Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, June 12, 2013

Б.Цацрал: Тайзан дээр сөгдөж суугаад л, хэвтээд л гитарддаг байлаа

 “Мэднесс” хамтлагийн “Colors of us” цомогтой хамт энэ өдрийг эхлүүллээ. Өчигдөрхөн хэвлэлтээс ирсэн энэ цомогт танил юм шиг аялгуутай хэрнээ цоо шинэ бүтээлүүд бий. Яг одоо би “Цэл залуухан моддын доор дурлалт хосууд тэврэлдэн, үнсэлцэнэ. Зун цаг” гээд л дуулж байна. Энэ бол Б.Цацралын зохиосон шинэ ая.
16 жил “Нисванис”-ийн гоцлол гитарчин байсан энэ хүн “Мэднесс” хамтлагт нэгдээд бүтэн жил өнгөрчихжээ. Юу түүнийг өөр хэмнэл рүү “урвуулсныг” мэдэх гэсэн хүсэл маань намайг Б.Цацрал руу хөтлөв. Бас энэ сарын 22-нд “I loft function house”-д болох “Мэднесс” хамтлагийн тоглолтын талаар шалгаах зүйл ч байсан юм. Ярилцлагын эзэн маань тоглолтондоо бэлтгээд тун завгүй байлаа.


-Танай хамтлагийн хамгийн сүүлчийн яруухан тоглолт болох гэж байна. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцана уу.
-Хамгийн сүүлчийнх гэж хэлэхэд муухай юм аа. Зүгээр л уран бүтээлдээ шинэ өнгө нэмэх гэж байгаа. Энэ тоглолтын дараа хард рок чиглэлийн бүтээл туурвина. Аравдугаар сард хард рок тоглолт хийнэ. Бид өөрсдийн нууцхан хүслийг биелүүлэх боломжтой болсон болохоор хэв маягаа эвдэх гэж байгаа юм.
-“Мэднесс” хамтлагт нэгдсэн шалтгаан тань юу вэ?
-“Нисванис” хамтлагаас гарчихсан байх үе таарсан даа. Содоо маань тав зургаан жилийн өмнө “Нисванис”-аас гараад энэ хамтлагт тоглож байсан. Бид энэ хамтлагт ороод нэг жил болж байна.
-“Мэднесс”-ийн дуунууд цаанаа л нэг яруу байдаг. Таны шинэ дуу ч бас яруу юм. Таны “Нисванис”-аас гарсан жинхэнэ шалтгааныг би олчих шиг боллоо.
-Нээрэн, би “Нисванис”-аас гарахдаа өөр бүтээл хийхийг их хүсэж байсан юм. Өөр аялгуунд бүүвэйлэгдэхийг их хүссэн гэх үү дээ.
-Гэхдээ энэ цомогт таны ганцхан дуу байна лээ...
-Хөгжимчид бидний толгойд, эсвэл зүрхэнд ч юм уу гэнэт хачин сайхан аялгуу эгшиглэдэг юм. “Зун цаг” дууны ая их эртний “эд” ч гэлээ цаасан дээр буугаагүй, урьд нь сэтгэлээс минь өөр газар эгшиглээг үй юм. Харин шинэ цомогт өөрийнх өө бүтээлээс заавал оруул гэсэн үүргийн дагуу хадгалсан аянуудаа хамтлагийнхандаа сонсуулсан юм. Тэд “Зун цаг”-ийг сонгоод, дуучин Сайхнаа дор нь үг бичсэн дээ.
-Таны дотор эгшиглээд байдаг ая гэхээр их сонирхол татаж байна шүү.
-Заримдаа гэнэтхэн богинохон аялгуу зурвас сонсогдох шиг болно. Уран бүтээлчдийн дотор ер нь эгшиглэнтэй дуу чимээ их сонсогддог. Бүр зүүдэнд хүртэл сайхан дууны санаа орж ирнэ. Гол нь түүнийгээ тэмдэглэж авч чаддаг хүн ховор л доо. Би л гэхэд зүүдэндээ сонссон дуугаа босож ирж жаахан бодож байгаад л таг мартчихдаг юм. Бидний тэмдэглэж аваагүй сайхан дуунууд хүнд хүрч чаддаггүй нь харамсалтай юм даа.
-“Мэднесс” хамтлагийнхан их дуу муутай хүмүүс шүү. Дуучин Оюунсайханыг “Тийм, үгүй” гэдэг хоёрхон хариулттай гэдэг юм билээ. Таны ярилцлага өгч байхыг ховорхон харсан юм байна.
-Урьд нь “Нисванис” хамтлагт байхад дуучин Л.Энх-Амгалан маань ч их ярилцлага өгч, олон нийттэй харилцдаг байлаа. Мань мэт чинь арын албаныхан шүү дээ. Харин “Мэднесс”-ийн гишүүн болсноосоо хойш хэдэн ярилцлага өглөө. Манай хэд болж өгвөл надаар яриулах санаатай л байна.
-Хөгжимтэй амьдралаа холбосон талаараа сонирхуулаач. Таны тухай мэдэх хүн ховорхон байх аа.
-Хөгжимд дуртай байсан ганцхан шалтгаан бий шүү дээ. Бага байхад ах нарын гитар тоглож байгааг догдлон харж суудаг байлаа. Хөгжим сонсохын тулд ах нарын захиасанд явна. Тамхины акурканд гүйнэ. Их акурк авчирсан хүүхдийг гитарчидтай ойрхон суулгадаг байлаа. Хөгжимд дурлах олон шалтгаан нададбайсан. Аав маань Багануурын “Өчигд өр ба өнөөдөр” хамтлагийн ахлагч байсан юм. Аавын хамтлагийн хөгжим хэрэгсэл “Нисванис” хамтлагт маань их хэрэг болж байлаа. Дунд сургууль төгсөх үед аав маань намайг хөгжимчин болгохоор шийдсэн. Уг нь би сургуулиа онц дүнтэй төгссөн болохоор хүссэн сургуульдаа орох эрхтэй байсан юм. Гэсэн ч бага ангийн дуу хөгжмийн багш мэргэжил эзэмшсэн.
-Өө, таныг багш гэдгийг огт мэдээгүй юм байна.
-Мэргэжлээрээ хоёр, гурван жил ажилласан. Хүүхдүүдэд төгөлдөр хуур, гитар зааж байсан юм.
-Та өөр мэргэжилтэй байсан бол яах байсан бол гэж бодож байв уу?
-Би хөгжимчин болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй ээ. Энэ миний сонгосон амьдрал. Дурласан амьдрал, жаргалтайгаар дурсах амьдрал. Бас зорилготойгоор цааш алхах хүч өгсөөр байгаа тэр л амьдрал.
-Та “Мэднесс”-ийн хэд дэх гоцлол гитарчин болчихов оо?
-“Мэднесс”-ийн гоцлол гитарчны суудал хазгай гэдэг яриа байдаг ш дээ. Соль гитарчин нь байнга солигддог юм. Би хэд дэх нь болж байгаа юм бүү мэд.
-Танд тэсрэх хүсэл бий юу?
-Байлгүй яах вэ. Ер нь тэсрэх хүсэлгүй хүн гэж байдаг юм уу. Сэтгэл нь хөдөлдөг хүн бүхэн л ямар нэг байдлаар тэсрэхийг хүснэ шүү дээ.
-Тэр хүслээ яаж илэрхийлдэг вэ?
-Хөгжим сонсох ч юм уу, ийш тийшээ машинаараа давхих гээд л олон янзаар илэрхийлнэ. Голцуу хөгжимтэй л холбоотой байдаг.
-Тайзан дээр тэсэрч байв уу?
-Залуудаа тайзан дээр тэсэрч байна гэж их “маягладаг” байлаа. 1996 онд болсон “Нисванис” хамтлагийн “Сонсохыг хориглоно” тоглолтыг ерөөс өө мартдаггүй юм. Тайзан дээр сөгдөж суугаад л, хэвтээд л гитардаж байлаа. Одоо үнэнийг хэлэхэд нас яваад байгаа ч юм уу, тайзан дээр гитараа тэврээд л зогсож байдаг болж дээ.
-Тэр үеэ бодохоор дахиад тайзан дээр “маяглах” хүсэл төрж байна уу?
-Үгүй ээ. Зүгээр л сайхан жаргалтай дурсамж минь юм даа. Одоо бол тайзан дээр хэвтэж, гитардах нь юу л бол. Тэр үед би өөрийгөө годгоносон банди байж дээ л гэж боддог ш дээ.
-Одоо болох гэж байгаа тоглолтын хоёрдугаар гитарчнаар 13 настай хүү ажиллана гэж сонссон юм байна.
-Эгшиглэн гээд ирээдүйтэй хүү бий. Бид тэр хүүгийн байгалиас заяасан авьяасыг нь дэмжих гээд байгаа юм. 13 настай хүү бүрэн хэмжээний концертод тоглоно гэдэг хэцүү л дээ. Огт сонсож байгаагүй дуунуудаа бүгдийг нь цээжлэхээс өгсүүлээд шахуу бэлтгэл шаардана.

 Т.НИПОНЬ

1 comment:

  1. Яагаад ч юм чиний ярилцлагын техник тэр дундаа эхлэл, асуултын холбоосууд намайг урхидаж байна. Маш сайхан техник, чадварыг өөртөө цогцлоож байна даа Нипонь! Амжиль хүсье

    ReplyDelete