Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, March 10, 2010

Н.Наранбаатар: Одоо надад дэлхийн сонгодог руу “дайрах” л үлдсэн

Залуу найруулагч Н.Наранбаатартай ярилцах цаг болзоод, хүлээх зуураа, “Парисын дарь эхийн сүм” жүжгийг хэрхэн найруулсан талаар нь театрын жүжигчдээс асууж суулаа.  Түүнийг жүжгийн сургуулилтын үеэр ааш муутай байхыг нь хэд хэд харсан болохоор эмээх сэтгэл төрсөн юм. Түүнтэй “Гэгээн Муза” наадамд нэр дэвшсэн бүтээлийнх нь талаар ярилцлаа.






-Жүжиг бүтээх санаа хаанаас төрсөн тухай асуултаар яриагаа эхлүүлье.
-Яг нэг жилийн өмнө энэ жүжгийг тайзнаа тавих санаа төрсөн. Миний багш урлагийн гавъяат зүүтгэлтэн Найдангийн Ганхуяг гэж хүн бий. Намайг энэ том бүтээлрүү “түлхсэн” хүн байгаа юм. “Дэлхийн данстай бүтээлийг барьж ав. Гэхдээ бүр томоос нь шүү, чамд нэг далд мэдрэмж байна.” гэж хэлж байсан юм. Сүүлд нь судлаад үзэхэд “Парисын дарь эхийн сүм” гэдэг жүжиг дэлхийд түгсэн, маш том зохиол байсан. Энэ бүтээлийг тайзнаа амилуулсан театр чанар чадлаа илэрхийлдэг. Нөгөө талаар соёлын төвшин энэ уран бүтээлээр тодорхойлогддог юм билээ. Тэгээд л энэ зохиолын өөрийн тайзнаа буулгахаар болсон доо.


-Дэлхийн алдартай бүтээлийг сайн хийж чадахгүй бол чанар чадлаа илэрхийлэхээс эсэн юм болно биз дээ?
-Тийм. Энэ бол найруулагчийн шалгуур. Нэг бол гүн ангал руу унана. Эсвэл дахиад илүү сайхан уран бүтээл хийх урам зоригтой болно. Ийм хоёр замын уулзвар дээр бүтээл туурвина гэдэг нэг талаараа том зориг шаардана. Харин нөгөө талаараа их айдас дагуулж байгаа юм. Гэхдээ энэ бүтээлийг хийнэ гэж зориод, эхэлчихсэн л бол зориг гаргах нь дээр байдаг юм шиг ээ.


-Энэ жүжиг олон орны тайзан дээр тавигдсан. Бас энэ зохиолоор хийсэн төрөл бүрийн кино, жүжиг, балет байхад дахин найруулах ямар хэрэгтэй юм бэ?
-Харин тэр тусмаа шинээр найруулах хэрэгтэй байдаг байхгүй юу. “Парисын дарь эхийн сүм” чинь роман шүү дээ. Жүжгийн зохиол биш. Тэгэхээр романд гарч буй олон үйл явдлаас онцлох хэсгүүдийг сонгож аваад, тайзны бүтээл болгож байгаа юм. Тэгэхээр заавал шинээр найруулах хэрэгтэй л дээ. Тэгж байж энэ бүтээл манай театрын бүтээл болно.


-Санаа давхардах нь байх үзэгдэл гэж үү?
-Нэг зохиолоор хийж байгаа юм чинь өгүүлэмж нь адилхан байлгүй яах вэ. Гол нь ямар хэлбэрээр, яаж үзүүлэх тал дээрээ сайн ажиллах хэрэгтэй. Би бол орчин үед хамгийн их түгж байгаа мюзикл хэлбэрийг сонгосон. Тэгээд бүх үзэгдэл, хөгжим, бүжгийг цоо шинэ байлгахыг хүссэн. Үүн дээр л найруулагчийн хэрэг гарч байгаа юм.


-Найруулагчдийг хараад байхад аль нэг утгыг нь барьж аваад, түүнийгээ л илүү тод дүрслээд байх шиг санагддаг юм. Харин та энэ зохиолын юуг нь түлхүү харуулахыг зорьсон бэ?
-Гайхамшигтай гоо сайхан, дотоод мөн чанарыг өгүүлэхгүй байхын аргагүй. Бид өнгө мөнгийг их сонирхож, хүний сайхан сэтгэлийг ч зоосны нүхээр хэмждэг болоод байна. Уг нь “Эхийн хэвлийгээс төрөхдөө нинжин сэтгэлийг тээж төрдөг” гэж далай багш хэлдэг юм. Яг үүн шиг бүх дэлхий хайраар ундаалж байх ёстой гэдэг нь энэ зохиолын нэг багана юм. Харин нөгөө багана нь Хюгогийн зохиолын үндсэн чанар болох нийгэм дээр тогтож байгаа юм. Энэ хос баганыг уулзуулаад хэлэхэд үнэн гэдэг үг гарч ирнэ. Үнэн гэдэг зүйл бидний нүдний өмнө замхарч байна. Хүмүүс үнэнээсээ дурлаж, хайрлахаа больж байна. Үнэн хаана байна?


-Үнэн өөрөө харьцангуй ойлголт гэдэг биз дээ?
-Харьцангуй үнэн байхгүй л дээ. Гэхдээ, энэ үнэн гэдэг зүйл устаж алга болох юм бол үнэхээр замбараагүй байдал бий болно ш дээ. Би энэ жүжгээрээ үнэн гэдэг зүйл хэрхэн алга болж байгааг харуулж байгаа юм.


-Та тэгээд жүжгээрээ үнэнг харуулахыг зорьж байгаа юм уу?
-Үгүй. Үнэн хэрхэн булшлагдаж, ямар их дээрэлхүүлж байгааг...


-Тэр чинь тэгээд үнэн юм уу?
-Үнэн ш дээ. Би энэ үнэнийг Виктор Хюгогоор дамжуулан үзүүлж байна.


-Тайзны урлагт хэтрүүлэг хэрэглэдэг юм шиг санагддаг. Та өөрийнхөө төсөөллөөр хэтрүүлэг хэрэглэсэн үү?
-Виктор Хюго зөвшөөрдөггүй юм билээ. Тэр амьдралынхаа турш нийгмийн тусгал байж чадсан. Хюгогийн зохиол их аюултай бөгөөд эвгүй юм билээ. Ганц хоёр зүйлийг нь өөрчилчихвөл санааг нь гажуудуудчих гээд байдаг.


-Хүүхэлдэйн киног нь үзэх дуртай болоод ч тэр үү, төгсгөл нь хараахан таалагдаагүй. Та яагаад Эсмеральдаг алах замыг сонгосон юм бэ?
-Тэр чинь хүүхэлдэйн кино. Зохиол дээрээ Эсмеральда үхдэг. Хэрэв тэр үхэхгүй юм бол хүмүүс сайн сайхныг өөрийн гараар үгүй хийж байна гэсэн өгүүлэмж арилчихна биз дээ. Угаасаа зохиолч нь алчихсан гэдгийг бүгд л мэдэж байгаа.


-Залуу найруулагч том жүжиг туурвихад ямар байдаг бол?
-Би залуудаа том бүтээл хийх хэрэгтэй гэж боддог. Хэрвээ хөгжширчих юм бол туршлага болгоомжлол дээрээ тулгуурлан хийж ажилладаг болох байх. Сүүлийн арван жилд би жижиг бүтээл дээр ажилласан. Харин одоо дандаа том бүтээл барьж авах төлөвлөгөөтэй байгаа.


-Жижиг жүжиг юу нь муу байгаа юм?
-Жижиг жүжиг муу гэж хэлсэн юм биш. Би хийдгээ хийчихсэн. Би театрт орж ирэнгүүтээ том жүжиг барихаар завдаагүй. Бүхнийг А-гаас нь эхэлсэн. Хүн шатаар дээшээ өгсдөг. Алхам алхмаар. Яг түүн шиг шат дараалалтайгаар ажиллаад явж байна. Одоо надад дэлхийн сонгодог руу “дайрах” үлдсэн.


-Та урьд нь жүжигчин байсан. Найруулагчдаа загнуулж байв уу?
-Загнуулалгүй яах вэ. Хийморь сэргээд л сайхан ш дээ. Миний алдааг, олж харахгүй байгаа зүйлийг найруулагч харна. Хэрэв найруулагч хэлэхгүй бол яах юм бэ. Би гарцаа олохгүй болохоор бүүр л хэцүү байхгүй юу. Гэхдээ жүжигчдээ загнаад байж болохгүй. Зөвлөөд, найзархаад хэлэх хэрэгтэй л дээ. Тэрнээс биш цагаан хоолой барьчихаад хашхичаад байж болохгүй л дээ.


-Би хоёр ч удаа сургуулилтын үеэр таныг ууртай байхыг харсан. Аймар л загнаж байх шиг л санагдсан.
-Би юу?


-Тийм ээ. Мэдээж та.
-/Инээв/ Уурлах үе гаралгүй л яахав. Гэхдээ энэ чинь нэг арга заль шүү дээ. Жүжигчдийг хөдөлгөх арга гэж юм байна. Тэрнээс биш байнга сайхан аашлаад байж бас болохгүй. Заримд нь хатуу гар хэрэгтэй. Гэхдээ аргадаж хэлэхэд илүү нөлөө үзүүлэх тохиолдол ч олон.


-Та урьд нь “Парисын дарь эхийн сүм” зохиолын талаар төсөөлөлтэй айсан байх. Тэгвэл яг тэр төсөөллөө тайзан дээр, энэ жүжгээрээ дүсэлж чадсан уу?
-Би яг өөрийнхөө төсөөллийг буулгасан. Гэхдээ нэг зүйлээс их айж байсан. 2000 онд Францчууд өөрсдөө энэ зохиолоо урлагийн дээд цэгт тултал нь тайзнаа буулгасан. Тэр нь дэлхий даяар алдаршаад хүн бүхэн л шагшин магтаж байсан даа. Ингээд энэ жүжиг дархлаатай болчихсон. Хэн ч зоригтой хүрч байгаагүй. Харин саяхан Оросын нэг театрт францын жүжгийн хэсгээс авч тайзнаа тавьсан. Тэгээд дарга, цэрэг, юутай ийтэйгээ маш том зэмлэл хүлээсэн. Бөөн төлбөрт орсон байх аа.


-Юунаас нь айсан хэрэг вэ?
-Би юу ч үзэлгүй хийсэн. Зөвхөн зохиолоо бариад л, өөрийнхөө төсөөллөөр. Харин дараа нь адилхан зүйл байна уу гэж шалгасан. Аз таарч адилхан найруулга, үйл хөдлөл таараагүй шүү.


-Та “Муза” авах болов уу?
-Таамаглахыг хүсэхгүй байна. Аль эрт зүрхээ зүсүүлчихсэн учраас одоо өөртөө дэмий горьдлого төрүүлэхгүй л дээ. Сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Дээр үед би яг авна гэсэн бодолтой, тэр бодолдоо өөрийгөө бүрэн итгүүлчихсэн байсан. Өндөлзөөд л... Гэтэл өөр хүн авчихаж байгаа юм. Түүнээс хойш би шагнал авах тухай бодохоо больсон. Сонин хэвлэлээр миний тухай их бичсэн дээ. Наранбаатар “Муза” авч чадаагүй болохоороо дөрвөн жил нэр дэвшихгүй зөрүүдлээд байгаа гээд л... Энэ жил би энэ наадамд орохгүй бол болохгүй. Хамтран ажилласан уран бүтээлчдээ хүндэтгээд, өрсөлдөгчдөө хүндэтгээд орох шийдвэр гаргасан. Шагнал авах нь гол биш ээ. Авбал тэр л биз. Авахгүй бол авахын тулд хичээнэ.

Тэр хичээнэ гэдэг үгээ хэлээд, гараа чанга атгасан юм. Түүний гарын хөдөлгөөнөөс“Муза”-гаа чанга атгах хүслийг нь харчих шиг болсон шүү. Тэр энэ гараараа жүжигчид рүүгээ зангаж, найзархаг тэврэлт бэлэглэдэг. Олон олон жүжгийн тухай төсөөлдөг нүдээрээ над руу ширтэн суугаа зоригтой, залуу найруулагчид Дэлхийд данстай бүтээл дахиад зөндөө олныг хийж бүтээхийг хүсээд, амжилт хүсье дээ.

No comments:

Post a Comment