Би
сөрөг. Гэрлийн нөмөр дэх сэрүүхэн хар өнгө, сүйт бүсгүйн гэвлүүрийн
цаана нуугдсан анхны хайрын шарх мэт байдаг л нэгэн сөрөг үзэгдэл. Нэмэх
цэнэгийг цаг ямагт татсаар байдаг хасах тэмдэг. Эерэг хандлагад
тэмүүлэгч бүхний айдас мэт тийм халгам, тийм сөрөг үелзэл, би. Амьсгал
минь бусдынхаас ч дулаан, амь бие минь ердийнхөөс ч халуун. Маргаашийн
төлөө өнөөдрийг золиослох нүд нь улайрсан этгээд эр зориг хийгээд хувь
тавиландаа эргэлзэх хөгийн айдас надад үгүй. Түрхэн зуурын ов мэхээс ч
илүү түрэмгийлэл надад илүү таалагддаг. Тоос болох жам ёсыг тоолох
мөнгөнөөс дээгүүрт тавьдаг, энэ цагийн тэнэг иргэн. Сүүдэр, гэрлээр
сүлсэн бидний жижигхэн дэлхийд гэрлийн хурд, хэмнэлийг гаргаж томьёолсон
атлаа харанхуй бүүдгэр үзэгдлийг үгүйсгэлгүй орхисон нь санаандгүй
хэрэг биш гэлтэй. Учир нь хүмүүс чулууг хүртэл зэвсэг болгочихдог хар
хорын сэтгэлийг дотроо тээж өсдөг юм. Гэхдээ хэн ч үүнийгээ хүлээн
зөвшөөрдөггүй. Тийм гэнэн агаад хүчит эрчмийг ялгаруулахдаа тааруухан.
Тиймээс л дотроос нь байн байн цухалзсаар буй сөрөг хандлагынхаа эсрэг
тэмцэж, тэр тэмцлийн дундаас гэгээг нь тас зуурч үлддэг бололтой. Улс,
үндэстэн даяараа сайн сайханд зорих сонгодог арга энэ юм.

16
жил “Нисванис”-ийн гоцлол гитарчин байсан энэ хүн “Мэднесс” хамтлагт
нэгдээд бүтэн жил өнгөрчихжээ. Юу түүнийг өөр хэмнэл рүү “урвуулсныг”
мэдэх гэсэн хүсэл маань намайг Б.Цацрал руу хөтлөв. Бас энэ сарын 22-нд
“I loft function house”-д болох “Мэднесс” хамтлагийн тоглолтын талаар
шалгаах зүйл ч байсан юм. Ярилцлагын эзэн маань тоглолтондоо бэлтгээд
тун завгүй байлаа.