Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, March 9, 2011

Уналт


Бямбын зурвас



Хүмүүс хаа сайгүй л унаж байдаг. Гэхдээ модноос тасарсан навчис гутал мөргөн унахаас өөр л дөө. Тэд үл үзэгдэм хурдаар хаашаа ч юм “унаж”, унах зуураа амьдралаа үргэлжлүүлдэг.
Зарим нь уналтаас айж бэргэж байхад ихэнх нь уналтын хурдыг сааруулах талаар л бодно. Харин уналт удаан үргэлжилсний дараа гэнэтийн сэтгэл хөдлөлийн хэлбэлзэл тогтворждог ч юм уу, бүгд л хүлцэнгүй болчихдог. Үүнийгээ дасах, сурах, хувь тавилантайгаа эвлэрэх зэргээр тайлбарлана.  Энэ номхорлоос л жинхэнэ уналт эхэлдэг болохыг би олон хүний амьдралаас харж суусан юм. Тэнд үлдсэн хүмүүс унаж амжаагүй хүмүүсийн зүг эгээ л гайхамшгийн орон руу ширтэж байгаа юм шиг сониучирхан харах бөгөөд өөрсдийн бий болгосон “Гайхамшигийн оронд” үлдэх сонголыг хийдэг билээ. Хүнийг авьяас чадвар нь бус сонголт нь тодорхойлдог гэдэг үгтэй би энд л анх эвлэрсэн юм.

Бидний уналт гэж бодсон зүйл үнэндээ зүүд байж болох талаар “Алиса гайхамшгийн орноор аялсан нь” зохиолоос харж болно. Хүүхдүүдэд зориулсан хийсвэр төсөөлөл бүхий энэ зохиолын гол баатар хамгийн хурдан хугацаанд унаж, тэр уналтаа хүмүүсийн сэтгэлд мөнхөлсөн билээ. Алиса жаахан охин тул бидний айдас болсон уналтыг гайхшрал маягаар хүлээж авсан нь бодит амьдралд үлгэр шиг санагддаг байж мэднэ.

Би ч бас түүхийн хичээл дээр Константинополийн уналтын тухай сонсож суухдаа гайхдаг байсан юм. Яагаад мянган жилийн настай Византын Эзэнт Улсын тусгаар тогтнолд тавьсан цэгийг бүх цаг үеийн аймшигтай том уналт гэж нэрлэсэн юм бол... Харин одоо энэ тухай нэхэн санахдаа нэг хүн үхвэл уйлаан майлаан, олон хүн үхвэл тоо баримт болдог тухай боддог. Магадгүй тэр үеийн уналт одоо тоо баримт болон үлдсэн болоод л надад айдас төрүүлээгүй биз. Яг үүн шиг Алиса “танихгүй” ертөнцөд зорчихдоо гайхах нь арагагүй байжээ гэж бодож болмоор... Ямартаа ч Алисагийн “уналт” миний л хувьд хамгийн гайхамшигтай нь.

Алисад хайртай, түүнийг биширдэг хэрнээ л би хамгийн өндрөөс унах уналтад ч бэлтгэдэг юм. Учир нь амжилтын шатаар өгсөж явахдаа таарсан хүмүүстэйгээ, яг тэр шатаар уруудаж явахдаа таарах хүсэлгүй. Нэгэнт л би америк доллар шиг дэлхийг дэлдийлгэн унаж чадахгүйгээс хойш унаад ч яахав. Ямар ч үнэ цэнэгүй уналтаас ядаж л ээждээ үнэтэй байж болох “тэнцвэр”-ийг хайх минь... Хэрэв уначихвал, яг тэндээ зогсоно. Яг Алиса шиг гарц хайсаар л байх болно. Ямартаа ч би “Гайхамшгийн орон”-д үлдэхгүй ээ.Гарц хайсан урт удаан аялал маань зүүд шиг замхарна гэдэгт итгэж байна. Алисагийн “аав”  Чарльз Лютвиж Дожсон танд баярлалаа. Тангүйгээр бидний уналт хэчнээн урт байх байсан гээч...

1 comment: