Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, March 30, 2010

Ц.Төмөрбаатар: Бид жүжгийнхээ орчинд үзэгчдийг дагуулж очдог


Хятадын зохиолч Цо Юугийн зохиолоор бүтээсэн энэ жүжгийг “Х Түц” хамтлаг тайзнаа амилуулахдаа, “Манай жүжигт туслах дүр байхгүй, бүгд гол дүр” хэмээн ярьж байсан юм. Үнэхээр л энэ жүжгийн дүр бүхэн “тод” байлаа. Эднээс Жоу Фу Яны дүрийг бүтээсэн Ц.Төмөрбаатар гуайг онцолж цөөн хором ярилцсанаа хүргэе.

-“Гэгээн Муза” наадамд нэр дэвшиж байгаа дүрийнхээ талаар яриач.

-Жоу Фу Ян нэртэй эцгийн дүрд түглосон. Энэ дүр маань тухайн үеийн Хятад улсын шинэ хөрөнгөтний төлөөлөгч байгаа юм. Жоу овгийнхоо төлөө юу ч хийхээс буцахгүй. Нэр төрөө алдаж, хөрөнгө мөнгөгүй болчих вий гэж эмээдэг. Гэр бүлийхэн дотроо хуучинсаг үзэлтэй. Оюун ухааны хувьд ихээхэн доройтсон. Ийм л хүн дээ. Түүний урдаа барьдаг зорилго нь “Жоу овгийнхон боловсролтой, эд баялаг ихтэй, баян тансаг, эрх мэдэлтэй байх ёстой” гэсэн үг.



-“Аянгын бороо”-г үзээд Хятадын “Удвал цэцгийн хараал” кино санаанд орсон шүү. Гэхдээ тэр киноны аав буюу хаанд нэг ч хүү үлддэггүй.
-Энэ жүжгийн зохиолоос сэдэвлэсэн кино байгаа юм. Гол дүрд нь Чо Юн Фат тоглосон. Хэлэх гэсэн санаа нь ижилхэн шүү дээ. Тэр хаан гэр бүлийнхээ бүх гишүүдийг хөнөөсний дараа ордонд нэг ч цусны толбо үлддэггүй. Тийм аймшигтай толгой дараалсан олон үхлийн дараа ч нэр хүндээ бодоод юу ч болоогүй юм шиг байж байгааг нь харахад эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгийг нь илтгэж байгаа юм.



-Хэрвээ та Фу Яны оронд байсан бол ямар сонголт хийх байсан бэ?
-Сонголт гэдэг хувь хүний үзэл бодлоос хамаарах юм даа. Тө¬мөр­баатар гэдэг хүн түү¬ний оронд байсан бол адилхан л шийдвэр гаргах байсан байх. Харин өнөөдрийн Тө¬мөр­баатар тэр суу­рин дээр очвол өөр шийд¬вэр гаргана. Жоу овгийг авч үлдэх гэж байгаа бол хатуу гар огт хэрэггүй. Цаг үе, нийгэмтэйгээ зохицож, хүүхдүүдийнхээ үгийг сонсох байсан болов уу. Учир нь тэр хүүхдүүд л энэ овгийн залгамж халаа шүү дээ. Фу Ян үүнийг огт ойлгоогүй учраас, өөрийн үзэл бодлыг гэр бүлдээ тулгасан учраас жүжгийн төгсгөл эмгэнэлтэй байгаа юм.



-Та үзэгчдэд хүргэх санааг ойлгочихоод энэ дүрээ бүтээсэн. Тэгвэл Фу Яныг ойлгож чадав уу?
 -Би ер нь инээх дуртай л даа. Харин Фу Ян бол огт инээдэггүй. Би түүний өмнөөс амьдрах гэж нэлээд хичээсэн. Тэр хүнийг би хэзээ ч ойлгохгүй. Учир нь бидний байгаа байдал, үзэл бодол тэс өөр. Хүн их мөнгөтэй болохоороо өрөвч, нинжин сэтгэлээ алддаг гэж ярьдаг юм. Гэхдээ би баян болж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Олон байшин, их мөнгөөр би юу хийх юм. Би үхнэ ш дээ. Хэзээ нэгэн цагт үхнэ. Тэр их мөнгийг аваад үхэх үү. Үгүй.



-Үгүй ээ. Та Фу Яны буруу гэдгийг мэдээд байна шүү дээ. Фу Ян өөрийнхөө бурууг ойлгохгүй байгаа. Тэгсэн хэрнээ энэ дүрийг яаж бүтээсэн юм бэ?
-Тэр ямар байдалд орсноо мэдээд байгаа юм. Гэхдээ яаж гарах аргаа олоогүй. Жүжигчин бид нар тоглож байгаа жүжгийнхээ орчинд үзэгчдийг дагуулж очих үүрэгтэй. Тэгэхээр бурууг нь ойлгож байж л хүмүүст ойлгуулна шүү дээ. Ер нь бид илүү мөнгөөр юу хийх билээ дээ. Эрх мэдэлд шунаж, их мөнгө цуглуулж байна гэдэг эцэстээ зовлон хурааж байна гэсэн үг. Энэ жүжигт ч гэсэн зовлон байсан нь эцэстээ мэдэгддэг. Тэр их хөрөнгийг авч үлдэхийн тулд алах гэж байсан хүүгээ олж ирэх тушаал гаргадаг шүү дээ.



-Хэрэв жүжиг үргэлжилсэн бол яах байсан бол?
-Тэр хүү хэзээ ч ирэхгүй. Шинэлэг сэтгэлгээтэй, ард түмний нэг хэсэг болсон тэр хүү Фу Янтай хэзээ ч зохицож чадахгүй байхгүй юу. Жоу Фу Ян тэр их мөнгөтэйгөө хамт өмхийрч үхнэ. Тэр өөрөө төгсгөлдөө шангаа хүртэж байгаа. Хувийн үзэл бодлоо бусдад тулгадаг зан нь дэндүү хуучирсан гэдгийг харуулж байгаа юм даа. Хайр сэтгэлээс болж бага хүү нь цахилгаанд цохиулж амиа алдана. Том хүү нь амиа егүүтгэдэг. Харин залуу насандаа зугаа цэнгэл хөөж явахдаа олсон хүү нь хамгийн сүүлд амьд үлдэж байгаа юм. Урьд нь тэр хүүгээ алахаас ч буцахгүй болсон байсан шүү дээ. Харин жүжгийн төгсгөлд Жоу овогийг залгамжлах хүн хэрэгтэй гэдгийг мэдээд тэр хүүг яаж ийж байгаад авчрах тухай бодож байгаа юм.



 -Та бүр Фу Ян руу чулуу шидмээр болсныг минь сануулчихлаа. Нас ахиж явахдаа бүтээсэн дүр айдас, болгоомжлол дээр тогтдог гэж хаа нэгтээ сонсож байсан санагдана. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Жүжгийн анхны тоглолт ч юм уу, жүжиг эхлэхийн өмнө жүжигчин хүнд айдас бий болдог. Гэхдээ энэ бол хоромхон зуурын айдас. Харин нас ахиад ирэхээр энэ айдас байхгүй болно. Харин догдлол ихсэнэ. Хүмүүс миний дүрийг хэрхэн хүлээж авах талаар бодно гэсэн үг. Би тайзан дээр гармагцаа Төмөрбаатарыг хаяад, дүрдээ орно. Жүжгийн дараа жигтэйхэн ядарчихсан байдаг. Үүнээс гадна надтай хамтлан тоглосон жүжигчид их агуу юм шүү. Залуу, эрч хүчтэй уран бүтээлчид байна билээ. Би урьд нь “хошин шог гэдэг хошин шогоороо дуусна” гэж боддог байлаа. Гэтэл өөр юм билээ. Эдгээр жүжигчид маань ур чадварын хувьд үнэхээр мундаг байсан. Драмын жүжгийг ч, хошин жүжгийг ч мэргэжлийн түвшинд амилуулж чаддаг юм билээ.

No comments:

Post a Comment