Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, June 1, 2013

Өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст

Өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст
Талстууд ихэвчлэн маш олон өнцөгтэй байдаг тул хэдэн талтайг нь тоолж байсангүй. Ямартаа ч талст талст хэвээрээ байхдаа л үнэтэй. Тэгвэл энэ этгээд дүрстэй адилтгаж болмоор нэгэн эмэгтэйг “Дээжис” сэтгүүлийнхээ ярилцлагад урилаа. Энэ бол гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг. “Pro sounds” студийн зөөлөн хар буйдан дээр тухлангаа дуучин бүсгүйн өмссөн гоёмсог даашинз, урт түрийтэй өндөр өсгийтөд нь нүдээ унагаж байхад минь тэр өөрийн тоглолтын талаар ярьж байв. Жимс идэж суугаа дуучин Алтаа миний мэдэхээс өөр болчихсон юм шиг санагдсан л даа. Нөгөөтэйгүүр олонд дасал болоогүй дүр төрхийг нь би харсан гэж хэлж болох л юм. Ер нь Алтаа гэдэг хүнийг яг таг тодорхойлох хэцүү л дээ. Би л гэхэд өдий хэр нь түүнийг ямар имижтэй, аль жанрт илүү дуртайг мэддэггүй юм. “Намайг эзэмдэх миний сэтгэл” зэрэг дуунуудаараа эрос нэр авч, “Эстрадын хатан хаан” уралдаанаас хоёрдугаар байр хүртээд л... Тэгснээ Өвөрмонголд очиж этник дууны тэмцээнд түрүүлсэн. Дараа нь “Мандах нар”, “Гангар шаазан” зэрэг ардын дуунуудыг энэ цаг үед авчирлаа. Монголын поп дива хэмээх эрхэм сайхан алдартай ч болов. Ерөөс л Алтаа гэдэг хүнийг урлагийн хүн гэдгээс өөрөөр, аль нэг хэлбэр дүрсэнд хувирган тайлбарлах амаргүй юм. Зүгээр л өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст гэж нэрлэе.

-Та өөрийгөө тодорхойлж хэлээч гэвэл юу гэх вэ. Минийхээр та их хувирамтгай хүн байх аа.

-Би мэргэжлийн уран бүтээлч хүн. Түүнээс биш өөрийгөө нэг их дөвийлгөөд, олон янзаар тодорхойлмооргүй байна. Би хөдөлмөрлөх дуртай, огт зүгээр суудаггүй. Уран бүтээлдээ ч бас нэг талыг баримтлалгүй бүхий л жанрт хүч үзлээ. Урлагийн хүн бүр өөрийнхөө түүхийг зөв, сайхнаар бичихийг хүсдэг. Би ч бас эргээд харахад өнгө будаг нь таарсан сайхан түүх бичсэн байхыг хичээж байна. Би уран бүтээлч хүн ч гэлээ бусдын л нэгэн адил эмгэнэх зүрхтэй, урсах нулимстай хүн шүү дээ. Олон ч саад бэрхшээл тулгарч байлаа. Тэглээ гээд бууж өгөх зориг надад байгаагүй. Би өөрийнхөө амьдралын түүхийг бичиж байхдаа хэзээ ч бууж өгөхгүй.

Урлагийн бид нар нийгмийн хар бараан мэдээн дунд зүсэн орж, сайн сайхны туяаг хүмүүсийн сэтгэлд бага ч болов тусгах үүрэгтэй ажилладаг гэж би бодож байна. Монголчууд дуучин ард түмэн. Тиймдээ ч дуучдыгаа хүндэлдэг. Тэгэхээр уран бүтээлч бид нар ч бас сонсогчиддоо аль сайхнаа л хүргэхийг, сонордуулахыг хичээдэг шүү.

Өөрийгөө тодорхойллоо гэхэд сонин л доо, бас. Заримдаа ч тодорхойлоод хэлчихмээр л санагдаад байдаг юм. Биднийг бага байхад томчууд зөв сайхан амьдрахыг л сургадаг байсан. Одоо ч гэсэн ардын дуу, сургаалиудад тэр тухай л номлодог. Би яг тэр зөв сайхан амьдрах гэдэг зөөлөн биш, хатуу бодолд өөрийгөө умбуулж явдаг хүн юм даа. Зөв сайхан явна гэдэг өөрийнхөө хүслээр ч юм уу, өөртөө таацуулан амьдрах биш юм аа. Бусдад сайн сайхныг түгээж, хүний сэтгэлд хир толбо үлдээхгүй байх ухаан юм даа.

-Та үргэлжид, юм бүхнээс суралцахыг хичээдэг юм шиг санагддаг.

-Хүн өөрийгөө боомилдог тэнэг сэтгэлгээ, гунигтай бодлоосоо зоригтой салдаг байх хэрэгтэй. Тархиа чөлөөлж, өөртөө хэрэг болох зүйлд цаг ямагт суралцах ёстой. Ингэж боддог учраас бусдаас суралцаж, мэдлэгээ арвижуулахын төлөө хичээдэг. Энэ зан маань мөрөөдлөө биелүүлэхэд хэрэг болж байгаа гэдэгт итгэдэг шүү.


-Та хүсэл мөрөөдлөө нэгдүгээрт тавьдаг уу?

-Хүн бүхэн сайхан амьдрахыг хүсдэг ч гэлээ тэвчээртэй хөдөлмөрлөж чаддаггүй. Зовлон бэрхшээл, зуурдын саад тотгорын өмнө амархан сөхөрдөг. Зарим хүмүүс хангалуун амьдарч байгаагаа аз жаргал гэж боддог л байх. Харин би элэг бүтэн амьдралыг юу юунаас илүү эрхэмлэдэг. Харин хүсэл мөрөөдөл маань үүний дараа л бичигдэх байх. Эсвэл зэргэлдээ ч юм уу. Ер нь маш олон зүйл хоорондоо уялдаа холбоотой байдаг шүү дээ. Юм бүхнийг дугаарлаад байх нь утгагүй хэрэг.

-Таныг СУИС-д суралцаж байхдаа бар-нд дуулдаг байсан гээд багш нартаа их чангалуулдаг байсан тухай сонсож байсан юм байна.

-Оюутан болонгуутаа “Варьета” чуулгын дуучин болоод хаа сайгүй л явсан даа. Багш нар маань намайг их зэмлэдэг байлаа. “Чи бар-наасаа л ирээ биз, чамтай дахиж ажиллахгүй” гээд л... Гэлээ гээд би сургуулиа орхиогүй ээ. Монголын урлагийн алтан үеийнхэн болох багш нар надад байлаа шүү дээ. Пүрэвдорж агсан, Загдсүрэн агсан, Найдалмаа багш, Жамьянжав багшаас гадна миний багш О.Ичинхорлоо гээд дандаа сүрдмээр, биширмээр хүмүүс бидэнд хичээл заадаг байлаа ш дээ.

-Та одоо Монголын таван поп дивагийн нэг. Мэдээж ийм хүндтэй хүн болоход тань олон л хүчин зүйлс нөлөөлсөн байх.

-Би хоёрдугаар дамжааны оюутан байхдаа “Монголын эстрадын хатан хаан” нэртэй уралдаанд оролцож, удаалсан юм. Харин дуучин С.Наран гуравдугаар байр эзэлсэн. Тэр үед бид хоёрыг зууны манлай дуучин Б.Сарантуяа олж харсан гэсэн. Удалгүй Сарантуяа манай ангид улиран орж ирсэн дээ. Бид гурав ая зохиогч Б.Ангирмаагийн тоглолтод оролцсон маань тухайн үедээ их л хүндтэй үйл явдал байлаа.

-Та поп хатагтай Б.Сарантуяагийн ард хоолой хийдэг байсан гэлүү?

-Сарантуяа, “Никитон”, “Хар сарнай” хамтлагийн дууны ард миний хоолойг бичдэг байлаа. Туслах хоолой. Ер нь би ажлыг хэзээ ч жижиг гэж голж яваагүй. Анхны дуунуудаа айлд долоо хонож байж бичүүлж байлаа шүү дээ. Харин одооны залуу дуучид зөвхөн гоцлох, өөрийгөө л олны нүдэнд ил гаргах тухай бодох болжээ.

-Та ер нь хэзээнээс Монголын рок попын халуун тогооны гишүүн болсон юм бэ?

-1996 он юм уу.

-Тэр үеийн уран бүтээлчид их олон сонирхолтой дурсамж ярьдаг юм. Таны сэтгэлд хоногшсон зүйл нь юу байв?

-Тухайн үед дуу бичүүлнэ гэдэг их хэцүү байлаа. Дуучид маань жинхэнэ дур хүслээ л дагаж, техник технологийн хомсдолыг аргалж өнгөрөөсөн байх шүү. 1997 онд “Чамайг би хүнийх гэж бодсонгүй” гэдэг дуундаа клип хийлгэсэн юм. Их л секси үгтэй дуу юм даа. Клипэнд маань халзан толгойтой, их гоё залуу тоглож байлаа. Харин би нээх урт хиймэл сормуус, хумс зүүж, үсэндээ чёлк тавьсан байлаа. Гэтэл клип цацагдсаны дараа хүмүүс над руу утасдаад л, “Энэ юун залуу вэ, хэний хүүхэд юм бэ”, “Яахаараа ийм замбараагүй юманд тоглодог юм” гээд л зэмлэж гарсан.

Тухайн үед зурагтаар гарсан зүйлсийг зохиомж гэхээсээ илүү үнэн бодит зүйл л гэж хүлээн авдаг байлаа шүү дээ. Бас 2002 онд “Бооцоо” жүжгийн дуундаа клип хийлгэхэд энэ хандлага өөрчлөгдөөгүй байсан. Клипний үйл явдлыг миний бодит амьдрал гээд ойлгочихсон ч юм уу, тааралдах тоолондоо өрөвдөнгүй хардаг байлаа. Дэлгүүрт таарсан хоёр бүсгүй “Энэ эрчүүд хэзээнээсээ л тийм муухай шүү дээ” гэж хэлсэн гээд л бод.

-Бодит амьдрал гэснээс урлагийн бүсгүйчүүд бат бөх гэр бүлтэй байх нь ховор. Харин та нөхөртэйгээ хориод жилийг хамт өнгөрөөлөө. Та хоёр яаж танилцсан юм бэ?
-Сургуульд суралцаж байхдаа “Хар сарнай” хамтлагийнхантай найзууд байсан . Тэгээд л танилцсан.

-Тэр үед бар-нд дуулдаг эмэгтэй айлын бэр болох хэцүү байсан уу?
-Нээрээ, анх хадмуудтайгаа уулзахдаа шар үстэй, хүйсээ ил гаргасан хувцастай очиж байлаа. Нөхрийн маань эмээ намайг хараад хүүдээ хань болохгүй гэж тодорхойлсон. Юу хийдгийг маань асуухад нөхөр маань “Бар-нд дуулдаг юм” гэж хариулж билээ. Эргээд бодоход сайхан дурсамж үлджээ. Бид бусдын л адил зүрх сэтгэлээрээ л холбогдсон хүмүүс шүү дээ.

Үргэлжлэлийг та “Дээжис” дижитал сэтгүүлийн 6-р сарын дугаараас уншина уу.

Хэрэв та “Дээжис” сэтгүүлийг анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.

iPad болон iPhone-нд татаж авах: http://itunes.apple.com/us/app/deezis/id520421781?mt=8

Android  утас, таблет-нд татаж авах: https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.dp.deejis

1 comment: