Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, February 24, 2011

С.Бямба: Бусдын амьдрал руу камер чиглүүлнэ гэдэг буу шагайхтай адилхан байж мэднэ

Т.Нипонь
Арваад жилийн өмнө “Нохойн орон” нэртэй кино үзэж байхдаа энэ киног бүтээсэн хүнтэй нүүр учирна хэмээн төсөөлөө ч үгүй явжээ. Баримтат киног өөр өнгөөр харахыг “заасан” зураглаач С.Бямба хэмээх энэ хүн уран бүтээлийн их аянд мордсоноос хойш хориод жил өнгөрчээ. Түүний хонин бор нүдэнд тэнгэр ямархуу байдалтай харагддагийг би “Хадаг” киноноос үзсэн. Дараа нь орон орны хүүхдүүдийн амьдралыг харуулсан “Нялхас” киноноос монгол хүүхдийн тэмцлийг тод өнгөөр харсан юм. Ямартаа ч би эх нутгийн тухай гайхалтай уран төсөөллийг зөвхөн монгол хүн л “ингэж” дүрсэлж чадна гэдгийг түүний бүтээлүүдтэй “танилцаж” суухдаа анзаарсан юм. Бид ирэх 25-нд нээлтээ хийх “Хүсэл шунал” киноны талаар ярилцах гэж уулзсан юм.
Түүнийг би анх харсан даруйдаа “хэнэггүй” гэж тодорхойлмоор байв. Гэсэн ч цамцны индүүдлэг, хумсны засалт болон ороолтоо хэрхэн ороосныг нь харвал тэр эмх цэгцтэй хүн байх аа. Ер нь зураглаач хүн хамгийн тэвчээртэй нь байх учиртай. С.Бямба ах ч гэсэн мэргэжлийнхээ дагуу зураг авалтын үеэр байхгүй мэт чимээгүй, хөдөлгөөнгүй болчихдог юм гэсэн.





Photo by Г.Эрдэнэтуяа



Дээр дурдсан “Хүсэл шунал” кино  2010, 2011 оны Пусаны, Тайваны, Дубайн, Гётобургийн, Тайландийн, Сан Францискогийн олон улсын кино наадамд тус тус  оролцож 2010 онд Тайваны олону улсын кино наадмаас “Гран При” шагнал хүртэж байжээ. Монголын удам дамжсан нэрт кино найруулагч болох Дэжидийн Жигжид , түүний хүү Жигжидийн Биндэр нарын  амьдрал уран бүтээлээр дамжуулан ХХ зууны монголын кино урлагийн талаар энэ кинонд өгүүлнэ.

-Дараагийн төлөвлөгөө чинь юу байна?
-Уран сайхны киноны зохиолыг бие даан хийж байна. “Хүсэл шунал”-ын үргэлжлэл маягаар гарах юм. Манайхан мөнгө төгрөг байхгүй гээд суугаад л байдаг. Уг нь цаасан дээр хийчих хэрэгтэй байгаа юм ш дээ. Хичкок гээд Английн том найруулагч киногоо цаасан дээр “хийдэг” байсан юм. Зхиолоо бичээд, зураг төслөө гаргачихна. Тэгээд л “Би киногоо бүтээчихлээ, одоо зөвхөн зураг авалт хийх л дутуу” гэж ярьдаг байсан юм.
Залуус маань хөрөнгө мөнгөний зовлон тоочиж суугаад сурчихаж. Энэ хөрөнгө мөнгөний асуудал өмнөх 20 жилд ч яригдаж л байсан асуудал. Одоогийн яриад байгаа шиг улсаас бүх хөрөнгө мөнгө нь гардаг ч гэсэн тэр нь нарийн тооцоо, хувьаарьтай мөнгө байсан юм. Цаашид ч байх л асуудал. Ер нь хаа сайгүй л мөнгө цааснаас болж зогссон кино байгаа. Тэгэхээр шалтаг тоочихын оронд цаасан дээр ч болов кино хийгээч ээ гэж хэлмээр байгаа юм.
-Та цаасан дээр кино хийдэг үү?
-Тэгэлгүй яахав. Бүгдийг нь бэлдээд, бэлэн болгочихсон байхад хөрөнгө оруулалт олоход л ажил эхэлнэ шүү дээ. Бэлтгэл ажил гэдэг чинь энэ шүү дээ.
-Тэгвэл та юм уншихдаа мундаг дүрслэн боддог байх даа.
-Ерөнхийдөө харна. Хийж байгаа зүйл маань   рефлекс болоод тогтчихсон юм шиг байгаа юм.  Мэргэжлийн өвчин ч гэж ярьж болох байх.

Заримдаа С.Бямба ахын үг нь эвлэхгүй үед ийш тийшээ харж, ширээ тогшиж, хуруугаа хазна.Цонхоор юу ч юм ширтэнэ, ус ууна. Яриагаа ойлгомжтой байлгах гэж олон жишээ дурдахдаа огт уйдахгүй мэт хөврүүлэн ярьсаар л байлаа. Энэ үед л би  түүний яриаг хачиртай яриа гэж тодотгомоор санагдсан билээ.

-Зорилтот баримтат кино гэж нэг юм байна аа. Та тийм кино хийе гэж бодож байв уу?
-Зорилтот кино гэж ямар киног хэлээд байгааг чинь сайн мэдэхгүй юм. Гэхдээ л уран бүтээл бүхэн ямар нэг зүйлд зорьдог шүү дээ.
-Эрэн сурвалжлах маягаар бүтэсэн кино. Ямар нэгэн зүйлийн гаж нөлөөг илчлэх, эсвэл нийгмийн гажуудлыг олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх ч гэх юм уу...
-“National geographic” сувгийн кинонууд ихэвчлэн тийм талдаа байдаг.
-Дээхнэ үед ВВС-ээр “Ninja nation” гээд Монголын тухай баримтат кино гарч байсан юм. Их өрөвдмөөр, гайхмаар санагдсан. Гадаадууд хийсэн гэдэг нь илэрхий харагдаж байна лээ.
-Тиймэрхүү юм байх болов уу гээд төсөөлөгдөж л байна. Би хувиа бодоод, нэр алдар хөөгөөд явбал кино хийх өчнөөн олон санаа оноо бий. Монгол зураглаачийн хувьд гадныханд эх орныхоо тухай юуг бусдад үзүүлж харуулах талаараа бодно. Ерөнхийдөө бүтээл туурвихдаа уран бүтээлч, иргэн гэдэг үүднээс ханддаг даа. Хийчихээд дарчихсан, хэнд ч үзүүлээгүй уран бүтээл надад олон байгаа. Асуудал хөндсөн уран бүтээлийг хэрүүлийн шинж чанартайгаар хүлээж авах тал манайханд ажиглагддаг юм. Тэгэхээр хэнд юу үзүүлэхээ бодох л хэрэгтэй байгаа юм.
-Аль орны кино хийц сайтай санагддаг вэ?
-Сүүлийн үед Турк кино их сайн болоод байгаа.
-Улс орнууд үндэсний хэв маягаа хадгалсан кино бүтээх нь элбэг. Энэтхэгийг жишээ татахад дуу хуур, үндэсний хувцас, киноны арга барил зэрэг нь яг Энэтхэг кино гэдгийг нь “хэлдэг”. Тэр ч бүү хэл ядуу байдлаараа ч гэсэн дэлхийд алдар нэрийг олчихоод байна. Харин манай сүүлийн үеийн киног үзээд монгол кино гээд хэлчихээр зүйл бараг алга аа.
-Кино үзэж байгаа хүмүүс л Монгол ахуй амьдралаасаа холдож байна гэсэн үг ш дээ. Тэдэнд монгол ахуй амьдрал сонин биш. Тийм учраас бид нар “соёл” гэж нэрлээд байгаа гадны зүйлсийг ялгаж салгаад, кино хийхдээ хүртэл бодох хэрэгтэй байгаа юм.
-Хамгийн сүүлд “Тусгай салаа” гээд олон ангит кино гарсан. Тэнд л харин нэг хөдөөгийн монгол залуугийн дүр “таарч”, залуусыг хуйлруулсан юм даг.
-Би олон ангит кино үздэггүй. Цагийн гарз байдаг юм. Нас яваад ч тэр юм уу, цаг заваа тооцоолох хэрэгтэй гэж бодоод байгаа. Чи нэг тааруухан юм үзээд эхэлчихвэл дасаад ирдэг юм. Ах нь залуучуудад ур хийц муутай кино аль болох үзэхгүй байхыг зөвлөдөг юм.  Уран бүтээл туурвтиж байгаа хүмүүс аль амт шимттэйг нь түүж  байх хэрэгтэй. Тэгж байж л сайн бүтээл гарна. Өнөөдрийн хийгээд байгаа зүйлсийг толгойгоороо хийгээд байгаа юм. Гэхдээ урлаг гэдэг толгойны ажил биш. Сэтгэл зүрхний ажил байгаа юм.Толгойгоор шинжлэх ухааныг хийж болно. Бодож, тооцоолох нарийн арга замаар хийдэг эд. Харин урлагийг бүтээх теором, томъёо байдаггүй.
-Залуудаа хийж байсан бүтээлээ хараад шүүмжлэх үе байдаг л биз дээ?
-Киног засаж болдоггүй гэмтэй. Нэг хийгээд дуусгачихсан л бол тэр чигтээ түүх болон үлдэнэ. Мэдээжийн хэрэг засах юм гарна. Гэхдээ би дуусгасан бүтээлээ эргэж хараад байдаггүй.
-Шинэ зүйл сурахад өмнө нь сурсан зүйл саад болдог гэдэг. Тэгвэл таныг шинэ уран бүтээл туурвихад өмнөх ажлуудын туршлага саад болж байв уу?
-Баримтат кино хийхэд хамгийн их саад болдог зүйл энэ байх аа. Хийж байгаа зүйл үргэлж надтай зөрчилддөг. Өмнөх туршлагууд хийж буй зүйлд хязгаарлалт болчих гээд байдаг болохоор ихэвчлэн өөрийгөө хүчилнэ дээ. Гэхдээ урлаг гэдэг толгойны ажил биш. Сэтгэл зүрхний ажил байгаа юм.
-Урлаг гэж юу юм бэ?
-Харин чи урлагийг юу гэж ойлгодог вэ?
-Би танаас эхэлж асуусан ш дээ.
-Хоюулаа зүгээр л ярилцая л даа.
-Би бичгийн хүн болохоор ярихдаа их тааруу. Та ч бас ярихаасаа илүү дүрслэхдээ сайн юм шиг байна. “Нохойн орон” гэдэг киногоор таныг анх мэддэг болсон. Тэр төсөөлөл бол ярьж байгаагаас чинь илүү юм аа.
-“Нохойн орон” үзсэн юм уу?
-Үзсэн.
-Ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Жаахан байхдаа үзэхэд их аймар санагдсан. Дараа нь үзэхэд тэр их айдас хэвээрээ боловч ямар нэг гарц харах шиг болсон. Урт гэгчийн харанхуй хонгоилоос гарц олж байгаа юи шиг л...
-Уг нь чиний хэлдэг зөв байхгүй юу. “Нохойн орон” их өөдрөг үзэл агуулсан, гэрэл гэгээ рүү тэмүүлсэн кино байгаа юм. Харин зарим хүмүүс үзээгүй хэрнээ л үйл явдлыг нь яриад, аймар, бохир, монголыг доош нь хийсэн гэж яриад байдаг юм. Тэр эмэгтэй амаржихад шинэ амьдрал эхэлж байгаа биз дээ.
-Та хүний амьдралыг боловсон аргаар, гүнзгий дэлгэдэг юм шиг санагддаг.
-Баримтат киног хийхэд заавал “хаалга”-тай тулгардаг. Энэ бол хувийн нууц гэдэг хаага. Хаалгыг тогшоод, тогшоод тайлж өгөхгүй. Тэгсэн хэрнээ эзэн нь аажмаар өөрөө оргойлгодог. Харин энэ нь бусдад дэлгэж болохгүй нууц байх нь элбэг. Энэ нууцыг заавал үзүүлэх албагүй л дээ. Учир нь тухайн хүний эмзэг цэгийг хөндчихөж магадгүй. Тэгэхээр болох болохгүйн завсраар эвтэйхэн “явж” байж сайхан бүтээл гарна. Би өөрөө хүний дотоод ертөнц рүү өнгийх их дуртай. Ажиглах ч дуртай. Хүн юунаас таашаал авч, аз жаргалыг юугаар бүрдүүлж байгааг олох сайхан байдаг юм. Баримтат кино бол нэг ёсны эрэл юм даа. Уран бүтээлч кино хийж байгаад нэг хүнийг ухаж төнхөөд байвал кино улам сонирхолтой болоод байдаг. Гэхдээ хэт улайрвал бүтээлээ “алах” гэмтэй.
-Хүмүүсийг ажиглах хэцүү. Хажууд нь камер бариад, дуугай зогсоно гэдэг бүр л хэцүү баймаар юм.
-Мэдээж хэрэг их тэвчээр шаардана. Тухайлбал “Нялхас” киног хийх гэж бараг жил айлд байрлаж айгаа юм. Таван ханатай эгэл жирийн гэрт би камертайгаа, дууны найруулагчтайгаа байна гээд төсөөл л дөө. Гол дүрийн хүүхэд маань ийш тийшээ мөлхөхөд бид нар байхгүй юм шиг хэрнээ зургаа зогсоохгүй байх үүрэгтэй. Ингээд бас болоогүй ээ. Аав, ээж нь бас тэр гэрт амьдарч л байгаа юм. Тэгэхээр айлын хүмүүс камерийг тоохоо болиод, амьдралаа өрнүүлтэл дасгана гэсэн үг. Маш удаан хөдөлгөөнгүй, дуугүй байна гэдэг түвэгтэй. Гэхдээ л энэ чинь уран бүтээл шүү дээ.
-Та хэд орчим насны хүн бэ?
-1962 оных.
- Нас яваад шүтлэгтэй болоод байна уу. Эсвэл угаасаа ийм хүн үү?
-Би чамд өөрийгөө шүтлэгтэй гэж хэлээгүй ш дээ.
-Байгалийн зүй тогтол, юмсын уялдаа холбоог хүндэлдэг хүнийг би шүтлэгтэй гэж боддог. Харин та?
-Би үүнийг итгэл л гэж хэлэх байсан байх. Итгэл гэдэг зүйл хүнийг төрөхөд л сэтгэлтэй хамт заяагддаг “эд” байгаа юм. Аливаа зүйлд итгэнэ гэдэг сайн хэрэг.
-“Шар нохойн там”-ын найруулагч Д.Бямбасүрэн таны шавь гэлүү?
-Тийм ээ. Залуу хүн бий.
-Та юу заадаг вэ. Сэтгэл зүрхээр бүтээх учиртай кино гэгч зүйлийг заана гэхээр хачин санагдаад байх юм.
-Яг ингэж дүрс авна, тэгж кино хийнэ гэж заахгүй ээ. Харин техник хэрэгсэл болон туршлагын тал дээр зааж зөвлөж өгч болно. Камерийн дуранг ямар үед хэрхэн тааруулах вэ гэдгээс эхлээд их олон юм байна. Ер нь хүмүүс яах гэж сургуульд сурдаг гэж бодно?
-Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уух гэдэг биз...
-Мэргэжил эзэмшинэ гэж ярьдаг ш дээ. Бичиг үсэг мэдэхгүй хүн сэтгүүлч болж чадахгүй гэдэг шиг камер мэдэхгүй хүн зураглаач болохгүй. Энэ ч үндсэн ойлголт л доо. Би энэ үндсэн ойлголтыг орхигдуулчихаад байх шиг байгаа юм. Дан сэтгэл зүрхээр кино хийнэ гэж байхгүй. Хичнээн их сэтгэл байгаад ч мэргэжлийн мэдлэггүй бол юу ч хийж чадахгүй.
-Д.Бямбасүрэн та хоёрыг гадаадад амьдардаг гэж сонсож байсан юм байна.
-Олон кино найруулагч, зураглаачтай манай улсын хувьд ганц хүн гадаадад байгаа нь            сүрдмээр хэрэг биш ээ. Ганц зураглаач ч болов гадныханд монголоо сурталчилж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ Монголын кино урлаг гэж дэлхийд сонсогдохгүй байгаа биз дээ. Тэгэхээр л манайхан киногоо
-Та гэр бүлтэй юү?
-Бий бий. Гурван хүүхэдтэй. Хаамгийн том нь 26 настай.
-Удаан хугацаанд ажлаар явахад гэрийнхэн чинь дургүйцдэг үү?
-Надтай надгүй бүгд л өөр өөрийнхөө ажлыг хийгээд амьдарч байгаа ш дээ. Бага хүүхэд дээд сургуульд сурч байна. Эхнэр ч ялгаагүй. Урлагийн хүн учраас ойлгодог юм. Ер нь аяндаа сурчихдаг юм билээ. Сурахгүй байсан бол хамт байхгүй л байсан байлгүй дээ.

С.Бямба ахын “Хүний нууцад хамаагүй халдаж болохгүй” гэсэн дүрмийн дагуу яриагаа энд зогсоолоо. Тэрбээр алсын зүр харцаа бэлчээх дуртай болоод ч тэр үү байсхийгээд л тэнгэр, уулын оройг ширтэж харагдана.  Магадгүй ирээдүй рүү харж болдог бол тэр яг л ийм харцаар харах байсан байх.С.Бя мба ахын “аварга” гараас атгаад “Яарилцсанд баярлалаа, баяртай” гэж хэлэхдээ  “Хүсэл шунал” киноны нээлтийн үеэр уулзах болзоо товлож амжсан шүү.

2 comments:

  1. tanii asuultuud aldaa onootoi bailaa, huniig uudalj chadsangui, asuuh zuil duuschvuu?

    ReplyDelete