Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, March 10, 2010

Амгаланбаатар: Хоёр өөр цаг үеийн холбоос нь тайз юм уу даа


Бүсгүйчүүдийн хайр сэтгэлээр зугаа хийж, торгон алчуур бэлэглэдэг цэргийн жанжинг Феб гэдэг. Ёсорхуу, эрхэмсэг төрх нь хэний ч зүрхийг догдлуулах авч үнэндээ хэдхэн зоосны үнэтэйг мэдэх хүн үзэгчдээс өөр үгүй билээ. Түүний дүрийг бүтээсэн цагаан фрактай залуу “Гэгээн Муза” наадамд нэр дэвшсэн нь Г.Амгаланбаатар байлаа.



-Фебийн дүрд тоглож байгаа талаараа  яриач.
-Сонгодог жүжигт тоглоно гэдэг нэр хүндийн асуудал, жүжигчний уран чадварт өсөлт болдог. Нэг том жүжигт тоглоход л бүтэн их сургууль төгссөний дайтай мэдлэг олж авдаг.

-Та тэгвэл хэчнээн их сургууль төгсөв өө?
-Сонгодог жүжиг гэдэг утгаар нь хэлсэн юм. Театрт ирээд 50-60 жүжигт т оглосон. Эднээс сонгодог жүжиг тун цөөхөн дөө. “Ромео Жульета”, “Хар санаа ба хайр сэтгэл”, “Цахлай” зэргийн 5 сургууль төгссөн юм уу даа.

-Та цэргийн алба хаасан уу?
-Үгүй ээ.

-Тэгвэл цэргийн хүний дүрийг бүтээхэд юуг голчлон анхаарав?
-Найруулагч нараасаа, ахмад жүжигчдээсээ маш их зөвлөгөө авсан. Урьд нь цэрэг цагдаагийн дүрийг бүтээж байсан. Гэсэн ч сонгодог жүжгийн, тэр дундаа XIV зууны цэрэг байна гэдэг амаргүй юм билээ. Цэргийн хүн бүх товчоо бүрэн товилсон байх ёстой, хэзээ ч хоолойныхоо товчийг мулталсан байж болохгүй зэрэг их олон дүрэмтэй л дээ. Энэ дүрэмд зохицож, биеэ цэгцлэхийн тулд сургуулилт хийхдээ ч тоглолтынхоо хувцаснаас салдаггүй байсан. Цэрэндагва ах намайг биеийн тамирын хувцас өмсөж бэлтгэл хийвэл хэзээ ч тэр сайхан ахмадын дүрд бүрэн шингэж чадахгүй гэж зөвлөдөг байсан юм. Мөн миний хамтрагч Уранчимэг намайг их хатуужуулдаг байсан.

-Та XIV зууны иргэн болохын тулд, цаг хугацааг туулж өнгөрсөн үед очихын тулд юу хийсэн бэ?
-Выктор Хюгогийн “Эх дагины сүм” зохиолыг 1950-иад онд Монгол хэл рүү орчуулахдаа “Парисын дарь эхийн сүм” болгон алтаатай хөрвүүлсэн гэдэг. Түүнээс хойш олонд танил энэ нэрийг хэрэглэх болсон. Одоо ч эх дагины сүм Парист бий. Би энэ дүрээ бүтээхийн тулд зохиолыг нь бүтнээр нь унших хэрэгтэй болсон. Хэдэн зууны өмнөх сэтгэл зүйг тайз руу хөрвүүлэхдээ алдчих гээд тун эгзэгтэй. Тэгэхээр бүтэн зохиол л бидний аврал болж байгаа юм. Тухайн цаг үеийг мэдэрч, тэндэхийн иргэн байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ.

-Та тэгээд чадсан уу?
-Бараг л... Мэдээж хэдэн зууны өмнөх цаг хугацаа одоо бид нарт "наалдахгүй". Харин нийгэмтэйгээ холбохын тулд XIV зуунд байсан зан чанар энэ цаг үед хэрхэн орших талаар бодох хэрэгтэй. Нэг ёсондоо хоёр өөр цаг үеийн холбоос нь тайз юм уу даа. Би тэр холбоосыг атгаж байж л дүрээ бүтээсэн дээ.

-Жүжигчид дүр бүтээхийн тулд өөрөөсөө нэг юм хаяж, шинийг бий болгодог гэдэг юм билээ. Таны хувьд?
-Би 13кг жин хассан. Энэ нь миний хамтран ажиллаж байгаа хүмүүст их урам зориг өгч байсан байх аа.

-Та “Муза” хүртэж байгаагүй байх аа?
-Хүссэн бүхэн нь авчихдаг шагнал биш шүү дээ. Гэхдээ би өнгөрсөн жил Боловсрол соёл шинжлэх ухааны яамны нэрэмжит цомоор шагнуулсан.

-Залуу жүжигчдэд олгодог цом мөн үү. Жилд нэг л хүнд өгдөг юм гэсэн.
-Мөн мөн.

-Урьд нь шагнал авч байсан эрэгтэй жүжигчдийг харахад энэ жил танд шагнал авах магадлал хэдэн хувьтай байна?
-За ёстой мэдэхгүй юм. Түрүү жил би бараг авчихлаа л гэж бодсон ш дээ. Тэгээд Дундговийн хүүхдэд алдчихсан. Шүүгч нарын нүд ямар байдгийг би мэдэхгүй. Тэд нар мэдээж мэргэжлийн хүмүүс нүдээ олсон шагнал л өгч байгаа биз. Би өөрөө авмаар байна гээд авчихдаг байсан бол хүн болгон л “Муза”-тай болчихсон яваа ш дээ.

No comments:

Post a Comment