Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, March 4, 2010

ям: Урьд зохиосон хөгжмийг энэ цагт тохируулан найруулсан хүнийг л хөгжмийн зохиолч гэдэг


Цал буурал үстэй хэдий ч нүдэндээ галтай энэ хүн 10 орчим дуулалт жүжгийн хөгжмийн зохиол бичжээ. Ярианых нь хэмнэл огцом өндөрсөж, заримдаа сонсогдохооргүй аяархан болно. Түүний сэтгэл хэмээх хөгжмийн өнгө данга гэмээр энэ ярианд би дасаж эхэллээ. Царайных нь хувирлыг ажвал ямархан нэг чимээ хайгаад байх шиг ээ. Нүдээ аньж, нам гүмийг үүсгэнэ. Тэгснээ яг л мөрөөдлөө ярьж буй жаал шиг гараараа агаарт дүрсэлж эхэлнэ. Тэр дүрслэл нотноос огт өөр байсан тул би төсөөлөл нь зөвхөн өөрт нь сонсогддог гэж бодсон юм. Тэрбээр энэ жилийн “Гэгээн Муза” наадамд “Бодончир Сэцэн” жүжгээрээ нэр дэвшиж байгаа юм. “Юм яриад эхлэхээрээ дуусдаггүй” гэж эхлэсэн ярилцлагаасаа “Сонсогчид мэдлэг хэрэгтэй” гэсэн үгийг онцолмоор байна.


-“Бодончир Сэцэн” дуулалт жүжгийн өгүүлэмжийг хөгжмөөр хэрхэн илэрхийлсэн тухайгаа сонирхуулаач...
-Өгүүлэмж гэдэг их чухал. Тэр дундаа хөгжмийн өгүүлэмж... Хөгжим нүдэнд харагддаггүй хэдий ч сэтгэлд нэвтрэх увдистай. Энэ жүжигийг үзнэ гэдэг цаг хугацааны аялалд гарч байна гэсэн үг. Хамгийн гол өгүүлэмж нь домгийг дархад маягаар өгүүлэхийг хичээсэн. Тэгэхээр зарим нэг хийсвэр дүрслэлийг хөгжмөөр үзүүлэх хэрэгтэй болно шүү дээ. Тэгэх л гэж би энд ажилласан даа.

-Хийсвэр дүрслэл гэж юуг хэлж байгаа юм бэ. Түүхэн жүжигт хийсвэрлэл ямар хэрэгтэй гэж?
-Жүжигт түүх болсон цаг үеийн үйл явдал бий. Гэхдээ жинхэнэ түүх биш шүү дээ. Урлагийн бүтээл, жүжиг гэдэг утгаараа зохиомол зүйл олон бий. Нэг ёсондоо хийсвэрлэлийг түүхтэй холбосон байгаа юм. Түүхэнд тодорхойгүй зүйл олон. Бэлгүнүтэй, Бүгнүтэй хоёр хаачсан нь мэдэгдэхгүй алга болсноос эхлээд л ярьвал хийсвэрлэл үүсгэж болохоор орон зай их байгаа юм. Ингээд бодохоор түүхэнд домог, туульс их ойрхон байдаг нь ажиглагддаг.

-Тэгвэл хийсвэрлэл домгийг хольсон хөгжмийн өнгө аяс, хэлбэр ямар байдаг юм бэ?
-Хөгжмийн уг санаа бол дархад аяз. Бид анхнаасаа л Боржигон дэг ёсоор дуулдаг бүжиглэдэг, жүжиглэдэг тайзны бүтээл хийхээр зорьсон. “Монголын нууц товчоо”-ноос Бодончир гэдэг хүнийг тусгайлан гаргаж ирсний учир тэр шүү дээ. Үнэндээ энэ зохиолыг ухаж төнхөөд үзвэл Алунгоо эх Хөвсгөл аймгийн хүн байгаа юм. Цагаан уул сум гэж байдаг. Буриадууд нутагладаг. Хотгойд буриад тосгод тэнд байх ёстойг хэлсэн байгаа юм. Үүнийг хөгжмөөр илэрхийлэхгүй бол болохгүй шүү дээ. Тухайн удам угсааг ая дангагүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ. Тэгэхээр яг түүхтэйгээ холбоотой аяс байх хэрэгтэй. Хаа хамаагүй ая зохиочих юм бол хөгжмийн зохиолч судалгаа хийх ямар хэрэгтэй юм бэ?

-Түүхийн холбогдолтой судалгааг удаан хийдэг баймаар юм. Гэтэл энэ жүжиг гурван жилийн хугацаанд бүтсэн.
-Түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн жүжигт маш олон судалгаа хэрэг болдог. Хоор судлалаас өгсүүлээд бүх төрөл өөр өөрийн гэсэн тусгай судлагдахуунтай. Судалгаа гэдэг чинь хэдэн баримт нийлүүлэхийг хэлж байгаа юм биш шүү дээ. Энэ жүжиг бол олон жилийн хөдөлмөр. Өчигдөр бодоод, өнөөдөр хийчихсэн юм биш.

-Бодончар мунхаг гэж нууц товчооноос уншиж байсан юм. Харин танай жүжиг сэцэн гээд эерүүлчихсэн байх юм. Яагаад?-Нууц товчоог судлаад үзэх юм бол Бодончир цэцэн байгаа юм. Мунхаг гэдгээр нь ойлгочихож болохгүй. Үнэхээр л цэцэн хүн байсан тул ингэж нэрлэхэд хүрсэн. Малчин монголчуудын гүн ухаан гэж айхтар зүйл бий. Үгийн цаана үг, уулын цаана уул гэдэг шиг. Өвчин ороодог хүүхдүүдэд нэр нь зохиогүй байвал чимэггүй нэрээр аргалдаг шүү дээ. Үүнтэй холбон тайлбарлаж ч болох талтай.

-Энэ жүжиг хэчнээн дуутай вэ?

-Жүжигт найрал дуу, эрэгтэй эмэгтэй дөрвөл, харилцаа, дүэт, хөгжмийн зураглалууд гээд л олон төрлийн дууны найруулга орсон. Өөрөөр хэлбэл тухайн үйл явдлыг хөжмийн хэлээр илэрхийлэхдээ хөгжмийн олон төрөл жанрыг ашигласан гэсэн үг. Хамгийн гол нь судалгаа. Үүгээрээ манай жүжиг хөгжмийн зохиолын хувьд шинэлэг бүтээл юм даа.

-Та энэ бүтээлээ 30 жилийн хөдөлмөр гэж ярьж байсан. Гэтэл энэ жүжиг гурван жилийн дотор бүтсэн гэсэн шүү дээ.
-Боржигон урлаг судлал их удаж байгаа юм. Нэлээд олон жил энэ хөгжмийн аялгууг олох гэж хайгуул хийсэн. Боржигон хэв маягаар ярьдаг, дуулдаг, амьдардаг хүнийг их хайсан.

-Тэгээд олов уу?
-Байлгүй яахав. Цөөхөн хүн байдаг юм билээ.

-Дархад, Халх аялгу гэхээр их сонин юм. Эдгээр аялгууг хооронд нь хэрхэн ялгаад байгаа юм бэ?

-Төв халхын аялгуунаас Боржигон ая данга өөр байдаг юм. Тун их өөр шүү. Ая алгуу нь богинохон. Гэхдээ их цойлсон. Харин төв халхын аялгуу их сунагар урт.

-Тэгэхээр Боржигон аймгийнхан хэзээ ч уртын дуу дуулж байгаагүй хэрэг үү. Монголчууд тал нутагт амьдардаг болохоор газар нутагтаа дүйцүүлж ийм дуу зохиосон гэж ярьдаг юм билээ.
-Тийм. Газар нутагтайгаа зохицож аялгуу бүтээдэг байсан учраас л Дархад аялгуу цойлж сонсогддог юм. Уулын оргилд дуугаа хүргэх гэж дуу аялдаг байсан болохоор л тэр биз дээ.

-Тэгвэл Улаанбаатарын аялгуу гэж байх нь ээ?

-/Инээв/ Байдаг л байлгүй дээ. Сүүлийн үеийн дууг хотын хөгжим гэдэг юм билээ. Янз бүрийн байшин барилга, гялалзсан хувцаснууд гээд л орчин үеийн хөгжмийн хэмнэлд зохиж байгаа биз дээ.

-Морин хуураар сонгодог хөгжим тоглох нь орчин үеийн шийдэл мөн үү?

-Монгол хөгжмөөр гадаадын аяз тоглоно гэдгийг би огт ойлгодоггүй юм. Хийлээр уртын дуу тоглох гээд үз л дээ. Яагаад ч бүтэхгүй. Яахав, жаахан дөхөж болох л юм. Гэхдээ гадаад хөжмөөр өөр үндэсний аялгуу бүтээнэ гэдэг утгагүй асуудал. Харин орчин үеийн шийдэл мөн үү гэвэл мөн. Үндэсний хөгжим бол биш шүү. Дээхнэ үед зурагтаар Шаравын хөгжмийг Японы мундаг хөгжимчин хийлээр тоглоод, уртын дуучин Хонгорзул дуулж байхыг үзсэн. Тэндээс монгол хөг сонсогдохгүй байгаа юм.

-Хөгжмийн зэмсгийн хөг өөрчлөгдсөн гэж ярьдаг юм билээ.
-Тийм. Хөгжмийн зэмсэгт хөг, өнгө гэсэн хоёр зүйл бий. Манайхан хөгжмийн зэмсгээ өөрсдөө хийхээ больчихсон. Түүнээс гадна зэмсэг хийж багйаа зориулалт нь өөр байгаа юм. Байшин дотор, сонгодог хөгжим тоглох морин хуур чинь өөр л байна шүү дээ.

-Өөрчлөлтийг нь яаж мэдээд байна вэ?
-Дээхнэ үеийн тоглолт концертийн дуу бичлэгүүд байна. Тэднийг одооныхтой харьцуулах юм бол их өөр байгаа юм. Тэдгээрийг мэдэхийн тулд судалгаа л хэрэгтэй шүү дээ.

-Тэгвэл орчин үеийн хөгжмийн урсгалын талаар юу хэлэх вэ. Монголчууд гадаад аялгуугаар тоглоод байна.
-Олон урсгалыг яриад байх юм байхгүй. Юуны төлөө урсгал гэдэг билээ дээ. Урьд нь байсан аялгуунаас салбарласан байдаг юм. Амьдралынхаа хэв маяг, ахуй, зан суртахуундаа тохируулаад хөгжмөө сонгосон байгаа юм. Тэгэх ч ёстой. Хип хоп гээд л байна. Шинэ юм огт биш. Үглэх гэдэг зүйл манай Монголд байсан байна ш дээ. Эмэгтэй хүмүүс үглэдэг, цаашилбал энэ лам нар амандаа дүнгэнэж байгаа нь үглэх нэг хэлбэр юм даа.

-Цаг үеийн туршид өөрчдөгдөж байгаа аялгууг энэ цагийн хэмнэлд тохируулна гэхээр хачин эрэмдэг юм болох юм биш үү?
-Тэдгээрийг нэгтгээд, үндсэн эгшиг, аяз ямар болохыг мэдчихэж болно. Тэр олон зүйлсийн нийтлэг хөг аялгууг олно шүү дээ. Олон судалгаа хийж байж л бүтнэ. Тэгж бүтсэн хөгжмийг хүн төрөлхтөн ойлгоно. Хөгжим бол орчуулгагүй хэл юм. Харин хэрхэн хүлээж авах нь хөгжмийн боловрол, зан араншингаас хамаарна.

-Энэ орчуулгагүй хэл заримдаа надад онцгүй санагддаг шүү. Зарим төрлийн хөгжим таалагдахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ?
-Сонсогчид боловсрол хэрэгтэй. Хөгжимийн аялгуунаас өөр өөр өгүүлэмж гардаг. Дээр нь хөгжмийн зохиоч, дуучин хөгжимчний ур хийц сонсогчид яаж хүрч байгаагаар нь тайлбарлаж болно л доо.

-Хөгжмийн зохиолчид урьд нь бүтээгээгүй хөгжмийг яаж зохиодог юм бэ. Үндсэн долоон эгшигээс халихгүй байж
яаж шинэ аялгуу төрүүлдэг байх вэ?
-Урьд байсан хөгжмийг энэ цагт тохируулан найруулсан хүнийг л хөгжмийн зохиолч гэдэг юм. Шинэ хөгжим бүтээхэд өнгө хослуулахыг хэлдэг юм. Загвар зохион бүтээгчид хэдэн өнгийн даавуутай хэрнээ өдөр бүр шинэ загвар гаргаад л байгаа биз дээ.

-Найруулах шаардлагагүй хөгжим байдаг ш дээ. Тийм бүтээлийг яадаг вэ?
-Яах вэ дээ. Тэгээд л орхичих хэрэгтэй. Гэхдээ ямар ч бүтээлийг нийгмийн шаардлагаар найруулж, шинэчилж байдаг. Гэлээ гээд өмнөх бүтээлээ устгачихаж байгаа юм биш. Шинэ хувилбар гэж нэрлээд, хуучныг нь тэр хэвээр нь сонсож байдаг юм даа.

-Тэгвэл та яаж шинэ бүтээл туурвидаг юм бэ?
-Маш соргог, мэдрэмтгий байх хэрэгтэй юм болов уу. Бичигдэж амжаагүй хөгжмийн зохиолууд цээжин дотроос авиа гаргаж, үе үехэн цочоодог л юм. Өөр олон хүмүүст шинэ ая сонсогддог ч байж мэднэ. Харин тэр санааг тогтоож чадна гэдэг хэцүү. Шинэ санаа төрөх мөч, түүнийг сонсох мэдрэмж, тогтоож аваад, хадгалж үлдэх гэдэг зүйлс нэгэн агшинд хамт батана гэдэг ховор тохиол.

-Найруулгын ур хийц гэж юм байна уу?
-Байдаг байх аа. Хүний уран бүтээлд хэв маяг гэж зүйл байдаг ш дээ. Тэр хэв маягыг нь ур хийц ч гэж хэлж болох байх.

-Та урьд нь арваад жүжгийн хөгжим бичсэн гэж ярьж байсан.
-“Үлэмжийн чанар”, “Харц хатан”, “Эрүү цагаан болжмор”, “Элсний хатан”, “Сийлэн бөөр” гээд хэд хэдэн жүжиг бий.

-“Сийлэн бөөр” гэдэг дууг сонсож байсан юм байна. Их эртнийх байх аа?
-Үнэндээ “Сийлэн бөөр” биш “Сийлэн бор” байх учиртай. Сийлсэн юм шиг биетэй, сайхан бор хүүхэн байсан гэдэг. Цагийн эрхээр өөрчлөгдсөн хэрэг. Ингэхээр судалгаа хэрэгтэй байгаа юм. 1950 онд энэ дууг яаж дуулдаг байсныг мэдэхийн тулд тухайн үед амьдарч байсан хүмүүсийг олох хэрэгтэй. Тэднээс сайн асууж лавлах нь чухал шүү дээ. Монгол дууныхаа дэг ёсыг хамаагүй оролдоод, дураараа эвдээд байж болохгүй. Ялангуяа эх хувь нь бүтэн дүүрэн тодохрой биш бол хэцүү. Учир нь жинхэнэ эх хувь нь устчихдаг талтай.

Магадгүй Дашням гуайн үсэнд буурал суух тоолонд сэтгэлд нь шинэ ая мэндэлдэг ч юм билүү. Ингэж бодох зуур “Бичигдэж амжаагүй хөгжмийн зохиолууд цээжин дотроос авиа гаргаж, үе үехэн цочоодог” гэсэн үгс нь сонсогдох шиг болов... Үнэхээр л хорвоогийн анир тэр аяараа хөжмийн санаа ажээ. Компьютерийнхээ гарыг хөгжим шиг бодон энэхүү ярилцлагыг цааснаа сийрүүлэхдээ би хэчнээн ая тоглосноо мэдэхгүй... Харин Дашням гуай мэдрэх байсан. Түүний чих сэтгэл шигээ соргог, мэдрэмж нь хөгжмийн утас шиг мэдрэмтгий билээ...

No comments:

Post a Comment