Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, March 22, 2010

Айсуй цахилах “АЯНГЫН БОРОО”


“Х Түц” хамтлагийн бүтээсэн энэхүү эмгэнэлт уян­гын жүжгийн найруулагч Н.Найдан­дорж болон жүжигчин Одон­чимэг Пан Игийн дүрээр, Ц.Төмөрбаатар Жоу Фу Яны дүрээр, Б.Нарансолонго Си Фан Игийн дүрээр, Т.Бархүү  Жоу Пиний,  Л.Баттулга  Лу Гуйн дүрээр, С.Сарантуяа Ши Пиний дүрээр “Гэгээн Муза” наадамд нэр дэвшжээ. Нэг жүжгээс ийм олон уран бүтээлч нэр дэвшиж байгаа нь энэ уран бүтээлийн чанар чансааг илтгэх үзүүлэлт билээ. Хэрэв та энэ жүжгийг үзэж амжаагүй бол энэ сарын 2-нд драмын театрыг зориорой. “Гэгээн Муза” наадамд зориулан дахин нэг удаа тоглох гэж байгаа юм билээ.

Хамбан улаан хөшиг нээгдмэгц танхим дүүрэн нүргээн сонстов. Энэ бол айсуй аянгын чимээ.
Эрх мэдэл зовлон дагуулдаг тухай өгүүлэх энэ жүжгийн үйл явдал Хятадын нэгэн уурхайн эзэн Жоу Фу Яны гэрт өрнөнө. Эзэн өмнөх эхнэрээсээ авч үлдсэн том хүү, залуу эхнэрээсээ гарсан бага хүүтэйгээ амьдардаг ба жилийн ихэнхийг уурхай дээрээ өнгөрүүлж, хаа нэг гэртээ ирдэг аж. Эрх мэдэл, эд хөрөнгө ихтэй энэ айл цонхоо нээдэггүй дүрэмтэй. Гэрийн эзэн үүнийгээ олон жилийн өмнө өөд болсон эхнэртэйгээ холбон тайлбарладаг бөгөөд зочны өрөөндөө эхнэрийнхээ эдэлж хэрэглэж байсан зүйлсийг үлдээж, гучин жилийн өмнөх хэвээр нь байлгахыг эрмэлздэг ажээ. Тэр ч бүү хэл жаазтай зургийг нь унтлагынхаа өрөөнд байрлуулсан нь залуу эхнэрийнх нь уцаарыг бардаг байлаа. (Түүний эхнэр Пан Игийн дүрийг жүжигчин Одончимэг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ гэгээн Муза наадамд нэр дэвшээд байгаа юм). Пан И энэ айлын босгыг алхсанаасаа хойш ял эдэлж буй хоригдол шиг амьдрах болжээ. Нөхрийнхөө хүслээр элдэв эм тан ууж, өрөөнөөсөө гарч болохгүй хатуу дүрэмд захирагддаг энэ эмэгтэй нөхрийнхөө том хүүтэй амрагийн холбоотой болдог. Тэрбээр эзнийг үзэн ядахын зэрэгцээ хүүг нь хайрлах сэтгэлээ барьж үл чадна. Харин Жоу Фу Ян “Маргааш бид шинэ байрандаа орно” хэмээн ярьж байлаа.

Аянга цахилах тоолонд үзэгчдийн царай хувьсхийнэ. Учир нь Жоу овогтын гэрт хадгалсан нууц энэ зурвасхан гэрлийн дор нэг нэгээрээ тодорч байлаа.

Үзэгчийн суудалд хэсэг саатвал нээж болохгүй энэ хөшиг хэчнээн их нүгэл далдалж байгааг мэдэж болно. Шил шилээ дагасан цочром үйл явдлын эхнийх нь эзний хоёр хүү зарц бүсгүй Си Си Фан И-д дурласан явдал байлаа. Си Фан Игийн аав энэ айлд ажилладаг бол эцэг ондоотой ах нь эзний уурхайд алба хаадаг ажээ. Гэхдээ уурхайн ажилчдын эрхийг хамгаалах хөдөлгөөнийг толгойлж байгаа нь шинэ үеийн төлөөлөл, орчин үеийн сэтгэлгээтэй хүү гэдгийг нь илтгэж байлаа. Гэсэн ч эзэнтэй хийсэн энэ тулаанд тэр ялагджээ. Фу Ян бослого өрнүүлсэн бусад залуусыг аль хэдийн хахуульдсан байлаа. Энэ мөчид тэдний ээж хөдөөнөөс ирж, охинтойгоо уулзахаар эзнийд очоод хүүгээ зодуулж байхтай таарчихав. Си Фан И ахыгаа дагуулан гэртээ харихаар явж энэ хэрэг явдал намжлаа. Үнэндээ энэ бүхэн намжих биш, харин ч том асуудал үүсэх нь тэр. Хөдөөнөөс ирсэн ээж нь Фу Яны хуучин эхнэр ажээ. Тэрбээр хоёр дахь хүүгээ төрүүлээд удаагүй байхад нь Фу Ян чинээлэг айлын охинтой сууж, түүнийг гэрээсээ хөөсөн гэнэ. Том хүүгээ эцэгт нь үлдээчихээд  нялх хүүгээ тэврэн явсаар голын усанд унасан хэдий ч сайн санаат хүмүүсийн ачаар амь гарсан ажээ. Үзэгчдийг цочирдуулсан энэ үйл явдал Фу Янд ч бас том цохилт болжээ. Учир нь тэр хуучин эхнэрээ өөд болсон гэдэгт итгэсэн байж.

Дахин аянга цахив. Энэ удаад бүр хүчтэй байлаа. Эх нэгтэй хүүхдүүд хоорондоо хайр сэтгэлтэй болжээ. Гэхдээ үүнийг одоохондоо хэн ч мэдээгүй байгаа.
Си Фан Игийн ээж охиноо баян айлын хүүгээс харамлаж, хамт байхыг зөвшөөрөхгүй байлаа. Гэсэн ч охин хүүхэдтэй болсноо хэлээд эхээсээ өршөөл гуйж, зөвшөөрөл аваад хайртай хүнтэйгээ хамт зугтахаар болов. Яг тэр үед хайртай хүнээ зарц бүсгүйд алдахгүйг хичээсэн Фу Яны залуу эхнэр гэнэтхэн гарч ирээд, шуугиан дэгдээв. Пан Игийн энэ үйлдэл ямар гай авчрахыг хэн ч үл мэднэ. Энэ их хэрүүл маргааны чимээнээр Жоу Фу Ян өрөөнөөсөө гарч ирж, үйл явдал өрнөсөөр бүх нууц энэ хоёр гэр бүлийн өмнө задарлаа. Том хүүгийн нас барсан ээж нь амьд бөгөөд хайртай бүсгүйнх нь ээж байсныг бүгд мэджээ. Хэний ч төсөөлөөгүй энэ мэдээг сонссон Си Фан И гараад гүйчихэв. Тэрбээр бороотойд цахилгаан дамжуулагчаас барьж, амиа егүүтгэжээ. Араас нь гарсан бага хүү ч бас түүнтэй хамт таалал төгссөн юм. Харин дараа нь том хүү аавынхаа биеэ хамгаал гэж өгсөн буугаар тархиа зад буудчихлаа. Хайртай ганц үрээ алдсан залуухан эхнэр Пан И нөхрийнхөө өгсөн хорыг уугаад хорвоогоос халилаа.

Энэ үед хамгийн хүчтэй аянга цахиж, хамгийн хурц гэрэл энэ айлын бараан хөшгийг нэвт гэрэлтүүлсэн юм.
Ингэж Жоу овгийн удам залгах хүүхдүүд үхэв. Энэ бүхний эцэст Жоу Фу Ян ганцаараа үлдлээ. Энэ агшинд түүний толгойд нэгэн бодол харван ирсэн нь түүний эсрэг тэмцэл өрнүүлж байсан хүү билээ. Жоу Фу Ян гараа зангидан, “Тэр хүүг ямар ч үнээр хамаагүй надад олж ир. Жоу овогтын удам тасрах ёсгүй” гэж хашгирсан юм. Ингээд жүжиг төгссөнгүй ээ. Түүний хамгийн сүүлчийн үг нь түүн рүү чулуу нүүлгэх хүсэл төрүүлсэн юм шүү. “Маргааш бид шинэ байрандаа орно”…

No comments:

Post a Comment