Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, November 1, 2012

УЛСЫН АСРАМЖИЙН ГАЗАР ДАХЬ ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТ




УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Ахмад настан хариуцсан мэргэжилтэн М.Балжмаа, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Мөнхбат нар сэтгүүлчдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Баянголын аманд байрлах Улсын асрамжийн газарт зочиллоо.
Уг нь хэл чимээгүй очиж, тус асрамжийн газрын бодит байдалтай танилцахаар зэхсэн юм. Гэсэн ч Асрамжийн газрын удирдлагууд аль хэдийнэ мэдээ авчихаад, бэлдэцгээж байгаа сураг дуулдсан. Тэнд очиход үнэхээр бэлтгэл сайтай байлаа. Эмч нь цоо шинэ цагаан кет өмссөнөөс эхлээд гадаах гутал арчих төмрийн будаг нь ч хатаагүй байлаа. Өнгөрсөн жил хэсэг хамтарч бүх цонхыг нь вакуум болгосон, халаалт сайтай тул маш дулаахан байсан.
Ер нь ажиглах юм бол бүгд л дэг журам, дэс дараатай. өндөр настан Өвөө, эмээ нар байдгаараа инээгээд л, явсан газар бүрт асрагчид дагаад л. Өлөн хиртэй хувцас өмссөн настан тоотой хэд байх бөгөөд эмч, нарынхаа царайг хармагцаа л байдгаараа инээгээд байх аж. Тэр олон бүгд л, “өө сайхан байна”, “даргыг маань бид нартай үлдээж өгөөч” гэсэн жижүүрийн хоёр үгтэй угтана. Удахгүй захирал Цэндсүрэн нь тэтгэвэрт гарах гэж байгаа юм билээ л дээ.

Биднийг очиход тосон авч, гар барьж байсан жижигхээн өвөөг Д.Лхамсүрэн гэдэг. 74 настай тэрбээр Улсын асрамжийн газарт хамгийн удаан буюу 44 жил аж төрж байгаа. Хэл ярианы бэрхшээлтэй тул ярих гэсэн зүйлээ хүмүүст ойлгуулж үл чадна. Ямар ч л байсан дэндүү их гомдолтой явдаг бололтой гэсэн бодлыг бүгдэд үлдээж чадсан юм. Түүнээс гадна өөр хэд хэдэн хэл ярианы согогтой хүмүүс байсан. Тэдний нэг нь үе үе тов тодхон ярина. Түүнийг ярьж чадахгүй гээд хэн ч, ямар ч үг зааж өгөөгүй бололтой. “Цай ууя гэхэд маань байхгүй гээд уурладаг”, “Хүн ирнэ гээд ээмэг, бөгж буцааж өгсөн. Төмөр хайрцганд хийгээд цоожилдог”, “Ширээ маань гар хүрэхэд наалддаг, өчигдөр арчиж өгсөн” гэх мэтээр ховлож байв. Ингэж ярьж байхдаа нүдэндээ нулимстай байсан хэдий ч асрагчийг шагайнгуут инээж эхэлсэн дээ.
Улсдаа ганц гэгдэх энэ асрамжийн газар 150 хүн хүлээн авах хүчин чадалтайгаас энэ жил 110 хүнтэй байна. Тэдний 40 нь сэтгэцийн өвчтэй, 22 нь хэвтрийнхэн аж. Уг нь энэ Асрамжийн газарт 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйг албан ёсоор хүлээн авах ёстой. Гэсэн ч энд асруулах зөвшөөрөлтэй хүмүүсийг буцаах аргагүй тул өдий хэр нь халамжилсаар байгаа гэнэ. Тэндэхийн эрүүл саруул, асран хамгаалагчгүй 46 хөгшний 40 нь тэтгэвэр, тэтгэмж авдаг. Урьд нь тэдний тэтгэвэрийн 70 хувийг улс авч, 30 хувийг нь олгодог байжээ. Харин саяхнаас 70 хувийг нь эзэнд нь өгч, 30 хувийг нь тус Асрамжийн газарт үлдээдэг болсон гэнэ. Гэхдээ тэнд сүүлийн хоёр сар тэтгэвэр аваагүй гэх хүн ч бий. Асрамжийн газрынхан тэтгэвэрийн мөнгөний 30 хувийг настнуудын эмчилгээнд зарцуулна гэсэн бөгөөд хүн тус бүрт данс нээж, хөт лөх юм гэсэн. Харин нэг хүний эмчилгээний зардал хүрэлцэхгүй бол бусдынх нь зөвшөөрлөөр тэтгэврээс орж ирсэн 30 хувиас нь зарцуулах аж.
Улсын асрамжийн газрын жилийн төсөв нь 528 сая 542 мянган төгрөг. Нарийвчлалтай тооцох юм бол сарын төсөв нь 44 сая 451 мянга 600 төгрөг. Харин өдөрт нэг сая 500 мянга орчим болно. Энэ мөнгийг хоолонд 100 сая, хувцасанд 16 сая, эм тарианд таван сая гэх мэтчилэнгээр хуваах бөгөөд 48 ажилтнаа цалинжуулдаг. Бас халаалт, цахилгаан зэргийн үнэ ч үүнд багтна. Гэхдээ энэ төсөв бага тул эмчилгээний зардалд хүрэлцэхгүй байгаа тухай асрамжийн газрын захирал Цэндсүрэн гуай ярьж байлаа. Асруулагч нар хүнд өвчин тусах юм бол Улаанбаатар хотод шинжилгээ, эмчилгээ хийлгэдэг. Бас эмнэлэгт хэвтэх шаардлага гарвал чирэгдэл багатайгаар нь “Ачтан” хувийн эмнэлэгт хандах бөгөөд эм, тариаг нь “Монос”-оос нийлүүлдэг аж. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Мөнхбат энэ асуудалд анхаарлаа хандуулж, Батсүмбэр сумын эмнэлэгтэй хамтран ажиллах боломжийн тухай ярилаа. Сумын эмнэлэгт эхо, рентгений аппрат суурьлуулчих юм бол заавал хот орох шаардлагагүй болох юм л даа. Гэсэн ч Асрамжийн газрын их эмчийг дагуулан Батсүмбэр сумын эмнэлэг рүү явах хүсэлтийг захирал нь хүлээж авсангүй.
Асрамжийн газрын зохион байгуулалтаас үзвэл гуравдугаар давхрын нэг жигүүрт хэвтрийн хүмүүс байна. Харин нөгөө жигүүрт сэтгэцийн өвчтэй хүмүүс байрлана. Нэг, хоёр давхрын оршин суугчдыг гуравдугаар давхарт гарахыг зөвшөөрдөггүй. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэ цийн өвчтэй хүмүүс физологийн асуудлаа шийдэх боломжгүй учраас нэгнийгээ татаж, чангаагаад байдаг болчихдог юм гэсэн.
Эмнэлгийн удирдлагууд энэ асуудлыг нэн тэргүүнд шийдэж өгөхийг З.Баянсэлэнгэ гишүүнээс хүссэн. Учир нь сэтгэл мэдрэлийн өвчин, тахир дутуу хүмүүсийн бэлгийн асуудал энгийн хүмүүсийнхээс ялгаагүй бөгөөд олон жилийг ганц биеэрээ туулахад хүнд байдаг гэнэ. Заримдаа гуравдугаар давхарт “бөөн юм” болдог гэсэн. Тэр ч бүү хэл өвгөн болгоны өвөрт ордог эмээ ч байна. Бас гэрлэлтээ батлуулж, хамтдаа нэг өрөөнд амьдарч байсан эмээ, өвөө хоёр тэнд байжээ. Харамсалтай нь архинд орж, улмаар асрах газраасаа хөөгдсөн аж. Гуравдугаар давхарт байдал бүр хүнд. Мэдээж хүний гарт орсон хүмүүст илүү хэцүү. Босож чадахгүй тул бие засахдаа ч орондоо. Эднийг асрагч нар л харж ханддаг болохоор асрах хүнтэй байгаадаа баярладаг юм билээ.
Харин нэгдүгээр давхарт байдал огт өөр. Тэнд ихэвчлэн эрүүл, саруул хүмүүс байх бөгөөд өрөөндөө ганцаараа суух аж. Эндэхийн өвөө, эмээ нар бүгд ямар нэг бү лэгт харьяалагдах бөгөөд дуу ны бүлэг, зургийн бүлгээс өгс үүлээд өргөдлийн бүлэг ч бий. Өргөдлийн бүлэг нь ийш тийшээ бичиг, хүсэлт явуулж мэргэшсэн гэсэн. Би өргөдлийн бүлгийн Д.Хоролсүрэн хэмээх эмээгийн өрөөд орсон юм. Ном их уншдаг тэрбээр “Чонон сүлд”, “Хиртэлт” зэрэг ном тавьжээ. Хот орох тоолондоо тэтгэврийн хэдээрээ ном авдаг гэнэ. Одоогийн Стандартчлал хэмжил зүйн газарт 40 жилийн турш мэргэжилтнээр ажиллахдаа 12 даргын нүүр үзсэн аж. Гурван хүү төрүүлсэн ч амьдралын эрхээр Асрамжийн газарт өөрөө иржээ. Түүнээс гадна долоон жилийн өмнө 37 настай хүүгээ дагуулан ирсэн эмээ одоо ч тэнд амьдарч буй. Хүү нь 44 настай ч ээжийгээ бараадаж, Асрамжийн газарт амьдарч байна. Энэ мэтээр тоочих юм бол хүн бүр л өөрийн түүхтэй. Энд 18 настай хүн байхад 100 настай эмээ ч бий.
Батсүмбэрийн Асрах газар хоёр жилийн өмнөхөөсөө хавьгүй дээрджээ. Тав тухтайн дээр эмээ, өвөө нарын тоочих зовлон ч багассан байна. Гэхдээ л нэлээд хуурамчдуу байдал илт мэдрэгдэж байсныг хэлэлгүй өнгөрөөж болохгүй л болов уу. Өндөр настнуудыг зорьж очих хүн олон бөгөөд дандаа л хандив, тусламж ирэх аж. Ирэх хагас сайн өдөр “Тэндоу” төвийнхөн ахмадууд дээр зочлох юм гэсэн.

No comments:

Post a Comment