Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, December 16, 2012

Амьдрал цэгээс хязгааргүй алсрах гурван зураас

Манай сонин “Ринг” хэмээх сонирхолтой булантай байв. Өөр өөр байр суурьтай зочид үзэл бодлоор тулалдах ярилцлагын ринг бидэнд аливаа зүйлийг эргэцүүлэхэд дөхөм болдог байв. Тиймээс одоо “Ринг” булангаа сэргээн, мэргэн уншигч танд хүргэж байна. Ярилцлагын рингэнд “супернэгдэлчин” Ч.Эрдэнэ, түүхийн ухааны профессор Н.Нагаанбуу, “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа нар хүрэлцэн ирлээ. Тэдний “тулаан” маш хүлээцтэй, тогтуун өрнөснийг дурдалгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр тэдний санаа оноо, сурсан судалсан зүйлс нь өөр өөр ч хүн төрөлхтний нийтлэг асуудал, оюун санааны тухайд нэгэн чигт хандаж байсан юм. Энэ нь хүн бүхэн дотроо сайн сайхны гэрэл цацруулдаг болохын жижигхэн баталгаа билээ. Бидний яриа олон сэдвийг хамарч байгаа тул бараг л асуултгүй хөвөрсөн юм. 


Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа
        Зүүн гар талаас Д.Ухаанзаяа, Ч.Эрдэнэ, Н.Нагаанбуу


Итгэл гэдэг Үнэн
-Хамгийн түрүүнд итгэлийн талаар ярилцмаар байна. Итгэл гэдэг зүйл бидний амьдралын хамгийн эрхэм зүйл шүү дээ. Бид шашинд итгэнэ, шинжлэх ухааны баталгаануудад итгэнэ. Бас түүхийн хуудсанд итгэнэ. Гэхдээ энэ гуравт, гурвууланд нь бүрэн итгэх юм бол зөрчил үүсэх гээд байна.
Ч.Эрдэнэ: -Би үндэсний итгэл бишрэлийн тухай бичиж, судалдаг. Либерал ардчиллын нөхцөлд дэлхий даяаршиж, дэлхийн хүн буюу космополит “үүссэн”. Хэрэг дээрээ үндэстэн ястанд хуваагдсан, өөр өөрийн гэсэн зан заншил онцлогтой. Үүнээс үүдээд үндэсний үзэл онцгой тавигдана. Дэлхийн байдал тийм л байна. Жижиг үндэстнүүд ч гэсэн салан тусгаарлах хүсэлтэй байгаа. XXI зуун бол үндэстнүүдийн соёлын өрсөлдөөний зуун болно гэж би бичиж байсан юм. Үндэсний итгэл бишрэлийн асуудал манайд ч гэсэн сэргэж эхэлж байна. Шонхор шувууг махчин шувуу гээд сүлд болгоог үй. Одоо болохоор үндэсний бахархалт шувуу гэж нэрлэж байх жишээтэй. Итгэл бол бишрэлтэй холбоотой. Итгэж байгаа бол биширнэ, биширч байгаа бол итгэнэ. Гэхдээ монголчууд харийн нөлөөнд яваад байдаг юм. Одоо ч тэр. Оросыг Хятадаар, Хятадыг Японоор солих л ялгаа байна. Энэ удаан хугацаанд монголчуудын үндэсний итгэл бишрэл бараг алга болсон. Үүнийг яаж сэргээх вэ гэдэг асуудал бүгдэд байна.
Н.Нагаанбуу: -Итгэлийг би онцгойлж, “Итгэл зүйн ухаан, сэтгэлгүй нийгэм” гэж ном бичиж байсан. Сэтгэлзүй гэдэг бол темпераментийн асуудал. Харин итгэл бол хүний язгуур эрдэм мэдлэгийн үндэс юм. Өнөөдөр үүнийг шинжлэх ухааны түвшинд гаргаж тавих цаг болсон. Итгэлийн дээд үнэн гэдэг дээ. Үнэн гэдэг чинь философийн гол зорилго. Итгэлээ гээх юм бол өвчин туслаа ч эдгэрэхгүй болно. Монгол хүний итгэх гол зүйлс нь нар, сар, гал. Монгол гэдэг бол мөнх гал гэдэг үг. Хэлэхийн урсгалд авиа ондоошсон хэрэг. Гал гэдэг нь улс үндэстэн, ураг төрөл мөнхрөхийн бэлгэдэл. Итгэл бол үнэн. Үүнээс өөр чухал зүйл байхгүй. Монголчуудын энэ итгэл сүүлийн үед алдарч байна гэж боддог.
Д.Ухаанзаяа: -Итгэл бол маш агуу зүйл. Би лекц уншихдаа үнэн итгэлийг олж авахын тулд зоригдож байгаа юм. Мухар сүсгийг орхих хэрэгтэй. Үнэн итгэл бол улс үндэстэн, өрх айл, дотогшлоод хувь хүний дотоод сэтгэхүйг зөв хөгжөөдөг. Гэтэл манайхан одоо нэлэнхүйдээ оюуны хоосролд орчихсон, юунд итгэхээ мэдэхээ больчихоод байгаа. Мэдээллээр хахаж байгаа хэдий ч үнэн мэдээллийг олж авахад туйлын хэцүү болсон. Итгэл бишрэлгүй болохоор хүний хүч сулраад явчихдаг. Аливаа зүйлийн мөн чанарыг таньж мэдэж байж итгэлээ өгөх нь чухал. Бид өнгө, цуу ярианд итгэснээрээ өөртөө зовлон дууддаг. Мэдээж хүн бүхэн сайн сайхан амьдаръя гэж бодож байгаа. Гэсэн ч материаллаг зүйлд дурлах нь итгэлийг мухардуулдаг. Хүн гэдэг сайн үйлийн үрээр бүрэлдэж, чөлөө учрал бүрдсэн эрдэнэ мэт хүний биеийг олоод төрдөг. Гэсэн ч адгуус мэт амьдарч буй хүмүүс олон. Амьжиргаа ярина гэвэл адгуус хүртэл үр төлөө тэжээдэг юм. Итгэх зүйлээ олж чадаагүй, өөртөө итгэдэггүй хүн олон байна. Хүн өөрөө итгэх шүтээнээ заавал олох ёстой юм. Энэ эхний шатан дээр гишгэх юм бол цааш өөр олон зүйлийг ярьж болно.
-Тэгвэл тэр үнэнийг бид хаанаас эрэх вэ?
Д.Ухаанзаяа: -Бөө мөргөл, Христийн шашин ч бай, хүн ардыг зовлонгоос гэтэлгэх зорилготой. Бөөг бүгд муу гэж болохгүй. Сайнтай, муутай сав дүүрдэг. Энэ дунд бизнес хөөгөөд явчихсан нэг нь байна. Хүн юунд биширч, үнэмших нь өөрийнх нь дур.
Х.Нагаанбуу: -Хүн гурван зүйлд итгээд байна. Эхнийх нь мөнгө. Мөнгийг шунал дагадаг. Удаах нь шашин. Шашныг горьдлого дагадаг. Эцсийнх нь амьдрал. Амьдралыг зүтгэл дагадаг. Би Нагаанбуу гэдэг хүн. Би бурхан тэнгэрт итгэхгүй. Би өөртөө л итгэж байна, өөрийг өө бурхан гэж бодож байна. Намайг төрүүлсэн аав, ээж минь бурхад, Алтай нутаг минь бурхны орон юм. Тэдний минь сургаал ямар ч бурхнаас илүү. Хайр чинэрсэн үг нь үнэн сэтгэлийнх байсан болохоор тэр.
 
Тамд хүрэх шатыг сайхан сэтгэлээр бүтээсэн
-Шашны холбогдолтой номуудаас нэг зүйлийг эрээд олдоггүй юм. Хүн сайн сайхныг л бясалгаж явбал буян болно гэдэг. Дандаа сайн сайхны төлөө өөрийгөө зориулаад явж байтал үнэн хэрэг дээрээ тэр нь муу зүйл байвал яах вэ. Тэр хүн сайн хүн үү, эсвэл муу хүн үү. Түүний сайхан сэтгэл, мууг үлдээсэн үйл хэрэг хоёрын аль нь илүү жин дарах бол?
Ч.Эрдэнэ: -Тамд хүрэх замыг сайн санаагаар бүтээсэн гэдэг юм. Хүн төрөлхтний эсрэг муу зүйл хийе гээд бодоод, зохион байгуулаад байгаа хүн байхгүй болов уу. Социализм гэдэг чинь цэвэр сайхан сэтгэл шүү дээ. Бүхний амьдралыг тэгшитгэе, хийснийгээ хувааж авъя гэдэг чинь ёстой л бурхны ариун санаа байхг үй юу. Дэлхийн оюун санааны дээд түвшин гэх капитализмаа эргэж хар л даа. Эдийн засаг хямарч байна, экологи сүйрч байна. Хүн өөрөө оршин байх уу гэсэн асуудал тулгарах нь. Хэн, юу ч хийж байсан үр дүнгээ хянах л ёстой байхг үй юу. Ер аль ч нийгмийн систем, нам холбоод хийж байгаа юмаа хардаггүй. Уг нь үнэхээр сайн санаа л байгаа шүү дээ, бидний дотор. Гэхдээ энэ нь хаашаа хөтөлж байгааг хэн мэдлээ. Дэлхий нийт хариулт олоогүй байхад би хариулчихна гэж юу байх вэ. Хэдэн жилийн өмнө нэг орос хүн надаас асууж байсан юм. “Наад онол чинь хэзээ нэгэн цагт гүйцнэ. Эцэстээ ямар зэвсэг болох вэ” гээд. Надад хариулт олдоогүй. Хүн чинь чулууг ч зэвсэг болгочихоод байдаг юм. Хэрвээ энэ онол зэвсэг болбол аймшигтай зүйл болно. “Оддын дайн” гэдэг чинь хүүхдийн тоглоом. Шинжлэх ухааны шинэ онол зэвсэг болох нь гарцаагүй байдаг. Гэхдээ дэлхий нийтээр хүлээгээд байгаа супернэгдлийн онол бүхнийг нэгтгэх цэг байгаа юм.
Н.Нагаанбуу: -Нэг асуудал тулгарахад эсрэгцэх, эерэгцэх, эргэлзэх гурван төлөв байна. Түүнд хүмүүс гэнэн, хэрсүү, хашир гурван төрл өөр ханддаг. Энэ асуултад Монголын түүхийн язгуур гүн ухааны зүгээс хариулах гээд байна. “Монголын гурав, модон ширээний дөрөв” гэж өвөрмонголчууд ярьдаг юм. Халимагууд “Найрын гурван ёс, наадмын хоёр тал” гэдэг. Ер нь манайхан бүхнийг гурвын тоонд багтаадаг ард түмэн. Аливаа асуудалд тухайн үеийн зөв, буруу бий. Энэ хоёрын дундаас хэн ч анзаараагүй Х буюу ирээдүй цаг байгаа. Х-ийг л сайн тооцоолж, зөгнөх хэрэгтэй. Харин сайхан, муухай сэтгэл чинь үйл хэргийн дараагийн шат. Хамгийн түрүүнд зөв үр дүнтэй зүйл л барьж авах ёстой.
Д.Ухаанзаяа: -Хүн болгон өөр өөрийн гэсэн авьяастай төрдөг. Хорин хүнд нэг үг хэлэхэд тэд 20 янзаар хүлээн авдаг. Хүний аливаа зүйлийг бодож санах нь янз бүр. Сэтгэл гэж юу байдгийг мэдэхгүйгээр зүгээр л сайхан санаад яваад байж болохгүй. Нэг том зорилгын төлөө амьдралаа зориулаад, мөрөөдөөд явж байтал нөгөөх нь оргүй хоосон, үр дүнгүй байх тал бий. Бас зорилгогүй, зүг чиггүй амьдраад ирсэн хүн олон бий. Шашин гэхээр манайханд Гандан, хурал бодогдоод ирдэг. Үнэндээ бурхан багш “Би энэ замыг нээлээ. Миний замналаар яваач ээ. Зурганд минь зул, хүж өргөх шаардлагагүй” гэж номлосон. Гэвч 2600 жилийн өмнөх энэ сургаалыг бидэнд таниулах гэж олон төрлийн ном гарсаар байгаад зан үйл олширсон. Энэ нь явсаар бурханд тахил өргөж юм гуйгаад, авлигадах сэтгэлгээг төрүүлсэн хэрэг. 

Үндэсний Үзэл-эрдэм ухаан-эр зориг 
 
Н.Нагаанбуу: -Үзэл гэдэг бол үзлийн юм гэж би боддог. Үндэсний үзэл гэдэг чинь хийрхэл. Үндэсний эрдэм буюу монгол хүний оюуны цар хүрээг ярина уу гэхээс үзэл суртал ярина гэж таарахгүй. Түүхэнд авах юм байхад хаях юм ч бий. Онгичиж болохгүй юм ч байна. Монгол хүн бусдаас илүү ухаантай, хөх тамгатай гэдэг чинь жинхэнэ хийрхэл. Дэлхийн суут хүмүүсийн дунд Чингис хаанаас өөр хүн багтаагүй л байна. Харин эх оронч ухаан, эх оронч эрдэм гэж бий. Энэ талаас нь харвал илүү зөв зүйтэй болж ирнэ. Ухаан гэдгийг үйл үгийг эс тухайлах хэлбэрт оруулбал ух гэдэг үг байгаа юм. Бидэнд энэ сайхан үг байхад бид үзэл, ойлголт гэдэг хачин үг хэллэгээр нөөц бололцоогоо гутамшигт байдалд оруулж байна. Би ийм л сөргүү санаатай байна.
Д.Ухаанзаяа: -Манайхан Солонгосын савангийн дуурь луу хошуурч “Америкийн шүтээн” нэвтрүүлгийг үзсээр байгаад гаднын соёлыг шүтэн бишрэх болжээ. Манайханд үндэсний үзэл байхгүй бол үндэсний ухаан гэж зүйл хөгжихг үй. Эхний ээлжинд Монголоороо бахархах сэтгэл, эх оронч үзэл төлөвших ёстой.
Н.Нагаанбуу: -Монгол ухаан гэж яриад явахад буруудах юм байхгүй. Үндэсний эрдэм гэж ярих юм бол чи өөрөө ч олон зүйл бодох хэрэгтэй болно. Энэ үгийг би дахин хэлмээр байна. Итгэх, зүтгэх зүйлд маань эх орон чухал байр суурь эзэлнэ. Хайрлах ёстой зүйл маань үндэсний эрдэм. Хүн хайрласан зүйлээ хадгалдаг юм. Хадгалдаг зүйлээ хамгаалдаг жамтай. Хайрлах, хадгалах, хамгаалах бодитой зүйл ярьж байж үндэсний ухаан, мэдлэгтэй болно. Тэгж байж монгол үүх түүхийг нүүр бардам ярих хэрэгтэй. Үндэсний үзэл гээд байгаа зүйл үүнгүйгээр хэзээ ч тусахгүй. Үзэл гэдэг чинь сэтгэлгээний хамгийн доод түвшин.
Ч.Эрдэнэ: -Үндэсний үзэлгүй хүн хэзээ ч олимпийн аварга болж чаддаггүй юм. Үндэсний үзэл хөгжөөгүй орноос олимпийн аварга төрд өггүй.
Н.Нагаанбуу: -Үндэсний эрдэм мэдлэг байхг үй юу. Бид үзэл гэж ярьж хэвшчихээд байна.
Ч.Эрдэнэ: -Зүгээр л тийм теорем байдаг юм. Энэ үгийг би хуучин Зөвлөлтийн олимпийн аваргаас сонсож байлаа. Эцсийн мөчид “Би орос цустай”, “Би монгол цустай” гэж босож ирэх энэ зүйл чинь үндэсний эр зориг байхгүй юу. Үндэсний үзэлдээ ч биш, үндэсний ухаандаа ч биш. Асуудал чинь үндэсний эр зоригтоо байдаг юм. Манайх л гэхэд социализмын үед олимпийн аваргатай болох боломж нэг бус удаа тохиосон. Миний тооцоогоор дөрөв, тав байсан. “Нэг л болохгүй юм” гээд Ойдов бүр гайхдаг. Одоо үндэсний үзэл хөгжсөний эцэст Булганы нэг залуу олимпийн аварга болчихлоо. Би монгол цустай хүн, энэ муу солонгосыг дарна л гэж бодож босож ирж байгаа юм.
Д.Ухаанзаяа: -Бид гурвуулаа нэг зүйлийг өөр өөрийн нэршлээр хэлчихлээ. (инээв) Үгийн утга нь яах вэ. Бид энэ үгэнд хүртэл ач холбогдол өгч, өөр өөр бодолтой байхаас илүү, зүгээр л эх оронч байх ёстой.
Төөрөгдлөөс гарах гарц: Системтэй сургалт 

-2500 жилийн өмнө Бурхан багш зургаан том зүйлийг номлосны тавыг нь шинжлэх ухаан нээгээд, Ассур гэдэг зүйл л үлдчихлээ. Ер нь бид үл үзэгдэх бүхнийг л эрж байгаад байх юм.
Д.Ухаанзаяа: -Ассур гээд ярьж байна. Үүнээс өмнө шамбал гээд ярьж л байсан. Үнэхээр шамбалын орон гэж байдаг. Ассурийн орон ч бий. Эдгээр нь бидний нүднээ үл үзэгдэх бие даасан орнууд юм. Үүнийг сүнсэн биеэрээ явж үзэх бүрэн боломжтой. Энэ тухай Энэтхэгийн том Егүзэрва буюу Налжирва нар бас баталдаг. Тэд өдий хэр байдаг бөгөөд дүн өвлийн хүйтнийг орхимжноос өөр өмсгөлгүй туулдаг юм. Тэдний нэгнээс Европын сурвалжлагч “Та солонгон биеэрээ махан биеэсээ гараад ямар ямар орноор явсан бэ” гэж асууж байсан удаатай. Лам хэлэхдээ “Там, бирд, тэнгэрийн орон, ассурийн орноор зорчоод ирдэг” гэсэн. Та бүхэнд хэлэх юм бол төөрөгдөлд унах аюултай. Хэрвээ төөрөгдөлд орох юм бол мөнхийн мунхгийн боол болдог. Аливаа зүйлийг шат дараатай үзэж судалж байж тэдгээр нь ухаан болж өөрт төлөвшдөг. Бид шат алгасаж харайх юм бол унах аюултай гэдэгтэй л адилхан.
Ч.Эрдэнэ: -Хагас мэдлэг шиг аюултай зүйл байхгүй. Дутуу мэдлэгтэй байснаас юу ч мэдэхг үй байх нь илүү амар. Дутуу мэдлэг муу санаа хураадаг юм. Ер нь шашин, шинжлэх ухаан хоёр чинь танин мэдэхүйн хоёр зам. Бурхан байдаг гээд хэлчихлээ. Харин яаж, яах гэж бүтээв гэдгийг олж, мэдэх нь шинжлэх ухааны туйлын зорилт. Физикч Стивен Хокинг “Ертөнцийн бүрэн төгс онолыг олох нь бидний туйлын зорилго” гэж хэлсэн нь бий. Христийн шашинтнууд гортиг, шугамаар ертөнцийг зурсан гэдгийг илэрхийлэх зураг байдаг юм.
2012 оны тухай байгалийн зөн яваад байна шүү дээ. Ямар ч байсан нэг шилжилт болно. Супернэгдлийн онол ил ертөнцийг судлаад дуусчихаж байгааг илэрхийлнэ. Та нар ч гэсэн нэг тооны машин бариад, энэ онолоор дуртай үзэгдэл болгоныг тооцож болно. Маргах ч хэрэг байхгүй, бүх хариуг нэгтгэх томьёо гээд л бод. “Философоор маргадаггүй универсал математик машинтай болох юмсан” гэж философийн анхдагч Годфред Ленус хэлж байлаа. Тэр машин чинь супернэгдлийн онол байгаа юм. Тэгэхээр бид үзэл бодол, эрдэм ухаан, эр зориг гэж ярих ч хэрэггүй болно. Энэ теором ёсоор бол бид ил ертөнцийн бүхий л зүйлийг тайлах юм. Тэгэхээр цаашлаад далд ертөнц рүү хүчээр орчихно. Би далд ертөнцөд дурлаад байгаа хэрэг биш. Итгэдэг ч үгүй. Гэтэл өнөөх математик онол биднийг хөтлөөд оруулна. Дэлхий ертөнц энэ онолыг 100 жил хайж байна. Гэтэл энд олчихлоо. Дэлхийн хамгийн агуу үндэстэн бол Монгол мөн. Бид үнэхээр л мундаг үндэстэн мөн юм бол бид дэлхий даяараа эрж бэдрээд байгаа онолыг нь олоод өгчих хэрэгтэй. Энэ хийрхэл мөн. Энэ солиорол мөн. Энэ бол юм бүхэн.
Д.Ухаанзаяа: -Сүнсний тухай ойлголт хэдэн зууны тэртээгээс эмх цэгцтэй хадгалагдаж ирсэн. Хүний цээжний харалдаа зүрхэн тус газарт байх мөнх орших зүйл бол сүнс. Харин бие цогцос бол өмсөөд хаях дээлтэй адил юм. Сүнс хүний төрх, нэршлийг авна. Харамсалтай нь мэдлэг боловсрол, мэдээллийг цуглуулчихаад биеэ орхих агшинд бүхнийг мартдаг юм. Амьд ахуй цагтаа хуримтлуулсан мэдээллийг марталгүй дараа төрөлдөө шилжүүлж чаддаг бол хүн маш гайхамшигтай байх байлаа. Бурхны шашин, бясалгал бол өмнөх мэдлэгийг дараа төрөлдөө авч төрөхөд сургуулилалт болж байгаа юм. Энэ нь өөрийнхөө сүнсийг биеэс гадагшлуулж, буцаан шингээх увдисаар илэрдэг. Бясалгалд системтэй маш олон сургаал бий. Би үүнийг зохиож яриагүй юм шүү. Энэ нууц тарнийн номлолын дагуу манай Монголоос асар олон хутагт, хувилгаад мэндэлсэн. Дандарагдам, Өндөр гэгээн гээд урьд төрлийг тоочиж чадах эрдэмтэн олон байлаа. 

Хоосон Чанар гэдэг чинь тооны нийлбэр хатуу биет болж үзэгддэгтэй ижил
Н.Нагаанбуу: -Хоосон чанар энэ тэр гэж ярьж байна. Монголчууд ийм зүйлд итгэдэггүй. Амь нь биеэсээ гарах зэрэг шидлэг шүтлэг бий нь бий. Эрдэнээгийн хэлдэг шиг мэдээлэл дамждаг. Гэхдээ хоосон чанар бол цахилгаан соронзон орон гэж өдгөөчилж, өнөөдрийн их мэдлэгтэй хольж тайлбарлах нь алдаа. Бүр гутамшигтай алдаа. Ялангуяа гаднынхан ийм гаргалгаа их хийдэг. Түүхэнд мэдлэгийн дагуу хандах юм бол урвуу хариу гарна. Монголчууд хоосон чанараас илүү дүүрэн чанарыг шүтдэг. Хүний сайнаар гэр дүүрэн, хүлгийн сайнаар зэл дүүрэн гээд л дүүрэн сайхныг бэлгэддэг. Тэгэхээр монголчуудын үндсэн сэтгэлгээ бол амны бэлгэ. Заримынх нь ажил бүтэлгүйтэж, хоосрохдоо тулбал “Би дүүрсэн амьтан” гэж хэлдэг. Хоосон гэдэг чинь цээртэй үг. Хоосон чанарын онол манайд шашин орж ирсэн үеэс лам нарын дунд дэлгэрсэн байх. Худал, үнэнийг нь би шүүх эрхгүй. Язгуур гүн ухааны тал дээр хоосон чанар зэргийг Ухаанзаяа ярих байх. Харин би түүхийнхээ үүднээс гаргалгаа хийж байна. Бид чинь дүүрэн чанарын онолтой үндэстэн.
Д.Ухаанзаяа: -Энэ талаар ярих гэвэл их олон том судлаач, мэргэдийн өмнөөс ярих хэрэгтэй болно. Хоосон чанар гэдэг бол асар том ойлголт. Үүнийг ярихын өмнө Буддын шашныг манайх хэзээнээс шүтсэн тухай өгүүлэхгүй байж болохгүй. Манайхны зарим нь хувьсгалаас өмнө гэж ярьдаг бол Манжийн дарлалын үеэс гэж ярих хүн ч бий. Үнэндээ монголчууд Хүннү, Сүннүгийн үеэс эхлэн буддын шашныг шүтэж иржээ. Хубилай хааны Юань улсын үед төрийн их багшаар Пагба ламыг томилж байсан. Чингис хаан ч гэсэн хувилгаадуудтай захидлаар харилцаж байсан тухай баримтууд одоо ч бий. Хубилай хааны үед шарын шашин байсан гэдгийг олон хүмүүс няцаадаг.
Н.Нагаанбуу: -Байлгүй яах вэ. Сажон ёсны Пагба лам гээд л...
Д.Ухаанзаяа: -Тухайн үед Ил хаад ч лам нарыг залж байсан гэдэг. Хубилай хаан хүртэл хоосон чанарт суралцаж, сэтгэлийн амар амгаланг олж авч байсан тухай баримтууд байгаа. Тэгэхээр бидний үндсэн шашин энэ юм. Харин бөөгийн шашин гэж байхгүй. Үүнийг би баттай хэлж байна. Шашин гэдэг чинь хэдэн зуун сургаал номлол нь нийтэд түгсэн, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй олон баримт нотолгоотой зүйл. Харин бөө мөргөл гэж бий. Чингис хаан тэнгэр шүтлэгтэй байсан нь үнэн. Гэхдээ бөө мөргөлтэй ямар ч холбоогүй. Чингис хаан их олон газрыг эзэлж явахдаа олон төрлийн шашнаас аль нэгийг нь сонгож, төрийн шашин болгох хэрэгтэй байсан. Манай их хаадууд олон шашныг судалсны эцэст бурхны шашин бүх хүний оюун санааг нэгэн цэгт базаж чадна гэж онцолсон нь тэр. Сая Нагаанбуу гуай монголчууд бурхандаа өргөл өргөдөггүй байсан гэж хэллээ. Энэ их буруу ойлголт юм. Манай захын айлд ороод үзэхэд бурхан шүтээн байж байна. Захын эмээгийн авдрыг онгойлгоод үзвэл “Нарны шинжээ”, “Салхины шинжээ” гээд маш олон сайхан судрууд гарч ирдэг байхгүй юу. Тэд цацлаа өргөхдөө, “Лха таван тэнгэр минь өршөө”, “Бурхан минь авралдаа багтаа” гэдэг. Мэдээж баян хангайгаа дуудна.
Н.Нагаанбуу: -Хоосон чанар гэдэг утгыг би үгүйсгээгүй. Амь гэж ярилаа. Амны бэлгэ, бэлгэдэл, ёр цондон гээд л язгуурын тухай ярьж байгаа болохоос шинжлэх ухаан, шашинжуулах зүйл яриагүй. Энд шашин Монголыг мандуулсан гэдэг талаар яриад байна. Үнэхээр тийм түүх байдаггүй юм. Манжийн үед ч бид модоо бариагүй л байсан. Харин Богд хааны үед л монголчууд жинхэнэ модоо барьсан. Богд хаан, эх дагинын шүтээн, бурхдыг бүтээхийн тулд ард иргэд ээмэг, бөгжөө хамаад өгсөн. Хэрвээ шашин улс орныг мандуулдаг юм бол Балба, Энэтхэг, Монгол гурав дэлхийн оройд заларч байх байлаа. Шашны гүн ухаан мундаг л байдаг байх. Гэхдээ манайд мухар сүсэг нь илүү дэлгэрсэн. Айлын чавганцын авдарт баахан судар байдаг л гэнэ. Тэр судрыг чавганц маань юу гэдгийг нь мэддэггүй байхгүй юу. Тийм учраас буддын шашны нэг балаг нь мухар сүсэг дэлгэрүүлсэнд байгаа юм. Гэхдээ би Ухаанзаяа шиг гэгээрлийн тухай айлдаад байгаа лам нарыг дэмждэг. Шашныг шашин чигээр нь дэлгэрүүлэхгүй мухар сүсэг болгоод байгаа нь аймшигтай алдаа.
Ч.Эрдэнэ: -Хоосон чанараас болоод хоёр тал маргалаа. Харин ашгүй би дундаас нь олон зүйл сонсож авсандаа олзуурхаж байна. Уг нь хоёр хүн хоорондоо үзэл бодлын зөрчил гаргаж байхад гуравдагч этгээд оролцдоггүй номтой. Гэхдээ энэ ярилцлагад би нэгэн зүйлийг онцолмоор байна. Сүүлийн таван зуун бол шинжлэх ухааны зуун болох юм шүү. Хоосон чанар бол философийн төв асуудал. Шинжлэх ухаан анх үүсэхэд Пифагор “Буй бүхэн тоо” гэж хэлж байсан юм. Аяга гээд хатуу зүйл харагдаад байгаа биз дээ, энэ чинь худлаа. Энэ чинь тоо. Анх тэг тоог Энэтхэгт нээсэн. Математикийн хамгийн чухал нээлт бол тэг тоо. Тэг тоогүйгээр тоо үржүүлэх гээд үз л дээ, болохгүй. Тэг тоогүй юу ч бүтээж болдоггүй юм бол хоосон чанаргүйгээр ч бас бүтээж болохгүй. Нобелийн шагналт, физикч Бэрнхар Хазенберг нэгэнтээ, “Ертөнц гэдэг эцсийн эцэст хэдэн томъёо тэгшитгэл юм. Томъёогүй зүйл хаана ч байхгүй. Зүгээр л тоо хатуу матери болж харагдаад байгаа юм шүү дээ” гэж хэлсэн удаатай. Дахиад хэлье, хүн бүр шинжлэх ухааны төв концепцүүдийг мэдэж байх ёстой. Шашныхан ч ялгаагүй. Үүнийг мэддэг байх юм бол маргаан гаараад байхгүй. Хамгийн чухал концепцийг Эйнштейн шинжлэх ухааны шашинт чанарын тухай өгүүлэлдээ дурдсан байдаг. “Шашингүй шинжлэх ухаан бол доголон, шинжлэх ухаангүй шашин бол сохор” гэж.

Дэлхийн сүйрэл материаллаг сүйрэл биш
Д.Ухаанзаяа: -Дэлхий сөнөх нь цагийн цөв. Манай дээдэс бошгууд таван цөв дэлгэрэхийг зөгнөсөн байдаг. Үзлийн цөв, цагийн цөв, сэтгэлийн цөв, насны цөв, нисванисын цөв байдаг юм. Харин цөвтөх нь гэм сууж, жам буруудахыг хэлдэг. Хүмүүний сэтгэл нь буруудаад, муу үйлд баясангуй болсон. Цагийн цөв гэдгийг бид тодхон харж байгаа. Жилийн дөрвөн улирал цагтаа болохоо больжээ. Дэлхийн даац хэтэрсэн, ашигт малтмал нь дуусаж байгаа, Монголын газрын гадаргуу тэнхлэгээрээ хөдөлгөөнд орж, усны бүх урсац гадагшаа гарсан гээд физик үзэгдлийнхээ хувьд олон өөрчлөлт гарч байна. Гэхдээ дэлхийн бөмбөрцөг маань сүйрэх хугацаа нь болоогүй гэдгийг манай буддын шашныхан дуу нэгтэй хэлж байгаа.
Ч.Эрдэнэ: -2012 оны эргэлт хүн төрөлхт өнд учирч байгаагүй том мөхөл болно. Дэлхий тэнхлэгээсээ мултраад явчихгүй. Хүн төрөлхтний мэддэг чаддаг зүйл замхарна. Үзэл бодол, зарчим зэргийг супернэгдлийн онол орвонгоор нь эрүүлээд хаячихна. Байгалийн зөн гэж том зүйл байна. Манай бөө нарт ороод байгаа онгод Далай ламд орж л байгаа. Тэдний яриа яг таг нийцэж байна. Бүгд л цаг нь боллоо гэж хэлээд байгааг анзааралгүй өнгөрч болохгүй. Сая Далай лам Японд айлчлахдаа “Now a time, we must think” гэж хэлсэн байна лээ. Бүр хоёр давтаж хэлсэн. Бид юу сэтгэх вэ гэвэл хуучин бүх худал, эргэлзээгээ таягдан хаях хэрэгтэй. Хамгийн аймаар сүйрэл чинь оюуны сүйрэл байхгүй юу. Байгалийн сүйрэл гэвэл өдөр бүр л дэлхий дээр ямар нэгэн гамшиг болдог. Золгүй явдлын магадлал дэлхий даяар жигд тархсан байдаг болохоор арванхоёрдугаар сарын 21-нд ямар нэгэн сүйрэл Монголд, эсвэл Америкт болохыг үгүйсгэж болдоггүй юм.
Дэлхийн мөхөл сүйрлийн асуудлыг нэг их хөнгөмсөг байдлаар тайлбарлаж болох ч үгүй. Намайг Ташкентийн их сургуулийн физикийн факультетад оюутан байхад анхны хичээл дээр доцент Армановский лекц уншсан. Тэр лекцийн агуулга нь дэлхий дэлхий сүйрэх арван боломжийн тухай юм. Шинжлэх ухааны төв асуудал бол байгалийн сүйрэл мөхлийн асуудал байдаг. Гэтэл хүний зорилго бол байгалийн сүйрэлгүйгээр амьдарч үлдэх асуудал шүү дээ. Майягийн цаглабар дуусаж буйг бүгд ярьдаг. Үнэндээ миний тооцоогоор дахиад хэд хэдэн гол цаглабар, түүний дотор Монголын цаглабарын том мөчлөг энэ онд төгсөж байгаа. Манай сонинуудад хэд хэдэн удаа “НАСА арванхоёрдугаар сарын 21-нд сүйрэл болохгүй гэж албан ёсоор мэдэгдсэн” гэж бичсэн. Ингэж болдоггүй юм. НАСА тэгж худлаа хэлэхгүй. Эцэст нь хэлэхэд 2012 оны сүйрэл оюуны сүйрэл болно. Гэхдээ заавал арванхоёрдугаар сарын 21-нд биш.
Н.Нагаанбуу: -Би үүнийг түүхийн талаас нь ярина. Арванхоёрдугаар сарын 21 бол эртнээс нааш монголчуудын эмээж ирсэн өдөр. Монголчуудын улирлын зурхайд дөрвөн цагийн хурим, дөрвөн цагийн тахилга гэж бий. Гурав, зургаа, ес, арванхоёрдугаар сарын 21, 22- нд айдсаа үргээж, сэтгэл санаагаа сайн сайхан байлгах үүднээс дөрвөн зүйлийн тахилга хийдэг байлаа. Энэ өдрүүдэд хүн, байгалийн био хэмнэлд маш их өөрчлөлт ордог. Арванхоёрдугаар сарын 21-ний шөнө хорвоо ертөнцөд халуун, хүйтний хоёр туйл болдог учраас ийнхүү тахилга хийдэг байж. Тиймээс энэ өдөр яах бол гэж лаа, шүдэнз бэлдэж гүйхийн оронд өндөр настнууд, зүрх судасны өвчтэй хүмүүс эрүүл мэндээ анхаар гэж би зөвлөх байна. Ертөнц сөнөх тухай асуудлыг түүх хэлдэггүй. Шинжлэх ухаан ч хэлж чадахгүй гэж би бодож байна.

2 comments:

  1. Сайн болжээ. Амжилт ;)

    ReplyDelete
  2. аанхан, яг хүсэж байсан юмаа уншлаа...

    ReplyDelete