Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, June 10, 2013

Домог, хуучинд хучигдсан Мөнхийн цохио


“Судван сондор 8” аяллын тухай өгүүлэх “Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл”-ийн үргэлжлэл болгон энэхүү нийтлэлээ бичиж сууна. Аяллын тав дахь өдөр бид “Суварган цохио” хэмээх хадны энгэрт буудалласан юм. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд орших энэ цохиог нутгийнхан нь Хайрхан цохио хэмээн цээрлэн дууддаг. Аяллын багт маань хөтөч болсон Хатанбулаг сум болон Сулинхээр багийн Иргэдийн хурлын төлөөлөгч Айлхүүгийн Баярсайхантай цөөн хором ярилцлаа. Тэрбээр уул уурхайн компаниудтай чадлынхаа хэрээр тэмцдэг нэгэн болохыг нутгийн иргэд ярьсан юм.


-Суварган цохионы орчим олон нууцлаг агуй байдаг гэж сонслоо.
-Булын долоон хүүгийн амьдарч байсан агуй олон бий. Дөрвөн ханатай гэрийн дайтай, жинчдийн цувааг дурандах “цонх”-той нэг агуй байдаг. Голдоо ширээ маягийн дөрвөлжин хадтай гэлцдэг. Нутгийн хүмүүс тэр агуйг хайгаад олдоггүй юм гэсэн. Манай дүү орж үзсэн гэж ярьж байсан. Би орж үзээгүй л ээ. Хайрхан цохио их догшин, хар тахилтай, хатуу уул болохоор цээрлээд байдаг юм. Би ч энэ нутгийн хүн биш болохоор Хайрхан цохионд хамаагүй ойртдоггүй.
-Хар тахилтай гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Цагаан сүү, цайны дээж өргөж болдоггүй. Архи, ус болон амьтны мах шөлөөр тахьдаг гэсэн үг л дээ. Бас хулгайлсан эд зүйлээсээ хайрханд тахил өргөдөг домтой. Түүнээс биш хараал, ерөөлтэй гэсэн үг биш ээ.
-Танай нутаг их баян юм аа.
-Тийм ээ, дэлхийд ховор цагаан зандан мод манайд хэдэн ширхэг бий. Рашаан уснаас эхлээд олон ч сайхан түүхийн өв соёл байна. Одоо бид Хоргын голыг л Улсын тусгай хамгаалалтад авмаар байна. Зэсийн ундаргатай, хүний нүдэнд сайн голоо ширгээчихвэл хайран шүү дээ.
Тэрбээр цаашид хийх ажил, хамгаалалтад авах шаардлагатай байгаа зүйлсээ ярьсаар байлаа. Эцэст нь өөрийн төрсөн дүү Айлхүүгийн Баярбаттай танилцуулав. А.Баярбат хэмээх малчин эр нутаг усныхаа талаар нэлээд өргөн мэдлэгтэй нэгэн бөгөөд хавь ойрын хүмүүсээс шинэ мэдээ шалгааж суудаг гэсэн. Түүнтэй Суварган цохиотой холбоотой түүх, домог сонсох гэж оройжин шалсан билээ.
-Хайрхан цохиог одоо Суварган цохио гэж нэрлэх болжээ. Үнэндээ Мөнхийн цохио гэдэг нэртэй юм аа. Эрт дээр үед Булын долоон хүүгийн амьдарч байсан түүхтэй газар. Тэднээс гадна Дорноговийн шилийн сайн эрчүүд үүгээр нутаглаж байсан гэдэг. Долоо, найман жижиг хонгилтой. Дээхнэ үед Цогдэлгэр гэж хүн эдгээр агуйд бурхан тахил өрөөтэй байсан гэж ярьдаг байсан ч тэр бүхнийг нууцалсаар өөд болсон. Би тэр агуйг нүдээрээ үзэж байгаагүй ээ. Хүүхэд байхдаа хайж байсан үе бий. Гэхдээ тэр том агуй хаана байдгийг багцаална уу гэхээс онож очихгүй. Тэгээд ч ашиг, хонжоо хайгчдын олз болгож, буруу замаар оруулахгүй гэсэндээ хүнд хэлдэггүй. Нэг харахад л хөндөөд явчихсан байдаг. Энд их олон булш байсан ч бүгд л хөндөгдсөн. Бүтэн булш нэг ч үлдээгүй ээ. Зарим хүн надаас тэр агуйн талаар асуудаг л юм. Би ч хүмүүсээс сураглаж суудаг.
-Тонуулчид үүгээр их явдаг уу?
-2007 онд би цэргээс халагдаж ирсэн. Тухайн үед Дорноговийн Хатанбулаг дахь Толийн булш гэж том булшийг ухсан байна лээ. Тэр үеэс эхлээд хоёр, гурван жил булш ухдаг хүн үүгээр нэлээд эргэлдсэн. Одоо ч хүн явахаа больж дээ. Манай ах А.Баярсайхан хайрхан цохиогоо хамгаалахаар тууштай хөөцөлдөж байгаа. Хорго хайрхан, Мөнхийн цохио хайрхныг хашаалах хэрэгтэй байна. Мөн ойр хавиар нутагладаг хүмүүст энэ газраа хамгаалах эрх өгөх хэрэгтэй. Дан хашаа бариад яах вэ. Олз хайсан хүмүүс энүүгээр явдаг байх үед мэдэх, мэдэхгүй үнэмлэх үзүүлнэ. Тэр тоолонд бид шаардлага тавиад нэмэргүй. Харин хамгаалагч болгочихвол хөлөө хүрэх газар хүртлээ гүйнэ шүү дээ.
-Хорго хайрхныг хятадууд ухаад дууссан гэж үнэн үү?
-Хорго хайрхныг есөн эрдэнэтэй уул гэдэг байлаа. Манжийн үед хятадууд тахал гарлаа, тахлаар хүмүүс үхлээ гээд зөөдөг байсан гэдэг. Үнэндээ үхдэл биш оюу эрдэнэ зөөдөг байсан хэрэг. Одоо эрдэнийн чулуу байсан том хонхор байдаг юм. Тэр хонхорт мянган адуу ороход харагддаггүй гэдэг. Тийм том хонхор үлдээсэн гэхээр бүхэл бүтэн эрдэнийн уул байсан байгаа юм.
-Булын долоон хүү хэмээн нутгийнхан яриад байх юм. Энэ домгийг ярьж өгөөч.
-Нэг эхийн долоон хүү байсан юм гэнэ лээ. Манай нутгаар дайран өнгөрч буй Манжийн жинчин, худалдаачдыг тонож, ядарсан ард иргэдийн амьдрал ахуйд тусалдаг байж. Нутгаас гарч буй үнэтэй цайтай бүхнийг хил давахаас нь өмнө худалдаачдаас дээрэмдээд, нутагтаа авч үлддэг гэлцдэг. Долоон жил дараалан төрс өн нэг эхийн хүүхдүүд чармай нүцгэн амьдардаг, үхсэн малын арьс, шир цуглуулаад салхин дээрээ бариад гүйдэг байсан юм гэнэ. Тэднийг майхнаа бариад амарч байхад нэг өвгөн хятад алчихсан гэдэг. Майхийнх нь тулгуур бодыг унагаад дээрээс нь чулуугаар нүдээд үгүй хийчихэж. Тэр хятадын булш одоо ч хилийн наахнатай бий. Бид Булын долоон хүүгийн талаар домог болгон ярьсаар л байна. Одоо зарим нь Будын долоон хүү гэж андуу ташаа ярих болжээ.
-Булын долоон хүү алт, эрдэнэс их цуглуулсан гэдэг. Хаа нэгтээ нуусан л байх даа?
-Булын долоон хүүгийн тухай домог олон бий. Энэ нутагт Долоон хайрхан бий. Хорго, Ханги, Баян, Сүүжин, Зос хайрхан, Зүрх, Алаг эрдэнэ хайрхан. Эдгээр хайрханууд бие биенээ хардаг юм. Хорго хайрхнаас Зүрх хайрхан харагдана. Зүрх хайрхнаас Ханги хайрхан, Хангиас Зос хайрхан, Зос хайрхнаас Бага хайрхан, Бага хайрхнаас Мөнхийн цохио харагддаг юм. Харин Мөнхийн цохионоос Хорго хайрхан харагдана. Булын долоон хүү эдгээр хайрхны орой дээр нэг нэгээрээ гарч, олзоо харуулддаг байсан гэдэг. Тэдний хурааж цуглуулсан алт, эрдэнэсийг хэн ч олоогүй гэж ярьдаг. Домогт өгүүлснээр мандах нарны үзүүр, шингэх шарны үзүүртэй огтлолцох зайд тэр их эрдэнэ байгаа. 2010 онд Суварган цохиог тонуулчид ухаад, нэлээд хэмжээний алт, эрдэнэс олсон гэдэг юм. Магад Булын долоон хүүгийн булсан эрдэнэсийг шунахай хүм үүс олсон ч байж мэднэ.
-Энд нэг худаг байдаг гэсэн. Та мэдэх үү?
-Хулгайчийн худаг гэж байдаг. Булын долоон хүүгийн ундаалж байсан худаг шүү дээ. Манайх тэр худгаас малаа ундаалдаг. Ер нь тэр худгийг хүмүүс мэдэхгүй ээ. Бид ч зааж өгдөггүй юм.
Айлхүүгийн Баярбат ахын ярианд амтшаад сууж байтал Пүүжээ багш хэмээх эрхэм тэднийд айлчиллаа. Пүүжээ багштай Дорноговь аймагт аж төрдөг байсан газар шинжээч мэргэн хүний тухай, шилийн сайн эрчүүдийн тухай хуучилсан билээ.

No comments:

Post a Comment