Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, November 21, 2012

ФАНАТУУДЫН БАХАРХАЛ

 Хамгийн үнэнч шүтэн бишрэгчийг фанат гэдэг. Тэгвэл фанат гэдэг үг танд хэнийг санагдуулдаг вэ. Надад лав хамгийн түрүүнд Жимми Жамп, Кенан Кахил хоёр л санагдаад байна. Тэд энэ дэлхийн хамгийн алдартай шүтэн бишрэгчид. Магадгүй тэднийг дурлалдаа үнэнч хүмүүс гээд хэлчихэж болох юм. Шүүмжлэгчид энэ тухайд, “Эхлээд тэднийг хүчтэй дурлал нь галзуу зүйл хийхэд хүргэдэг. Харин дараа нь тэд нэр хүндээ батлахын тулд жинхэнэ фанат гэдгээ хадгалан үлддэг” хэмээн бичдэг юм. Энэ дүгнэлт ортой ч байж мэднэ. Уншигч танд хамгийн алдартай хоёр фанатын тухай сонирхуулья. Дэлхий даяарших тусам фанатуудын эгнээ тэлж буй. Гэхдээ одоохондоо хэн ч тэдэн шиг алдартай болж чадаагүй байна.
ЖАРГАЛТАЙ ЖИММИ ЖАМП




Түүнийг 2010 онд жинхэнэ алдартан болсон гэлцдэг. Яагаав, 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтын үеэр өөрийн улаан малгайг алтан цомд өмсүүлэх гэж оролдсон залуу шүү дээ. Тэрбээр тоглолтыг түр зогсоон зорилгодоо хүрэх гэж хичээсэн ч хамгаалагчид хамжин байж түүнийг зогсоож байсан билээ. Жимми Жамп энэ замбараагүй үйлдлийнхээ ачаар тухайн оныхоо шуугиан тарьсан 10 үйл явдлын эзнээр тодорсон юм. Үүнээс хойш Жимми Жампын улаан малгай моодонд орж, тэр ч үүгээрээ хөөрхөн бизнес хийгээд амжсан. 

 

Тэр одоо ч бизнесээ хийж байгаа. Өөрийн цахим хуудсаар дамжуулан улаан малгай, Жимми Жамп гэсэн бичигтэй хувцас борлуулахаас гадна шуугиан тарьсан бичлэгүүдээ нэгтгэн DVD гаргасан нь бий. Жимми өөрийгөө “од” болгосон гэж хэлж болно. Цахим хуудастаа “Хүн бүхэн од, хаа сайгүй од байдаг” хэмээн бичиж, өөрийгөө супер баатруудын дунд хөмбөмбөгийн цом барьж зогсоогоор дүрсэлсэн нь энэ үзлийнх нь илэрхийлэл билээ.
 

Жимми 2004 оны хөлбөмбөгийн ЕАШТ-ий финалын тоглолтын үеэр Испаний тугийг Луиш Фигу руу шидэж байлаа. “Барселона”-гаас Реал Мадрид руу шилжсэн урвалтыг нь хэзээ ч уучлахгүй гэдгээ ийнхүү илэрхийлсэн юм. Энэ нь түүнийг үнэнч гэж тодорхойлоход хангалттай байлаа. Жимми сүүлд “Реал Мадрид” болон “Барса”-гийн тулааны үеэр талбайд гарч ирсэн бөгөөд 2005 оны Аваргуудын лигийн “Челси” болон “Ливерпул” багуудын тоглолтыг ч үймүүлж байлаа. Магадгүй та талбай дээгүүр нүцгэн гүйдэг эрийг харсан бол тэр Жимми Жамп байх нь гарцаагүй. 2005 онд Аваргуудын лигийн финалыг тасалдуулж “Арсенал”-д тэр үед тоглож байсан Т.Анрид “Барса”-гийн 14 дугаартай өмсгөлийг өгч байлаа. Үүний дараа Т.Анри “Барса”-гийн тоглогч болох үед Жимми Жамп “зөнч” нэртэй болж байв. Үүнээс хойш Жимми 2008 оны ЕАШТ-ий хагас шигшээгийн Герман, Туркийн тоглолтын үеэр Төвд бол Хятад биш гэсэн лоозон барин талбай дээр гүйж байсан нь түүнийг улам л алдартай болгосон юм. Учир нь Жимми дэлхий даяар гарч буй телевизийн сувгуудыг овжин ашиглаж, өөрийн үзэл бодлыг дэлгэж чадсан юм. Үүний дараа хүмүүс Жиммиг зөвхөн хөлбөмбөгийн фанат биш гэж ярих болжээ. Учир нь Жиммигийн царай танил болоход түүнийг теннис, сагс, гүйлт, мотоспорт, уртын харайлт, уран гулгалтын тоглолтыг түйвээж байсныг нь хүмүүс эргэн санасан билээ. Тэр бүр Евровишн дууны тэмцээнийг хүртэл түйвээгээд амжсан гэдэг. Тэр бол жинхэнэ од. Хөгжөөн дэмжигчдийн бахархал билээ. Харин хамгаалалтын албаныхны хувьд тэр хар дарсан зүүд юм. Жимми хаа нэгтээгээс гараад л ирдэг. Бас дандаа л баригддаг. Жимми маш олон удаа хамгаалалтынхны нударганд өртөж байсан бөгөөд зургаан сарын турш хорионд суусан удаатай.

YOUTUBE-ИЙН ОД КЕНАН КАХИЛ 




Видео урлагийн хөгжлийг youtube.com хуудас маш хурдацтайгаар урагшлуулж байгаа. Энэ хуудсанд ганцхан минутын дотор 30 цаг үзэх бичлэг нэмэгдэж, 1.3 сая бичлэг олны хүртээл болдог байна. Тэгвэл энэ орон зайд өөрийн гэсэн үзэгчдийг бий болгож чадсан нэгэн алдартан бол Кенан Кахил юм. Тэр өөрөө дуучдыг шүтэн биширч, бүхий л дууг нь ам барин дуулдаг бөгөөд өөрийн бичлэгээ тус хуудаст байршуулдаг байжээ. Мэдээж түүнийг алдартай болоход хүүхдэрхүү төрх нь хамгийн их нөлөөлсөн. 


Тэр одоо 17 настай хэдий ч төрөлхийн Mucopolysaccaridosis (MPS-6) өвчтэй. Энэ нь 340.000-д нэг тохиолддог ховор өвчин аж. Тэр наснаасаа хөгшин харагдах байх л даа. Гэхдээ түүнийг бүгд л “жаал” хэмээн хочилдог. Уг нь тэр бүхий л амьдралаа эмнэлгийн орон дээр өнгөрөөж болох байсан. Гэхдээ тэр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцэж байв. Анхандаа одууд түүнийг өрөвдөн, хайрладаг байсан бол сүүлдээ өөрийн нэр хүндийг өсгөхийн тулд Кенантай хамтран дуулах болжээ. Учир нь түүний ам барьж байгаа нь youtube хуудасны шилдэг 40 бичлэгт багтаж байсан юм.


Одоо Кенаны хуудсыг дунджаар 612 мянган хүн байнга үздэг бөгөөд видеонуудыг нь нийт 437.578.401 удаа үзжээ. Тухайлбал, “50 cent”-тэй хамтарсан “Down On Me” дууг 60 сая, Давид Геттагийн Мега миксийг 32 сая, дижэй Паули.Д-гийн “Beat Dat Beat” дууг дуулсныг 10 сая удаа үзсэн байна. Кенан хэзээ ч өөрийнхөө хоолойгоор дуулж байгаагүй. Гэхдээ ярьж байгааг нь сонсоход л хөгжилтэй санагддаг байлаа. Хамгийн сүүлд Кетти Перри “Teenage Dream” буюу “Залуухан мөрөөдөл” дуугаа Кахиллтай хамт дуулсан нь хэн хэнийх нь хувьд маш том сурталчилгаа байсан юм. Энэ дууг youtube хуудсаар гэхэд л сая гаруй хүн үзэж, 55 сая тэмдэглэл үлдээсэн байжээ. Бас түүний Кетти Перрид хандаж хэлсэн “Чи сайхан үнэртэй юм аа” хэмээх үг Кетти Перриг гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгааны саналд даруулахад хүргэсэн гэлцдэг. Үүнээс өмнө Кахил үнэхээр олон одуудтай хамтран ажилласныг хэлэлгүй өнгөрөөж боломгүй. Жастин Бибер, “50 cent”, “LMFAO”, Will.i.Am зэрэг олон алдартантай тэр хамтарчээ. Тэр ч бүү хэл Женнифер Аннистонтой хамт бохины сурталчилгаанд тоглоод амжсан. Тэр бол үнэхээр сэргэлэн жаал. Түүний бичлэгүүдийг үзэхийг хүсвэл кeenansroom. com сайтад зочлоорой. Юу хэлэх гээд байгааг минь тэндээс илүү тодорхой харж болох юм.



Т.НИПОНЬ

No comments:

Post a Comment