Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, March 28, 2010

Эсмеральдагийн зүрх монголоор цохилохыг анирдлаа

“Парисын дарь эхийн сүм”
“Шилдэг тайзны зураач” номинацд нэр дэвшсэн: Т.Ганхуяг
“Шилдэг эмэгтэй гол дүр” номинацд нэр дэвшсэн: У.Уранчимэг, Г.Отгонцэцэг
“Шилдэг эрэгтэй гол дүр” номинацд нэр дэвшсэн: Г.Эрхэмбаяр, Г.Амгаланбаатар, С.Болд-Эрдэнэ
 “Парисын дарь эхийн сүм” жүжгийн уран бүтээлчидтэй ярилцах гэж олон хоног Драмын театрыг зүглэхдээ жүжгийн бэлтгэл, зураг авалт, бүжиг дэглэлт, оройн тоглолт зэрэг ар араасаа цуварсан их ажлын дундуур бидний яриа ийнхүү өрнөсөн юм.

 http://itpmmn.files.wordpress.com/2009/10/es1.jpg

Буржгар үс, ягаан цув. Бодлогошронгуй хэрнээ гэнэн харц. Хэзээ ч юм төсөөлөлд минь байсан тэр л Эсмеральдаг У.Уранцэцэг бүтээжээ. Нүдээрээ "Яагаад" гэж асуух шиг цоо ширтэнэ. Харцаараа шатаана... Харин Г.Отгонцэцэг миний огт мэдэхгүй Эсмеральда байлаа. Хүүхдэрхүү инээд,  урин дуудах шиг харц нь намайг тайзны зүг хөтөллөө. Гоо үзэсгэлэнгийн билэгдэл болсон Эсмеральда магад ийм л охин байсан болов уу гэж шүүрс алдмаар гээч... Ингэж би тэс өөр араншинтай хэдий ч Эсмеральдатай тун адилхан хоёр бүсгүйтэй танилцлаа.

 
Цыган эмэгтэй байх ямар санагдаж байна?
У.Уранчимэг: Чинжаал, дашмаг гээд л хэрэгтэй бүх юмаа бүсэндээ зүүгээд явна даа. Тэр олон юмтай бүжиглэх их хэцүү. Хамаг биеийг минь доош татах шиг л болдог. Гэхдээ энэ бол Эсмеральдагийн амьдрал.
Г.Отгонцэцэг: Жүжигт маань зориулж зохиосон таван төрлийн дуу дуулсан. Мэдээж Цыган байх амаргүй. Тэр тусмаа хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг үсэрч цовхчиж, илбэдэж чадахгүй болохоор зарим үйлдлүүд маань илүү тод байх хэрэгтэй болсон.


-Та өөрийнхөө төсөөлөлд байдаг Эсмеральда байж чадах уу?
У.Уранчимэг:
Эсмеральдаг энэ ертөнцийн гоо сайхны бэлгэдэл гэдэг. Миний хувьд бол Эсмеральдагийн гадаад үзэмжээс илүүгээр сэтгэлийн гоо сайхан нь тэр хүнийг илүү үзэсгэлэнтэй болгосон юм шиг ээ. Би тийм л Эсмеральда байхын тулд хичээж байна. Тэгэхийн тулд би сэтгэлдээ бүх сайн сайхныг төсөөлдөг. Тэр төсөөлөл маань намайг залуужуулдаг.
Г.Отгонцэцэг: Энэ дүрийг аваад мюзикл, жүжиг, баллет, дуурь, кино зэргийг чадах чинээгээрээ үзэж, судалсан. Тэгээд Эсмеральдагийн аль зан чанарыг түлхүү гаргах талаараа бодсон доо. Дурламтгай, үзэсгэлэнтэй, гэнэн хонгор, дуучин, бүжигчин, илбэчин, Цыган гээд л их олон онцлогтой. Харин би Эсмеральдагийн дотоод сэтгэлийг хунтай зүйрлээд, гэнэн охин гэдэг талаас нь харуулахыг зорьсон. Хун чинь ариун хайрын билэгдэл, тайван дөлгөөн амьтан шүү дээ. Хэдийгээр Эсмеральда Цыган хүүхэн боловч дотоод сэтгэлд гэнэн охины шинж нь илүү давамгай.


-17 настай Эсмеральда байхын тулд сэтгэл зүйн хувьд олон насаар залуужих хэрэгтэй байх. Ингэхийн тулд яадаг вэ?
 У.Уранчимэг
: Дүрийн судалгаа хийнэ. Эсмеральдагийн сэтгэл зүйг өөртөө шингээх гэж оролдож байна даа. Цыган сэтгэл зүй. Эсмеральда зүгээр л дурласныхаа төлөө маш олон зовлон зүдгүүр, доромжлолыг амсдаг. Их өрөвдмөөр. 17 настай цайлган сэтгэлтэй бүсгүй тэр муухай нийгмийн хүн биш юм шиг л гадуурхагдана. Энэ дүрийг авснаасаа хойш нийгэмдээ боомилогдсон хүн ямар хэцүү байдаг юм бэ гэж боддог болсон.
Г.Отгонцэцэг: Хүн бүрийн дүр бүтээх онцлог өөр гэдэг. Миний хувьд тухайн дүрийнхээ мөн чанар, сэтгэл хөдлөлийг сэтгэлдээ шингээгээд, үйл хөдлөл болгон гаргадаг. Ингэж би Отгонцэцэг биш дүр болдог. Эсмеральда гэдэг чинь маргад эрдэнэ гэсэн утгатай нэр юм билээ. Монголчлох юм бол сүүн цагаан сэтгэл гэсэн утгатай. Тэгэхээр би тэр цайлган сэтгэлийг өөрийнхөөрөө илэрхийлж байж хөндлөнгийн хүнд сайн сайхнаар харагдана шүү дээ.

Драмын театрын тайзнаа дурлаж, хайрлаж, уйлж, уярч байдаг энэ хёр жүжигчин эмэгтэй миний төсөөлсөнөөс огт өөр хүмүүс байсан юм. Тэд аль хэдийн 17 настай байхаа больчихсон… Гэхдээ л тэдэнтэй ярилцахдаа Эсмеральдагийн зүрх монголоор цохилохыг тодоос тод мэдэрсэн юм шүү. Тэднийг бодит амьдралтай холбохын тулд бусад дүрүүдийг ор тас мартах хэрэгтэй болов уу…

No comments:

Post a Comment