Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, December 8, 2012

Хурд

Үзэсгэлэнтэйг олж үзэж баймааж 
Үргэлж залуугаараа явна. 
Франц Кафка. 


Аньсгандаа эвхэж хоноод, тэр л эвхээсийг шөнөжин нэгжиж зүүдэлдэг сонгодог, солиотой давтамж. Амьдрал. Дэс дараатай өдөр хоногууд дунд дэндүү замбараагүй өрнөсөөр байгаа этгээд хэрнээ эртний танил дүр зураг. Амьдрал. Гүн рүү нь, бүр гүн рүү нь шунан шунгах тусам ислэг болох тэр л амьдрал. Бид энэ л хүчит үйлчлэлд үг дуугүй захирагдах даа сэтгэлийнхээ чинадад үнэн хий гээд гоо сайхныг хадгалсаар байдаг билээ. Тэгвэл энэ хоёр сайхныг огоот хангах зүйл нь урлаг. Заримд нь амьдрал-тэмцлийн хачир чимэггүй хуулбар мэт үзэгддэг бол заримынх нь сэтгэлийг хүчит гил бэлгээн адил донсолгох нь бий. Дээхнэ би зурагчин Д.Ангарагийнд зочлохдоо “Амьдрал бол урлаг” нэртэй өвөөгийн хөргийг харсан юм. Зургаа амьгүй болгочихгүйн тулд танихгүй өвөөгийн дотоод сэтгэлээс хуваалцсан зурагчны сэтгэл тэнд бүрнээ шингэжээ.

Ганцхан даралтаар бүтсэн энэ хөрөг зураг ямар нууцлаг гэж санана. Биднийг тосон буй их ирээдүйг дэлгэж, дотроос түймэрдэж буй их хорслыг улам өдөөчихөөд жишим ч үгүй унтрааж орхих илбэ шид мэт санагдна. Хаана ч юм амьдарсаар буй өтөл буурлын харцанд нуугдан буй тэр их гэрэл гэгээт солонгыг та олж үзэв үү. Тоолж барамгүй олон үрчлээнийх нь цаана юу эс нуугдсан гэх вэ. Ер үгээр хэлж барамгүй гоц зүйлсийг энэ ганц агшин үзүүлэх мэт. Энэ бол урлаг. Үнэндээ ганцхан агшин гэрэл зурагт үлдсэн нь санамсаргүй тохиол боловч энгийн зүйл огт биш ээ. Яг л гуулин гүцэнд гашуурсан үзэм ганцаардал тайлах жор болох шиг тийм санамсаргүй гээд бод. Учир нь урлаг гэдэг санамсаргүйгээс төгс рүү хүрэх хурд юм. Гэрлийн хурдыг ч ардаа хаях энэ их хурдыг аль нэг хэлбэрт шингээн үлдээхийг урлаг гэдэгт итгэнэм.

Та өөрийгөө хэр хурдтай амьдарч байгааг анзаарч байв уу. Нэг л мэдэхэд сэтгэл хөдлөл үгүй болж, нэг л мэдэхэд дурсамжаас өөр “унаа”-гүй болно. Хүлээлтэд түүртэж, хүсэлдээ мэхлүүлэхдээ амьдрал яасан хурдтай болохыг гайхна. Аньсгандаа эвхэж хоноод, тэр л эвхээсийг шөнөжин нэгжиж зүүдэлдэг сонгодог, солиотой давтамжийн нэгэн үелзэл болно, бид. Гэхдээ аль нэг гоо сайхныг тогтон харвал бид хэчнээн удаан амьдардаг болохоо сэрнэ. Амьдралын гүн рүү нь, бүр гүн рүү шунан шунгах тусам амтлаг болох аргыг би урлаг гэж шүтнэм. Гашуун эм мэт хоёр талт амьдралаас үзэсгэлэнтэйг нь л түүж үзүүлдэг урлаг өөрөө залуужих жор ч юм бил үү.

No comments:

Post a Comment