Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, November 22, 2012

Т.ТҮВШИНЖАРГАЛ: Тилда маягийн хүүхэлдэйг монголоор урладаг

Таны харж байгаа эдгээр хүүхэлдэйг урласан хүн бол Т.Түвшинжаргал. Яг л өөрийнхөө бүтээл шиг ган­ган, өхөөрдмөөр энэ эмэг­тэй цахим ертөнцөд “Гэгээн саран” урлантай. Эм­зүйч мэргэжилтэй тэрбээр Мэр­гэжлийн хяналтын  байгуул­лагад лабораторийн шинжээч. Хүүхэлдэйн урлалаас тэс өөр ажилтай хэдий ч ирээдүйд “Гэгээн саран” гэдэг урлантай болохыг мөрөөддөг. 

-Хэзээнээс ийм хөөрхөн хүүхэлдэй хийдэг болсон бэ?
-Татъяна гэж орос эмэгтэйн хийсэн хүүхэлдэйг хараад хүүхэлдэй хийж эхэлсэн. Охин­доо хүүхэлдэй хийж өгөх гэж байгаад л тэр шүү дээ. Интернэтэд маш олон төрлийн заавар, зөвлөгөөнүүд байдаг болохоор нэг их хэцүү байгаагүй ээ. Анхныхаа хүүхэлдэйг долоодугаар сард хийж дуусгасан. Тухайн үед шилэн оймсоор хүүхэлдэй хийдэг байсан. Утсаар татаад оёчихдог болохоор яг хүн шиг хэлбэр, дүрстэй болдог юм. Дараа нь янз бүрийн эс­гүүр хайж олсон. Нийт 16 хүүхэлдэй урлажээ. Одоо энэ төрлийн урлалд үнэхээр дуртай болсон шүү.


-Бүгдийг нь интернэтээс сурсан хэрэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Тэр бол хязгааргүй боломж. Даавуун хүүхэлдэй хийдэг форум, блог зэрэг цахим хуудсууд ч олон. Тэндээс гар урлалыг яаж хийдгийг нэг бүрчлэн заа­гаад өгнө. Гар урлалын олон төрлүүд байдаг юм билээ. Маш их. Би оёж, шиддэг хүн биш ч гэлээ цахим ертөнц дэх хичээлүүдийг үзээд л сурсан даа. 


-Энэ ямар загварын хүүхэл­дэй юм бэ. Ийм хийцтэй хүүхэлдэй олон байдаг юм билээ.
-Анх Тони
Финангер гэдэг хүн Тилда гэж хүүхэлдэй бүтээсэн гэдэг. Жижиг нүд, улаан хацартай энэ хүүхэлдэй 1999 оноос нийтэд дэлгэрсэн. Хүүхэлдэйн эзэн “Тилда” гэдэг брэнд бий болгож, нэрийн дэл­гүүрээ нээсэн гэсэн. Тони Енан­гейн хүүхэлдэй хийх  аргачлал, эсгүүр зэр­гийг материалтай нь хавсаргасан ном хэвлүүлдэг юм билээ.

-Өөдсөөр хийдэг юм уу?
-Материалаа интернэтээр захиалчихдаг юм. Голдуу л Япон, Солонгосоос авна. Учир нь тэнд зүймэл урлалын зориу­лалттай өөдсөн даавуунууд худалдаалдаг юм билээ. Манайд хамгийн багадаа 50 см даавуу худалдан авч болно. Түүгээр хүүхэлдэйндээ хувцас хийвэл материалын илүүдэл их гарна. Харин солонгосчууд даавууг метрээр биш яардаар хэмждэг болохоор зүймэл урлалын даавуу нь 27х45, 45х55 хэмжээтэй байдаг. Бас хүүхэлдэйн хувцсыг хөвөн даавуу, ямбуу зэрэг нийлэг биш даавуугаар хийвэл их гоё болдог талтай.


-Нэг хүүхэлдэйг хэр удаан хийдэг вэ?
-Хамгийн багадаа хоёр хоног хийнэ. Ихэвчлэн шөнө л урлалын ажлаа эрхэлдэг шүү. Өдрийн цагт бол охин маань “маамуу, маамуу” гээд гүйчихнэ. Авах гээд байдаг юм. Тиймээс охиноо унтуулчихаад интернэтээр аялж, шинэ зүйл сурна.


-Хүүхэлдэйний шошгон дээр нэр, төрсөн өдөр зэрэг нь байдаг шүү дээ. Харин таны хүүхэлдэйг юугаар нь таньж болох вэ?
-Миний хүүхэлдэйнүүдийн шошгон дээр “орц, найрлага” нь бичээстэй байгаа. Энэ хүүхэлдэй юунаас бүтсэн, үсийг нь яаж арчлах юм гээд л. Бас гэдсэн дээр нь “Гэгээн саран” урлан гэсэн бичиг бий. Харин нэрний тухайд... Би хэнд нь ч нэр өгч байгаагүй ээ. Дандаа л захиалгаар хийдэг болохоор эзэндээ очтол нь хүмүүст үзүүлдэггүй юм. Хамгийн түрүүн эзэн нь үзэг гээд.


-Голдуу хэдэн насныхан авдаг юм бол?
-Эд чинь сувенирийн хүүхэл­дэй. Хүмүүс хүүхдэдээ зориулан авч байгаагүй. Найз охиндоо өгнө гэж авч байсан нь олон. Зарим нь нөхөртөө өөр шигээ хүүхэлдэй хийлгэж өгнө гэдэг юм. Гэхдээ хөрөг хүүхэлдэй хийх хэцүү. Бас эрэгтэй хүүхэлдэй  ажиллагаа ихтэй болохоор дахиад хийх¬гүй гэж боддог. 


-Юу нь хэцүү гэж?
-Урьд нь хоёр л эрэгтэй хүүхэлдэй хийсэн. Үснээсээ эхлээд л хэцүү. Үс хийхдээ тууз хөвж хийнэ. Бас хиймэл үс задлаад хийж байсан тохиолдол ч байгаа. Хиймэл үс илүү хэцүү. Тус бүр гурвам мм-ийн зайтай оёно. Нэг хүүхэлдэйд 50 орчим туг ус хийнэ шүү дээ. Тэгэхээр эрэгтэй үс илүү хэцүү байдаг юм. Харин эмэгтэй хүүхэлдэйн үсэнд таваас долоон метр урт тууз хэ-рэгтэй.


-Үс хийх тийм уйтгартай гэж үү?
-Уг нь гоё л доо. Би үс хийхдээ их дур­тай. Үсийг нь л хурдхан хийх юмсан гээд тэсэн ядан хүлээж байгаа юм чинь. Харин бие, гар, хөл зэргийг нь хийх их уйтгартай. Хувцас, үс, нүүр нь бол урамтай шүү. Бүх хэс­гүүдээ нийлүүлж угсрахаар хөөрхөн харагдаад эхэлдэг юм. Хувцаслаад үсийг нь хийчихээр амь ороод л явчихна.


-Өөрөө жаахан байхдаа хүүхэлдэйгээр их тоглодог байв уу?
-Жаахан байхад орос хүүхэлдэй л байдаг байсан.Харин барби одоогийнх шиг гоё байсангүй ээ. Гэхдээ арваад хүүхэлдэйтэй, тэдэндээ хувцас хийгээд л суудаг бай­лаа. Харин том болсноосоо хойш гар урлал оролддог ч үгүй бай­лаа. Ажилтай байсан болохоор зав ч байгаагүй дээ. Харин төрсний дараа гэртээ байхдаа их уйдсан. Өдөр, шөнөгүй ажилладаг байсан хүн гэнэт завтай болчихоор эвгүй юм билээ. Тэгээд л цаг нөгцөөхийн тулд хүүхэлдэй хийх болсон юм. 


-Охиндоо хүүхэлдэй хийж өгч байсан уу?
-Хүн шиг урт хөлтэй, том толгойтой, царай муутай хүүхэлдэй бий. Гэхдээ охиндоо бүр хөөрхөн хүүхэлдэй хийж өгнө гэж боддог. 


-16 хүүхэлдэй хийчихсэн юм чинь нэлээд олон “багаж”-тай болсон биз?
-Би хүүхэлдэйнүүдээ дээр үеийн гар оёдлын машинаар оёдог. Одоо гоё оёдлын ма¬шин ирж байгаа. Янз бүрийн ганган оёдолтой. Хүүхэлдэйгээ бүр л ганган болгоно гэж бодоод, баяртай байгаа. Интернэтээр танилцсан най­зууд маань оёд­лын ма-шин авахад тусалж байгаа юм. Танихгүй хүмүүс хэрнээ л хаана гоё даавуу, тууз байгааг зааж өгдөг. 


-Таны хийж байгаа хүүхэл­дэйнүүд дахин дав­таг­дашгүй гэсэн. Нууц нь юу вэ?
-Би ч нууцыг нь тайлж мэдэхгүй. Яг адилхан эсгүүрээр хийж байгаа ч гэсэн хэзээ ч адилхан болдоггүй юм. Хамгийн жижиг нь 25 см байж болно. Илүү жижиг болохоор хэцүү. Харин том­доо 45 см байж болно. Миний хийдэг хүүхэлдэй ихэвчлэн 35 см өндөртэй. 


-Ихэр хүүхэлдэй хийж бай­гаагүй юу?
-Үзээгүй ээ. Тийм захиалга ирээгүй. Харин хос хүүхэлдэй хийж өгөөч гэсэн санал ирж байсан.
 

-Тэгвэл өөр төрлийн хүүхэлдэй хийж байв уу?
-Кофений өнгө, үнэртэй хүүхэлдэй хийж байсан. Хөвөн, байгалийн гаралтай даавуугаар хийнэ. Корица, кофе болон тарган цавууны уусмалаар будаад, хатаадаг юм. Пааран дээр тавиад хатаана гэвэл хоёр хонох байх. Харин зүгээр дүүжлэх юм бол удаан ч гэсэн цэвэрхэн хатна. Би залхуураад шарах шүүгээнд хатаачихдаг юм. Удахгүй би өөр янзын хүүхэлдэй хийж сурна гэж бодож байгаа. Том нүдтэй, чихтэй.


-Хэрвээ чи өөрийгөө хий­нэ гэвэл ямархуу төрхтэй хүүхэл­дэй урлах байсан бол?
-Ямар ч байсан буржгар үстэйг л хийнэ. Бүдэг үзмэн ягаан даашинзтай. Яг цаг нь болохоор л санаанд маань орох байх. Гэхдээ энэ цэн­хэр бошинзтой, буржгар хүүхэл­дэй­тэй адил¬хан болох байх. Үүнийг би яг өөрийнхөө хүс­лээр хий­сэн юм.


-Гар урлалтай холбоотой мөрөөдөл бий юү?
-Ирээдүйд “Гэгээн саран” урлантай болно. Хүүхэлдэй хийдэг болсноор гар урлалын олон янзын бүтээл урлалаас  холдож чадахгүй болсон. Уг нь манай ажил стресс ихтэй, хортой нөхцөлд тооцогддог. Гэхдээ энэ ажилдаа ч бас дуртай. Янз бүрийн туршилт хийхээр өнгө нь хувираад гоё л доо. Тиймээс энэ хоёр ажлаа хослуулах байх аа.

1 comment: