Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, March 14, 2010

Д.Энхдаваа: Гарын үзүүрээр урлах гэж олон жил сурдаг юм


"Гэгээн Муза” наадмын цомыг долоо дахь жилдээ урлаж байгаа Д.Энхдаваатай уулзахаар Дүрслэх урлагийн их сургуулийг зорьлоо. Тэрбээр энэ сургуульд 30 орчим жил багшилж байгаа. Төрийн их тамгыг сийлж, 1500 доллараар мөнгөн аяга худалддаг ч гэсэн багшийн ажлаа орхиж байсан удаагүй. Дарханы урлан ямар үнэртэй байдаг талаарх төсөөлөл маань алх дөшний чимээнд дарагдан замхарлаа. Энхдаваа гуай томоо төмөр сейфнээсээ олон зүйлсийн цуглуулгаа бүхий хайрцаг гарган үзүүлж суух зуур бид ярилцсан юм.


-Та хэчнээн “Муза” урласан бэ?
-Яг таг тоог нь мэдэхгүй байна. Би ер нь бүтээлээ тоолж байгаагүй ээ.

-Олныг хийдэг юм чинь шавь нараа их “зарна” биз?
-Зараад байх юу байхав. Заримыг нь шавь нараараа хийлгэлгүй яахав.

-Алтадсан цом гэж ярьдаг юм билээ. Хэчнээн хэмжээний алт ордог юм бэ?
-3-5 грам.

-Гурав уу, тав уу?
-3-5 грам орчим л ордог юм. Яг тэд эд гэсэн тодорхой хэмжээ байхгүй л дээ.

-Гурван грамаар хийлээ гэж бодоход дунд нь хоёр грам гээгдэж байна. Олныг хийнэ ш дээ. Жилд арваад цом хийнэ. Тэр болгоноос хоёр грам алт “хийдүүлэх” юм бол нэлээд алт сожих нь дээ. Тийм ээ?
-Заримд нь их, заримд нь бага орно. Өнгөлгөө, технологийн горимоос хамаарч уусалтын хэмжээ хэлбэлздэг юм. Заримдаа бүр долоон грам ч орно. Тэр нь 3-5 гэдэгтээ ороод явчихдаг юм.

-Өнгөлгөө, технологио нэгэн хэвийн байлгаад байвал гурван грамаараа хийгээд байж болох юм биш үү?
-Яалаа гэж дээ. Үйлдвэрлэл биш учраас орц хэмжээг нэг хэмд барина гэж байхгүй шүү дээ. Энэ чинь хүний гараар бүтэж байгаа эд. Хэвэнд цутгаад хийчихдэг бол өөр л байх биз.

-Ер нь анх “Муза” хийх санаа хэн өгсөн юм бэ?
-... С.Сарантуяа. Драмын театрын хамт олон өөрсдийн цомоо үнэ цэнэтэй байлгахын тулд сайн хийцтэй давтагдашгүй цомтой болмоор байгаа тухайгаа ярьсан юм. Би ч тэднийг шинэ зүйл санаачилж байгаа болохоор нь талархан хүлээн авч, зориг шулуудсан юм даа. Ер нь цом гэдэг чинь Эрээнээс бөөндөж авчирдаг хэлбэртэй, төмөр биш. Тэгэхээр ур хийцийн хувьд ч гэсэн асар их ялгаатай байж таарна.“Муза” чинь урлагийн охин тэнгэр. Нэг ёсондоо шүтээн гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш “Муза”-г урлахдаа бид шүтээн урлалын аргыг голчилж ажилладаг. Дарханы бүтээл амьд байдаг. Дархан хүний ур ухаанаар бүтээсэн зүйлс амьд байдаг. Сэтгэл шингэсэн байдаг болохоор аргагүй л дээ.

-Бурхан юм бол бас шүншиглэдэг болж таарах нь ээ?
-Шүншиг гэдэг чинь оюун санааны их хүч юм. Би дээд тэнгэрээс авсан хүч, ухаанаар уран бүтээл туурвидаг гэж боддог. Тэр энерги маань бүтээлдээ шингээд шүншиг болж байгаа юм. Тэгэхээр миний хийж бүтээлдээ шингээсэн энерги маань шагнал авч байгаа хүндээ ч бас их баяр хөөр, догдлол авчрах хүчтэй давтагдашгүй бүтээл юм даа.

-Давтагдахгүй гэж үү?
-Хэн нэгний хийсэн зүйлийг өөр хүн давтан хийж чаддаггүй юм. Хийж байгаа сэтгэл нь өөр, зорилго нь өөр бол бүр ч хэцүү. Тэгээд хуулж хийлээ гээд ч яах юм.

-Урлагийн хүмүүст бол “Муза” мөнгөөр тооцож барамгүй их үнэтэй. Харин бүтээсэн хүнийх нь хувьд “Муза”-гийн мөнгөн өртгийг нь хэлж болох болов уу?
-Жинхэнэ өөрийнх орц найрлаганы өртгийг гаргах юм бол гурван сая орчим төгрөг болно.

-Нэг ширхэг нь гурван сая гэж үү?
-Үгүй дээ. Нийт өртөг. Би зөвхөн материалынх нь үнээр хийгээд өгчихдөг юм. Урлагийн энэ сайхан үйлсэд өөрийнхөө чаддаг зүйлээр хувь нэмэр оруулж байгаа минь энэ дээ.

-Танд “Муза” бий юу?
-Байхгүй ээ. Яалаа гэж өөртөө хийж авах юм. Урлагийнханд өгдөг цомоор би ч юугаа хийхэв. Өнөөх шагналынхаа үнэ цэнийг бууруулчихна шүү дээ. Тэгээд ч миний хийсэн цомнуудын төрөл, тоо нь мартагдаад алга болсон. Би уран бүтээлээ тоолдоггүй гэж дээр хэлсэн.

-Та их даруухан хүн юм аа. Өөрийнхөө уран бүтээлээр нэг бахархаад яриач. Хүн бүрийн мэддэг бүтээл ч гэх юм уу?
-Монгол төрийн хаан тамга. Энэ бол миний хамгийн бахархдаг бүтээл. Миний ч биш монгол ард түмний гол бахархал болов уу гэж боддог юм. Мөн ёслол хүндэтгэлийн өргөөнд байдаг “Төрийн их ган тулга” байна
.

-Төрийн тамгыг ямар хугацаанд хийсэн бэ?
-Чингис хааны тамга гэсэн үг шүү дээ. 20 орчим жил бодож, хийлээ дээ. Ер нь уран бүтээл гэдэг удаан бодож, хурдан төрдөг зүйл. Ялангуяа дархны бүтээл гэдэг хурдан гараас гарчихдаг эд биш. Тэгсэн хэрнээ удаан хадгалж болдоггүй. Их сонин. Тэгэхээр үзэсгэлэн гаргана гэсэн ойлголт байхгүй дээ.

-Яагаад?
-Захиалгын зүйл хийнэ. Сонирхож хийсэн зүйлийг хүн авна гээд байдаг юм. Тэгэхээр чинь би үзэсгэлэн гаргана гээд хадгалаад байж болохгүй биз дээ.

-Мундаг юм аа. Та ч сонирхлоороо урлаад явахад л цөм баяжих юм байна ш дээ. Сургуулиа хаяад, бие даасан уран бүтээлч болбол яасан юм?
-Энэ чинь зүгээр завсар зайгаар нь хийж байж болно ш дээ. Би мөнхөд амьдрах биш. Мөнхөд урлах биш. Тэгэхээр шавьтай байх хэрэгтэй. Миний шавь нар хийж байгаа зүйлсийг минь өвлөн авна. Миний багш . гэж хүн бий. Нэг удаа “Миний хамгийн сайн бүтээл шавь нар маань” гэж хэлж байсан юм. Тэр үгийг би онч үг гэж бодож явдаг юм. Тэгж миний багш болох том суурийг тавьж өгсөн юм.

-Та багшийнхаа нэгэн адилаар шавь нартаа санаж үлдэхээр ийм үг хэл гэвэл, юу гэж хэлэх вэ?
-Одоохондоо тйим үг байхгүй ээ. Үг гэдэг хийсч ирдэг гэсэн шүү дээ.

-Та тэгвэл хүний мундаг бүтээл байх нь. Харин таны шавь нар сайн бүтээл чинь болж чадсан уу?
-Одоогоор яг хэлж мэдэхгүй байна. Олон хүн дарханы ангид орж ирдэг. Гэвч маш цөөхөн нь жинхэнэ дархан болж төгсдөг. 

-Та хэр удаан багшилж байгаа вэ?
-30 орчим жил болж байна. Би энэ сургуульд сурч төгсөөд л, багшаар үлдсэн юм.

-30 жил багшилсан гэхэд арай л залуухан харагдаад байна даа.
-Би их залуудаа багшилж эхэлсэн. Тэгээд л тэр биз.

-Таныг нэг эрдэм шинжилгээний судалгаа хийж байгаа гэж сонсож байсан юм байна. Тэр талаараа сонирхуулах уу?
-1981 онд эхлүүлсэн судалгаа маань одоо төгсөх шатандаа орчихсон явна. Тун удахгүй ном болгочихно. Энэ талаар дараа дэлгэрэнгүй ярьж болно.

-Юун тухай юм бэ, дарханы урлаг уу?
-Тийм . Монгол дарханы ухааныг судалж байгаа юм. Энэ бол голомт сахисан урлаг. Нэг аяга байлаа гэхэд өв дамжуулан эдэлж хэрэглэж байдаг. Тэгэхээр устаж, мөхөж болохгүй зүйл. Хэн нэгэн үүнийг авч үлдэх хэрэгтэй. Авч үлдээд цаашаа өвлүүлэх шаардлагатай. Тиймээс л би үүнд их шамдаад байна. Тэрнээс биш би зургаа зураад амьдарчихаж болно.

-Та нээрээ зураг зурдаг юм уу. Энэ зураг нэг номын хавтсан дээр байдаг. Мөн үү?
-Мөн. Я.Бадамсүрэнгийн “Дурлал минь, салхи минь” нэртэй яруу найргын номны хавтас.

-Өрөөний чинь хана хоосон жаазаар дүүрэн юм.
-Нэг л өдөр бүгд зурагтай болно доо. Одоохондоо зурж амжаагүй яваа юм.

-Та бас зурдаг байх нь ээ. Тэгвэл энд байгаа ганцхан зураг яагаад жаазгүй байгаа юм бэ.
-Энэ угаасаа жаазгүй байх зориулалттай зураг.

-Та алтаар аяга хийж байв уу?
-Хийлгүй яах вэ. Алтан аяганаас ус ууж явлаа. Манай эргэн тойрныхон ч уусан.

-Цэвэр алтан аяганаас ус уувал үхдэг гэж сонсож байсан юм байна.
-Би үхээгүй л байна ш дээ. Энэ чинь их том аз завшаан шүү дээ. Ер нь “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг үг чинь хүмүүсийг шуналгүй болгох гэж л хэлсэн үг. Алтны эрхэм байдлыг алдагдуулахгүй гэж тэр ювм болов уу, аяндаа болно оо гэсэн утгаар. Харин үхнэ гэдэг бол бас л шуналыг арилгах гэж хэлсэн үг байлгүй дээ.

-Таны наад сейф чинь ид шидтэй юм шиг ээ. Янз бүрийн юм гарч ирээд л байх юм.
-Энэ сейф өөрөө их зүйл өгүүлнэ шүү.

-Алтаар сейф хийх тухай бодож байв уу?
-Алтаар хийвэл хэн ч авахгүй ш дээ. Аваад гэртээ тавьчих юм бол хэн ч хулгайлахгүй. Тэгээд ч дарханы урлал алга болох нь тун ховор.

-Харин ч хийц сайтай тусмаа хүний нүд унаад байдаг юм биш үү?
-Хүний нүд унах тусмаа авахаас халгана ш дээ. Тэгээд ч дээр ярьсанчлан шүншигтэй бүтээл эзнээсээ холдох нь ховор доо. Эзэнтэй ээлтэй гэж ярих нь ч бий.

-Таны биед эзэндээ ээлтэй зүйл байхгүй юм уу. Адаглаад хүзүүнд чинь мөнгөн гинж алга.
-Илүүднэ ш дээ. Дархан хүн өөрөө нэг их юм зүүж гангараад байдаггүй юм.

-Орц, материалаа хаанаас авдаг юм бэ?
-Гаднаас авчирна аа. Эдээр эд бүтэг гэж түрүүн бас хэлсэн дээ. Чи энэ аягыг үз дээ.

-Үнэхээр нарийн хийцтэй юм аа. Зүүгээр хатгасан юм шиг нарийхан хээнүүдийг ямар залхуугүй зураа вэ.
-Энэ чинь л уран дарханы хийц шүү дээ. Хүмүүс аяганд нь биш, энэ хийцэнд нь мөнгө төлдөг юм. Ийм хийц л дарханы бүтээлийг музейн үзмэр болгодог юм ш дээ. Учир нь энэ дахин давтагдахгүй гэдгээрээ онцгой.

-Энэ хайрцгыг бас та хийв үү. Модон дээр мөнгө шигтгэсэн байхыг анх удаа л харж байна.
-Зүгээр ч нэг модон дээр мөнгө тогтохгүй ээ. Сум мод байгаа юм. Эдээр юм бүтдэг гэдэг чинь энэ шүү дээ. Одоо хийж багаа зүйлс маань шинэ үеийн монгол дарханы ур хийц гэх юм уу даа. Миний өөрийн брэнд гэж хэлж болно доо. Сүүлийн үед модон хайрцаг хийх болсон Бас Модоор их гарын ташуур хийсэн байгаа. Ер нь дархан хүн оюун санаандаа бодсон зүйлээ төмөр дээр урлаад явдаг байхгүй юу. Энэ нь их том онцлог шүү дээ.

-Та их олон хээ мэддэг юм шиг байна аа. Таны бүтээлд миний урьд өмнө нь харж байгаагүй хээ хэчнээн олон юм дээ.
-Би түмэн хээ цуглуулчихаад сууж байна. Миний хараагүй хээ ч бас өөр газруудад олон байдаг байх. Ер нь энэ эх дэлхий их аян юм. Тэр дунд миний эх орон, миний нутгийн соёл том баялагийг өвлөн үлджээ. Би чадлынхаа хэрээр л хойч үедээ өвлүүлмээр байна.

-Үйлдвэрийн барималаас монгол дарханы бүтээл юугаараа өөр вэ?
-Хийц. Санаагаа ямар материалаар хийхээ бодно, юугаар өнгөрж, яаж дүрсэлхээ тооцно. Бодсоор байгаад онгод орохо ч юм уу, яг хийхэд бэлэн болонгуутаа урлаж эхэлдэг. Дарханы бүтээл дахин давтагдашгүй, нэг бүтээл гэдгээрээ л их онцгой шүү дээ. Жишээ нь чиний бөгжийг үйлдвэрт хийчихдэг. Дахиад хийлгэнэ гэвэл хэв нь байгаа юм чинь, яг адилханыг хийгээд л өгнө. Харин монгол дархан бол огт өөр. Заавал өөр болно. Нэг хийсэн зүйлээ хэзээ ч давтан хийж болдоггүй. Түрүүн “Муза”-д янз бүрийн орц ордог гэдэг чинь үүнтэй холбоотой байхгүй юу.

-Тэгвэл та миний бөгж шиг жижигхэн зүйлсийг гарынхаа үзүүрээр хийх үү?
-Хурууныхаа үзүүрээр хийхийн тулд би 20 жил сурлаа шүү дээ. Дархан хүн хурдтай бөгөөд уран байх нь чухал. Гар маань дадлагажсан байх хэрэгтэй. Тэгэхээр дарханы арга барилыг нэг ёсондоо мастерийн хэмжээнд эзэмшинэ гэсэн үг шүү дээ. За тэгээд, мастерийн түвшинд хрчихсэн бол гарынхаа үзүүрээр хийнэ ш дээ.

Ингээд бидний яриа төгслөө. Энхдаваа гуайн урлан музей шиг, харин бүтээлүүд нь цөм үзмэр шиг аж. “Энгийн зүйл л агуу байдаг” талаар хэн хэллээ... Агуу үг юм. Энгийн доторх нүд гялбам гэрлийг би өнөөдөр олж үзлээ. Гэрлийн бүрхүүлээс ч нимгэн арьс нь түүний дотор оршин буй гоо мэдрэмж болоод гайхамшгийг урладаг тэр их гэрлийг хэрхэн далдалж байгаад гайхна. Ингэж бодмогцоо би түүнийг уран бүтээл шиг төсөөлж эхлэв. Тийм ээ, тэр өөрөө бурхан хэмээх дарханы “хүн гэгч цом” юм байна. Хачин чамин үнэт эрдэнэ амьд байгаа энэ цагийн тэнгэр дор аж төрж буйдаа бахархах юм шүү! гэсэн бодолтой минь минь хамт алх дөшний хангинах чимээ үргэлжилсээр л...

No comments:

Post a Comment