Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, March 10, 2010

Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс - “Шар тэнгисийн тарчлаан”


Найруулагч Б.Мөнхдоржийг би “Үлэмжинй чанар”, “Харц хатан” жүжгээр нь эчнээ таних юм. Тэрбээр хамгийн сүүлд хүн төрөлхтөнд “заналхийлж” буй цөлжилтийн тухай өгүүлэх “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжгийг найруулсан билээ. Энэ бүтээл түүнийг “Гэгээн Муза” наадамд нэр дэвшүүлсэн. Энэ жүжигт элсийг шар тэнгис гэж нэрлээд, хэрхэн тарчилж байгаа тухай өгүүлдэг. Дэндүү хийсвэр санагдаж байгаа биз. Гэхдээ л  энэ хийсвэр бодлыг найруулагч Б.Мөнхдорж тайзнаа амилуулсан юм даа.



-Жүжигт юу өгүүлэх вэ?
-Зуун жилийн дараах Монголын амьдралыг энэ жүжгээрээ харуулахыг зорьсон. Цөлжилтийн тухай ярианаас дэлхий санаа зовж байгааг харж болно. Жүжигт хоёр тусдаа омгийн тухай өгүүлэх юм. Нэг омог нь устай, нөгөө нь усгүй. Эмэгтэй хүнээр балга ус сольж авдаг гээд л. Их сонин өгүүлэмжтэй. Сүүлдээ бүх усаа бараад хүн хэрхэн тарчилж байгаа, амьд үлдэхийн тулд элс ухаж ус эрдэг. Түүнээс нь болж элс хэрхэн тарчилж байгааг харуулна. Үүгээрээ бид үзэгчдэд байгаль дэлхийгээ мөнхөд баян тансаг хэвээр байна гэсэн бодол төөрөгдөл болохыг ойлгуулах мессеж илгээж байгаа юм. Чамаас нэг юм асууя. Бид мөхсөн ирээдүй рүү явах ёстой юу, эсвэл түүнээс зайлсхийж газар нутаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ёстой юу?


-Ммм. Мэдээж мөхлөөс “зугтах” тухай л бодно шүү дээ. Гэхдээ ойрхон байгаа мөхөл л намайг илүү эмзэглүүлэх байх. Цөлжилт надаас хол санагддаг юм.
-Тийм. Зарим хүмүүс ингэж боддог болохоороо л мөхлийг ойртуулдаг юм. Тиймдээ ч бид энэ жүжгийг тайзнаа тавьсан. Илүү ойртуулах гэж. Мөхөл ойрхон байгааг тайзнаас хармагцаа “зугтана” гэж тооцоолсон хэрэг. Тиймдээ л энэ бүтээл маань үнэ цэнэтэй байгаа юм. Гео-экологийн хүрээлэнгийн цөлжилтийн судалгааны төвийн судалгаагаар Монгол орны нийт газар нутгийн 72.3 хувь нь цөлжсөн үзүүлэлт гарсан. Цөлжилтийг үүсгэж буй 2 гол хүчин зүйлс нь хүний болон байгалийн. Хүний нөлөөлөл нь 87 хувийг, байгалийн хүчин зүйлийн эзлэх хувь 13 орчим байдаг гэж үздэг юм билээ. Тэгэхээр хүмүүс л байгалиа хамгаалах хэрэгтэй болж таарч байгаа биз.


-Нээрэн тийм ч юм уу. Би энэ жүжгийг үзээд жаахан айдастай болсон. Та элс тарчилж байгааг яаж дүрсэлсэн юм бэ?
-Хорвоогийн бүх зүйлс амьтай. Амьтай бүхэн тарчилдаг шүү дээ. Энэ жүжгээр хлэх гэсэн элсний тарчлаан бол хүн төрөлхтний тарчлал. Ер нь би бүтээлээ хэрхэн туурвисан талаараа илэн далангүй ярих дургүй. Уран бүтээлч хүнд нууц байх ёстой. Би тэр нууцаа задлахыг хүсдэггүй. Гэхдээ “Найруулагч хүн бол 1000 цоожинд таарах нэг түлхүүр” гэж үг бий. Энэ миний зарчим.

-Энэ жүжгийн дүр болгон гол дүр шиг санагдсан шүү.
-Жүжигт гол дүр гэж байхгүй. Монгол орны цөлжилтийн асуудал гэдэг өөрөө дүр.

-Тайзнаас өөр гол дүр байхгүй гэж үү?
-Зохиолд гол дүр бий. Гэхдээ хамгийн гол нь “Шавхрах усгүй болчихвол бид хаачих вэ” гэдэг асуулт. Тайзаар элсний тарчлааныг бүрэн утгаар нь илэрхийлнэ. Ингэж энэ бүтээл шинэлэг болсон гэж үзэж байна. Энэ бүхнийг хөгжим, дуу, бүжгээр илэрхийлсэн. Байгалийн хэлийг хөгжим л хамгийн ойрхон “дуурайна” шүү дээ.

-Энэ жүжгийг цаг үеэ олсон их сайн бүтээл гэж ярих юм билээ.
-Цаг үеэ олсон гэж хэлж болохгүй. Харин ч оройтсон. Дэлхийг эмзэглүүлсэн экологийн сүйрлийн нэг нь цөлжилт. Аль эрт л энэ талаар яриа дэгдэж, 50-100 жилийн дараах элсэн хотын тухай бодол хүмүүсийг түгшээж эхэлсэн. Манай оронд цөлжилт хурдаа авсанд миний сэтгэл шимширч явдаг юм. Гэхдээ энэ жүжиг бидэнд анхааруулга өгч чадсан. Б.Галаарид үнэхээр зөв сэдэв хөндсөн. Асар том түлхэц өгсөн зохиол юм айгаа юм. Энэ жүжиг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээсэнд оршиж байгаа.

-Гурван цагийн хэлхээсийг нэгэн тайзнаа нэгтгэнэ гэдэг чинь...
-Драматурын хувьд их хэцүү. Гэхдээ бид чадсан. Бүтэн нэг үзэгдэлд уул усны эздүүдийн тухай гардаг. Энэ бол орчин цагын томъёоллын урлаг, зүйрлэлийн урлагийг тайзны орон зайд дүрсний болон дууны шийдлээр их оновчтой гаргаж ирсэн. Үүн дээр домогчилсон хэлбэрийг туульсын хэллэгийг хөгжимтэй хослуулсан шийдэл бий. Энэ бол шинэ. Манай уран бүтээлчид шинэ зүйлийг хийж байхдаа тун зоримог ажилласан юм болов уу гэж бодож байна.

-Тэдгээр зоримог уран бүтээлчдийнхээ талаар яриач...
-Хамгийн түрүүнд хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын тухай ряих нь зүйтэй болов уу. Тэр элсний, уул усны, эзэн савдгийн сэтгэлийг “аялсан”. Тэр аялгуу нь зүрх шимшрэм, ухаарам, гайхам. Хөгжмийг би хэрхэн ярих билээ. Жүжгийг үзсэн хүмүүс л миний хэлэх гээд байгааг ойлгох байх даа. Мөн бүжиг дэглээч Т.Төгсөө их сайн ажилласан. Омгийн ард түмний хилэгнэл, уул усны эздийн үйл хөдлөлийн донж маягийг сайн тааруулсан даа.

-Том агуулгатай бүтээл хэрнээ их энгийн үйл явдалтай юм шиг санагдсан.
-“Ойлгохгүй бол яс маханд нь мэдрүүлнэ” гэж монгол аргаар хэлдэг шүү дээ. Яг үүн шиг гүн гүнзгий философи ярихын оронд нүднээ ил байдаг зүйлсийг харуулах нь илүү юм болов уу гэж бодоод байгаа юм.

Тус жүжгийн тайзны зураач Т.Аянга “Гэгээн Муза” наадамд нэр дэвшиж байгаа билээ. Тэрбээр жүжгийн тайзыг өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт гайхалтай хувиргасан бөгөөд жүжгийн хажуугаар киноны зураглалууд ч бий. Нэг ёсондоо холимог тайз юм уу даа. Т.Аянга ногоон дэлхийн амьдралыг ус мөрөөдсөн элсэн цөл болсноор төсөөлөөд, тэр төсөөллөө зурсан гэсэн. Түүний төсөөлөлд ядарч туйлдсан нүцгэн хүн, ямар ч тод өнгөгүй бараан ертөнц сэтгэлд нь буусан болохоор тайзны хувцаснаас цангасан амьдрал харагдаж байгаа юм.



Г.Урнаа: 
Би удган мод, удган эмэгтэй юм даа


Энэхүү жүжигт үргэлж залуугаараа байдаг удган мод бий. Намуухан дуутай энэ мод хүн бүхэнд энэрлийн дээдийг ерөөдөг.Харин энэ дүрийг жүжигчин Г.Урнаа бүтээжээ.

-Та савдагийн дүрд тоглож байгаа. Дүрийнхээ талаар сонирхуулаач.
-Энэ жүжигт дэлхий ертөнц сөнөж байгаа цаг үеийг дүрсэлсэн. Залуу хүмүүс хөгшин юм шиг харагддаг болсон үе. Харин би тэр ертөнцийн цор ганц гоо үзэсгэлэн болсон удган мод. Үнэндээ миний гоо үзэсгэлэн хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэг хэдий ч надад шийтгэл шиг байдаг юм. Би их шаналж зовдог. Ганцаараа сайхнаараа үлдэнэ гэдэг хүсэх зүйл биш ээ.

-Шаналах гэв үү. Модонд ааш араншин гэж байдаг юм уу?
-Байлгүй яах вэ. Энэ цолд олуулаа бүжиглэж байгаа мод, ганцаараа гуниглаж байгаа мод гээд л их олон төрлийн мод бий. Бүгд л өөр өөрийн гэсэн араншинтай. Уйлна, хайлна, навчсаа цацаж, чулуудна.

-Тэгвэл удган модны зан чанар ямар юм бэ?
-Тарчилж зовж байгаа, энэрэнгүй сэтгэлтэй. Удган мод учраас хүмүүсийн зовлонг сонсож, тэдний өмнөөс залбирдаг. Удган модонд хүн бүхэн хүслээ дайж, зовлонгоо үлдээдэг. Харин тэдний хүслийг удган мод дээд хэнгэрт уламжилдаг.

-Удган мод бөө шиг байдаг юм уу?
-Зохиолч Б.Галаарид надад дүрээ өгчихөөд, дараа нь өөрчилж, бөө болгох гэж байсан. Тэгэхээр би удган мод, удган бөө юм даа. Бөөгийн ан үйл үйлдэж байгаа хэсэг ч их гардаг. Дээд тэнгэртээ их л залбирдаг юм.

-Тэгвэл залбирлаасаа хамгийн сэтгэл догдлуулам хэсгээс уншиж өгөөч.
-Өрнө дорныг хэрсэн холын хол нүүдэлтэнгүүд
Өрлөг түүхийг шагалсан хас ихэл төртөнгүүд,
Хүй эртнээс нааш удам тасраагүй овогтонгууд
Хүннү, Сүннү гүрний хаан ихэл дээдэс минь ээ.
Зуун зуунаар өртөөлсөн өвгөдийн алдраа дуусгаатангууд
Зуур зуурын саадыг хүлгийн хурдаар туулаачингууд
Гүрэн улсын алдрыг илдийн иррээр сийлээчингүүд
Их Монгол төрийн хаан ихэл дээдэс минь ээ.
Ургийн улаан галаа асааж яваа хойчжууддаа
Удмын нандин шүтээнийг залж яваа үрсүүддээ.
Учирсан үйлийн үрийг тээж яваа хууччуулдаа
Уул мэт ивээлээ хайрлаач, хурай хурай хурай... энэ шүлгийг жүжигтээ хэлэхээр их гоё байдаг юм.


“Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн уран бүтээлчидтэй уулзаад, буцах зуураа гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгсийн амьлуулсан дууг өөрийн эрхгүй аялаадхав.
Унасан газрынхаа бууринд сөгдөж нэг мөргө

No comments:

Post a Comment