Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, November 8, 2012

Монгол хэвлэлд ярилцлага өгнө гэж төсөөлж ч байсангүй

Канад улсад “Монгол” нэртэй хамтлаг бий. Нэрийг нь сонссон монголчууд тэднийг  сонирхохгүй өнгөрөөнө гэж үгүй. Би ч гэсэн энэ жишгээр л тэдний уран бүтээлтэй танилцсан юм. Фолк рок урсгалаар уран бүтээл туурвидаг энэ хамтлагийн дуу монголын аялгууг санагдуулахгүй. Гэхдээ цэвэр гаднын аялгуу биш. Дууг нь сонсох тусам хэчнээн хүчирхэг болохыг нь улам улмаар мэдэрнэ. Ерөөс л дууг сонсож байж л та миний хэлэх гэснийг ойлгох байх. Учир нь бидний мэдэх фолк рок хамтлаг “Алтан ураг”, “Хөсөгтөн” хамтлагийн дуунуудтай яалт ч үгүй холбоотой. Харин “Монгол” хамтлагийн зарим дуунд манай үндэсний аялгууг хэт европжуулжээ. Зарим дуу нь фолк мелодит төрлийг агуулсан байхад зарим нь тал газарт нүргэлэх хүчит хэмнэл шиг аж.






Тэдэнтэй чаатаар ярилцах хүсэлт тавихад тэд мэдээж баяртайгаар хүлээн авсан. Тэдний хүндэтгэн дээдэлж бахархан ярьдаг сэдэв нь Монголын эзэнт гүрэн болохоор тэр байх. Бид хоёр өөр тивийн харилцан адилгүй иргэншил дунд, найман цагийн заагтай аж төрдөг хэдий ч хамт байгаа мэт ярилцсан билээ. Би өдөртөө асуултаа явуулаад, маргааш өглөө нь тэдний хариултыг авдаг байв. Ихэвчлэн хамтлагийн дуучин Брэндонтой чааталдаг байсан хэдий ч бүхий л хариултыг хамтлагийнхантайгаа ярилцаж байж явуулсан гэсэн.

-Манай уншигчдад хамтла­гийнхаа талаар сонирхуулаач.
-Бид дунд сургуульд сурч байхдаа эцэг эхийнхээ зоорины өрөөнд шуугилддаг байлаа. Фолк чиглэлийг сонирхдог байсан болохоор янз бүрийн ардын хөгжим сонирхоно. Энэ есдүгээр сард гаргасан шинэ цомгийнхоо дуунуудад  мандалин, банжо, босоо ятга хөгжмийн аялгуу оруулсан. 2013 онд гарах цомогтоо өөр олон янзын үндэсний хөгжмүүд ашиглана гэж бодож байна.

-Хамтлагаа яагаад манай улсын нэрээр Монгол гэж нэрлэсэн юм бэ?
-Фолк метал урсгал маань дандаа үндэсний өв соёлыг хадгалсан уран бүтээл байдаг болохоор бид аль нэг орны үндэсний уламжлалыг сонгох хэрэгтэй болсон. Ихэнх фолк металл хамтлагууд викингүүд болон паганикмыг дуулдаг юм. Гэхдээ бид металл чиглэлд илүү онцгой уран бүтээл туурвихыг хүссэн. Энэ л бидний Монгол нэрийг сонгох шалтгаан байсан юм. Бидний уран бүтээлийн үндэс суурь нь Монголын эзэнт гүрний түүх гэж хэлж болно.

-Яагаад заавал Чингис хааныг, манай аялгууг сонгосон гэж.     
-Өөрсдийн сонирхолд хөтлөгдөж яваа болохоор өнөөдрийн хөгжмийн чиг хандлагад нийцүүлсэн. Бас мэ­дээж содон гэсэн ойлголтод дөхөх хамгийн ойрхноор нь сонгосон. Дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг сонгосон нь мэдээж алсын зорилготой.

-Та нар Монголыг хэр мэдэх вэ. Бас манай соёл урлагийг?
-Бид Монголын түүхийн чухал хэсгүүдийг уншиж судалсан. Түүхийн нэлээд даацтай ном зохиолууд бидний хөгмийн аялгуу болон дууны үгэнд томоохон түлхэц үзүүлсэн шүү.

-Мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Манайхан бусад фолк металл хамтлагуудаас илт онцгойрох уран бүтээл туурвихыг хүсдэг. Тэгээд гаднын хамтлагууд бидний уран бүтээлээр амьд концерт тоглоосой гэж мөрөөддөг. 

-Танай хамтлагийг Канадад хэчнээн хүн сонсдог вэ?
-Бид Канадын Девон хотынх. Төрсөн газартаа нэр хүндтэй шүү. Янз бүрийн тоглолтод оролцдог. Тэр бүрт танхим дүүрэн үзэгчтэй байдаг шүү. Үзэгчдэд бидний дуу таалагддаг л гэж боддог.

-Сайтдаа байрлуулсан дуу­нуудыг чинь сонслоо. Их таалагд­лаа. Манай зарим хамтлагийн дуутай ч төстэй юм. Хэн энэ сайхан дууны хөгжмийг зохиодог юм бэ?
-Хамтлагийнхан маань бүгд л ая  зохиох чадвартай. Тэдний гарт бэлэн бүтээл байж л байдаг. Гэхдээ Люк маань хэн хэний маань хөгжмийг фолк өнгө аясанд хувиргадаг юм. Тэгэхээр хөгжмийн зохиол дандаа л хамтын бүтээл болдог гэх үү дээ.

-Манай фолк метал хамтлагийн дуунаас сонсож байв уу?
-Би монголын үндэсний аялгуунаас гадна модерн хөгжмүүдийг сонсож байсан. Нэг удаа  Хятадын хойд хэсэг буюу Өвөрмонголд монголын үндэсний соёлтой бага зэрэг танилцсан. Яг монголын соёл биш ч гэлээ бидний ажилд дөхөм болсон.

-Та нар Монголд ирж байсан уу?
-Үгүй ээ. Бид аяллаар Бээжинд очиж байсан. Тэнд олон мон­гол­ хүмүүстэй тааралдсан. Ихэнх нь худалдаачид юм билээ.

-Есдүгээр сард гарсан “Altan Urug” цомог чинь яг ямар утгатай юм бэ. Англи хэлний U үсгийг манайх у, ө гэх хоёр өөр үсгээр галигладаг юм.
-Алтан ураг гэдэг утгаар нь сонгосон юм. Энэ үгийг илэрхийлэх таван өөр үг байдаг юм билээ. Бидэнд таньдаг монгол хүн байхгүй болохоор иймэрхүү зүйл дээр алдаа гарсан байж болох юм. Үнэндээ бид монгол хэл мэдэхгүй ээ. Гэхдээ монгол хэл сурах янз бүрийн программ татаж авсан. Тэндээс л бага сага үг хардаг юм. Хэрэв чи бидний монгол хэлний багш болчихвол чамаас асууж байя л даа.

-“Алтан ураг” хамтлагийг мэдэх үү?
-Уран бүтээлийг нь сонсож байсан. Дуунууд нь таалагдсан. Их сонин юм билээ. Гэхдээ цомгийнхоо нэрийг сонгосныхоо дараа л ийм хамтлаг байдаг тухай олж мэдсэн.

-Хэзээ нэгэн цагт Монголд ирж тоглолт хийх үү?
-Хэрвээ Монгол оронд тоглолтоо хийх боломж олдвол бид маш баяртай байх болно. Гэхдээ манай хамтлагийнхан төрөлх тосгондоо ч аялан тоглолт хийгээгүй байна. Монголд тоглолт хийх хүндэтгэлтэй үе ч хол байна даа.

Канад, Монголын хоорондох үл үзэгдэх цахим орон зайд бид ийнхүү ярилцсан юм. Хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүстэй ярилцах гэж кэйбордоо тогшиж суухдаа тэдний вэб хуудсандаа байршуулсан дуунаас нь сонссоор л байв. Тэгээд “Монголын хэвлэлд ярилцлага өгнө гэж төсөөлж ч байсангүй” хэмээн догдлон бичиж байсан эдгээр залууст баярлаж байгаагаа илэрхийллээ. Хэзээ нэгэн цагт тэднийг Монгол оронд маань тоглолтоо хийхээр ирэхэд дахин ярилцахын ерөөл үлдээе. Тэр цагт бидний ярилцлага илүү ойрхон, илүү халуун дотно үргэлжлэх байх.

Уншигчид минь энэ хамтлагийнханд зориулж англиар сэтгэгдэл үлдээгээрэй. Мөн фэйсбүүк хаягийг нь орууллаа

https://www.facebook.com/MongolCanada?ref=ts&fref=ts

10 comments:

  1. so nice interview. thank you Mongol, and Niponi

    ReplyDelete
  2. ярилцлага авсан өгсөн бүгдэд нь амжилт гүсие ээээ нипонь чи сайхан бүсгүй шүү чааг биширч явдийшүү ккккк

    ReplyDelete
  3. Сайхан ярилцлага болсон байна. Амжилт Нипонь Тайвансайхан

    ReplyDelete
  4. Тасархай хамтлаг байна. Монгол ирнэ гэдэгт итгэлтэй байна.

    ReplyDelete
  5. Монгол нэрээр дэлхий гоёх цаг ирж байна. Бид харин амжиж олон юм хийх хэрэгтэй болжээ. Сайхан ярилцлага болж амжилт хүсье

    ReplyDelete
  6. илүү алдартай болж Монгол нэрийг дээр гаргаасай. Сайхан ярилцлага байна. Нипонь Өнөөдөрт буцаад ороо юу? :p

    ReplyDelete
  7. I like it i love it! Thank you

    ReplyDelete
  8. Сонирхолтой юм. :) Тэдний дуунуудыг сонсох хүсэл төрж байна. :)

    ReplyDelete
  9. заааза хаа бйасан тээр тэндээс ийм орон байдаг гэж мэдээд хамтлагаа нэрлээд манай хэлий сурах гэж хичээсэн болон алтан ураг гэдэг нэрээр цомгоо нэрлэнэ гэдэг бол бид дэлхий дахинд нэр хүнд нь ямар байгааг илэрхийлж байна гэж бодож байна. би ч мэдэхгүй зүйлийг мэдрүүлж мэдлэгт минь өчүүхэн ч болов нэмэр болсон нипоондооо гялайлаа. дууг нь сонсож үзнээ. аа тийн монол хамтлагынхаан орчуулаад уншчхаарай. та нар орчуулагчтай шүү дээ хэхэ. ТА НАР ЯАГААД ЗААВАЛ МОНГОЛ ГЭДЭГ НЭРТЙГ СОНГОЖ АВСАН ЮМ БЭ. ДЭЛХИЙД ОЛОН Л ОРОН БАЙДАГ ШҮҮ ДЭЭ . заза амжилт хүүхээ давкиаад бай

    ReplyDelete