Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Манай театр урлаг өөрчлөгдөж байгаа хэдий ч “Учиртай гурван толгой” өдий хүртэл тайзнаас буугаагүй л байна. Үүнийг л уран бүтээлийн чанар, чансаа гэдэг юм. Миний залуу нас, ажлыг энэ дуурь чимсэн юм. Харин одоо тэр үеийн хүүхдүүд маань залуу үеээ бэлддэг болжээ. Энэ дууриа бүтнээр нь өвлүүлэн үлдээсэн. Т.Хандсүрэн, Л.Цогзолмаа нар чинь миний Нансалмаанууд юм шүү дээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа:

Ичинхорлоо гуайг гүйцэх  Нансалмаа байгаагүй

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhIY3LYXHBI7Uej0DCOZjhc8FevYvInyisDcyy26xcXVfLfC-P0UifKO2vxDGcYhhDeGYM83XVuKbfKu1s_qfcmxDS0aTkObF5NybIl8WJ5k_3_7iPdJne3uClBcJnzGqwIHRKuscuYeIOw/s1600/scan1.jpg

Цогзолмаа гуайг 19 настай байх үеийн дүрийг нь телевизийн дэлгэцээр анх харж билээ. Энэ бол мэдээж Монголын ард түмний сэтгэлд хоногшиж үлдсэн “Цогт тайж” кино. “Цогт тайж” киноноос ч өмнө урлагийн “ажлаа” эхэлж байсан тэрбээр 90 нас руу “мацаж” яваа хэдий ч, тайзаа орхиогүй билээ. Цогзолмаа гуайн гэрт саатах болсон учир нь түүний бүтээсэн Нансалмаагийн дүр юм.

http://www.mongolinternet.com/famous/Tsogzolmaa.jpg

-“Учиртай гурван толгой” жүжгийн партитурыг шинэчилж байгаа талаар сонсоод, хамгийн өндөр настай Нансалмаагаа зориод ирлээ.
-Энэ жүжгийн зохиолыг Д.Нацагдорж бичиж байсан гэдэг. 1934 онд шүү дээ. Тухайн үед дан ардын дуугаар тоглодог байсан бол 1944 онд Б.Дамдинсүрэн ая зохиосон. Ингэж “Учиртай гурван толгой” өөрийн гэсэн ая, үгтэй болсон түүхтэй. Энэ дуурь Монголын театр урлагт их олон шинэчлэлийг дагуулсан. Жишээлэхэд ардын найрал дуу байна. Урьд нь байгаагүй зүйлсийг тайзнаа амирлуулсан нь энэ.

-Та хэзээ “Нансалмаа болсон” юм бэ?
-1944 оноос эхлээд 13 жил тоглосон. Залуу хүн бүр Нансалмаагийн дүрийг бүтээхийг хүснэ шүү дээ. Хүн бүрийн мэддэг, ийм сайхан дүр бүтээж байгаадаа их л баярладаг байлаа. Арваад жил тоглосноо аз гэж боддог юм.

-Тэгвэл танаас өмнө хэчнээн Нансалмаа байсан бэ?
-Э.Оюун гуай, Д.Ичинхорлоо, Т.Хандсүрэн, н.Ичинноров гээд хэд хэдэн мундаг Нансалмаа байсан. Бас нэг орос хүүхэн бий. Арбинович гэдэг юм. Гэхдээ Д.Ичинхорлоо гуайг гүйцэх Нансалмаа байгаагүй гэж боддог юм. Тайз түүнийг сэргээдэг байсан. Амьдрал нь огт өөр. Тэр хүн надад том үлгэр жишээ болдог байлаа. Нансалмаа маань монгол бүсгүй хүний төлөөлөл юм. Үнэнч, хүлээцтэй, зоригтой, ариун сэтгэлтэй гээд л бүх сайн сайхан шинж чанар нь бүрэлдсэн гээд л…

-Таныг Нансалмаагийн дүрийг бүтээж байх үед “Учиртай гурван толгой” жүжигт өөрчлөлт орж байв уу?
1951 онд тайзны зураач Н.Чүлтэм гуай энэ жүжигт шинэ өнгө аяс оруулж өгсөн. Ер нь бага багаар шинэчлээд л байсан даа. Энэ жүжиг мөн ч олон жүжигчинг төрүүлсэн дээ.

-Хэчнээн Юндэнтэй байв?
-Цэрэнжав, Гомбосүрэн гээд их сайхан Юндэнгүүд байлаа. Манай “Бөмбөгөр ногоон” театрын хамт олон их сайхан хүмүүс бий.

-Та хамгийн сүүлд хэзээ Нансалмаагийнхаа дууг дуулав?
-Хоёр жилийн өмнө. Нэг фестивалийн үеэр дуулсан. “Бөмбөгөр ногоон” театрынхаа найзуудтай уулзах үеэрээ хааяа нэг дуулах үе бий.

-“Бөмбөгөр ногоон” театрын талаар ярих уу?
-“Бөмбөгөр ногоон” театр баригдаж дуусах үед би тэнд очсон юм. 1926 он байлаа. Харин жинхэнэ мэргэжлийн жүжигчин болсон гэж яривал 1931 он юм байна. “Бөмбөгөр ногоон” театрт зураач Л.Намхайцэрэн, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Г.Хайдав нартай хамт ажилладаг байлаа.

-Таныг үлээвэр хөгжим тоглодог байсан гэж ярих юм билээ.
-Тийм ээ. Циркт байхдаа контрабасс үлээдэг байсан юм. Тухай үед хөгжимд жигтэйхэн дуртай байлаа. Контрабассаа үлээгээд л… Америкийн хөгжмийн зохиолчдын дууг хөгжимдөнө. Харин одоо жааз хөгжмийг таашаах хүн ховордсон бололтой. Би өөрөө ч үлээхээ болиод удаж байна.

-Одоо “Бөмбөгөр ногоон”-ыхон тоглолт хийдэг үү?
-Бид чинь “Эртний сайхан” гэдэг чуулгатай. Ж.Бадраа гуайн санаачлагаар байгуулж байсан юм. Хөдөө орон нутагт тоглоход, хүмүүс сайхнаар хүлээж авдаг юм. “Хүрээ дуу”, “Бид бөмбөгөр ногооныхон”, “Харилцаа дуу” гээд л тоглолт хийж байлаа. Одоо манай чуулгын 20 жилийн ой болох гэж байна.

-Ардын дуунаас хүмүүс огт уйдахгүй юм аа.
-Хаа газрын ардын дуу мөнх настай байдаг юм. Шинэ үеийн хөгжим гарч ирээд 10, 20 жилийн настай. Харин ардын дууг үе дамжуулан дуулж л байдаг. Гэхдээ заримдаа зогсох тохиолдол бий. Жишээлэхэд ерөөл, магтаал, туульс, харилцаа дуу одоо нэг их түгээмэл биш шүү дээ.



 


 
 Л.Эрдэнэбулган: 
Театрын бүх уран бүтээлчийг ганцхан энэ дуурь тэжээдэг
http://stat.gogo.mn/news/20071126/dsc02212-middle.jpg

Найруулагч Эрдэнэбулган 1994 онд “Учиртай гурван толгой” дуурийн тав дахь найруулгыг хийсэн. Ингэхдээ эл дуурийн анхны сэдвийг хөндсөн, эмгэнэлийн өнгө аястай кино бүтээсэн билээ. Үүнээс гадна түүнийг 319 удаа Юндэнгийн дүрд тоглосон тухай дурдалгүй өнгөрөөж боломгүй. “Учиртай гурван толгой” дуурийн партитурыг сэргээн засварлаж, хэвлээд дуурийн театрт гардуулсан тухай ярилцлаа.

-Сэтгэл догдолсон тэмдглэлт үйл явдал болж байна. Баларч хаягдахдаа тулсан, монголын ард түмний өмчийг сэргээн засаж байгаа “Чулуун сан”-гийн хамт олонд их талархлаа илэрхийлэх нь зүйтэй болов уу. Үнэндээ баярлалаа гэдэг үг ч багадахааар байна. Энэ ажлыг ивээн тэтгэж, тусалж дэмжсэн Ажнай Бат-Эрдэнэд баяр хүргэмээр байна. Дуурийн партитур гэдэг нь амин сүнс юм. Энэ л байхгүй бол энэ хөгжмийн зохиол хэнд ч хэрэггүй болж хаягдана. Энэ санаа, утга учрыг хадгалж, хойч үедээ дамжуулж байгаа энэ хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байна.

-“Сайн бүтээлийг ард түмэн заавал авч үлддэг юм” гэж та дандаа ярьдаг шүү дээ.-Энэ бүтээл арчигдаж, ул мөргүй алга болох түвшинд очсон байсан. Гар бичмэл дээрх ноот бараг л харагдахаа больж байлаа. Харамсалтай нь дуурийн театрынхан үүнийг анхаараагүй. Өнгөрсөн жил Б.Дамдинсүрэнгийн 80 жилийн ой болж өнгөрлөө. Үнэндээ хэн ч тоогоогүй юм шиг санагдсан. Охинд нь дугтуйтай таван төгрөг өгч харагдана лээ. Монголын гайхалтай уран бүтээлийн эхлэл, суурийг тавьж өгсөн хөгжмийн зохиолч шүү дээ. Б.Дамдинсүрэн, Д.Нацагдоржийн ойг тэмдэлэхийн төдий хандаж боломгүй. Харин ч тэмдэглэхийн дээдээр тэмдэглэж, ард түмний баяр болгох ёстой. Пушкины 200 жилийн ойгоос ч илүү хүндтэй юм шүү дээ, уг нь.

-Та Юндэнгийн дүрийг хэчнээн удаа бүтээснээ тоолчихож. Харин театрт нийт хэчнээн удаа тоглосон юм бол?-Дуурийн театр баригдсанаас хойш 3000 гаруй удаа тоглосон гэдэг. Аймаг орон нутгийн театрууд тус тусдаа тоглодог юм. Одоо бол театрын бүх уран бүтээлчийг ганцхан энэ дуурь л тэжээж байна гэхэд хилсдэхгүй. Нарийн яривал би ч гэсэн нэлээд хэдэн жил тэжээлгээд авсан. Энэ л дууриар гараагаа эхэлсэн жүжигчид дэлхийн тайзнаас шагнал авч яваа. Нялх амьтад эхийн сүүгээр амладаг шиг Монголын уран бүтээлчид энэ жүжгээр амладаг .

-Танаас өмнө хэн шинэчилж байсан бэ?-Аливаа зүйл цаг үеэ даган өөрчлөгдөж байдаг. Тиймээс бага багаар сэргээх хэрэг гардаг юм. 1974 онд Б.Даш тодосгож, цэгцлэн өгсөнөөр Д.Лхагвасүрэн тайзнаа тавьж байсан түүхтэй. Үүний дараа би шинэчилсэн. Миний шинэчлэн найруулсан хэлбэрээр одоо хэр нь тоглож байгаа юм.

-Тэгвэл өөрчилж байсан удаа бий юу?

-1957 онд Б.Дамдинсүрэнгийн санаачлагаар Хятад ший маягийн хэлбэрээр Бээжин хотноо тоглож байсан удаатай.  Мөн Д.Нацагдоржийн шүлгийг орчуулан, дуулж байлаа. Гэсэн ч энэ шүлгийн суурь хэзээ ч булгарч, ганхаж байсан удаагүй. Тиймдээ ч одоо хэр нь монголын сор болсон бүтээл гэсэн нэрээ хадгалж чадаж байгаа юм. “Учиртай гурван толгой” дуурийн талаар яривал асар том түүх байна. Ц.Цэгмид, Долгорсүрэн, Цэндээхүү, Гомбосүрэн, Уртнасан, Цэвэг, Дагванамдал, бичгийн их хүн Намдаг, Цэндээхүү, Лхасүрэн, Гэндэн гээд яриад байвал дуусахгүй. Яндаж болдоггүй далай шиг, яасан баян сан бэ гэж уулга алмдаар болно. Бүтээж, босгосон цаг үеэсээ эхлээд л жинхэнэ утгараа монголын соёлын алтан бичиг болж үлдсэн ганц бүтээл юм даа. Хамгийн анхны балган Жадамба байлаа. Ингээд, 30 гаруй Юндэн, Балган, 40 орчин Нансалмаа, Хоролмаа энэ жүжигт дүрээ мөнхөлсөн юм даа.


Д.Жаргалсайхан: 
Концертний Балганаар яах юм
http://www.mongolnews.mn/uploads/201103/news/thumb/e80e0d9f7e47c5a48b50fb4ed74eabc2_x3.jpg
-Дөрвөн гол дүрийг Монгол хүнийг илэрхийлсэн дүр гэж ярьдаг. Балган эсрэг дүр мөн үү?-Энэ дөрвөн дүрийг харьцуулаад үзэх юм бол Балган яах аргагүй эсрэг дүр болж байгаа юм. Гэхдээ эсрэг дүр гээд мунхаг байж болохгүй. Хүн л юм хойно ухаантай, бодолтой байх хэрэгтэй. Балганы дүрийг бүтээхийн тулд нэлээд бодол болсон. Жүжигчин хүн дүрдээ орно гэдгийг төсөөлөлбий болгох гэж боддог юм. Хийсвэр дүр зохиож, түүнийгээ өөр дээрээ бүтээх гэсэн үг. Миний хувьд Балган бол баярн айлын эрх танхи хүү. Айлын ганц болохоор дураараа дургиж, хүссэн бүхнээ авдаг байсан. Ингэж бодож байж харц, дууны өнгө, хөдөлгөөнөө нийлүүлнэ. Дүр бүтээх гэдгийгдуулах төдийхнөөр ойлгож болохгүй. Концертний Балганаар яах юм.

-Та хэзээ Балган болсон бэ?-1959 онд Дорнодийн хөгжимт драмын театрт гурван жил ажиллаад 19 настайдаа Улсын хөгжимт драмын театрт ирсэн. Орон нутгаасаа шалгарч, туршлага сонилцох журмаар шүү дээ. Тэгээд л балганы дүрийг авчихсан юм. 1961 он хүртэл Балганы дүрд тоглосон доо. Харин 1966 он хүртэл Болгар яваад хэсэгтээ дүр бүтээгээгүй.

-Жүжигчид “Учиртай гурван толгой” дуурьт их олон жил тоглодог юм билээ.-Тийм ээ. Би ч мөн ажил олон бил тоглосон. 1966 оноос эхлээд одоо болтол Балганыхаа дүриыг бүтээж байгаа.

-Одоо хүртэл үү?-Одоо ч залуу үедээ халаагаа өгсөн байгаа. Гэхдээ хааяа дуудахаар нь очоод л байгаа шүү дээ. Урьд нь басс холойгоор дуулдаг байсан бол одоо цаг өөр болж. Баритонууд Балганы дүрийг бүтээдэг болсон. Миний үед хэд хэдэн балган байснаас нэр дурдвал Гүрбазар, Норсонжав нарыг хэлж болно. 1976, 1977 оны үед хоёрдугаар үзэгдэлийн аялгуу дээшээ хөөрсөн болохоор Б.Дамдинсүрэн өөрөө засварлаж байсан. Түүнээс хойш баритон хоолойгоор дуулахад илүү амар болсон юм шиг санагдаж байна.


Х.Уртнасан: Дагванамдал гуай миний анхны Юндэн. Харин би түүний хорин хэд дэх Нансалмаа

http://resource.news.mn/show/photo/2010/12/d9a36dc19ab01d8b/2647e4d335c4bf89big.jpg
-Хэчнээн жил Нансалмаагий дүрийг бүтээв?-“Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрээр тайзнаа гарахад 1972 он байсан юм. Тухайн үед удирдаачаар Санжмятав гуай ажиллаж байлаа. Харин анхны Юндэн маань Дагванамдал гуай болж байж. Харин би Дагванамдал гуайн хорин хэд дэх Нансалмаа байсан юм гэсэн. Ингээд би 1972 он хүртэл Нансалмаа байлаа даа. Тухайн үед Пүрэвдорж, Дагванамдал, Цэвэлсүрэн, Сүрэнхорлоо нарын орыг Хавлааш, Готов, Бүтэд бид хэд залгаж авсан юм. “Учиртай гурван толгой” бол сургууль төгсөгчдийг хэл, хөлд нь оруулж өгдөг суурь бүтээл. Жүжигчид уран бүтээлийг амьдруулдаг бол “Учиртай гурван толгой” уран бүтээлчдийг амьдруулж өгдөг юм. Тиймээс дөрвөн гол дүрийг бүтээнэ гэдг монголын ард түмний шалгуур юм. “Учиртай гурван толгой” жүжгийн дууг аялж мэдэхгүй монгол хүн байхгүй. Хүмүүс танил тал, найз нөхөддөө хайртай байдаг шиг монголын ард түмэн энэ дөрвөн дүрд хайртай байдаг.

-Ард түмний хайртай дүрийг амирлуулахад айдас байх уу?-Энэ дөрвөн гол дүрийг монголжуу байхыг зохиол нь шаарддаг. Монгол эмэгтэйн намба төрх, эрийн цог хийморийг одоо цагийн жүжигчид хэрхэн бүтээж байгааг үзэгчид шүүдэг. Мэргэжлийн бус хүн ч гэсэн шүүж чаддаг энгийн дүр юм. Хэтэрхий энгийн хэрнээ үлгэр жишээ болсон дүр гэхээр жаахан эмээх сэтгэл төрнө.

-Монголын анхны дуурь өдий болтол ард түмний талархлыг хүлээсээр л байх юм.  “Учиртай гурван толгой” дуурь тоглоход театр үргэлж ч дүүрэн үзэгчтэй байдаг.-Хүмүүс үзээгүй жүжгээ үзэх гэж театрт очдог бол “Учиртай гурван толгой” дуурийг дахин үзэж, дүгнэх гэж цугладаг. Харин уран бүтээлчдийн хувьд энэ дуурь уран бүтээлийн дөрөө нь юм. Тиймдээ ч үе үеийн уран бүтээлчид энэ бүтээлд мөргөн сүслэж явах ёстой.

-Дэлхийн сонгодог дуурьд гоцолдог дуучид “Учиртай гурван толгой” жүжгээс халгадаг юм билээ. Яагаад тэр вэ?-Сонгодог жүжгийг дэлхий нийтээрээ мэднэ. Улс үндэстэн бүрийн тайзнаа амирлах тогтсон хэв маягтай. Тэгэхээр дуурайж дуулах, хэв маягийг нь дагах зэргээр бүтээчихэж болдог. Харин “Учиртай гурван толгой” жүжгийг өөрийнхөө намба төрхөөр бүтээх учиртай. Дууны маягаар бадагтай бичсэн дуурийг монгол ахуйтай холбож, уран аргаар дүрээ бий болгодог. Задгай, ардын дууны хоолойгоор дуулж болохгүй. Дэлхийн сонгодогтой эн тэнцүүлээд дуулчихаж ч болохгүй. Энэ хоёр үндсэн элементийн тэг дундуур “авч явах” хэрэгтэй байдаг юм. Орчин үеийн хэллгээр өөрийн гэсэн имижтэй юм даа.

-Нансалмаагийн имиж юу байв?-Ариун явдал, нэгэн үзүүрт сэтгэлтэй. Нутгийн сайхан залуу Юндэндээ хайр сэтгэлээ зориулсан тийм л энгийн, эгэл жирийн монгол бүсгүй шүү дээ. Монголжуубайна гэдэг нь имиж байхгүй юу. Одоогийнх шиг мөнгөтэй залууг дагаад явахгүй байх нь...

-Та энэ имижийг хэрхэн бүрдүүлсэн бэ?-Хайрын гурвалжин гэдэг зүйл бүх цаг үед байсан. Харин монгол хайрын гурвалжинг “Учиртай гурван толгой” дуурь илтгэж байгаа юм. Би дүрийн судалгаа хийхдээ гурвалжин зурдаг байлаа. Гурвалжингийн орой хэсэгт Юндэн, Нансалмаа хоёр, нөгөө хоёр өнцөгт нь Балган, Хоролмаа хоёр байгаа гээд л... Тэгээд л Монгол эмэгтэйн бүх сайхан чанарыг өөртөө шингээхийг чухалчилсан даа. Юндэнгээ ч бас хамгийн сайхан эр хүн гэж дотроо төсөөлөөд л...

-Өөрөөсөө өмнөх үеийн Нансалмаа нараас зөвлөгөө авч байв уу?
-Ичинхорлоо гуайг сураглаж байгаад очиж хэдэн үнэт зөвлөгөө авч байлаа. “Та нар сонгодог урлагийн дуучин болж “өсч” байгаа. Тиймээс европ маягийн сургуулилтыг монгол хэв маяг болгохыг хичээ. Миний харж байгаагаар чи яг л Нансалмаа байна. Тайзан дээр өөрийнхөө байгаа байдлыг хэрхэн сайн илчлэх талаараа л бод” гэж хэлж байсан юм. Энэ үг надад өөртөө итгэх итгэл, урам зориг өгдөн дөө. Мөн Халхын алдарт Хоролмаа гэж алдаршсан Сүрэнхорлоо, Цэвэлсүрэн нартай нэг өрөөнд, нүүр будаж суудаг байлаа. Тэдэнтэй хамт сургуулилт хийж байсан ч удаатай. Шанзчин Базаррагчаа гуай хөгжимдөөд л, бид чинь сургуулилт хийнэ шүү дээ. Харин одооны Нансалмаанууд төгөлдөр хууртай бэлддэг болсон байна лээ.

1 comment:

  1. Uchirtai 3 Tolgoi duuriin anxnii Mongol partiture iig xiij bailaa.

    [MGL]TheSinner

    ReplyDelete