Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, March 29, 2010

“Хунт нуур”-ын тусгал дахь "Хүн-Хунгууд"


Театр шинэ хунтай боллоо. Нэр нь Саруул. Театрынхан түүнийг Оюун агснаас хойших хамгийн уран гартай хун гэлцэнэ. Бас хар хун, цагаан хунд зэрэг тоглож байгаа дөрөв дэх балетчин. Энэ боломж хүссэн балетчин бүрт олддоггүй билээ. Саруулын партнер бол Од. Тэд тайзан дээр ч, амьдрал дээр ч хосууд... Бүжгийн дөртэй болсон эрэгтэй балетчидыг гадаадын театрууд “аваад явчихдаг”. Харин Од монголдоо үлдсэн цөөхөн эрэгтэй балетчидийн нэг. Тиймдээ ч дуурийн театрын сүүлийн үеийн ихэнх балетад гоцлож байгаа. Товчхондоо, Од, Саруул хоёр бол Монголын балетын урлагийн хамгийн шинэ одод. Монголын бүжгэн жүжгийн ханхүү, гүнж хоёртой ярилцлага хийхээр болзсон минь санаандгүй хэрэг биш. Тэд одоо дөнгөж 20, 21 настай хэдий ч дэлхийн бүжгэн жүжгийн гурван ноён оргилын хоёрт нь гоцлоод байна. Зураг авалтын үед бид анх уулзсан юм. Нуурын мандал дээгүүр хөвөх мэт хөнгөн алхаа нь тэднийг балетчин гэдгийг нотлоод өгнө. Саруул дөнгөж төрсөн нялх хүүхдийнхээс ч тунгалаг харцтай. Бүр гайхмаар тунгалаг. Харин Од бол супер залуу. Эр хүний төгс гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болсон Микеланжелогийн алдарт баримал “Давид” амилаад ирсэн мэт л сэтгэгдэл төрүүлнэ. Тэднийг хармагцаа “Энэ дэлхий дээр чинь хүн-хунгууд амьдардаг юм байна ш дээ” гэж уулга алдав. Тийм ээ, Одын цас шиг цагаан инээмсэглэл, Саруулын зөөлөн “өнгө”-тэй нүд яг л сонгодог урлагт зориулагдсан юм шиг санагдана. Магадгүй сонгодог урлаг тэднийг ийм болгож “өсгөө” биз...


Нэгдүгээр үзэгдэл: ХУНГИЙН ҮНЭР

Хилэн улаан хөшиг аажуухан нээгдмэгц Чайковскийн ая эгшиглэж Саруул Одеттагийн дүрээр гарч ирэв. Саруул эргэлдэн бүжихэд, даашинз нь намирч, тайзан дээрээс түүний цэнхэр “Davidoff” сүрчгийн үнэр сэнгэнэх шиг боллоо. Яг тийм, миний мэдэх цагаан хунгийн үнэр. Саруулын үнэр. Харин Зигфред ханхүү “Bvlgaria”-гийн үнэртэй. Хэзээ ч энэ үнэрээ сольдоггүй. Зигфредийг тайзан дээр гарч ирэхийг хармагцаа ийм чилгэр хөл, цэх нуруутай эр хүн яаж өлмий дээрээ “бүждэг”-ийг гайхширмаар боллоо. Харин би түүнийг балетчин Од гэдгээр нь л мэднэ. Төгс бие галбир гэж үүнийг л хэлдэг байх. Тэр тайзан дээр байхдаа яг л урлагийн бүтээл шиг харагддаг. Энэ мэт тэнүүчилсэн бодлыг минь хатан авхай тасаллаа. Тэр хүүдээ маргааш найран дээр амраг ханиа сонгож авахыг сануулаад, унтахаар явж одов. Дурлал хайрын тухай мөрөөдөө ч үгүй яваа ханхүүд энэ бүхэн уйтгарлах шалтгаан болжээ. Тэр үнэхээр гунигтай харагдаж байв. Түүний царайд хэн нэгний талаар бодохыг хүсэхгүй байгаа жаахан хүүхдийн гэмээр төрх тодорно. Од жинхнээсээ гуниглачихав уу даа гэмээр харагдлаа. Тэр гаргууд сайн жүжиглэдэг бололтой. Тиймдээ ч “Франческо”-гийн Пауло, “Эрдэнэсийн уулс”-ын Алтанхүү, “Чойжид дагина”-ы бурхан, “Шелкунчик”-ийн ханхүү, “Бахчисарайн Оргилолт булаг”-ийн Вацлавын дүрээр тайзнаас бидэнтэй “уулзаж” байсан биз. Ямартаа ч “Хунт нуур” жүжгийн эхний үзэгдэл ингэж төгсдөг. Тэд одоо тайзны ард хоёрдугаар үзэгдэлдээ бэлтгээд нүүрнийхээ будгийг сэргээж байгаа. Тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө нүүрээ будаж эхлээд, бараг цаг гаруй үс зүсээ янзалдаг ч гэлээ хэдхэн минутанд “сэргээчихдэг”. Ямар ч нүүр хувиргагчийн тусламжгүйгээр. Од хэдийгээр эрэгтэй хүн ч гэлээ Саруулаас дутахгүйгээр дүрийнхээ будалтыг хийчихдэг юм шүү.

Одоо хөшигний ард Саруул сэтгэл нь түгшин, догдлонгуй зогсч байгаа. Сургуулиа төгсөөд, “Хунт нуур” бүжгэн жүжигт гоцлодог болсоор жилийн нүүр үзэж байгаа ч одоо хэр нь Саруул сэм догдолж, битүүхэн түгшдэг хэвээр. Арга ч үгүй биз. Сэтгэлийн их хат, зориг, мэдрэмж шаарддаг “Хунт нуур”-ын хар, цагаан хунд зэрэг бүжиглэнэ гэдэг балетчин хүний дээд шалгуур. Гэхдээ тэр сэтгэл хөдлөл, догдлол бүхнээ дан ганц инээмсэглэлээрээ л илэрхийлдэг. Театрт нисэн ирсэн үзэсгэлэнт хунгийн инээмсэглэл цаснаас ч цагаахан өнгөтэй.

Хоёрдугаар үзэгдэл: ЦЭЛ ЗАЛУУХАН ХУН

Толгойдоо өдөн гоёлтой Саруул цагаан Почки өмсчихөж. Хун усны мандал дээгүүр долгио үүсгэлгүйгээр ямар зөөлөн хөвдгийг та төсөөлөх биз. Саруул тайзан дээр яг тэгж гарч ирсэн юм. Магадгүй эмэгтэй хүнд байж болох хамгийн уян зөөлөн, сэтгэл татам төрх энэ байх. Гараа дохих нь далавч дэвэх шиг. Үсрээд буух зуур каски нь тог тог дуугарна. Хөгжмийн завсар гэнэ гэнэ дуугарах энэ чимээ сургуулилтын өрөөг санагдуулна. Саруул энэ чимээнд дуртай. Түүнд нисээд бууж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг гэсэн. Хэсэг хугацааны дараа ер бусын хөнгөн алхаатай залуу Саруултай бүжиглэж эхэллээ. Энэ бол Од. Үнэндээ Зигфред ханхүү Одетта гүнжтэй бүжиглэж байгаа нь тэр. Зохиол ёсоор бол тэд бие биедээ дурлах ёстой. Харин надад тэдний есдүгээр ангиас эхэлсэн хайр сэтгэлийн холбоо дүрсээр амилж харагдав. Тэд зургаан жил үерхсэн. Гэхдээ хараахан хурим хийгээгүй байгаа. Саруул энэ талаар ярихдаа их нухацтай царайтай болдгийг би мэднэ. Нэг удаа сонирхож асуухад “Одоохондоо нас залуу учраас гэрлэх талаар бодохгүй байгаа” гэж хэлж байсан. Харин Од зүгээр л инээмсэглээд “Тэгж байгаад болох байлгүй дээ” гэдэг. Ингэж тэд надад балет залуу нас шаарддаг урлаг болохоор эхлээд уран бүтээлдээ анхаарлаа хандуулна гэдгээ ойлгуулсан юм. Гэхдээ л тэд бие биедээ хайртай гэдгээ харцаараа хэлдэг. Тэдний нүдэнд үнэн сэтгэлийн “үг” тодрон байлаа. Амьдрал дээрх үнэнч хайраа тайзан дээр урлагийн бүтээл болгон илэрхийлэх тэр хоёрт гэгээн атаархал төрөх шиг. Саруулын хөдөлгөөн бүр “Би Од-оос өөр хүнтэй хамтарч тоглож чадахгүй юм шиг байна лээ. Од бэртэл аваад би өөр хүнтэй гоцлох болсон. Тэр үед ямар эвгүй байсан гээч” гэсэн яриагаа батлах шиг санагдсан. Одын хайрлах хэлбэр нь арай өөр. Өөр хамтрагчтай бүжиглэх талаараа ярихдаа “Баллет сурч эхлэхээсээ л Саруултай хамтраад сурчихсан. Бид хоёр бие биеийнхээ хөдөлгөөн бүрийг мэддэг болохоор амар байдаг” гэдэг. Тэд хөгжим бүжгийн сургуульд долоон жил суралцсан. Нэг ёсондоо балетчин болохоор долоон жил хамтдаа бэлтгэгджээ. Харин театрын босго алхаад хоёр жил болж байгаа. Энэ хугацаанд хэдэнтээ бүжгэн жүжгийн гол дүр бүтээж, Саруул “Хунт нуур” балетад жил гаруй гоцлож байгаа ч сэм догдолж, битүүхэн түгшдэг хэвээрээ. Тэгсэн хэрнээ сэтгэл хөдлөлөө инээмсэглэлээр л илэрхийлдэг. Үүнийгээ “Энэ урлаг л намайг ийм зантай болгосон байх аа” гэж ярьдаг. Харин Од тэс өөр. Бардам, өөртөө итгэлтэй, омголон. Тиймдээ ч түүнд ханхүүгийн дүр гоё зохидог юм билээ. Түүнтэй бэлтгэлийнх нь үеэр хэсэг­хэн яриа өрнүүлснээ сонирхуулъя.

-Чиний толгойны хөдөлгөөн их гоё юм аа. Бүжиглэж байхад хүзүү чинь яг л хунгийнх шиг гайхалтай уран гоолиг харагдаж байсан.
-Нуруугаа цэх байлгах ёстой болохоор хүзүүгээ өргөөд сурчихдаг юм. Гэхдээ хүзүүгээ арчилж байхгүй бол амархан үрчлээ тогтдог гэдэг юм билээ. Анх сургуульд орж байхад бие, хүзүүндээ сайн тос түрхэж бай гэдэг байсан.

-Үе үеийн хунгууд өөрийн гэсэн онцлог­той байдаг гэдэг. Харин Саруул гэх хунгийн онцлог юу вэ?
-Үзэгчид л мэдэх байх даа. Би бусад хунгийн хөдөлгөөнийг хараад, өөрийнхөө хөдөлгөөнийг цэгцэлдэг. Ер нь ахмад бүжигч­дээсээ үлгэр дууриал их авдаг ш дээ. Хүн болгоны хөдөлгөөний хэв маяг нь өөр байдаг болохоор тэр нь онцлог болдог байх аа.

-Чиний үлгэр дууриалал гэвэл?
-Хуучин хунгуудынхаа дүрс бичлэгийг байнга үздэг. Оюун багшийг би нэг ч удаа харж байгаагүй л дээ. Гэхдээ бичлэгийг нь үзээд, их гоё хүн гэж төсөөлдөг юм. Гэрэлчимэг багшийн гар их гоё. Урт хуруутай болоод ч тэр үү, дэвэлт нь их сүртэй харагддаг юм. Бас Захаровагийн гоцлолыг үзэж байсан. Тэр миний харсан хамгийн уран хун байсан байх аа. Балетыг бичлэгээр үзэхээсээ илүү яг театрт нь очоод үзэхээр илүү гоё. Хөдөлгөөн нь тод харагддаг юм.

-Балетчидыг нэлээд идэмхий байдаг гэж сонсож байсан. Маш их хөдөлгөөн хийж байнга калори шатааж байдаг боло­хоор хоол амархан шингэдэг байх л даа.

-Би хоолны дэглэм ерөөсөө барьдаггүй. Их иддэг гэдэг нь үнэн байх аа. Байнгын дасгал сургуулилттай байдаг болохоор хоолоо хориод байж болдоггүй юм. Бага идэх юм бол хүч тамир муудна ш дээ. Угаасаа бэлтгэл ихтэй үед идэх сонирхол ч багасчихдаг юм. Тэгээд ч “таргалдаггүй” онцлогтой хүмүүс ч гэж байдаг. Би лав хичнээн идээд ч таргалдаггүй. Ээжийнхээ хийсэн банштай цайнд нугасгүй. Сүүлийн үед “Greenwill” гэдэг рестораны хоолонд их дуртай болоод байгаа. “Маханд дурсагсад” гэдэг хоол нь үнэхээр гоё. Бас төмсний нухаш, чихэр, шоколад. Ер нь бүх л идэх юм гоё ш дээ /инээв/.

-Чи надад цэл залуухан хун шиг санагдаад байна. Хун хөгшрөх ямар байдаг юм бол? Балетчин хүний хувьд хөгшрөх гэдэг айдас юм шиг ээ. Дуртай бүжгээ хийхгүй, хайртай тайзаа орхино гээд л…
-Би одоо залуу байгаа болохоор хөгшрөх талаар огт бодохгүй байна. Гэхдээ тайзнаас буухдаа харамсахгүй байх аа. Залуудаа хангалттай бүжиглэнэ гэж бодож байгаа. Гэхдээ жаахан гунигтай. Үе үе хөнгөн гуниг төрөөд, тайзаа үгүйлэх л байх. Байнга балет үздэг болно. Театр дээрээ байн байн ирээд л… Гэхдээ манай театрын нэг эгч байдаг юм. Одоо хөгшрөөд арьс нь сулраад байна гээд гомдоллодог болсон. Тэгээд ханцуйтай цамц өмсөөд бүжиглээд л байна ш дээ.

-Шинэ, залуухан хун орыг нь “авахаар” ирэх үе хуучин хунгуудад ямар мэдрэмж төрүүлдэг бол? Өмнөөс нь бодоход л аймшигтай санагддаг.

-Гэрэлчимэг багш маань 11 жил хунгийн дүрд гоцолсон. Намайг хун болоход их л баяртай хүлээж авч байсан юм. Нэг дүрд ямар ч ээлж халаагүй ганцаараа тоглох их хэцүү. Харин хоёулаа ээлжээр тоглодог бол бие биенээсээ сурах зүйл их байдаг. Тэгэхээр би ч бас цаг нь болвол өөрийнхөө халааны хунг хүлээж авахдаа тиймэрхүү л сэтгэгдэлтэй байна байх аа. Гэхдээ тухайн үед сэтгэл санаа ямар байхыг хэлж мэдэхгүй юм.

-Жамъяндагва гуай Монголын анхны балетыг дэглэж байсан хүн. Түүнийг их “хатуу” эрхэм гэлцдэг. Чамайг “Хунт нуур”-т гоцлоход Жамъяндагва гуай ямар шүүмж хэлж байсан бол?
-Надад хэдэн үнэтэй зөвлөгөө өгч байсан. Гараа сайн хөдөлгө. Мөрнөөсөө эхлээд, тохойгоо сайн ажиллуулах хэрэгтэй гээд л их сайн хэрэгтэй зүйлсийг хэлж өгсөн. Бас гуравдугаар үзэгдлийн 32 эргэлттэй хэсэг дээр өсгийгөөрөө сайн ажилла, сайн мэдэр гээд л байнга хэлж заана шүү дээ. Жамъяндагва багш намайг шувуу шиг царайтай гээд байдаг юм. Тэгээд толгойныхоо өдийг зүүчихвэл яг “шувуу” болчихдог гэсэн. Тэгээд би их цайвар арьстай болохоор цагаан хунд их тохирдог юм шиг байна лээ. Багш намайг “Манай театрын хамгийн цагаан хүүхэн” гэдэг.

Цагаан хунгийн толгойн өдөн гоёл  чинь чамд үнэхээр гоё зохих юм. Энэ өдийг хаанаас авдаг юм бэ?
-Миний толгойдоо зүүдэг өдийг Хятадаас авчирсан. Үйлдвэрийнх. Манай театрын эгч нар ихэнх нь өөрсдөө хийгээд зүүчихдэг юм. Тахианы өдөөр хийвэл их гоё, сэвсгэр болдог. Би одоохондоо хийж сураагүй л байгаа. Тэгж байгаад өөрөө хийдэг болно оо.

-Толгойны гоёлоос гадна балетчидын хувцас ёстой гоё.
-Тийм шүү. Их гоё. Би балетын хувцсанд маш их дуртай. Японд явж байхад тэндхийн бүжгийн хувцасны үйлдвэрийн ажилтан бид нарын хувцсыг үзээд, их сонирхож байсан. Гоё юм аа гээд л... Тэгэхээр манай оёдолчид их сайн гэсэн үг байгаа биз дээ. Манай театр нэг эсгүүрчин, хоёр оёдолчинтой. Олон жил театрын хувцас хийж байгаа хүмүүс. Тэгээд олон хувцас хийж байгаа үед их хэцүү байдаг байх аа. Бид нар оёдолчиддоо туслаад дэгээ, чимэглэлүүд зэргээ өөрсдөө оёчихдог юм.

Гуравдугаар үзэгдэл: ТАНИХГҮЙ ХАРЦ

Би хар хун Одиллиг харах гэж тэсэн ядан хүлээж байв. Тунгалагхан харцтай, цасан цагаан инээмсэглэлтэй энхрий хонгор Саруул хэрхэн хувирах бол? Хамгийн сонин нь энэ байв. Ханхүү Зигфред хүлээсэн байдалтай харагдана. Гэхдээ Одетаг уу, Саруулын хар хун болсныг харах гэж үү гэдэг нь тодорхойгүй. …Хар хун гарч ирлээ. “Нүдний хөдөлгөөн ихтэй, хурц дүр учраас их ядардаг” гэж Саруул ярьж байсан юм. Өнөөх уяхан зөөлөн харц нь хурц ширүүн болжээ. Од руу харах нь хүртэл “шунал” илтгэнэ. Саруул тэс өөр хүн болчихож. Гэхдээ Од яг л анхны “учрал” шигээ “хайрын бүжиг” хийж байлаа. Түүний хувьд хар ч бай, цагаан ч бай жинхэнэдээ бол хайртай бүсгүй нь л шүү дээ. Харин Саруул тэс өөр хүн хэвээрээ. Саруулд энэ дүр илүү зохиж байх шиг надад санагдсан. Одын “Зөөлөн зантай хүнд гол дүр, хурц ширүүн зантай хүнд эсрэг дүр зохино гэдэг. Гэхдээ балетчид өөрийгөө эвдэж үзэх хэрэгтэй байдаг. Эсрэгээрээ болох тохиолдол бас л байдаг. Гэхдээ би өөрөө дандаа сайн талын дүрд тоглоод сурчихсан болохоор эсрэг дүр зохихгүй гэж боддог” гэж хэлсэн нь санаанд орж байлаа. Тэр хоёрын тухай ийн бодох зуур арын суудалд сууж байсан хоёр гадаад хүн хоорондоо Хунт нуурыг “russian bolshoe” театрт үзчихээд, Монголд тавигдаж байгаа гэхээр нь сонирхоод ирсэн гэнэ. Тэр том теартын гоцлоочоос дутахгүй тоглож байна гээд Саруулын тухай ярьж байгаа бололтой. Тэгснээ жаахан алдангуут нь “шинэ хун, гэхдээ маш их ирээдүйтэй” гэж ярьсан юм. Саруулаар бахархах сэтгэл төрөв.

-Манай балетчидад гадаадын театруу­даас ажиллах урилга их ирдэг. Тэгээд олон ч сайн балетчид гадагшаа явсан шүү дээ. Хэрвээ чамд гадаадын театрт ажиллах санал ирвэл яах вэ?

-Эрэгтэй балетчид их ховор байдаг болохоор эрэгтэйчүүдийг нь аваад явчихдаг юм. Түр зуурын тоглолтын санал ирвэл дуртайяа хүлээн явна. Харин бүүр үлдэх тухайд бол ярилтгүй ээ. Би өөрийнхөө театрт үлдэнэ. Манайх шиг байнгын тоглолттой театр ховор байдаг. Тийм болохоор театраасаа холдохгүй л гэж бодож явдаг.

-Чамд цагаан хун, хар хун хоёрын аль нь илүү таалагддаг вэ?
-Цагаан нь. Миний зан араншин, байгаа байдал цагаан хунтай илүү тохирох байх аа. Зөөлөн зантай хүнд гол дүр, хурц ширүүн зантай хүнд эсрэг дүр зохино гэдэг. Гэхдээ балетчид өөрийгөө эвдэж үзэх хэрэгтэй юм шиг байна лээ. Эсрэгээрээ болох тохиолдол ч байдаг гэсэн. Би болохоор дандаа сайн талын дүрд тоглоод сурчихсан. Гэхдээ “Хунт нуур”-т тоглохоор би дандаа сандардаг. Яагаад ч юм түгшээд байдаг юм. Цагаан хун дэвэлт ихтэй болохоор гар их чилдэг юм.

-Тайзан дээр, бүр нэг тоглолт дээр хоёр тэс өөр сэтгэл зүйг илэрхийлэх хэцүү байх?

-Би хөдөлгөөнөө дэндүү их боддог зуршилтай. Хөдөлгөөнөө бодсоор байгаад жүжиглэхээ мартчихдаг. Багш хөдөлгөөнөө бага бод гэж байнга хэлдэг л юм. Гэхдээ яагаад ч юм нэг мэдэхэд л хөдөлгөөнөө бодоод зогсож байдаг.

Дөрөвдүгээр үзэгдэл: ХАЙРЫН ХЯЗГААРТ

Саруул ганцаардсан хунгийн дүрийг гаргахын тулд Одеттын сэтгэл санааг дотроо төсөөлж байгаа. Тэр дүр бүтээх бүртээ сэтгэл санаагаа хувиргадаг. Гэхдээ хөдөлгөөнөө дэндүү их боддог зуршилтай. Энэ нь заримдаа царайны хувиралд нь нөлөөлдөг гэсэн. Тэр гунигтай харагдаж байв. Гуниглаж байхдаа тэр илүү гоё бүжиглэх юм. Саруул “Жизель”-ийн дүрд тоглохыг мөрөөддөг. Мөрөөдлийнхөө тухай ярихдаа харцаа дээшлүүлэн уруулаа зөөлөн хазлах нь өхөөрдмөөр. Саруул их дуу цөөтэй. Үүнийгээ “Бид бүх зүйлийг биеэрээ үзүүлдэг болохоор ярихдаа тааруу” гэж тайлбарласан. “Хэрвээ бүжиглэхээ больбол, албаны хувцас өмсдөг ажилтай болохыг хүсч байна. Гэхдээ сайн мэдэхгүй юм. Багш ч болчихож мэднэ” гэж ярих нь бүх зүйл эргэлзээтэй ханддагийнх нь шинж... Харин од түүн шиг тээнэгэлзсэн зангүй. Шууд л “Би бүжиглэхээ больвол балетын багш болно” гэж хэлсэн. Энэ үг нь түүний ааш араншинг бүрнээ илтгэх мэт. Энэ нь бүх зүйлийг урьдаас бодож, төлөвлөдөг төрөлхийн зантай нь ч холбоотой байж мэднэ. Тэр ер нь их нээлттэй хүн. Эсвэл шулуун шударга ч гэх юм уу. Гэхдээ нуух юмаа эвтэйхэн “далдалчихаж” чадна. Жүжиг үргэлжилсээр л... Миний мэддэгээр бол Зигфред ханхүү Одета гүнжийг аврах ёстой. Хамгийн баатарлаг үйлсийг ханхүү л хийдэг шүү дээ. Од үнэхээр зоригтой харагдаж байлаа. Түүний хөдөлгөөн бүр нь тэмцэгчийн төрхийг илтгэнэ. Түүний харц нь хурц, шийдэмгий. Тэр бодит амьдрал дээрээ ч гэсэн хүссэн зүйлээ авахын тулд тэвчээр гаргадаг зантай. Энэ их үйл явдал дунд тэдний хөлс нь тод харагдах шиг болов. Ийм их бүжиглэсэн болохоор арга ч үгүй биз. Саруул, Од хоёр хөлсөөрөө кали алддаг болохоор нөхөх гэж усан үзэмний шүүс уух дуртай. Бэлтгэл ихтэй үедээ вакус ууна. Ер нь балетчид хоолны дэглэм барьдаггүй. Бэлтгэл ихтэй үед идэх сонирхол нь багасдагаас гадна “таргалдаггүй” онцлогтой ч гэж тайлбарлаж болно. Саруул үнэхээр гоолиг, өв тэгш биетэй. Харин Од эрэгтэй хүний төгс галбиртай. Өөрөөр яаж тайлбарлахаа мэдэхгүй юм.

“Хунт нуур”-ын төгсгөлийн хэсгийг үзээд догдолдоггүй хүн байдаг гэж үү. Энэ их сэтгэл хөдлөл, догдлолыг тайзан дээрээс яаж “түгээдэг” юм бол оо. Ганцаардсан Одетта хавцлаас унахад Зигфред тосон авдаг тэр хэсгийг үзээд л шүүрс алдмаар. Тэд тэвэртээ ямар их хайрыг тээж байгааг төсөөлөхөд үлгэр амирлах шиг болдог. Бидний өмнө үзэгдэх хосуудын хайр сэтгэл тайзны ард бодит амьдралын үнсэлтээр солигддог гээд бодохоор нэг л ер бусын... Ингэж бодоод би алгаа чангаар ташив. Сэтгэлийн хөдөлгөөндөө автсан хүмүүс миний адил бүгд бүжигчдэд халуун баяр хүргэлээ.

Алга ташилтын чимээ үргэлжилсээр... Хайрт хосууд хамтдаа ёслов. Гэхдээ бүр яг над руу хараад “баярлалаа” гэж хэлэх шиг санагдсан. Хөшиг хаагдсаны дараа өнөөх талархлын чимээ, үдэлтийнх болж хувирав. Од, Саруул хоёр ийм үед бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр санагддаг гэж ярьж байсан нь санаанд оров. Тэд бүх хүнд “над руу харлаа” гэсэн сэтгэгдэл төрүүлж чаддаг нь сонин. Ийн бодон суухад аль хэдийнэ үзэгчдийн суудал эзгүйрчээ. Тэдний нүдний өнгө сэтгэлд тодорно. Би тэдний нүднээс яг хунгийнх шиг үнэн ариун хайрын тухай хардаг. Тайзан дээрээс намайг төөнөх шиг болсон тийм сайхан хайрын тухай шүү.


No comments:

Post a Comment