Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, March 20, 2010

Гэгээн Муза 2009 наадмын зохион байгуулагчид

Д.Цэрэнсамбуу: Театрт үе үеийн төлөөлөл байх ёстой

 “Өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагын хэлхээсийг “атгаж” суудаг ажилтай” гэж ярих энэ хүн бол Драмын Эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу. Түүнд маш олон түлхүүр бий. Янз бүрийн цоож онгойлгох хэрэгтэй байдаг тул сүүлдээ “түлхүүр тааруулагч”  болсон гэж ярина лээ. Драмын театрын уран бүтээлчид бүгд өөр өөрийн гэсэн цоожтой гэсэн. Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Олон янзын араншинтай хүмүүсийг түлхүүрдэж чадвал бид бие биенээ илүү ойлгож, хэн хэндээ чин сэтгэлээсээ хандана шүү дээ” гэсэн юм. Д.Цэрэнсамбуу гуай “Гэгээн Муза” наадмыг санаачлан, зохион байгуулагчдын нэг учир тус наадмын талаар яриагаа эхлүүллээ.


-Театрын охин тэнгэр болсон “Гэгээн Муза” жил бүр өөр өөр онцлогтой айлчлан ирдэг. Драмын урлагийн шилдгийг тодруулах, мэргэжил нэгт нөхөд цугларах гэдэг утгаараа энэ наадмыг уран бүтээлчид хүсэн хүлээдэг болжээ. Монголдоо драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг ганцхан наадам шүү дээ. Жилийн турш хийсэн ажлын үр дүнг үнэлдэг. Уяачид наадамд морио сойдог бол драмын урлагийнхан “Муза”-д оролцох гэж бүтээлээ сойдог. Өөрийнхөө хийж бүтээсэн зүйлийг бусдынхтай харьцуулж, мэргэжлийн үнэлэлт дүгнэлт хийх хариуцлагатай үе болохоор уран бүтээлчид маань бүгд л дор дороо догдолж, энэ наадмыг хүлээж суугаа байх.


-Ер нь ажаад байхад, энэ наадамд драмын театрын жүжигчид хоорондоо өрсөлдөөд байх шиг санагддаг юм.
-Тийм биш л дээ. Монголд, энэ цаг үеийн драмын урлагийн нэг номерын тайз бол манай театр. Тэгэхээр ийм яриа гарах нь аргагүй. Мэдээж драмын урлаг цаашаа хөгжинө. Хөгжиж ч байгаа. Хөгжлийн явцыг хурдлуулахын тулд “Муза” наадам хөшүүрэг болдог гэж боддог. Тэрнээс биш бие биедээ шагнал өгөх гэж биш шүү. Манай театраас гадна орчин цагийн драмын урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг студи, продакшн болон хөдөө орон нутгийн театрууд бас байна ш дээ. Тэдний уран бүтээлээс чадал чансаагаараа ялгарсан бүтээлүүд “Муза” хүртдэг. Ер нь “Муза” наадмын талаар эерэг сөрөг олон мэдээлэл байдаг. Гэхдээ энэ наадам байгаа учраас үүнийг тойрсон яриа гарах нь аргагүй. Монголын драмын урлаг оршин байгаа учраас, “Муза” наадам байгаа учраас л шүүмжлэл, мэдээлэл, хов жив гарч ирж байгаа юм. Харин энэ бүхнээс үл хамааран тухайн жилийн драмын урлагийн шилдгүүдийн өнгө төрхийг тодорхойлдог “Муза” наадам оршсоор байна.


-Тэгвэл энэ жилийн өнгө төрх, онцлог нь юу вэ?
-Гол онцлог нь мюзикл буюу хөгжимт драм. Дэлхийн театрын урлагаас бид хоцрох ёсгүй шүү дээ. Тиймдээ ч олон улсын драмын урлагийн хөгжлийг дагаж монголын театрууд хөгжимт драмын төрлөөр уран бүтээл туурвиж байгаа.


-Манай театр олон улсын жишгийг дагаж байгаа юм бол шалгуурт нь хүрч чадаж байгаа юу?
-Дэлхийн хөгжлөөс төдийлөн хоцроогүй ээ. Эхэнд нь биш ч гэсэн сүүл мушгичихаагүй л байна. Бидэнд хийж буй бүтээл байна. Манай уран бүтээлчдийн мэргэшил, ур чадвар голдогдохооргүй гэж боддог. Тиймдээ ч нөөц бололцоогоо ашиглаад олон улсын уралдаан, тэмцээн, фестивальд оролцдог юм. Тухайлбал өнгөрсөн онд Японд болсон хүүхдийн уран бүтээлийн наадамд манай театр “Үнсгэлжин” жүжгээрээ оролцсон. Бусад орны мэргэжил нэгт уран бүтээлчид бидэнд урмын үг хайрлаж, санал сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Польшд болсон ганц хүний жүжгийн фестивальд гавъяат жүжигчин С.Сарантуяа оролцоод хэд хэдэн шагнал авчирсныг дурдаж болно. Ингээд үзэхэд манай театр урлагийн хөгжил дэлхийн тайз руу ойртож байгаа гэж хэлж болохоор байгаа биз.


-Олон улсын наадамд оролцох жүжгийг ямар хэлээр тавьдаг вэ?
-Зарим фестивалийн дүрмээр бол англи хэл дээр жүжиглэх шаардлагатай байдаг. Харин дэлхийн сонгодог бүтээлийг эх хэл дээрээ тоглож болдог юм билээ. Манай театрынхан дандаа эх хэлээрээ тоглож байсан. Цааш цаашдаа англи хэл дээр жүжиг тоглох бодолтой байгаа. Жүжигчдийн хэлний мэдлэгийг сайжруулах үүднээс театр дээр урт, богино хугацааны хэлний дамжаа ажиллуулдаг л юм. Үр дүн нь ямар байгааг сайн мэдэхгүй ээ. Жүжигчдийн өөрсдийнх нь хичээл зүтгэл их хэрэгтэй л дээ.


-Уран бүтээлд цэнзур тогтоодог наадам гэж Та хэллээ. Тэгвэл энэ цензурыг тогтоодог, бүтээлийг шүүдэг хүмүүсийн мэдлэг, мэдрэмж ямар түвшинд байдаг юм бэ?
-Өнөөдөр Монгол Улсад зохиол, найруулга, хөгжим, бүжиг, тайзны урлал зэрэг төрөлд Монголдоо шилдэг гэсэн хүмүүсийг л шүүгчийн суудалд томилдог юм. Урьд нь Буриадаас шүүгч урьж авчирч байсан тохиолдол хэд хэд бий. Хэрэв өөр газраас шүүгч урих болвол хөрөнгө мөнгөний асуудал дээр гацчих гээд байх тохиолдол бий. Төрөөс ямар нэгэн зардал гардаггүй. Урлагийг дэмждэг хүмүүс л ивээн тэтгэдэг.
 
 -Тэгвэл жүжигчдийн талаар ярия. Хотод, өөрөөр хэлбэл драмын театрт ахмад жүжигчид байгаад байдаг. Харин орон нутгийн театрт голдуу залуус харагдана лээ. Эдгээрийн хоорондын өрсөлдөөн тэнцвэргүй юм шиг санагдах юм. Хэн шагнал авахыг таамаглачихаж болмоор ч юм шиг.
-Театрт үе үеийн төлөөлөл байх ёстой. Тэгж байж театр урлаг амьдралын ааш араншинг ялгаж харулна ш дээ. Нэг талаасаа тэнцвэргүй харагдаж байж болох л юм. Гэхдээ уран бүтээлийг хот хөдөө гэж ялгаж болохгүй юм аа. Хөгжмийн хэлээр бол дэлхийд нэг л нот байгаа. Үүн шиг уран бүтээлийн чиглэл нэг. Дундговь, Завхан, Дорноговийн театрын уран бүтээлчид их олон “Муза” гардаж байсан түүхтэй. Би лав урлагийг, үзэгчдийг ч гэсэн хотынх, хөдөөнийх гэж ялгамааргүй байна.


Б.Отгонбат: 
Шагнамаар, бүр дахин дахин шагнамаар олон жүжигчин бий

Олон Улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 28-нд театрын шилдэг жүжигчдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадам долоо дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ наадмын сурвалжлага, мэдээллийг“Өнөөдөр” сонин цаг тухайд нь уншигчдадаа хүргэж, уран бүтээлчидтэй нь “уулзуулах” үүргийг авсан билээ. “Гэгээн Муза” наадмыг зохион байгуулах ажилд оролцож байгаа Драмын мэргэжлийн төвийн тэргүүн, жүжигчин Б.Отгонбаттай уулзлаа.


-Наадмын нэр дэвшигчдийг хэзээ тодруулах вэ?
-Нэр дэвшүүлэх багынхан энэ долоо хоногтоо дүнгээ гаргаж, зарлана гэсэн. Энэ жил нэлээд хэдэн сайн жүжиг тайзнаа тавигдсаны зэрэгцээ жүжигчдийн ур чадвар улам л өсөж байгаа. Тэгэхээр өрсөлдөөн ихтэй байна гэж хэлж болно. Ялангуяа залуу жүжигчдийн хувьд өрсөлдөөн ширүүснэ.


-Хэчнээн номинацад “Муза” цом гардуулах вэ?
-17 орчим ниминацын эзэнд “Муза” гардуулна. Мөн жил бүр хоёр  ахмад жүжигчинд “Муза” өгдөг уламжлал тогтоод байгаа. Үүнээс гадна шилдэг залуу жүжигчинд гардуулдаг цомын шагнал бий.


-Манайх чинь цөөхөн жүжигчинтэй ш дээ. Жил бүр хоёр ахмад жүжигчин “Муза” хүртэх юм бол энэ шагнал үнэгүйдчих юм биш үү?
-Яалаа гэж дээ. Харин ч бага байна. Тэр мундаг хүмүүсийг байгаа дээр нь амжиж шагнал өгөхсөн гэж бодож л байна. Шагнамаар, бүр дахин дахин шагнамаар олон жүжигчин бий шүү дээ.
-Тэгвэл тэр залуу жүжигчинд олгох шагналыг хэдэн хүнд өгдөг вэ?
-Цор ганц шүү дээ. Тухайн жилийнхээ өсөх ирээдүйтэй, залуу жүжигчнээ урамшуулах маягаар энэ шагналыг гардуулдаг юм.

Шинэ давалгаа хүч түрэн орж ирэв
Шинэ залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Фантастик” продакшн “Гэгээн Муза” наадмыг зохион байгуулалтад хамтарч байгаа юм байна. “Фантастик” продакшн байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд Николь Колледагийн “Тоглоом” нэртэй жүжиг, “Шувуудын үүр” киног үзэгчдийн хүртээл болгосон. Тус продакшны Тамиртай уулзлаа.

Манай продакшн өнгөрсөн жил “Гэгээн Муза” наадмын зохион байгуулалтад оролцож, баярын жагсаал зохион байгуулж байсан. Бид мэргэжлийн жүжигчид, залуу уран бүтээлчид учраас шинэ санаа нэмэрлэж байгаа. Үүнээс гадна шинийг сэдэж, гүйцэтгэх ажилд томлигдсон. Энэ жилийн “Гэгээн Муза” наадамд шинэ давалгаа хүч түрэн орж ирж байгаа. Тэднийг дэмжиж, ажиллахыг эрмэлзэж байна. Маш олон сюрприз байгаа. Ямар ч байсан улаан хивсний ёслолд бүгд монгол үндэсний хувцсаа өмсөх болно. Улаан хивсний ёслолыг Монголд, Улаанбаатарт хийх хэцүү. Гэхдээ бид нар дэлхийн жишигт аваачих гээд хичээж байгаа юм. Цааш цаашдаа илүү сайжруулахын тулд шат дараалсан арга хэмжээ зохион байгуулж байгаагийн эхлэл нь энэ жилийн “Гэгээн Муза” наадмын улаан хивсний ёслол байх болно

No comments:

Post a Comment