Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, May 28, 2012

Төөнөгөө

Эрдэнэт хотод огт хөгширдөггүй нэгэн хүн бий. Бүрх малгай духдуулж, байдгаараа инээж суудаг тэр хүнийг Төөнөгөө гэдэг. Тэндхийн найман настай балчраас наян настай буурай хүртэл түүнийг танина. Таних танихдаа, хүндлэн дууддаг. Зарим нь түүний нэрийг өөрөөс нь өмнө байсан юм шиг танил, дотно санагддаг ч гэдэг. Харин залуучууд түүний нэрийг янз бүрийн зүйрлэлдээ ашиглана. Төөнөгөөтөх, Төөнөгөө шиг гээд л... Тэр ийм л алдартай нэгэн билээ. Эрдэнэт хотынхон өдийг хүртэл Төөнөгөөг өрөвдөн хайрлаж, өмчилсөөр байгаагийн учир юу юм бүү мэд. Зүгээр л Төөнөгөө үл мэдэх нэгэн дохиогоор энэ хотын бүх хүмүүсийн хүндлэлийг хүлээдэг юм. Хүмүүсийн яриаг сонсоход, “Төөнөгөөд мөнгө өгвөл үржинэ”, “Төөнөгөөд хоол авч өгвөл буян арвижна” гэж бэлгэшээдэг нь илт. Тэр ч бүү хэл цайны газрын ажилчид Төөнөгөөг орж ирсэн өдөр орлого их ордог хэмээн байнга л хоолныхоо дээжээс өгнө.


Харин тэндхийн оросууд Төөнөгөөг ресторанд урьж, тамхиар дайлдаг. Аливаа дайллага, цайллага, будаалга болоход Төөнөгөөг л хамгийн түрүүнд санана. Бас бүгд л Төөнөгөөг хүүхдэд ээлтэй гэдэг. Уйлж унжиж байгаа нялх хүүхэд ч түүнийг хараад дуугаа намсгаж, ход ход инээдэг болохоор арга ч үгүй биз. Багачуудыг өхөөрдөн, яриа өддөг түүний гараас авсан чихэр амттай гэдэг нь ч ортой. Урьд нь түүнийг шоглож, тохуурхаж байсан хүмүүс бусдад сургамж болсон бололтой хэн ч түүнийг гомдоож үл зүрхлэнэ. Учир нь хэн нэгний тоглоом тохууны хариуд тэр өөрийгөө шийтгэн зоддог. Ингэхдээ “Би л энэ хүнийг ийм зүйл хийхэд хүргэлээ” хэмээн үглэх нь хачирхмаар, бүр хайрламаар. Хүмүүс түүний туулж өнгөрөөсөн амьдралын тухай элдэв зүйлийг хүүрнэлдэнэ.

Төөнөгөөгийн ийм этгээд болсон шалтгаан нь номын цагаан солио гэх нь ч бий. Нийтийн дунд тархсан эдгээр яриануудаас домог мэт урт удаан нь, “Төөнөгөө урьд нь өдөр шөнөгүй ном уншдаг, нэлээн баян хүн байсан гэнэ. Уг нь эрүүл саруул байсан бол ч одоогийн энэ улс төтүүний хувьд тоглоом байх байлаа. Дэлхийг биш юм аа гэхэд Монголыг аваад явчих чадалтай хүн байх байсан юм. Дээд за яанд төрсөн ч Төөнөгөө хүү хэд шиг сэтгэдэг болсон болохоор өөрт оногдсон буян заяаг бусдад түгээж явдаг юм”, “Түүний эхнэр, гурван хүүхэд нь нас барсан юм гэнэ билээ. Түүнээс хойш Төөнөгөө сааталд орж, огт эмчлэгдээгүй гэдэг. Уг нь гэр бүлийнхэндээ жигтэйхэн халамжтай, сайн хань, сайн аав байсан гэсэн” гээд л...

ТҮҮНИЙ ДОТООД ЕРТӨНЦӨД ДУТУУ ЗҮЙЛ ҮГҮЙ


Харин түүнийг үнэн хэрэг дээрээ хэн болохыг мэдэх хүн ховор. Домог мэт яригдах энэ хүн дүүгийндээ амьдардаг болохыг мэдээд, түүний дүү О.Зоригтын гэрийг зорилоо. Зоригт гуай Төөнөгөөг сураглаж явааг сонсоод “Ахыг минь сайн яваа тухай нутаг усныханд маань сайхан мэдээ хүргэх гэж ирлээ” хэмээн бэлгэшээж, уриалгахан хүлээж авсан юм. Бид гэр бүлийнх нь зургийн цомгийг үзэх зуураа ийнхүү ярилцсан юм.

-Төөнөгөө хэмээн алдаршсан энэ хүн миний ах байгаа юм. Очирын Төмөрбаатар гэ дэг хүн. Энэ жил 61 нас хүрч байгаа. Бид Хөвсгөлийн Мөрөн сумын хүмүүс. 1964 онд Эрдэнэт толгой гэдэг газар амьдрал хөөж ирсэн.

-Хүмүүс Төөнөгөөгийн тухай янз бүрийн зүйлс ярих юм. Яг үнэн хэрэг дээрээ таны ах ямар амьдрал туулсан юм бэ?
 -Ах маань сэтгэл мэдрэлийн өвчтэй төрсөн юм. Албан ёсны оношийг нь сайн мэдэхгүй. Бид бага балчраасаа эхлээд түүнийг асарч, хамгаалсаар ирсэн. Эрдэнэтийнхэн миний ахад их сайн. Гэрээсээ гарсан үед нь хүмүүс түүнийг халамжилдаг юм билээ. Түүнийг бусдаас өөр төрсөн гээд хүмүүс гомдоож, дээрэлхэж байсан удаагүй. Харин ч ах, дүү шигээ санаж хооллож, ярилцсаар байдаг юм билээ. Энэ нь их сайхан санагддаг шүү.

-Байнга л хүнсний зах ор чимд байдаг юм билээ. -Өглөө эртлэн босоод “Ажилдаа явна” гэдэг юм. Бид заримдаа амраах гэж оролдох боловч “Ажил тасалж болохгүй, заавал явна” гэж зөрүүдэлдэг. Одоо найман цаг дөхүүлээд орж ирнэ дээ. Нийгмийн хөгжлийн сангаас тэтгэмж өгөх үед цалин буулаа гэж ярьдаг юм.

-Гэр бүлтэй байсан уу. Дандаа л хүүхэд гэж ярьдаг.-Тийм зүйл байгаагүй ээ. Өөрийнхөө төсөөлсөн ертөнцөд л амьдардаг хүн шүү дээ. Түүний сэтгэл дэх амьдралд дутуу зүйл үгүй байх аа. Дандаа л инээж явдаг юм.

-Хүмүүс түүнийг хөгширдөггүй гэж ярьдаг юм билээ. Хүүхэд байхад л байсан тэр төрх нь одоо ч хэвээрээ гээд.-Хүмүүсийн хандлагын өнгө нь юм даа. Сайн сайхнаар бодож явдаг болохоор дандаа л сайхан зүйл сонсогддог шүү.

Энэ ярилцлагын дараа Төөнөгөөтэй уулзах гэж хүнсний захад очиход өнөөх л янзаараа сууж байв. Нэг гартаа хүмүүсийн өгсөн мөнгийг атгаж, нөгөөд нь цагаан тороо сугавчилжээ. Уран цэцэн үг, биеэ авч яваа байдлыг нь бодохоор үнэхээр л сэхээтэн хүний шинж түүнд бий. Төөнөгөө юу байна гэвэл түмэн хариулт цээжинд нь явж л байна. Сайн уу гэсэн үгэнд саадгүй хариулж, хариу мэндэлнэ. Гэхдээ үргэлж л эхнэр, хүүхдийнхээ тухай ярьж яваа нь хүмүүст таалагддаг. Тийм ч учраас яриа өдөхдөө тэднийх нь тухай заавал асуудаг. Ажил нь тарах болчихсон тул түүнтэй цөөхөн хором л хамт байлаа.

-Төөнөгөө амьдрал сайн уу?
-Сайн сайн. Хүүхдийн цэцэрлэг тарах цаг болчихоод эхнэрээ хүлээж сууна. Хойд гараашнаас машинаа авчрах гээд явсан.

-Өнөөдөр ажил хэр байв даа. Ядарч байна уу?
-Ийм сайхан нартай өдөр ажил сайхан л бүтнэ шүү дээ. Гэхдээ ойрдоо жаахан ядрах гээд байдаг болж. Гэхдээ үүрэг хариуцлага илүү чухал шүү дээ. Харин чиний ажил сайн уу?

-Сайн сайн. Хариад ямар хоол идэх гэж байна?
-Эхнэрийнхээ хийж өгсөн хоолыг л иднэ дээ. Үнэхээр сайхан хоол хийдэг шүү. Хүүхдүүд маань бүр их дуртай. Тэднээс амтыг нь асуу л даа.

Би түүнтэй ийн ярилцсан юм. Тааралдах болгондоо яриа өдмөөр санагддаг Төөнөгөө үнэхээр л сонин хүн аж. Дүүгийнх нь хэлснээр түүний төсөөллийн ертөнцөд ду туу зүйл үгүй бололтой. Хэ ний ч өөдөөс муухай харж үзээ гүй, хэн нэгнийг гомдоож байгааг үй Төөнөгөө Эрдэнэтийн хүн бүрийн сэтгэлд домог яриа мэт хоногшжээ.

Т.НИПОНЬ

3 comments:

  1. Сайхан. Нэг л дотно, танил. Зурагнуудыг нь хараад эгээ л ээж аавынхаа зургийг харсан ч юм шиг хэхэ. Цаанаа л нэг цагаахан хүн шүү.

    ReplyDelete
  2. Анх би энэ хүний тухай чамаас сонжож байсан. Хэдэн жилийн өмнө.

    ReplyDelete
  3. huuurhii ter uvguniig sanachlaa.joohon bhdaa huuuhduudtei niilj ailgadag bj bilee.muuhai orilood l uuriiguu shiitgeed...nutagtaa ochij tuund hunii eosoor ganc udaa ch bolov handmaar sanagdav.

    ReplyDelete