Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, May 24, 2012

Ч.АЛТАНСҮХ: ХҮҮХДИЙН ДУУ ЦАГ ҮЕЭ ДАГАН ШИНЭЧЛЭГДЭХ ЁСТОЙ

“Би хүүхдийн 200 орчим дуу зохиосноос 30 нь хит болсон” гэж ярих эрхмийг Ч.Алтансүх гэдэг. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш түүнийг тус дүүргийн урлагийн үзлэгийн “бамбай” ч гэж хэлж болно. Үнэндээ манай хүүхдийн дуунуудыг бүгдийг нь нилүүлээд ч 200 хүрэхгүй гэж ярих хүн бий. Гэтэл ачир дээрээ бид хүүхдийн дуунд нэг их анхаарал хандуулдаггүй бололтой. Харин Алтансүх багшийн хэлснээр одоо болтол хүүхдэдээ “Маамуу нааш ир”, “Жижигхэн гацуурхан”, “Чигчийхэн чинээ биш ээ” дууг зааж өгч байгаа томчууд маань бяцхан үрсээ шинэ хэмнэлд татагдаж байгааг тэр бүр анзаардаггүй гэнэ. Түүний хэлсэн үгийг батлах гэсэн мэт “Рок жимс” хамтлагийн хүүхдүүд бидэнд “Гараа угаая” дууг жинхэнэ рок, попын хэмнэлээр дуулж үзүүллээ. Өхөөрдөм жаахан хүүхдүүд дуу бүхнээ хөдөлгөөнтэй нь хамт цээжилсэн нь үнэхээр сэтгэл хөдлөм байсан шүү. 







-Урын сандаа 200 дуутай гэхээр та нэлээд олон жил хүүхдийн дуутай “ханилжээ”.
-1992 оноос хүүхдийн дуутай “ноцолдож” эхэлсэн. Харин 1997 онд олны сонорт хүрсэн анхны уран бүтээл маань “Улаан гэрэл аслаа аслаа, ур даас машин ирлээ ирлээ” гэдэг үгтэй дуу. Түүнээс гадна “Бид цэцэрлэгийн багачууд”, “Бороо бороо бороо”, “Бага нас минь баяртай”, “Уураг сүү”, “Төлчний баяр”, “Соён хээр” гээд хүмүүсийн мэдэх дуунууд бий.

-Замын хөдөлгөөний тухай дууг тань мэдэх юм байна. “Ногоон гэрэл, цагаан шугам” уралдааны дуу мөн биз дээ.
-Тийм ээ. Энэ дуу өөр аятай байсан юм. Саяных шинэчилсэн ая нь байгаа юм. Ер нь энэ тэмцээний бүх дууг би зохиосон юм байна.

-Таныг “Адтай жаалууд” киноны дууг зохиосон гэдгээр мэдэх хүн олон байх аа.
-“Улаан загалмайн сүлд дуу, “Нарс”, “Хандгайт”, “Ундраа” зуслангийн сүлд дуу гээд л олон сүлд дуу зохиолоо. Саяхан зохиолч, яруу найрагч Ц.Нүүдэлтэй хамтарч хүүхдийн дууны хос цомог гаргасан. Нэг нь дуу, нөгөө нь фонаграммтай. Хүүхдүүд амархан сурах байх. Энэ цомог бүтээлээ Нийслэлийн бүх сургуульд тарааж, бүх аймаг сумдад хүргүүлсэн. “Соён хээр”, “Бамбуухай”, “Чихэр өгөөч ээж ээ”, “Нартай бороо” зэрэг дууг сумын төвд ч дуулж байгаа гэсэн шүү. Саяхан дэлхийн усны өдрийг тохиолдуулан дуу зохиох уралдаанд “Цэвэр усаа гамная” дуу маань шилдгээр шалгарсан. Усны газраас энэ дуунд маань клип хийж, хүмүүст түгээе гэж ярьсан ч өдий хэр нь таг л байна. Бас дэлхийн гар угаах өдөрт зориулан зохиосон “Гараа угаая” дууг цэцэрлэгийн хүүхдүүд гараа угаахдаа дуулдаг болсон шүү.

-Таныг дүүргийнхээ дуу хуурыг “хариуцдаг” гэж сонссон.
-Эндхийн цагдаагийн хэлтэс, Хүүхдийн төвүүдээс сүлд дууны захиалга ирдэг юм.

-Та ер нь уран бүтээлээ сурталчилдаг уу?
-Тийм цаг зав байхгүй ээ. Тэмцээн уралдаанд оролцохоор энд тэндхийн багш, ажилчид дууг маань олоод авчихдаг даа. Ажиглаад байхад бага насны хүүхэдтэй хүн л хүүхдийн дуунд анхаарлаа хандуулдаг юм билээ. Тэгээд клип хийе, хүүхдүүдэд зааж өгье гэдэг. Харин хүүхэд нь том болохоороо мартчихна шүү дээ. Манайхан хүүхдэд зориулсан уран бүтээлд төдийлэн ач холбогдол өгдөггүй. Ашиг олдоггүй болохоор тэр биз дээ.

-Цэцэрлэг, сургуулийн дуу хөгжмийн хичээлийн төлөвлөгөөнд шинэ дуу ордоггүй хэрэг үү?
-Бидний мэдэх “Бөөр алаг бөмбөг”, “Бөмбөг битгий хаяарай”, “Зөрүү гутал”, “Яагаад” дууг одоо болтол хүүхд үүдэд зааж байгаа. Угаа саа хүүхдүүд багахан хугацааг цэцэрлэгт өнгөрөөдөг болохоор шинэчлэх тухай ч боддоггүй юм шиг байгаа юм. Уг нь хүүхдийн дууг цаг үед нь тааруулан өөрчилж байх хэрэгтэй.

-Танай цэцэрлэгийн “Рок жимс” хамтлаг үнэхээр цоглог юм билээ. Хүүхдийн дууг ийм сүртэй хэмнэлтэй гэж төсөөлж байсангүй шүү.
-Энэ хүүхдүүд “Рок жимс” хамтлагийн тав дахь үе. Манай дуу хөгжмийн ер төнцөд таван үетэй хамтлаг байхгүй л болов уу. Энэ нь хүүхдүүд маш богино хугацаанд хүүхдийн дуу дуулдаг гэдгийг харуулж байгаа юм. Тухайлбал би нэг хүүхдийн хөөрхөн хамтлаг байгууллаа гэхэд тэд маань долоон нас хүрмэгцээ сургуульд явчихна шүү дээ.




-Танайхаас гадна таны дууг заадаг цэцэрлэг бий юу? -Манай дүүргийн бүх цэцэрлэгт миний дууг заадаг. Цэцэрлэгийн багш нар ирж дуу авдаг юм. Харин бусад дүүргийнхэн бага сага л мэднэ.

-Уран бүтээлээ хүүхдүүдэд хүргэх сайн арга юу вэ? -Хүүхдүүд л хүүхдүү дийнхээ сэтгэлийг татдаг. Үе тэнгийнхэн нь юу дуулж байна, багачууд түүнийг л сонирхоно. Уг нь хөрөнгө санхүү нь амархан шийдэгддэг байсан бол дуулдаг хүүхдүүдэд өгөх дуу олон л байна шүү дээ.

-Хүүхдүүд дуу сурахдаа хэр хурдтай вэ. Томчууд бол ноот харж, үгээ уншаад дуулчихдаг. -Хүүхдүүдэд цоо шинэ дуу зааж өгөх хэцүү. Үг бүрчлэн хэлж, мөр бүрийг нь аялж өгнө шүү дээ. Гэхдээ тал нь дуугаа сурчихвал үлдсэн хэсэг нь дорхноо сурчихна. Гол нь хүүхдүүд байнга л шинийг сурч мэдэх хүсэлтэй явдаг юм шүү дээ.

-Хүүхдийн дуу зохиохын тулд судалгаа их хийдэг гэсэн. Харин Та?
-Цэцэрлэгт багшилдаг болохоор хүүхдийн бодож сэтгэж, юу хүсэж мөрөөддөгийг мэдэхэд амархан л даа. Тэд цаг үеэ дагаад шинэ зүйл рүү тэмүүлж байгаа нь сайшаалтай. Харин тэдний дуртай “том хүний” дуу багачуудын хоолойд тохирохгүй шүү дээ. Тэдний хоолой их эмзэг болохоор эвдэрчихнэ. Тэгэхээр цаг үед нь тохирсон хэмнэл, хэллэгийг хүүхдийн дуунд оруулж байх нь чухал юм. Харамсалтай нь манайхан хүүхдэд зориулсан уран бүтээлд гар чангатай байдаг шүү.


-Та хэчнээн жил багшилж байгаа юм бэ? -Сургуулийн өмнөх нас ны хүүхдүүдэд багшлаад 15 жил болчихжээ. Энэ цэцэрлэгтээ би хүмүүжиж байсан. Харин том болоод багшилдаг болсон юм. Сүүлийн үеийн хүүхдүүд зурагтаас хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл авдаг болж. Том хүнээс айхаа ч больчихсон юм шиг ээ. Тэдэнд зориулсан дуу хөгжим, ном зохиолоос гадна тэднийг дэмжих хүмүүс хэрэгтэй байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй.

Даруухан яриатай, дуу цөөтэй энэ хүн хичээлээ зааж байхдаа инээд алдаж, хүүхдүүдтэйгээ хамт “Гараа угааж”, “Усаа гамнадаг”. Олон жил хүүхэдтэй ажилласан болоод ч тэр үү өөрөө ч гэсэн хүүхдэрхүү зантай аж. Түүний шавь нар гурав дөрөвхөн настай хэдий ч дуугаа гарамгай дуулж, янз бүрээр бүжиглэж сурчээ. Энд тэндхийн уралдаан тэмцээнийг өнгөлдөг олон шавьтай энэ багш уржнан Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртжээ.

-Манайд хүүхдийн дууны зохиолч олон уу? -Нэлээд бий шүү.

-Та дуугаа хэрхэн зохиодог вэ. Төгөлдөр хуур байхад л болоо юу? -Тэгэлгүй яах вэ. Хөгжим нь толгойд байна. Янз бүрээр туршиж үзнэ, засна. Хүүхдийн хэл гэж байдаг юм. Тэдэнд ойлгомжтой болгохын тулд аль болох энгийн, амархан үг л сонгох нь чухал шүү дээ.

-“Шипи” хэрэглэдэг үү. Гаднын дуунаас жишээ авах ч гэх юм уу? -Орос хүүхдийн дуу их сонсдог. Их мундаг шүү дээ. Цаанаа л нэг дэгжин, хөгжилтэй өнгө аяс байдаг юм. Одоо болтол “Буратино”-гийн хөгжмийг сонсдог гээд л бод. Бас өөрөө поп сонсдог болоод ч тэр үү, миний уран бүтээлд поп аяс зонхилно. Заримдаа “рок”-дох ч үе бий.

-Та 200 гаруй дуутай. Эдгээр дуунд давхардсан зүйл бий юү?
-За бүү мэд. Хүмүүс нэг зүйлийг байнга хийгээд дасчихдаг юм. Яг адилхан аялгуу биш юм аа гэхэд санаандгүй давхардуулсан ганц хоёр “үзэгдэл” байна шүү. Гэхдээ яг одоо хэлж мэдэхгүй байна. Энэ асуултад хариулахын тулд бүх дуугаа нэхэн санаж, аялж үзэх хэрэг гарах байх.

-Хүүхдийн дууны зохиолчид хүүхдийн сонсгол, сэтгэхүй, сонирхлыг мэддэг болчихдог уу?
-Хүүхэд гэдэг чинь шинэ ертөнц. Бид юу заана, тэд түүнийг л сурна. Цаг үе тэднийг өөрчилж байна. Аав, ээжийнх нь дуртай дуу, суваг солиход нь “тааралддаг” гадаад уран бүтээл тэднийг боловсруулдаг. Хэдий чинээ бо ловсорно, төдий чинээ уйдамхай болно. Ерөнхийдөө хүүхдүүдэд хурдтай хэмнэл, ритм хэрэгтэй болсон мэт сэтгэгдэл төрж байгаа.

-Шинэ уран бүтээл туурвихаар төлөвлөж байна уу?
-Одоо найзтайгаа хамтарч сайхан уран бүтээлүүд хийнэ дээ. Багын найз З.Болдбаатар маань их сайхан шүлэг зохиодог. Гэхдээ одоо Зам тээврийн салбарт ажилладаг юм. Бидэнд бодсон зүйл их бий. Удахгүй хүүхдүүддээ бэлэг барина. Уг нь Хүүхдийн баярт зориулан тоглолт хийх санаатай байсан ч сонгуулийн нөлөөгөөр “талбай” олдсонгүй ээ.

-Таны найз “Гэгээн алсын одод” хүүхдийн дууны тэмцээн үзэж суухдаа таны хийсэн фонаграм нэлээд хэд сонсогдсон гэж хэлж байсан.
-Тэр маань намайг клауш тоглохдоо арай л өөр гэдэг юм. Миний дуунд цохилт байдаг гэдэг. Миний бүтээлийг үнэхээр танина шүү. Би ер нь зав чөлөөгөө ашиглаад хүүхдүүдэд дуу, дууны фонаграм бичиж өгдөг юм. Хүүхдийн дууны тэмцээн, уралдаанд оролцож байгаа хүүхдүүд дунд миний шавь нэлээд бий.

Ч.Алтансүх багш хүүхдүүдтэй ажиллахдаа гарамгай нэгэн аж. Тэрбээр ярилцаж байхдаа дуу аялж, тэдгээр дуугаа үг бүрчлэн хэлж байгаа нь хүүхдийн дуунд хэчнээн дуртайг нь илтгэнэ. Түүнтэй уулзчихаад Бороо, бороо, бороо Алаг цэцэг дэлбээлүүлж, Бороо, бороо, бороо Арын ногоог өнгөөр чимнэ ээ” гэдэг дууг нь мэддэг байснаа, “Божин бор алгаа дэлгэе ээ, Аз жаргалын цэцэг ургаарай” гэж дуулдаг байсан бага насаа өөрийн эрхгүй дурслаа. Хүүхдэд зориулсан олон сайхан дууны ая зохиож, хүүхэд насыг аялгуулаг болгосон энэ хүнд багачуудын өмнөөс талархая. Хүүхдийн дуу улам олон болоосой.


Т.НИПОНЬ

No comments:

Post a Comment