Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Friday, March 4, 2011

Ка: Миний зэвсэг бол КА-МЕР. Би хорвоо ертөнцийг онилж байна.


Т.Нипонь

Би түүнтэй дөрвөн удаа танилцсан. Нэг хүнтэй олон удаа, санамсаргүй тохиолдлоор танилцана гэдэг хачирхалтай санагдаж байна уу. Тэгвэл тэр надад ийм л хачирхалтай бодол үлдээсэн юм даа. Түүнийг Мөнхжаргал гэдэг бөгөөд найз нөхөд нь Ка хэмээн хочилно. Хоч ч гэж дээ, түүнийг Ка гэж нэрлэх болсоор нэлээд хугацаа өнгөрчээ. Эхлээд би түүнийг энгийн нэгэн хип хоп хөгжимд шимтэгч залуу гэж боддог байлаа. Гэсэн ч тэр “Моторок” нэртэй рок хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөр ажиллах болсон юм. Амьд хөгжим сонирхогч залуусыг “Моторок”-оос өөр нэвтрүүлэг дэлгэцийн урд уяж дөнгөдөггүй байсан цаг саяхан. Харин дахин танилцахад тэрбээр регги хөгжмийг илэрхийлэхүйц хувцастай байсан бөгөөд шинэ хөгжмийн амт шимийг надад ярьж өгсөн билээ. Эцэст нь Ка монголын хип хоп сонирхогч залуусын анхаарлын төв цэгт багтсан “Click Click Boom” бүлгийн гишүүн болсон юм. Ингэж би Мөнхжаргалтай дөрвөн удаа танилцсан бөгөөд түүнийг “авьяслаг хэлбэрдэгч” гэж боддог боллоо. Учир нь түргэн хугацаанд хувьсан өөрчлөгдөж, дүр төрхөө “эдвэнэ” гэдэг тийм ч амар биш билээ. Хачирхалтай танилтайгаа уулзалгүй нэлээд удсаны дараа “Ка & Зөгий - “Арга билэг” цомог худалдаанд гарлаа” гэсэн зар хараад түүнтэй уулзахаар шийдсэн юм. Дахиад л шинэ сэтгэгдэлтэй болсон тухай нь сонсох гэж тэр. Учир нь тэрбээр сайкодэлик буюу оюун санааны урсгалаар уран бүтээл туурвиж байгаа тухайгаа ярьж байсан юм. Ка ярилцах саналд минь үргэлж л уриалгахан ханддаг нь аливаа зүйлийг бусадтай хуваалцах гэсэн эрмэлзлийнх нь илэрхийлэл билээ. Харин одоо Ка-гийн тухай нуршуу тайлбараа орхиод ярилцлагаа уншигч танд сонирхуулья. Ярилцлага маань орчин цагын залуусын үзэл бодлын нэгээхэн хэсгийг агуулсан юм шүү.

-Гадаад төрх, ярьж буй зүйл чинь үргэлж л өөрчлөгдөж байх юм...
-Зарим юмыг хэзээ ч өөрчилж болдоггүй. Хэзээ ч үл зогсох, үл арилах зүй тогтол бидний сэтгэлийн гүнд нуугдаж байдаг. Бид бүгд л ямар нэгэн байдлаар тэмцэлд орж амьдардаг. Үүнийг амьдралын төлөөх тэмцэл гэдэг. Тэмцэж ялахад ЭНХ ирнэ... Энэ бол дайн ба энх. Энэ бол амьдрал. Дайны гол зорилго бол өөр өөрсдийн болон өөрийн талын сайн сайхан байдаг. Ёс суртал, хэв маяг ч зөрчил болдог. Мөнгө, эд баялаг бол хүчин зүйл, үзэл бодол өөрийн чиг нь ХҮЧ. Харин энэ хүчийг хэзээ ч өөрчилж болдог.. Хамгийн гол нь өөрчлөлт гэдэг зүйл өөрийн чинь оюун санаанд бүрэн зохицсон байх учиртай.

-Амьдрал дайны талбар гэж боддог хүмүүсийн нэг байх нь ээ?
-Тийм ээ. Хаа сайгүй л дайн өрнөж байна. Хүн байгаа цагт дайн байна...

-Тэгвэл энэ дайны талаар жаахан ярия л даа.
-Зэвсэглэл, хамгаалалт, тактик... Энэ гурван зүйл байхгүй бол дайнд шууд ялагдаж, олзны хүн эсвэл амьд үхдэл болно. Оюун ухааан, сэтгэхүй, зөв төлөвлөлт тооцоо, алсын хараа гэх мэт зүйлс л бидний зэвсэг, хамгаалалт болно. Хүмүүс өөрсдөө завсэг хамгаалалтаа сонгодог. Бараг сонгогдчихсон төрнө. Гэхдээ төлөвшихдөө засаж залруулбал сонгож байгагийн нэг илэрхийлэл юм даа. Шатар тоглоход бусдын нүүдлийг яг таг тооцоолж болдоггүйтэй адилтгаж болох л юм. Бидний тооцоолж чадахгүй ганцхан зүйл бол цаг хугацаа. Цаг хугацаа дайсан юм шиг атгаа зөв ашиглавал зэвсэг, хамгаалалт ч болж болно. Хүн өөрөө өөрийн амьдралын дайчин. Энхтайван бол мөрөөдөл, Дайн байгаа цагт л энх оршино. Энхтайван амьдрал бол ганцаардал.

-Хүмүүс ганцаардлын тухай ярихдаа айдсыг ижилсүүлдэг...
-Тэхээр тэмцэх хэрэгтэй. Тэмцлийнхээ хариуд өөрийгөө ялалтаар шагнах хэрэгэтэй гэж боддог. Тиймээс л өөрөө өөрийнхөө төлөө бартаа ихтэй ч өгсүүр замыг сонгодог. Эргэж хараад юуны төлөө тэмцэв, юунд хүрэв, ямар ялалт, ямар ялагдалтай үлдэв гэдгээ дүгнэдэг дээ.

-Өөрөөсөө алдсан цаг хугацаа бий юү?
-Хүн ажил амралтаа зөв зохицуулж сурвал ихийг хийж бүтээнэ. Нэгэн түүх ярьж өгье. Хоёр түлээчин байж л дээ. Нэг нь амрахгүй, идэхгүй өдөр шөнөгүй ажилладаг. Харин нөгөөх нь ажлынхаа дундуур амардаг, хооллодог. Гэтэл сарын дараа хийсэн ажлаа дүгнэхэд амардаг, иддэг, унтдаг түлээчин их мод хураасан байжээ. Эхний түлээчин уурлаад “Яахаараа чи надаас ихийг хийчвээ, би өдөржин амралтгүй ажиллаж байхад чи идээд хэвтэж байдаг биз дээ” гэжээ. Нөгөөх нь хариулж байна. “Би амардаг, амрахдаа өөртөө эрч хүч өгч юм иддэг. Бас амрах зуураа сүхээ ирлэдэг байсан” гэжээ...

-Гоё үлгэр байна. Нээрэн иргүй сүхээр мянга хүчлээд ч яахав дээ, тэ?
-Энэ чинь эв байхгүй юу. Аливаа зүйлийн эвийг олчихвол болоод л явчихна. Бидний хийж буй зүйлс яг л оньс шиг тогтолцоотой байх аа. Оньсийг эвээр л онгойлгоно уу гэхээс, хүч чадал хэрэггүй. Бас дэс дараа хэрэгтэй. Дараалалыг нь зөв олоод эвийг нь тохируулчихвал ч...

-Дандаа л гаргалгаа хайж явах юм аа.
-Аливаа юмыг лавшруулан бодох юм бол заавал гаргалгаанд хүрдэг. Харин юу ч бодохгүй байгаа хүмүүс жаахан тиймхэн л байна. Шинэ үеийн залуус маань түүх соёлоо мэдэхээ байсан. Сонирхохоо ч больсон. Ажаад байхад сүүлийн үед хүмүүс хачин зүйл ярьж, цээжээ дэлдэх болж дээ. “Бид бол агуу Чингис хааны удам, бид бол...” гэх нь элбэг байна. Мэдээж Чингис хаан болон бидний өвөг дээдэс, бидний түүх агуу. Тэглээ гээд яах юм бэ. Одоо үед бид өөрсдөө түүх бичиж байгаа гэдгээ санавал дээр ч юм шиг. Гэхдээ мэдээж түүхээ үгүйсгэ гэж хэлэх гээгүй. Бидний түүх агуу гэж сая хэлсэн. Энэ агуу түүхээс сурах юм бидэнд маш их бий. Хамгийн наад захын жишээ гэхэд л монгол философийг төлөөлөх зүйр цэцэн үгс байна шүү дээ.

-Нээрэн тийм. Чи зүйр цэцэн үг их хэрэглэдэг юм билээ.
- Санаж явбал бүтнэ, сайн явах санааных гээд л амьдралын салшгүй хэсэг болсон дүрмүүд байна. Магадгүй миний итгэл үнэмшилтэй нийцдэг болохоор би зүйр цэцэн үгсэд дуртай байх. Сайн сайхан зүйлсийг дотроо бодож явбал өөрийн биеэс гарах долгионоор тэр хүсэл мөрөөдөл, зорилгоо өөртөө дууддаг. “Тhe SECRET” киног санаж байна уу?

-Тийм ээ. Агуу их энерги бидний нүдэнд үл үзэгдэн оршиж байдаг талаар нотлох баримтаар дэлгэсэн бүтээл гэдэгтэй маргах аргагүй. Кинонд бас их хорхойтой байх аа?
-Манай үеийнхэн киноноос салахаа байсан. Үзэхгүй байхын аргагүй кино бүтээгдэж байгаа болохоор тэр байж ч мэднэ. Ямар ч байсан киноноос олон зүйлийг сурна. Танин мэдэх аялал дуусна гэж үгүй. Кино бол хэзээ ч хуучиршгүй урлаг юм даа.

-Урлаг гэж чинийхээр юу вэ, яагаад энэ зүйл рүү тэмүүлж, урлаг бүтээхийг хүсээд байгаа юм?
-Урлаг гэдэг үнэхээр гайхалтай. Тэр тусмаа хүний оюун ухаан, сэтгэлзүйд нөлөөлөх нь төгс гэдэг үгэнд багтаж болмоор. Би л хувьдаа урлагийг таашаах дуртай. Тэрхүү таашаалдаа нийцсэн зүйлсийг харж, сонсож амьдралын чихэрлэг амтыг мэдэрдэг. Урлагаас гадна түүнийг бүтээдэг  хүмүүсийн амьдрал ч бас урлагийн бүтээл шиг санагдах нь бий. Сүүлийн үед элсээр зурах урлагийг бүр шагшин гайхмаар болж байгаа. Энэ урлаг бүрэн хэмжээний цогц ойлголтыг өгөх юм билээ. Яг л кино шиг. Гэхдээ үүнийг бүтээхийн тулд мэдээж чадвар, сэтгэлгээ чухал л даа Ямартаа ч энэ урлаг Перс, Мексикээс үүссэн түүхтэй юм билээ.

-Тэгвэл чи өөрийнхөө түүхийг хэрхэн бичиж байна?
-Чадан ядан бичиж л байна. Ядаж л үр хүүхэддээ ярих сайхан түүхтэй байхыг хичээнэ. Түүх гэдэг чинь алдаа оноотой л байдаг юм. Ялалтын түүх ч гэсэн уналттай. Гэхдээ ялалт нь илүү тод учраас түүхэнд түүнийг ялагчаар өргөмжилсөн байгаа юм. Би бүдэгхэн “алдаж”, тод сайхан дурсамжаараа бахархахыг хүсч байна.

-Чиний бахархал юу вэ?
-Гэр бүл.

-Чамд их олон гэр бүл байдаг биз дээ. Хамтлаг болон уран бүтээлийн найзуудаа ч бас гэр бүл гэдэг юм билээ.
-Тийм ээ. Дэлхий ертөнц тэр чигээрээ бидний гэр бүл биш гэж үү. Хүн төрөлхтөн бид чинь нэг гэр бүл байхгүй юу. Би дээхнэ үед “Гэр бүл” гээд нэг дуу хийж байсан юм. Шүлгийг нь сонирхоорой.

Ка бол дэндүү гүн харцтай нэгэн. Түүний ер бусын дөлгөөн харцтай нүд тулмагц амар амгалан байдлыг нь эвдэхээс эмээнэ. Бодит байдал дээрээ тэр ийм хүн. Харин бодол санааг нь сайн онгичвол хувь заяандаа найддаг, бүхнийг өөрийн гараар бүтээдэг, бусдыг хурцалдаг болохыг нь харна байх. Ингэж хэлэхийн учир нь би түүний блогоор зочилж байсан юм. Ямар нэгэн зүйл рүү хэт туйлшраагүй бөгөөд сайн муу, муухай сайхан, хар цагаан, хуучин шинэ бүхнийг хамруулан өөрийн өнцгөөр бичиглэн үлдээсэн цахим тэмдэглэл. Хэтэрхий энгийн ч юм шиг. Гэхдээ л Ка бол урлаг, хөгжмийг гайхалтай хурц тодоор мэдэрч чаддаг Монгол улсын залуу иргэн билээ.

Гэр бүл [шүлэг]
Эргээд харахад миний амьдралын зам шал уруу
Үүнд хэний юуны ч биш зөвхөн миний буруу
Мөрөөдөлдөө хүрэх гэж яарсан би яаруу
Алдаагаа ойлгосон гол нь би залуу байна
Яахав бурхнаас заяасан намхан ч гэсэн нуруу байна
Ямар ч юмыг хийх хоёр гар арван хуруу байна
Яалт ч үгүй бардам зантай одоо даруу байна
Яасан ч гутарч суухгүй өөрийн замыг даруй хайна

Дахилт - Бидний гэр бол дэлхий
                 Гэр бүл бидний дэргэд байх нь жаргал
                 Амьдрал энгийн зүйлд л бий

Амьдралд итгэх итгэл хүн чанар дотоод сэтгэл
Мэдрэх мэдрэмж тэвчээр хатуужил бэлтгэл
Хувь заяа хүний зүтгэл үзэн ядалт хүндлэл
Үүнийг үзнэ хүн өлгийнөөс авс хүртэл
Нэг зүйлийн төгсгөл нэг зүйлийн эхлэл болно
Нийт үйлийн буруу нь өөрийн тэнэглэл болно
Төрөх үхэх гэдэг нь ер нь адил тэглэл гол нь
Оюун ухаанаа үлдээж эд эсээ цэглэх болно
Үүл хөөрөн дэгдэж хүссэн зүг рүүгээ нүүх болно
Гол нь салхи мэт цаг хугацаа биднийг шүүх болно
Хүсхэд хааяа хясна хүн болж төрсөн ял нь
Шүлгээ бичих үед хааяа дуусна бал минь
Эх эцгийн буруугаас хүүхэд хоцроно өнчин
Алхам бүрдээ ирээдүйгээрээ тавина дэнчин
Сайхан үхэл рүү тэмцэх бид бүгд дайчин
Шинэ юм гэж үгүй дэлхий хүртэл хуучин

Асна асна гал мэт асна би
Үзэл бодолтойгоо адил хатуу ясан бие
Хүүхэд насаа үдсэн биеэ даасан эр
Мөнхжаргал миний жинхэнэ нэр
Сэтгэлд хайрлагдах бяцхан энхрий үрс болон
Бүсгүй хүн гоо сайхан байгаль дэлхий хөрс
Гаранд орсон жижиг өргөсөнд хорсохгүй
Зүрх огшихгүй оршихуй эс оршихуй
Огторгуйн хөдөлгөөн мэт ерөөсөө зогсохгүй
Бодит тогтол үгийн цаана үг зогсолтгүй
Үргэлжлэх Ка-н үргэлжлэл хэзээ ч арилахгүй
Хүний гол алдаа амьддаа биенээ хайрлахгүй
Лемон гэх жимс адил амьдрал чи исгэлэн
Хөргөгчнөөс гаргасан мах шиг бас гэсгэлэн
Эмч багш новш рэппэр лам гэлэн
Ямартай ч өөрөөрөө байхад - Амьдралаа би бэлэн
- Хүний амьдралын хамгийн том уран бүтээл бол бидний гэр бүл
Гүн харанхуй гуниг гутрал зовлон харуусал
Гэдгийг ойлгоод ирэхэд хорвоо улам яруусаал
Ганц хоёр оймс элээж хүн өөрөө даруусаал
Гэрэл гэгээ гэнэт асаал
Жаргал гэж таргалах биш зовлонг аргалах биш
Хүнийг даргалах биш өшөө авч яргалах биш
Өөрийн биеэ хуурах биш
Хорвоо төгс биш арван хуруу тэгш биш
иШшш хүү минь гэх эхийн сэтгэлд л жаргал
Эв эе бат итгэлд л жаргал
Их зүйлд биш энгийн зүйлд л жаргал
Зовж жаргаж амьдарч чадвал тэр Мөнхжаргал
Гэрэл гэгээ гэнэт асаал

3 comments:

  1. hun buhen odoo garj rapper duuchidiig er n urlagiin humuus olnii nuden deer il amidardag humuusiig zowhon ongon hesgees n l hardag yum shig sanagdjiin bi ch bas tednii l adil bodoltoi yawsan gehdee ene niitleliig unshahad huniig ongon talaas n dugneh bish ene hun yu bodoj yawdag we bidend yu heleh gej bgaag bid sain oilgoh heregtein bolowuu gej sanagdaj bna lda yamar ch bsan ene ih goy yariltslag bna..... Like hahahaha

    ReplyDelete
  2. Anonymous said... genuu Luther tokisan shu

    ReplyDelete