Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, March 31, 2010

Театр судлаач Батсайхан: Театр гэдэг чинь нийлмэл урлаг


Францын Сурбоны их сургуульд “Театр судлаач” мэргэжлээр суралцаж ирээд, эх орондоо ажиллаж байгаа энэ хүнийг Батсайхан гэдэг. Тэрбээр 2006 оноос хойш “Гэгээн Муза”наадмын шүүгчээр ажиллаж байгаа. Түүнтэй Монголын театр урлагийн талаар ярилцлаа.
 


-Энэ жилийн бүтээлүүдэд онцлох томоохон үсрэлт ажиглагдаж байна уу?
-Шилдгийг тодруулах наадмын ачаар тухайн салбар хөгжиж байдаг хуультай. Манай театрр урлаг ч энэ жишгээр л явж байна. Сүүлийн үед бол ололт амжилт их гарч байгаа. Хүмүүс театрт ирдэг болсон. Жүжгийн төрөл жанр нэмэгдэж байгаа. Урьд нь дан драмын жүжиг байдаг байсан бол одоо хүүхдийн, хөгжимт драмын төрөл нэмэгдсэн. Хөдөөгийн театрууд ч гэсэн оролцох сонирхолтой болсон нь өсөлт дэвшилт шүү дээ. Урьд нь хөдөөгийн театрууд дөрвөн жилд нэг удаа л цуглардаг байлаа.


-“Гэгээн Муза” наадмыг бусад орны театр урлагийн шилдгийг тодруулдаг наадамтай харьцуулахад ямар байдаг юм бол?
-Оросын “Золотая Маск” гээд наадам болдог. Том наадам. Драм, аллет, алиалагч гээд их олон төрлөөр шалгаруулдаг. Хөрөнгө мөнгөний бололцоотой болохоор аргагүй л дээ. Манайд хүүхдийн театр ч байхгүй болсон. Тэгэхээр хэнтэйгээ өрсөлдөх юм бэ. Драмын театр ганцаараа ноёрхоод байхаар сонирхолгүй байгаа биз дээ. Нөгөө л хэдэн жүжигчид хоорондоо өрсөлдөөд л... Гэхдээ энэ жил орон нутгийн театрууд оролцож байгаа нь баярламаар хэрэг болж байгаа юм.


-Урлаг судлаачийн нүдээр харахад. Хөдөөгийн театр хотын театрын хооронд ямар ялгаа ажиглагдаж байна?
-Бараг ялгаа байхгүй. Одоо ялгаагүй болох талруугаа явж байгаа гэх үү дээ.


-Хотод хамгийн мундаг, олон жил ажилласан туршлагатай уран бүтээлчид байгаа. Харин хөдөө дандаа залуучууд байх шиг харагдсан. Тэгэхээр ялгаа нь арилж байна гэж ярих нь зөв үү?
-Хөдөөгийн театрыг байнгын ажиллагаатай байлгахын тулд засаг даргаас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм. Удирдагчаас ихээхэн зүйл шалтгаалдаг. Дэмжлэгээс гадна хувийн чармайлт их хэрэгтэй. Жишээлэхэд, Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын дарга Ганчимэг гэж хүн бий. Тэр маш идэвхитэй ажилладаг. Өөрсдийн уран бүтээлээ гадаадуудад сонирхуулж байгаа. Тэгэхээр хувь хүний хичээл зүтгэл их нөлөөлж байгаа юм. Үүнээс гадна урын сангаа шинэчилж, шинэ үеийн жүжигчин залуусыг чадварлаг мэргэжилтэн болгон бэлтгэх хэрэгтэй байгаа.


-Төр засгийн дэмжлэг манайд театруудад байдаг юм уу?
-Театрын нарийн асуудлыг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ бага сага дэмжлэг байдаг байлгүй дээ. Харин Францад төрийн зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Парис хотын дүүргүүд өөрсдөө урлагийн наадам, фестиваль зэргийг зохион байгуулж, дэмждэг. Энэ нь улсын бодлого юм л даа. Манайд ч бас урлагийг хөгжүүлэх бодлого хэрэгтэй байгаа.


-Тэгвэл байгаа үгүй нь мэдэгддэггүй тэр төрийн дэмжлэг нь хөдөө орон нутагт хүрдэг болов уу?
-Орон нутгийн театрууд хангамж муутай санагддаг. Төр засаг дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа нь эдийн засгийн байдалтай холбоотой л байх. Гэхдээ урлагийн хөгжил удаашрах юм бол илүү их хөрөнгө зарах хэрэг гарах биз. Хэрвээ одоо л дэлхийн театрын хөгжөөс хоцорчихвол гүйцэхэд хэцүү болно.


-Та Францад юу хийдэг байсан юм бэ?
-Сурдаг байсан. Сурбоны их сургуульд театр судлалын мэргэжлээр дэд докторын зэрэг хамгаалсан. Миний багш Жорж.... гэж их мундаг хүн байдаг.


-Сурсан зүйлээ Монголд ашиглахад ямар бэрхшээлтэй байсан бэ. Соёлын ялгаанаас хамаараад урлагийн хэмжүүр өөрчлөгддөг юм шиг ээ.
-Манайх сүүлийн үед нээлттэй болсон. Шинэ жүжиг тавьж багйаа. Урианхай, Батрэгзэдмаа нарын жүжгээс эхлээд Модерн жүжгийг тайзнаа амилуулсан. Гэхдээ театр гэдэг  үзгчиддээ зориулсан бүтээл туурвидаг учраас зохиолын сонголт, дүрийн хувиргалт зэрэг нь хүмүүстээ тохируулахыг хичээдэг. Тэгэхээр тэр олгон модерн жжиг тавиад байж болохгүй  л дээ. Манайхан социализмын үеийнхээ хэв маягаас гарч чадахгүй л байгаа. Хуучнаараа сэтгэж, бодоод байдаг болохоор театрт хүн ирэх үү, яах уу гэдгээс эхлээд л бэрхшээл тулгарна.


–Тухайлбал францын театр ямар байдаг юм бэ?
-Тэнд их олон театр байдаг учраас энэ зэргийн асуудал гарахгүй л дээ. Модерн театр, хөгжимт театр гээд олон салбартай. Хүн амын хувьд ч гэсэн давуу учраас урлаг хөгжих боломж их шүү дээ. Тэгээд ч улсын нэгдсэн бодлогод театр урлаг багтаж байдаг болохоор сурталчилгаа нь хүмүүст сайн хүрдэг.


-Шүүгч нар өөр өөрийн гэсэн шалгууртай байгаа.
-Жүжгийн дүр төрхийг голчлон анхаардаг. Дараа нь мэдээж найруулагчийн ур чадвар, тайзны зураач, жүжигчдийн тоглолт, хувцаслалт, хөгжмийн зохиол зэргийг харна ш дээ. Ер нь театр гэдэг чинь нийлмэл урлаг. Гэхдээ эдгээрийн аль нэг нь гоц сайн байх нь элбэг.


-Залуу үеэ дэмжинэ гэж яриад байгаа. Гэтэл залуу үеийнхэн чадварын хувьд хараахан зүгширч амжаагүй байгаа. Тэд боловсорч байх хугацаанд үзэгчид, “дутуу” бүтээл үзээд байх нь зөв үү?
-Дутуу бүтээл биш шүү дээ. Залуу хүний нүдээр харсан зүйлс оновчтой, даацтай байх нь элбэг. Жишээ нь Наранбаатар наруулагч өсөх ирээдүйтэй санагдаж байгаа. Би л хувьдаа түүнээс дэлхийн сонгодогт багтсан бүтээл хүлээж байгаа. Чехов, Шекспир зэрэг мундаг зохиолчдын сэтгэл зүйд хандсан бүтээлийг монголын тайзнаа хөрвүүлбэл сайхан байх. Түвшингийн найруулга ч мөн их хурдан сайжирч байгаа нь ажиглагдсан.


-Та мэргэжлийн шүүмжлэгч. Тэгвэл энгийн үзэгчид шүүмж бичихийг юу гэж боддог вэ?
-Манайд шүүмжлэгч, судлаачид дутагдалтай байгаа. Манайд мэргэжлийн бус хүний бичсэн сурвалжлагыг уншчихаад түүнийгээ шүүмж гэж нэрлэдэг. Гэтэл нийтлэл бичдэг сэтгүүлчид мэргэжлийн хүмүүс биш шүү дээ.


-Манай урлагийн сургуулиудад урлаг судлаачийн анги байдаг юм уу?
-Байхгүй. Урьд нь СУИС-д гурван сурагчтай анги байсан юм.


-Сургууль нь байхгүй юм чинь дутагдах нь аргагүй л юм байна. Та энэ тал дээр санаа зовж байна уу?
-“Бэлэн” сэтгүүлчдэд шүүмж, судлалаар магистрын сургалт явуулах юмсан гэж боддог юм.


-Тэгэхээр та чинь бараг л хамгийн сүүлийн судлаач болчихсон юм байна ш дээ.
-Бараг л тийм болж таарах гэд байна. Би 1978 онд сурч төгссөн. Одоо 30 орчим жил ажиллаж байна даа.


-Тэгвэл таны ажиллаж байсан хугацаанд театрын оргил үе нь хэзээ байсан бэ?
-Манай өтгөсийн ид оргилж байсан үеийг л хэлнэ дээ. Одоо алтан үе гэж нэрлэдэг. Наяад онд театрын утга зохиолын албанд ажиллаж байлаа. Тухайн үед хатуу дүрэм журамтай, чанга байсан. Тэр дундаа үзэл суртлын хяналт, цензуртэй нөхцөлд уран бүтээл туурвиж байсан үе. Харин одоо арай л задгай болчихсон санагддаг юм. “Ариун сүм” гэдэг зүйлээ мэдэхгүй шахуу.


-Жүжгийн зохиол багасаад байх шиг харагдах юм. Таны ажигласнаар...
-Урын сангийн хувьд шүүмжилчихэж болно... Шүүмжлэхэд их амархан. Гэхдээ, уран сайхны зөвлөлийн гишүүний хувьд театрын уран бүтээлчдийн зовлонг сайн мэднэ. Жүжгийн зохиолч дутагдаж байгаа нь үнэн. Драмын театраас жүжгийн зохиолын уралдаан зарладаг л юм. Д.Энхболдбаатарын “Бүгднайрамдах монгол ард улсын төлөө зүтгэе” зохиол манай уралдаанд ирсэн бүтээл. Сая кино боллоо шүү дээ. Иймэрхүү бүтээл мэр сэр ирнэ. Гэхдээ маш цөөхөн. Ганц хоёрыг л нэрлэж болно. Яг драмынхаа хуулиар бичигдсэн зохиол гэвэл Д.Намдаг, Д.Батбаяр зэрэг цөөхөн хүн байгаа. Сүүлийн үед Ш.Гүрбазар, Батрэгзэдмаа нар бичиж л байгаа. Гэхдээ санаанд хүрч чадахгүй л байна. Батрэгзэдмаагийн “Хаалганы өмнө” нэртэй абсурд зохиол их дажгүй байсан юм. Харин одоо арилжааны бүтээлдээ анхаарлаа хандуулаад эхэлчихсэн.


-Арилжааны бүтээл заавал муу байх хуультай юм уу.
-Хүний санаагаар бичиж байна гэдэг чинь жаахан баригдмал болж байгаагийн шинж. Мөнгө олж, арай илүү орлоготой зүйлээ хийлгүй л яахав. Бидэнд хориг тавих эрх байхгүй шүү дээ. Зүгээр л амархан бүтдэг уран бүтээл чанар муутай л байдаг гэсэн санаа хэлэх гэсэн юм.


-Та театрын уран бүтээлчидтэй найзалдаг л байх. Тэгээд найзуудыгаа шүүмжилхээсээ эмээдэггүй юм уу?
 -Яалаа гэж дээ. Хөгжиж дэвшихийн тулд бүгдийнх нь оролцоо чухал. Болохгүй байгаа зүйлийг нь хараад засч өгч байна гэдэг утгаараа шүүмж заавал байх ёстой юм. Гэхдээ бүр муу жүжигч би шүүмж бичдэггүй. Олон хүний хүч хөдөлмөр орсон бүтээлийг эхнээс нь аваад дустал шүүмжилж болохгүй шүү дээ. Гэхдээ би нэг их хурц шүүмж гаргадаггүй. Урлагийн гэр бүлд төрсөн болохоор театрын уран бүтээлчдийнхээ ажлыг ойлгодог. Тэдний талд зогсдог.


-Манай театрт дутагдаж байгаа хамгийн том дутагдал юу юм бэ?
 -Нэлээд олон орны театраар явж үзлээ. Манайд шинэ сургалт хэрэгтэй байна. Социализмын үеийн сургалтаар одоо болтол шавь нараа хүмүүжүүлж байгаа. Тэдэнд шинэ арга барил олгох сургалтад давхар хамруулмаар байна. Гадаадын фестивальд оролцох хэмжээний чадалтай жүжигчид хэрэгтэй байна. Явцуу хүрээнд, жижигхэн монголдоо л “бүгээд” байж блохгүй. Далайцтай харах хэрэгтэй байгаа юм. Ингэхийн тулд жүжигчид дор дороо хичээх хэрэгтэй. Гэхдээ улсы бодлого тун чухал гэдгийг л онцолмоор байна.


Театр судлаач Батсайханы ярилцлага түр өндөрлөж байна. Тун удахгүй “Гэгээн Муза” наадамд нэр дэвшэн бүтээлүүдийн шүүмжээрээ уншигч тантай эргэн уулзах болно оо.

No comments:

Post a Comment