Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, June 13, 2013

З.АЛТАНГЭРЭЛ: БОР БОРХОН МАНХАН ДЭЭР БОДОЛ МИНЬ ЭРГЭЛДЭЖ БАЙНА



  • “Сувдан сондор 8” аяллын үеэр говийн ноён хутагтын, долоо дахь үеийн тахилч З.Алтангэрэл гэдэг хүнтэй нүүр учрах боломж олдсон тухай “Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл”-дээ дурдсан билээ. Тэгвэл таны өмнө соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэлийн яриа дэлгээтэй байна. Түүнтэй ярилцах боломж нээлттэй байсан ч Алтангэрэл ахын амгалан, даруу байдлаас нь сүрдээд ч гэх үү нэг л халгаад байв. Учир нь Говийн ноён хутагтын V дүр болох Д.Данзанравжаа таалал төгссөнөөс хойш тахилчийн удам одоо хэр нь тасраагүй байгаа нь монголчуудын нэг бахархал билээ. Түүнд ойртох тусам улам л хайр төрж байснаа нуух юун. Тиймээс ярилцлага маань нэг дор суугаад ярьчихсан асуулт, хариулт бус бага багаар тэмдэглэж явсан үүх түүх болоод хууч яриа, сэтгэл хөдлөлийн цуглуулга байх нь магад.


-Тантай нүүр тулан уулзаж байгаадаа маш их баяртай байна. 30 жил тахилчийн үйл хэргийг гүйцэлдүүлж яваа таныг олон хүн мэднэ. Гэхдээ ярилцлагынхаа эхэнд тахилч болсон түүхээс тань хуваалцах нь зүйн хэрэг байх аа.
-V ноён хутагт 1856 онд таалал төгсөхийнхөө өмнө отгон шавьдаа үйл хэргээ цааш үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Ингээд түүний отгон шавь Балчинчойжоо бүх зүйлийг нь хариуцаж үлдсэн гэдэг. Хутагтын өв соёлыг хадгалж, хамгаалж, хүмүүст хүргэнэ гэдэг тахиж дээдэлж байгаагийн нэг илэрхийлэл юм. Тийм учраас тахилч, тайлгач гэж нэрлэдэг байж. Тэр үеэс тахилчийн үе өдий хэр нь үргэлжилж байна. Би 1984 оноос тахилчийн үйл хэргийг өвлөж авсан. Надаас өмнөх тахилч Түдэв бол миний өвөө юм. Уг нь энэ ажлыг тахилч нар ааваасаа өвлөн авдаг байлаа. Харин би өвөөгөөсөө өвлөсөн анхны хүн.
-Тахилч өв уламжлалыг мартуулахгүй байх үүрэгтэй гэдэг. Яаж энэ үйл хэргийг үргэлжлүүлдэг болохыг нэг их сайн ойлгохгүй юм.
-Хутагт хоёр зүйлийг номлосон байдаг. Нэг нь эрдэмд суралцаж, ахуй амьдралаа авч явах. Нөгөөх нь сэтгэ лээ ариусгаж, сүнсээ боловсруулах арга. Сүнсээ боловсруулах арга бол хутагтын эрдэмд хүрнэ. Хутагтын эрдэмд хүрэх юм бол тэнгэрт халилаа ч гэсэн замбуу тивд цоргиж орж ирж, эрдэм ухаанаа түгээж чадна гэдгийг олж мэдсэн. Харин замбуу тивд сүнсэн биеэрээ бууж ирлээ ч гэсэн түүнийг нь ойлгож, хүлээн авах шавь үгүй бол энэ хүсэл нь талаар өнгөрнө. Тиймээс хутагт Балчинчойжоо шавьтайгаа болзоо тогтоосон байдаг. Тэдэн сарын тэдний өдөр, тийм цагт долоон зул мандаагаад, тахил тавиад, тийм бясалгал хийгээд хүлээж бай гээд... Хутагт, “Хэрвээ би үнэхээр л гэгээрсэн хүн юм бол товлосон цагт шавь чам дээр сахиуслан ирэх болно. Чи маш нарийн ажиглаж байгаад намайг тосож аваарай. Би чамд тэмдэг дохио болж ирнэ. Замбуулингийн юмс хүний нүдэнд үзэгддэг боловч өөр зүйлс хий хоосон санагдана. Тиймээс миний дохиолж ирэх тэмдэг энэ хоёрын нийлбэр байх юм. Би тал тэмдэгтэй ирнэ. Гэхдээ чиний үр удам тэмдэг дохиог минь даах савтай байх учиртай. Шунал, тачаалаас ангижирч, замбуулингийн амьдралд зөв чиг мөрийг хөөж, алив муу зүйлд донтох ёсгүй” гэсэн байдаг. Ингээд Балчинчойжоо гуайн нэг хүү нуруун дээрээ тал дугуй тэмдэгтэй төрсөн гэдэг. Түүний хүү Ган-Очирын хүү Наряа мөн л тэмдэгтэй төрсөн. Энэ цагаас эхлэн тэмдэгтэй тахилч нар төрсөөр л байгаа.
-Энэ түүхийг бүтнээр нь сонсож байгаагүй юм байна.
-Анхны тахилч Балчинчойжоо 1870-аад оны үед таалал төгссөн. Түүний дараа хоёр хүүгийнх нь нэг Ган-Очир тахилч болсон. Ган-Очир 20- иод жил тахилч хийгээд хүү Наряадаа өвлүүлж үлдээсэн. Наряа нь өөрийн хүү Онгоод, Онгоо нь хүү Гомбод, Гомбо нь хүү Түдэвтээ шилжүүлэн өгч байсан. Түдэвийн үед буюу 1938 онд сүм, хийдүүдийг ид устгаж байжээ. Тэр устгалд хутагтын нандин өвүүд өртөж үгүй болсон гэсэн. Түүнээс өвөө минь 64 авдар ном судар, бурхан тахил авч үлдээд, 1990-ээд оныг хүртэл хүнд хэлэлгүй нууж хадгалж ирсэн байдаг. Мэдээж олон жилийн турш газарт булаатай байсан болохоор байнга эргэж тойрч, ус чийгт автуулчихалгүй бидэнд өвлүүлсэн. 64 авдар эд өлгийн зүйлс одоо Данзанравжаагийн музейд хадгалагдаж байгаа.
-Та л ганцхан өвөөгөөсөө тахилчийн ажлыг өвлөн авсан гэсэн шүү дээ. Энэ талаараа сонирхуулаач. Аав тань яасан юм бэ?
-Өвөө маань энэ тухай ярьж өгч байсан. Хүүхэд дээр нь тийм тэмдэг гараагүй гэсэн. Манай аав тэмдэггүй гэсэн үг л дээ. Тухайн үед цаг цөвүүн болжээ гэж бодож байсан гэсэн. Ээж, аав хоёр хотод очиж амьдарна гэхэд өвөө дургүйцсэн юм билээ. Гэсэн ч тэд оргоод Улаанбаатарт очиж суурьшсан гэсэн. Өвөө ч үгийг нь дагаагүй хүүдээ гомдож, харилцаагаа бүрмөсөн тасалсан тухайгаа хүнээр хэл хүргүүлсэн гэдэг. Тэд удаан хугацаанд холбоогүй байж байгаад эвлэрсэн. Шалтгаан нь би. Би 1960 онд хоёрдугаар төрөх эмнэлэгт мэндэлсэн юм. Намайг төрөхөд аав маань өвөөд миний тухай хэл хүргүүлсэн байдаг. Өвөөг хонь хариулаад явж байхад нь Нанзад гэж хөгшин хэл дуулгаж л дээ. “Танай хүүхдүүд сайн байгаа гэнэ. Хүүтэй болж. Таны яриад байдаг шиг тэмдэгтэй хүүхэд төрлөө гэж хэлүүллээ” гээд л... Өвөө ч малаа хаяад, хашин бор мориороо Сайншанд орж, айлд морио үлдээчихээд галт тэргээр хот орсон гэсэн.
-Таныг их л хүлээж дээ...
-Харин тийм ээ. Хотод газар мэдэхгүй болохоор Ганданд байдаг Санжмятав гэдэг хүнээр гэр заалгаж аваад, Дэнжийн 1000-д байх аав, ээж хоёр дээр очиж. Оронгуутаа л үгийн солиогүй, “үзүүл” гэж хэлсэн байгаа юм. Тэмдгийг минь үзчихээд мөн ч их баярласан байх даа. Шууд л намайг тэврээд буцсан гэсэн. Миний хувь тавилан тэр өдөр шийдэгдээд, би өвөөгийн хүүхэд болсон доо.
-Өвөөгийн тань талаар олон таа сонсож байсан юм байна.
-Өвөө маань их хахир, хатуу хүн байлаа. Хэцүү ааштай хүн дээ. Би сургуульд ороод, 10 нас хүртлээ үсээ халимаг болгож үзээгүй. Дандаа лам хүн шиг гялайн толгойтой явдагсан. Миний үсийг өвөө хусна. Толгой дээр хадаг тавьж байгаад л арагшаа савж унатал татна шүү дээ. Тэгээд л жил бүр өвөөдөө шавь орж байна гээд олон хадган доор мөлхөнө. Нуруун дээрээ хадаг “ачиж” гарч ирэх юм бол шавь орж байгаа хэрэг. Өвөө маань ер нь их хатуу хүн байсан даа.
-Шөнө оршуулгын газарт ганцааранг тань орхиод явж байсан гэсэн үү?
-Өвөөтэй хамт хүүрийн газар шинжихээр явсан удаатай. Хэдий өдрийн цагт ч гэлээ өвөө намайг айлгах гэж янз бүрийн юм зааж, ярьдаг байлаа. “Тэнд хүний гавлын яс цухуйсан байна, энд ч яс байна, энд газар нь цөмөрдөг юм байна, цөмрөөд доошоо булшинд орно” гээд л... Би ч аягүйрхээд л яваад байдаг. Гэтэл өвөө орой нь унтахаар хэвтэж байгаад намайг орхиод явчихсан. “Одоо үхээрийн босдог цаг. Өдөр зааж өгсөн тарни чинь чамайг аварна. Босоод гүйвэл газар цөмрөөд энд тэндээс чинь үхдэлүүд бүчээд авна. Тарниа уншаад, тайван суусан нь дээр байх даа” гээд л мордоод явчихаж билээ. Би ч орилоод, уйлаад л хоцорч байсан юм. Ер нь энэ мэтээр намайг их зовоодог байлаа. Бас уулын бэлд суучихаад чулуу түүлгэнэ. Шуудай дүүрэн чулуугаа үүрээд уулын оройд байх овоонд нэмэрлэ гэж явуулдаг байв. Зуны цагт шарваараас өөр хувцасгүй надад амар ажил биш ээ. Бас гутал өмсөхийг хориглонр шүү. Бид аяллын дөрөв дэх өдөр элсэн манханд хоноглож байхдаа хөөрөлдсөн юм. Тэнд “Амийг таслагч үхээрийн бай шин” нэртэй хийдийн туурь байх агаад лам хуваргууд жарз хийдэг байсан түүхтэй. Тахилч маань энэ газрын тухай яриагаа өвөөтэйгээ хамт үдсэн хүүхэд насныхаа дур самжаар хачирлаж байв.
-Их айхтар нэртэй газар юм аа.
-Хээрийн жарз гэж 208 хоног хүнтэй юм ярьдаггүй, айлд зочилдоггүй зан үйл. Жарзыг булаг шандны ойролцоо, эсвэл тогтуун газар эсвэл хүүрийн газар хийдэг юм гэсэн. Яг энэ газарт оюун ухааныг төвлөрүүлэх гэж л номоо давтана шүү дээ. Лам нар чулуу дүүгүүрдэж байгаад буусан газарт нь очиж номоо уншиж, бясалгаж суудаг байсан хэрэг. Хэрвээ чулуу усанд унавал усанд л сууна шүү дээ.
-Та хоёр энд хонон өнжин буудалладаг байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Богд уулын энгэрт очно. Төр хурх, шажин хурхын аман дахь Наран хад, Саран хаданд хоёр, гурван сар өнжиж байлаа. Бид хоёр хэсээд л явчихдаг байлаа. Өмнөговийн Ханбогдоос Хэнтийн Балданбэрээвэн хийд хүртэл тэмээгээ унаад л явна. Өвөө тэмээн дээр гараад надад үлгэр домог, хууч түүх ярьж эхэлдэгсэн. Би ч аянд явахдаа тэмээнийхээ бөхнөөс зуураад л унтчихдаг байсан юм. Өвөө намайг унтаад өгөхөөр ороолгоод л авна шүү. Бас Хятад шиг гэж шоглодог байлаа. Одоо ч дурсамжуудаа мартжээ. Ажаа минь надад үйл хэргээ өвлүүлэх гэж олон ч зүйл сургасан даа. Өвөөгөө нас барсны дараа ганцаараа энд ирсэн. Багадаа явж байсан газруудаараа хэссэн юм. Майхангаа бариад хоноглож байсан газарт манхан нүүгээд ирчихэж. Газар өөрчлөгдөөд л байдаг бололтой.
-Таныг шүлэг хэлхдэг гэж сонссон шүү.
-Өвөө намайг юм бүхэнд сургадаг байлаа. Ерөөс л намайг бүхнийг чадах ёстой гэж итгэдэг бай сан юм. Дээр нь би өдөр бүр шүлэг бичих даалгавартай байв. Шүлэг бичиж чадаагүй өдрөө тувт зодуулна. Хутагтын шавь байж шүлэг бичиж чадахгүй байна гээд л зодоод байна шүү дээ... Нэг удаа урдаа байгаа довыг заагаад, үүнийг харж байгаад шүлгэл гэж үүрэгддэг юм байна. Би ч довыг дов гэхээс өөр юу гэж бичихээ ч мэдэхгүй уцаарлаад л... Гэтэл өвөө, “Дор газраас төвийж залбирсан Долоон бурхан руу бөхийж залбирсан” гээд шүлэглээд хэлж чадахгүй байна уу, нутаг усаа сэтгэлээсээ хайрлахгүй байгаагийн чинь шинж гээд л зодно. Уг нь билгийн нүдээрээ харах ёстой юм билээ л дээ. -Таны багадаа бичиж байсан шүлгүүд номонд тэмдэглэгдсэн байна лээ. -Би өвөөгөө ажаа гэдэг байсан юм. Бага байхдаа балын харандаагаар, монгол бичгээр бичсэн нэг шүлгэрхүү юм бий. “Ажаа ажаа хэмээгч нь Алтангэрэлийн өвөө Алиа зантай байвч Алсдаа тэр нь худлаа” гээд...
-Яриаг тань сонсоход өвөөтэйгээ тэмцэх гэж оролдож байсан юм шиг санагдаж байна. Энэ шүлгээс ч бас тэмцлийн хэлбэр харагдаж байна.
-Хэрэндээ л тэмцдэг байсан юм даа. Одоо өвөөгийнхөө дурсамж бүхий номнуудыг үзэж байхад бид хоёрын харилцаа илэрхий харагддаг. Өвөө ч бас миний шазруун зангийн талаар хэлдэг л байсан. “Чи өдөр болгон зодуулж, занчуулж байна гээд дотроо занаад байгааг чинь би мэдээд л байгаа. Гар хүрэхгүй газарт очоод намайг харааж байгаад ирвэл ир” гээд л... Би ч нэг удаа холхон очиж байгаад өвөөгөө загнаж байсан удаатай. Дараа нь өвөө намайг барьж аваад, “Чи юу гэнэ ээ” гээд зодолгүй яах вэ. Гэхдээ өвөөтэйгээ хамт байсан мөчүүдээ нэхэн санахад сайхан байдаг юм.
-Шүлэг хэл л дээ.
“Бор борхон манхан дээр бодол минь эргэлдэж байна
Босон суун ярилцах өвгөдөө санан бэдэрч байна
Тасарсан түүхийн учиг болгоныг холбох гэж
Таамаг сүжиг хоёртоо сүлэлдэнхэн сууна” гээд мөр холбож байсан шүү. 12 настай байсан байх аа.
-Сайхан шүлэг байна. Үүнийг л өв гэх байх даа. Өвөө тань шүлэг бичдэг байсан уу?
-Өвөө маань бичсэн шүлгээ тэм дэглэж аваад, ном болгон хэвлүүл сэн бол мундаг эд байх байсан болов уу. Тэр үед нь би тэмдэглэж авсан ч болоосой гэж боддог л юм. Их чанга хүн л дээ. Нэг уншсан шүлгийг дахин уншиж болохгүй гэнэ. Бас шүлгийг бичиж, тэмдэглэлээ гээд дооглоод байдаг юм. Ерөөс л шүлгийг нэгэн агшинд хэлэх ёстой гэж сур гасан. Монгол яруу найраг гэж ярих их дуртай. “Жинхэнэ монгол шүлгийг үнэртүүлж
Жижигхэн зүггүй тархийг монгол болгож авна
Жил сарын уртад хүнийх ч болчихож магадгүй
Жаахан бор толгодыг цусанд нь шингээж өгнө” гэж шүлэглэж байсныг нь мэднэ.
Би өвөөгийн шүлгүүдийг тэмдэглэж аваагүйдээ одоо ч харамсдаг шүү.
Бидний яриа их олон хоног, удаан үргэлжилсээр байсан юм. Гэсэн ч Өвгөн суварган дээр ирээд яриагаа таслахаас өөр аргагүйд хүрэв. Зөвхөн тахилч хүний мэдэх нууцад бид халдаж чадахгүй. Гэсэн ч үе үеийн тахилчдын үйл хэрэг бидэнд олон зүйлийг өвлүүлэн үлдээж буй. Өмнө нь Өвгөн суваргыг чамин тансаг гэж харж байсан бол Алтангэрэл ахын үзүүлсэн бясалгалын өрөөг үзээд гайхаш төрлөө. Учир нь Өвгөн суварганы өндөр орой зүгээр ч нэг сүр бараа биш аж. Тэнд зөвхөн хутагт, өндөр түвшинд бясалгал хийх хүнд зориулсан бясалгалын өрөө байв. Энэ өрөөнд буруу байрлалаар сууж, зориулалтын бус бясалгал хийвэл амьсгалах агаар хүрэлцэхгүй болох гэнэ. Энгийн нүдэнд харагдаж буй бүхэн тухайн зүйлийн мөн чанарыг илтгэж чадахгүйн нэгээхэн жишээ энэ. Тиймээс л бидний яриа энд төгссөн билээ.

No comments:

Post a Comment