Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Friday, June 7, 2013

Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл



Буйлс цэцэглэх чөлөөнөөр “Сувдан сондор” аяллын баг маань Дорноговь аймагт хөл тавьсан юм. Буйлсны үнэр салхиар түгэх нь ямар гайхалтай байв аа. Байгалийн энэ үнэрийг ямар ч сүрчигтэй адилтгамаар юм бэ дээ. Дэлбээгээ нээгээд тавхан хоногийн дараа бутран хийсдэг тэр гайхам, анхил үнэрийг цээжиндээ хадгалж үлдээхийг ямар их хүссэн гээч. Үгэнд хэрэв үнэр дайж болдогсон бол уншигч таны дэлгэсэн энэ хуудас бүхэл зуны турш таныг сэрүүцүүлэх байсан нь магад. Гэхдээ тайлбарлаж чадахгүй ч гэлээ ахин дахин яриад л баймаар тэр үнэрийг би “Сувдан сондор” гэдэг үгтэй хамт ой тоондоо шингээлээ. Хэзээ нэгтээ та Дорноговьд зочлохоор болбол буйлсны үнэрт заавал саатаарай. 

Энэ зургийг Нипонь би өөрөө дарсан бөлгөө :P
 


Монголын Соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо тэргүүтэй манай багт төрөл бүрийн мэргэжилтэй 30 орчим хүн нэгдсэн байв. Бид 2000 км туулах төлөвлөгөөтэйгөөр гурван жийп, хоёр фургон хөлөглөн замдаа гарлаа. Монголын уудам нутаг дахь соёлын их өвийг үзсээр явтал 10 хоног үргэлжлэх байсан аялал маань хэд хоногоор сунасан юм. Сунайсан урт зам, цэлийсэн их талд бид зорилгынхоо тухай нэг хором ч мартаж түвдсэнгүй. Идэж байх даа, унтахаар хэвтэхдээ, машинд донслон давхихдаа бид гал тойроод ярилцаж суугаа мэтээр их түүхийнхээ жимээр “аялж”, үнэт өвөө хадгалан үлдэх гэсэн хүсэл мөрөөдлөө хуваалцдаг байлаа. 

Аяллын эхний өдөр Дорноговь аймагт байх Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн музейд зочиллоо. Тэнд хутагтын долоо дахь үеийн тахилч, “Лувсанданзанравжаа” академийн тэрг үүн, соёлын гавьяат зүтгэл тэн З.Алтангэрэл хэмээх эрхэм хүнтэй биеэр уулзсан маань олзуурхууштай явдал байлаа. Чин сэтгэлээсээ хүн дэтгэн, дээ дэлж явдаг хүмүүсийн минь нэг ингээд манай аяллын багт нэгдэв. Түүнтэй хийсэн ярилцлагыг удахгүй уншигч танд хүргэх болно. Үүнээс өмнө аяллынхаа тухай өгүүлсү. Бидний аяллын эхний шөнө хөл хөдөлгөөн ихтэй “Таван дохио” жуулчны баазад өнгөрсөн юм. Үүнээс цааш бид элсэн манхан, майхан, сургуулийн дотуур байр, дунд сургуулийн анги танхимаас гадна хилийн отряд, малчин айлд хоноглож байсан билээ. Бидний ихэнх нь аялал гээчийг амралтын газар, жуулчны баазаар ойлгодог байсан. Гэсэн ч “Сувдан сондор” аялалд нэгдээд биеэ оторлох хүсэл ор мөргүй замхарсан юм шүү. Манай багийн хамгийн ахмад гишүүн, биологийн ухааны доктор, профессор Ц.Жамсран гуайтай ярилцаж ахуйд тэрбээр, “Хүнд гурван төрлийн бөглөө бий. Үүнийг л аваад хаячихвал сурч мэдэхэд саад үгүй болно” гэж билээ. Энэ бол өөрөөсөө дүү хүнийг тоолгүй өнгөрөх бардам зан, нас чацуу нэгнээс мэдэхгүй, чадахгүйгээ нуух ичгэвтэр байдал, өөрөөсөө ахмад хүнээс халгах хулчгар шинж юм. Аяллын туршид энэ үг надад хань болж, олон зүйлсийг илүү гүнзгий судлахад хөтөлсөн билээ. Магад юм сурахаар явахдаа гэртээ орхих гурван зүйл энэ байх шүү.

 

Манай багийн гишүүд бүгд л сонирхолтой хүмүүс. Европын мэргэжлийн зураачдын академийн шагналт зураач Н.Санчир гэж цав цагаан сахал, үстэй, европ төрхтэй хүн бий. Анхандаа бид түүнийг орос хүн байна гэж харж байснаа манай урлагийн нэрт соён гэгээрүүлэгч Намхай цэрэнгийн хүү гэдгийг мэдэв. Түүний уран бүтээлтэй танилцах цаг уншигч танд ойрхон байгаа шүү. Харин нэрт судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Г.Гонгоржав гэж уйгагүй хүн юм бүхний тухай сонирхуулан, ам хуурайгүй ярьж явав. Настай хүн байтлаа дэндүү хөнгөн шингэнийг нь залуус бид гайхана. Ер хамгийн түрүүнд Гонгоржав гуай машинаас буудаг юм. Буунгуутаа л юу ч юм хайж, газар ширтээд алхчихдаг сан. Түүнийг “Есөн эрдмийн мэргэд” хэмээх гайхалтай номын зохиогч гэдгээр нь л алдаршуулж болмоор билээ. Эдгээр мундагчуудаас гадна НҮБ-ын био ёс зүйн шинжээч, системийн онол судлаач, доктор, профессор Б.Болд сайхан эмч, Аймгийн Музейн сургалт, судалгааны төвийн захирал Г.Цагаандэрэм, Соёл, яруу найргийн академийн ажилтан, докторант О.Мөнхнаран МУИС-ийн багш, археологич, докторант Б.Бадрах, палеонтологич, эрдэм шинжилгээний ажилтан Б.Майнбаяр, Дорноговь аймгийн Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч Л.Отгонжаргал, Сан хөмрөгийн эрхлэгч Г.Сарангэрэл, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Соёл, боловсрол хариуцсан улсын байцаагч Ж.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын Соёл спорт аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Насанжаргал, сэргээн засварлагч, тогооч Г.Гантулга, Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хошууч Ц.Мөнхбат, жолооч О.Ичинноров нарын хүмүүс байлаа.

Харин мэдээллийн хэрэгслүүдээс Монголын Үндэсний олон нийтийн телевизийн найруулагч Ч.Чинбат, зураглаач Б.Чинбат, сэтгүүлч Э.Нандинчимэг, Монголын Үндэсний олон нийтийн радио ийн сэтгүүлч, яруу найрагч О.Цэнд-Аюуш болон “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Нипонь миний бие энэхүү аяллыг сурвалжилсан бол бидний аяллын бүхий л гэрэл зургийг “Профото” студийн Ж.Адилбиш өөрийн дурандаа буулган авсан билээ. Мөн биднийг үргэлж хөгжөөж байсан Монголын Үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк ахыгаа мартаж яахин болох билээ. 

Бид хамгийн түрүүнд Даланжаргалан сумын нутгаар дайрч, Чойрын уул, Цагаан дарь эх бурхан, Чойрын хийдийн туурь, Арилд хутганы зураг бүхий хад, Их Нартын хад, Бургастайн ам, Бичигтийн хадны сүг зураг, Бичиг бүхий босоо хөшөө, Их нартын хийдийн тууриар зочилсон юм. Орой нь дэндүү ядарсан байсан тул сургуулийн нэгэн ангид газраар зулж, үг дуугүй хэвтэцгээв. Өглөө таван цагт сэрэх тул маргааш очих газрын талаар яриандаа автаад нойр нь хул жиж буй профессоруудын ярианд бүүвэйлэгдэн нам унтав аа. Маргааш нь нартай хамт өндийж Айраг сумруу дөтөлвэй. Аараг толгодоор дүүрэн Айраг сумын нутгаар дайрахдаа бид Нүдэнгийн хонхор буюу Цайдамын тойромд ундаалаад Эрдэнэ суманд хүрлээ. Зогсоо чөлөөгүй явсаар аяллын гуравдахь өдөртэй зоолгохдоо Эрдэнэ сумын музейд зочиллоо. Сум болгонд музей байх ёстой хэдий ч Эрдэнэ суманд музей гэхээр зүйл байсангүй. Ер энэ талаар хэн ч санаа зовдоггүй бололтой. Харин Засаг дарга нь Соёлын төвийн эрхлэгчтэйгээ хамжиж, нэгэн ажлын өрөөг музей болгон тохижуулжээ. Мэдээж манай багт ЗДТГ-ын ажилтан явж байсан тул энэ асуудлыг анхааралдаа авсан нь тодорхой. Угаас л бидний аяллын зорилгын нэгээхэн хэсэг энэ шүү дээ. Өглөөний зургаан цагт тэндхийн Соёлын төвийн үүдэнд эгч, эмээ нар яг л бүжгэнд орох гэж байгаа юм шиг бөөгнөрөн сууж байлаа. Гэхдээ энэ гайхах хэрэг биш байжээ. Учир нь Эрдэнэ сумын иргэд өглөөдөө цуглаж, Жанцанноров гуайн “Цагаан суварга” дууны аянд хийн дасгал хийдэг аж. Хотын ритмтэй дасгалын дэргэд дэнд үү тайван, жинхэнэ стресс тайлах дасгалыг нэрлэ гэвэл хамгийн түрүүнд Эрдэнэ сумын эгч нарыг дурсах юм шүү. 

200 ЖИЛИЙН ТЭРТЭЭ ГЭЖ ЯРИХ ТҮҮХИЙГ БАРИМТЖУУЛАВ
Эрдэнэ сумын нутагт бид Сорогжид дүрхэнлэн буюу “Амийг таслах үхээрийн байшин” хэмээх хийдийн туурийн дэргэдэх элсэн манханы өвөрт буудаллав. Энэ хийдийг тавдугаар ноён хутагт байгуулсан гэдэг. Дэндүү этгээд нэртэй эл хийдийн тухай тахилч З.Алтангэрэл ах хуучлахдаа, “Өвөрмөц сонин зан үйл үйлддэг энэ хийдэд лам нар жарз хийдэг байсан юм. Хутагт, хувилгаад болон номын мөр хөөж буй хүмүүс 108 хоног жарз үйлддэг бөгөөд унтах нойроо хасаж маш олон цагаар ном уншиж бясалгал хийнэ. Ингэхдээ гурван газрыг сонгодог байсан юм. Нэг нь энэ Бүрдний элсний хойно харагдаж байгаа уулын энгэрт буй “Амийг таслах үхээрийн байшин” юм. Лам нар Хамарын хийдээс жарз хийх эрхийг аваад хүүрийн газар очиж айдсаа үргээж анхаарлаа төвлөрүүлж сурна. Дараа нь энд ирж, хээрийн жарз хийдэг юм. Тэд зүгээр ч нэг бясалгал хийдэггүй байж. Дандаа согтуу, халамцуу байх ёстой. Нэг ёсондоо жарзын ном уншихад сэтгэхүйн логик холбоо нь алдагдаж цагаан солиотой болохоос сэргийлж байгаа хэрэг. Урьд нь энд арваадхан лам л байдаг байсан юм. Энд ирж, гүрэм залж буй хүмүүс дандаа л өвчин зовлонд нэрвэгдсэн, үхэл хагацлаас болж ухаан санаа балартсан байдаг гэсэн яриа бий. Энд ном хурах эрх авахын тулд заавал нэг чулуун хөшөө босгодог дэгтэй. Энд 13 хөшөө л байдаг байлаа. 

Харин энэ тооноос хэтрүүлэхгүйн тулд бусад лам нар хадган дээр А үсэг бичээд, чулуунаасаа уядаг байж л дээ. Тэгэхээр чулуу болгон маш олон хадагтай болно. Бүр чулуу нь харагдахаа больтлоо хадаг дүүргээстэй байсан юм. Гэсэн ч чулуунууд бүгд алга болчихсон. Алга болсон ч гэлээ бид үүдэн, хоймрын хоёр чулууг шинээр бүтээж тавьсан юм” гэлээ. Энэ сонирхолтой яриаг сонсоод мөнөөх үүдний, хоймрын хоёр чулууг бид нарийн ажиглаж, олон зүйлсийн талаар ярилцсан билээ. Гэтэл аяллын багийн хэсэг залуус маань энэхүү түүхтэй холбогдох гай халтай олдвор оллоо. Энэ бол 200 шахам жилийн тэртээ Говийн тавдугаар ноён хутагт Дан занравжаагийн шашны зан үйлийн зориулалттай тахилын цагийн хүрдний алдагдсан дурсгал юм. З.Алтангэрэл ахын алга болсон гэж дээр яриад байсан чулуунууд шүү дээ. Бид энэхүү олдвороо хуучин байсан хэвээр нь буюу цагийн зүүний дагуу хүндэтгэлтэйгээр байрлууллаа. Түүхэнд үлдсэн 13 чулууны 11-ийг нь сүүлд хийлгэсэн хоёртой нь нийлүүлэн бүтэн болгов. Хүн бүхэн дор дорноо баярлаж, урьдын нэгэн ерөөлөөр бид түүхийн нэгээхэн хэсгийг хэвэнд нь орууллаа хэмээн олзуур хаж байв. Энэ тэмдэглэлт үйл явдлаас хойш бидний аялалд эрэл хайгуул хийх гэсэн хү сэл улам л оргилох боллоо. Зогсож, буудаллах болгондоо бүгд газар ширтэж, ямар нэг зүйлээ гээсэн мэт явна. Бидэнд чулуужсан мод, чулуужсан яс, сонин хэлбэртэй урга мал, чулуу зэрэг дэндүү сонирхолтой байв.
Сүүлдээ бараг л чулуу болгоныг хараад нэрлэж чадахаар болсон шүү. Аялалын дөрөв, тав дахь хоногт бид Улаанбадрах суманд байх Хоёр зааны хөндий гөөр өнгөрөв. Тэндхийн тол годыг анх давж буй хүн аман даа адууны хомоол зуух ёстой хэмээн жолооч Баатарс үрэн ах бидэнд хэлсэн юм. Залуусын маань зарим нь хомоол атгаж овоог давсан бол, зарим нь үнэхээр амандаа хийжээ. Цувааны түүчээ машины цонхоор хомоол шидэж буй дүр зураг үзэгдэнэ. Ингэж бид нэг удаа тоглоомын бай болсон юм. Ер нь урт замын аян тоглоом наргиангүйгээр өн гөрнө гэж үгүй. Ялангуяа Баатарсүрэн хэмээх жолооч ах тун зүггүй нэгэн байсан юм шүү. Хоёр зааны хөндий өнгө- рөөд Хөвсгөл суманд хүрч, Солирын тогоо, Шувуун шанд, Эртний хотын бэхлэлт, шивээ, Цувираагийн хийдийн туурь, Тооройн төгөл мод, Бурхант, Төгрөгийн усны Хүннү булш, Төгрөгийн усны Дөрвөлжин булш, Могойтын амны зэл чулуу зэрэг дурсгалыг үзэж, тэмдэглэлээ баяжуулсан юм. Бид тус суманд Азидаа хоёрт жагсах өндөр сүм барьж байгааг урьдаас мэдсэн тул суваргыг зорьж очлоо. Тэндхийн ажилчид биднийг найр тавин хүлээж авсан билээ. 

ШИНЭ ХУТАГТАД БАРААЛХАЖ, АДИС ХҮРТЭХ АГШИН 





Саяхан Дорноговь аймагт Данзанравжаа хутагтын хойд дүр тодорсон том үйл явдал болсон билээ. Шинэ хутагтад бараалхах гэсэн сүсэгтэн олны хөл нэг хэсэгтээ л тасраагүй. Зарим нь бүр барааг нь ч харалгүй буцсан хэмээн гоморхон ярьж байв. Гэтэл том суваргын хойхно шинэ хутагтын эцэг, эх амьдардаг тухай дуулдлаа. Энэ мэдээний дараа хутагт аав, ээждээ золгохоор ирж яваатай таарав. Энэ бол гэнэтийн сонин учрал байлаа. Хутагтыг нутаг таа байгаа талаар тахилч З.Алтангэрэл ах ч мэдээгүй байв. Ямартай ч бид хутагтыг залж авчра хаар зэхэж суулаа. Хүлээсэн мөч ирэв. Говийн халуун амьсгаадалт мэт нялуун салхи хаа нэгтээ одож, нар шингэж сэрүүсэхийн алдад хэдэн машин айсуй харагдана. Хутагт бидэн рүү ирж яваа нь тэр. Шарангуй царайтай, дулаахан инээмсэглэлтэй, шинэ хутагт. Суварганы өмнөх сэлүүхэн зайд хутагтад мөрг өж, номын дууг нь сонсоно гэж яахин таах билээ. “Сувдан сондор” аяллын эхний хэдэн өдөр бидний урам зоригийг хурцалж, эх түүхээ сэргээж, өв соёлыг хамгаалах үйлс хэчнээн ариун болохыг үггүй хэлсээр авай. Сэтгэлийн минь аль нэг хэсгээс үе үехэн сэвэлзээд буй буйлсны үнэртэй салхинд илбэдүүлж суугаад “Сувдан сондор” аяллынхаа нэгээхэн хэсгээс ун шигч та бүхэнтэй хуваалц лаа. Дараагийн тэмдэглэлээрээ хэнд ч хэлээгүй өөр нээлтүүдээ танд дэлгэх болно.

No comments:

Post a Comment